Улаанбаатар 1c

Түлш борлуулагчдыг хариуцлагажуулахгүй бол нийслэлчүүд осгох нь

Нийслэлийн хэмжээнд 400 орчим цэг ажиллаж байгаагийн 100 орчим нь 6-60 сая төгрөгийн өртэй байна

Утаанаасаа салах гэсэн нийслэлчүүд сайжруулсан түлшний угаарын хийд хордож, хэд хэдэн хүн, хүүхэд амиа алдсан хатуухан өвлийг үзэж байна. Гэвч шахмал түлш тойрсон бараан мэдээлэл тасрахгүй шинжтэй. Тодруулбал, одоохондоо хортой эсэх нь тодорхойгүй ч өөр сонголтгүй нийслэлчүүдэд өнөөх сайжруулсан түлш нь ч олдохгүй сандаргаж байгааг иргэд ярьсаар. Эцэстээ “Тавантолгойн түлш” компани нүүрсээ үйлдвэрлэж чадахгүй байна уу, борлуулалтын цэгүүд ажлаа хийсэнгүй юу гэх асуулт хариулт нэхэж байгаа юм. Тиймээс бид энэ удаад сайжруулсан түлшний хүрэлцээ иргэдийн хэрэглээний талаар сурвалжлахаар түлш борлуулах хэд хэдэн цэгээр орлоо.
Долоон буудлынхан 22:00 цагтай уралдаж, арайхийн галтай залгав
22:00 цаг хэдийн болсон ч Долоонбуудлын дэргэдэх сайжруулсан түлш борлуулах цэгийн гадаа хөл хөдөлгөөн улам нэмэгдэж, усны тэрэг түрсэн жаалаас эхлээд машинтай, машингүй хүмүүс урт гэгчийн дараалал үүсгэжээ. Хоёр есийн хүйтэнд ийнхүү хороо, дүүргээрээ шахуу холхиж буй шалтгаан нь ердөө түлэх түлшээ ирэхийг хүлээж буй явдал юм. Энд хэдэн цаг ч хамаагүй даарч, бээрэн зогсож байгаад ногдсон түлшээ аваад харихгүй бол хөлдүү байшин, гэртээ гэр бүлээрээ осгох магадлал өндөр байна. 

Тиймээс л энд цугласан  хүмүүс шөнө орой, хүйтэн гэлтгүй ийн дугаарлаж байгаа хэрэг. Ингэж байтал ашгүй “Сайжруулсан сайн түлш” хэмээх томоос том бичигтэй том машин ирж, шуудайтай түлшнүүдийг борлуулах цэгт буулгаж эхэллээ. Түлш ирж байгаа бараанаар л түрүүнээс хойш дэг журамтай зогсож асан иргэд бухимдацгаан “”Би энд байсан”, “Түрүүнд ирчихээд хальт дэлгүүрт орж дулаацчихаад гарч ирсэн”, “Дараалал битгий дайрах гээд бай” гэх мэт үгс чангарч, жолооч нар машинаа урагшлуулан урдах зайгаа улам шахацгааж байв. Ингээд түгээгчид шуудайтай түлшнүүдийг буулгаж байх хооронд борлуулагч О.Хүрэлбаатартай уулзаж, түлш ямар учраас ингэж оройтож ирж байгааг лавлалаа. Тэрбээр “Манай цэг гэхэд “Тавантолгой түлш”-ээс нэг тонноор савлаж, бэлдсэн сайжруулсан түлш авдаг. Шөнөөр түлшээ авдаг болохоор өглөөнөөс эхлэн шуудайлсаар ихэвчлэн өдийд л түлшээ борлуулдаг. Өнөөдөр харин ч өмнөх өдрүүдээс харьцангуй эрт ирлээ. Тэнд бид борви бохисхийх завгүй шуудайлсаар байгаад яг ингэж дуусч таардаг. Гэсэн ч айл өрхүүдэд түлш хүрэлцэхгүй л байна. Нэг айлд долоо хоногт олгох ёстой хэмжээ гэж бий. Гэвч иргэд “Түлш хүрэлцэхгүй байна, хүүхэд, хөгшид даарч, өвчин тусаж байна, ядаж ахиад ганц шуудайг нэмээд өгөөч” гэдэг ч бидэнд тийм боломж байхгүй. Хүлээж байгаад түлшээ аваад явсан иргэдээс гадна ажлын цаг, бусад шалтгаанаар оройтсон иргэд түлшгүй үлдэж, хэцүүдэж байгаа явдал цөөнгүй л гарч байна. Гэлээ гээд надад хувиасаа гаргаад өгөх түлш байхгүй болохоор хэцүү байдаг” гэсэн юм. 

“Иргэдэд картаар долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш худалдаж байгаа. Энэ нь нэг талаараа хэрэглээнд нь хяналт тавих, хоёрдугаарт, хэн нэгэн түлш их хэмжээгээр аваад зохиомлоор хомсдол үүсгэхээс сэргийлж байгаа хэрэг.

Биднийг ийн ярьж байх хооронд иргэд эхнээсээ түлшээ авцгаав. Машинтай хүмүүс нь машиныхаа тээшинд өөрт оногдсон түлшээ хийгээд давхиад явчихаж байхад усны тэргэн дээр түлшээ олсоор баглаж боогоод зогсож байгаа хүмүүс ч байв. Тэр ч бүү хэл автомашин, усны тэрэгний аль нь ч байхгүй, авсан түлшээ үүрээд явахыг оролдох хүн ч цөөнгүй байлаа. Ийн түрүүчийн урт дараалал хэдхэн минутын дотор арилж, түлшээ авсан иргэд тал тал тийш одоцгоов. Харин борлуулагч залуу “Цааш нь тавьсан хэдийгээ нааш нь гаргаарай. Тэгэхгүй бол ажил, цаг нь таараагүй түгээлтээс хоцорсон хөгшид, залуучууд түлэх түлээгүй болчихлоо гээд уйлах нь холгүй юм болно шүү” хэмээн хамт ирсэн хүндээ хэлэх нь сонсогдов. Учрыг нь лавлавал “Түлш түгээх үеэр ирж амжаагүй, ажилтай, гэр нь хол иргэд одоо удахгүй ирнэ ээ. Тэгээд “Гэрт нялх хүүхэд хөлдөж үхлээ, хөгшин хүн даарчихлаа. Хоолоо яаж хийж идэх юм бэ. Хөлдүү гэрт очоод осгож үхэх болж байна уу” гээд л биднийг зодохоо дөхнө шүү дээ. Цөөн ч гэсэн хэдийг цааш нь хийгээд настай, бүл муутай, үнэхээр яарч сандарсан хүмүүст өгөхгүй бол болдоггүй юм. Албан ёсны оршин суугчдаас гадна хашаа түрээслэдэг, шинээр нүүж ирсэн гээд бүртгэлгүй, харъяалалгүй айл өрх цөөнгүй.

Тэд түлш авах карт байхгүй болохоор мөн л борлуулах боломжгүй. Тэгсэн хэрнээ харсаар байгаад хөлдөөж алалтай биш, хэцүү байдаг. Түлш дуусчихвал хатуухан хэлэхэд ойрхон цэгт түлш иртэл хүйтэн гэртээ хөнжлөө нөмрөөд хэвтэхээс өөр сонголтгүй. Түүхий нүүрс түлдэг байсан үед ядаж л тонноор нь аваад санаа амар байж болдог байсан бол одоо ингэж бага багаар зөөх нь унаагүй, хүн бүл, муутай өрхүүдэд хүнд тусаж байгаа” гэв. Үнэхээр ч төд удалгүй “Ажил дөнгөж тарлаа. Арай гэж ирлээ, түлш байгаа биз дээ. Гэрт гал алдаад хүүхдүүд баларч байна гэнэ” хэмээсээр нэгэн эр ирээд хоёр шуудай түлшийг голон голон авч одлоо. Борлуулагчид одоо гуравхан шуудай түлш үлдсэн бөгөөд тэрбээр “Хэрэгтэй хүнд нь өгнө. Өнөөдөр харин ч таван шуудайг цааш нь хийж. Заримдаа яах ийхийн зуургүй дуусчихаад зарим хүн түлш дууссан гэхээр бараг уйлж байна” гэсээр үлдэв. 10 тонн нүүрс барагцаалбал 80 гаруй айлд борлуулагдаж байгаа аж. Эндээс бид Чингэлтэй дүүргийн XIII хорооны түлш борлуулах цэгийг зорив. 

Түлш хайж хэдэн буудал газар яваад ч олдохгүй байна гэв

Чингэлтэй дүүргийн XIII хорооны түлш борлуулах цэгийн түлш дууссан учир “Маргааш 07:00 цагт түлш бууна” гэсэн зар наажээ. Иймд маргааш нь зарын цагтай уралдан уг цэгт очвол мөн л “Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө” гэгчээр машинтай, тэрэгтэй, гар хоосон иргэд чадах ядахаараа түлэх түлшээ аваад гэр гэрийн зүгт тарцгааж байв. Түлш борлуулах цэг нээгдэхэд үүссэн дараалал ердөө 10-20 минутын дотор арилж, тэнд цугласан олон тарж алга болдгоос харвал иргэд гэртээ гал алдахгүйн тулд аль байдаг чадлаараа хичээж байгаа нь илт. Гэсэн ч түлш хүрэлцэхгүй байгаа нь тодорхой байв. Ийн бужигнах олныг ажиглан зогсож байтал 40 эргэм насны эрэгтэй “Өчигдөр балрахаа алдсан шүү. Машинтай тулдаа Зурагт, Баянхошуугаар нэг хайж байж шуудай түлш олж авсан. Машинтай би ингэж сандарч байхад машин битгий хэл хөл муутай хөгшчүүд яаж сандарч, хэцүүдэж байгаа бол. Олон айл хүйт дааж, зарим нь даарч хөрч байгаа даа” хэмээн хажуу дахь хүнтэйгээ ярих нь сонсогдов. Тэгснээ “Сурагчдын амралт эхэлсэн биш ажлаа тайван хийж чадахаа байлаа. Өдөрт хоёр удаа гэртээ буцаж ирж, галаа түлж, шалгаж байна. Хүүхдүүд ихэвчлэн угаартаж, амиа алдсан мэдээ гараад байгаа болохоор хэдэн хүүхдээ угаартчих вий гэж айх юм” гэхэд түүний ярихыг чагнаж зогссон 50 орчим насны эрэгтэй “Манайх өмнө нь түлээ түлшинд огт санаа зовдоггүй байж. Намар ахиухан нүүрс, мод бэлдчихдэг байсан нь амьжиргаанд их нэмэртэй байсан бололтой. Одоо бол түлш бодож, дуусчихлаа, олдохгүй бол яана” гэсээр өдөр хоног өнгөрч байна. Өчигдөр манайх түлш олж авч чадаагүй хашааныхаа банзнаас түлсээр арай гэж өглөө болголоо. Шөнөдөө  хасах 30-40 хэм болж хүйтэрч байгаа энэ үед борлуулах цэгүүддээ түлшээ тогтмол цагт буулгадаг баймаар байна. Тэгэхгүй бол хэзээ ирэх нь мэдэгдэхгүй түлш хүлээж өндөлзсөөр өдөр өнгөрч байна” гэв. 

Бидний дараагийн очсон газар  Баянзүрх дүүргийн XI хороо. Туул гол, Хөлийн голын сав газар дагуух энэ хэсэг нийслэлээс алслагдсан бүсэд тооцогддог. Тодруулбал, Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Ургах наран, Эмийн ургамал, Хонхор зэрэг Налайх дүүрэгт хамаардаггүй ч дэд бүтцээс өөр үйлчилгээ төдийлэн хөгжөөгүй энэ хороонд 10 гаруй мянган айл өрх аж төрдөг. Энэ айлууд хуучнаар Баянзүрхийн товчоо дахь нүүрс борлуулалтын ганц цэгээс сайжруулсан түлшээ авцгаадаг гэнэ. Эндхийн оршин суугчид ч мөн түлшний хомсдолд орсон тухайгаа хэлж байгаа юм. Тухайлбал, Ногоон зоорийн 1-45 тоотод оршин суугч Ц.Баяраа “Хотын захад ихэвчлэн өндөр настнууд амьдардаг. Гэтэл унаа машингүй нь ч байна. Хувьдаа машинтай нь ч бий. Гэтэл энэ өвлийн тухайд нүүрсээ авна гэдэг бөөн бэрхшээл болж хувирлаа. Учир нь машингүй мань шиг настайчууд хотын төвөөс унаа тэрэгтэй ирж байгаа хүүхдүүдэдээ нүүрс захьдаг юм. Аав ээждээ ирэхдээ хэдэн шуудай нүүрс л олоод ирээрэй гэдэг. Гэтэл энэ цэгт нүүрс алга. Нүүрстэй цэгт борлуулагчид карт нэхээд нүүрс өгөхгүй байна” гээд давхиад ирдэг. Ингээд дахиад картаа өгч явуулна. Энэ мэтээр нүүрс, гэр хоёрын дунд холхисоор өвлийг барах нь ээ. Зургаахан уут нүүрс идэр есийн хүйтэнд тав хонохгүй дуусч байна. Гал алдчих гээд тун ч зутруухан байна. Гэхдээ нүүрсээ татаад авчихсан байхад нэг хэсэгтээ додигор сууна ” гэв.  
Энэ мэтээр иргэд гэртээ даарч хөрөхгүйн тулд байдаг аргаа хэрэглэж байгааг аль ч түлш борлуулах цэгийн гадаа хэдхэн минут зогсоход мэдэж болохоор байна. 

Г.Даваабаатар: Санхүүгийн зөрчилтэй цэгүүдэд түлшийг хязгаартай олгож байгаа

Сайжруулсан түлшний хүрэлцээ хомс байгааг хэрхэн шийдвэрлэх, айл өрхийг түлшээр хангалттай хэмжээнд хангах боломж байгаа эсэхийг “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатараас тодрууллаа. Тэрбээр “Иргэдэд картаар долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш худалдаж байгаа. Энэ нь нэг талаараа хэрэглээнд нь хяналт тавих, хоёрдугаарт, хэн нэгэн түлш их хэмжээгээр аваад зохиомлоор хомсдол үүсгэхээс сэргийлж байгаа хэрэг. Шахмал түлш хүрэлцэхгүй, хангалтгүй байна гэх гомдол байгаа. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд дөрвөн үйлдвэр, 12 шугам хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Хоногт 3200-3500 тонн түлш үйлдвэрлэж, түүнийгээ гэрээт цэгүүдэд өдөр бүр хүргэж өгч байгаа. Зарим борлуулалтын цэгт түлш бага очиж байгаа нь тухайн цэгийн санхүүгийн зөрчлөөс үүдэлтэй. Нийслэлийн хэмжээнд 400 орчим цэг өдөр бүр ажиллаж байгаа ч үүнээс 100 орчим цэг нь 6-60 сая төгрөгийн өртэй байна. Тиймээс зарим цэгийн санхүүгийн зөрчлийг арилгуулах үүднээс түлшний нийлүүлэлтийг хязгаартай олгож байгаа. Хэдийгээр санхүүгийн зөрчилтэй тухайн цэгийн бүс нутагт амьдарч байгаа иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйн тулд өдөр бүр түлшийг тодорхой хэмжээгээр хүргэж байна. Халтиргаа гулгаатай энэ үед өндөрлөг цэгт байдаг айлуудад нүүрс түгээлтийн үйлчилгээг ойртуулахын тулд Тавантолгойн түлш компани тээврийн компаниуд болон цэргийн ангитай хамтран Зил-130 машинаар 28 цэгт өдөр бүр түгээлт хийн ажиллаж байна.
Нэг цэг 400 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах чиг үүрэгтэй. Нэг өрх зургаан шуудайг авна гэж тооцвол өдөрт 2.4 тонн нүүрс борлуулах ёстой. Хамгийн бага нь 3-5 тонныг өдөр бүр буулгадаг. Харин савладаг цэгт 20-30 тонныг буулгадаг” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид