Улаанбаатар 1c

Ц.Байды: Аавыг минь “матар”-ласан шүлгийг мөн ч олон найранд уншиж, хувь олж хүртсэн дээ

Х.УЯНГА, Npost.mn
2020-01-13 09:38

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Цэвэгийн Байдыг сониныхоо хойморт урилаа. “Үеийнхэн цөөрч, сэтгэлээ онгойтол ярьж хөөрөх хүн ч ховордож. Норовбанзадын дууг сонсож, сархадаар хань хийсэн шиг л суух юм. Сонинд гарч, амьд гэдгээ хүмүүст мэдүүлэхээс юунд цааргалах билээ” гэсээр урилгыг минь уриалгахан хүлээж авсан өвгөн зураачийн амттай яриаг таалан болгооно уу.

-Та багадаа ээжээсээ өнчирч үлдсэн юм билээ. Өнчин өрөөсөн, ядуу дутуу өсөхийн зовлонг биеэр туулсан хүүгийн талаарх дурсамжаар ярилцлагаа эхэлье?
-Би 1941 онд төрсөн шиг билээ. Паспортод 1942 он гээд биччихсэн болохоор түүгээрээ явдаг юм. Дундговь аймгийн Хулд сумын Бага цагаан овоонд төрж, Олдох, Дэв довын хөндийд хонь, хурга хариулж өслөө. Ээж минь намайг долоон настайд, бага дүүг төрүүлээд төрөхийн хүндрэлээр нас барсан. Эсэн мэнд амаржсан ч, эхэс нь гүйцэд гараагүйгээс амиа алддаг, эмнэлэг, шинжлэх ухаан хөгжөөгүй үе байж.
Аав ажил гээд гэрийн бараа харахгүй, ээжгүй үлдсэн олон өнчин хүүхэд өрөвдөлтэй л өссөн дөө. Дайны дараах жилүүдэд хөдөөгийн амьдрал хүндхэн байсан шүү.

-Ганц бие эр хүнд арван нялх хүүхэдтэй үлдэж, тэднийгээ өсгөх амаргүй байж таарна. Хүүхдүүдээ хоолтой хонуулах гэж л гэрийн бараа харахгүй ажилладаг байсан болов уу. Аавынхаа талаар яриач, та?
-Аав минь Номун гэж их баян хүний зээ юм гэнэ билээ. Өвөг эцгийн минь мал, хөрөнгийг гурван удаа хураагаад бараагүй гэдэг. Харин манайх мал хуй муутай ядуу айл байсан. 

Хар залуугаараа ханиа алдаж, олон нялх хүүхэдтэй үлдсэн аав минь биднийг тэжээж, өсгөх гэж их зүтгэсэн дээ, хөөрхий. Аав төвөд, уйгаржин монгол бичигтэй, сүүлд шинэ үсэг сурсан. Тийм хүн чинь тухайн үед боловсролтой хүний тоонд орно шүү дээ. Тээхийн буудал, Хулд сумын хоршооны даргаар ажиллаж явсан. Аав төрийн алба хашиж, 30 төгрөгийн цалин авна. 1940-өөд оны сүүлч шүү дээ. 10 хүүхэд, нэг том хүн түүгээр нь амьдардаг байсан гэхээр 30 төгрөг их мөнгө байжээ.
Аавыг манай нутгийнхан “Баваа” гэж дуудна. Буриадуудын “Баавай” гэдгийг амарчилж тэгж дуудсан шиг байгаа юм. Баавай тээхийн буудлыг ганцаараа хариуцдаг болохоор дарга нэртэй ч тогооч, галч, жижүүр гээд хийж болох бүхнийг хийнэ. Зай завгүй ажилтай. Гэтэл тийм завгүй хүнийг сумын намын үүрээс хуралд суу гэж дууддаг байж. Боловсролтой, Тээхийн буудлын дарга хүн намд элсэхгүй бол болохгүй гэж хүчээр элсүүлчихээд элдэв янзын хурал, семинарт суулгахаар дуудаад байхаар нь аав “Завгүй” гээд очдоггүй байж. Тэр буудлыг ганцаараа хариуцаж буй хүнд тийшээ явах зав ч яаж байх билээ. Нэг удаа намын гишүүдийг сумын төвд цуглуулж, арав гаруй хоногийн семинар хийх үеэр Г.Дэлэг доктор тэнд ирж. Тэгээд Тээхийн буудлын дарга “Завгүй” гээд намын чухал хуралд суугаагүйг дуулаад, “Матар” сэтгүүлд “Завгүй Цэвэг” гэж нүүр дүүрэн шүлэглэсэн шүүмжлэл гаргасан байгаа юм. “Матар” сэтгүүлд тэгж гарахаар ажилгүй болно биз дээ.

-Ажилгүй болчихоор хэдэн хүүхдээ яаж тэжээх билээ?
-Аав минь гартаа дүйтэй, уран хүн байлаа. Шавар тээгийн сархиагт жижиг гэр бариад, нутагтаа Цоохор дархан гэж алдаршсан Лувсанбалдан гуайтай хамтарч төмрийн дарх хийсэн. Нутгийн айлуудад хутга, заазуураас эхлээд зуух, яндан хүртэл төмрөөр хийж болох бүхнийг хийж өгнө. Цаадуул нь баярласан сэтгэлээ ааруул хурууд, мах, сүүгээр илэрхийлнэ. Түүнийг нь бид зооглоно шүү дээ.
Аав дарх хийхээс гадна айлд мал төхөөрч өгнө. Манай нутгийнхан зун гүүгээ барихдаа үрс гаргах ёслол гэж том найр хийдэг. Тэнд шар халзан хонь төхөөрч, өвчүү, шаантыг нь галд хийн тахил өргөдөг, үлдсэн махыг нь чанаж, найрын зоог шүүс болгодог юм. Үрс гаргах найранд аав заавал залагдана, би дагаж явна. Хонийг нь төхөөрч, мах шөлийг нь эвдэж янзлан тогоонд үйх ажлыг аав хариуцна. Тогоон дахь мах даргилж, болохын алдад айл саахалтынхан хүүхэд, хөгшидгүй  цуглана. Зун цагт дан цагаан идээгээр хооллож, махассан улс найрын шүүснээс хувь хүртэх гэж ирж буй нь тэр. Үрс гаргаж байгаа айл гүүн зэлнийхээ дэргэд цагаан эсгий дэвсэж, ширээ засаад зоог шүүсээ тавина. Ширээний хоёр талд настайчууд сууж, голд нь лам залран ном унших ёстой. Олдохын хийдийнхнийг бүгдийг нь буудчихсан, амьд үлдсэн ганц нэг нь ийш, тийшээ яваад сураг тасарсан болохоор манай нутагт лам байхгүй. Лам байхгүй болохоор ном унших үүрэг аавд минь ногдоно. Түрүүхэнд хонь гаргасан хүн шар дээл өмсөж ширээний ард суугаад төвөд ном уншиж гарна, жигтэйхэн удаан уншина. Цээжээрээ хэрнээ цаг шахам дүнгэнүүлнэ. Тэгж суухдаа яг лам хүн шиг харагдана шүү.
Аавыг уншлагаа уншиж дуусахаар үрс гаргаж буй айлынхан  зоог шүүсээ хуваана. Тэгж байтал ерөөл хэлэх болно. Аав нөгөө шар дээлээ тайлж, энгийн дээл, малгай өмсөөд, ард нь сууж ном уншсан ширээнийхээ урд нь гарч зогсон ерөөж гарна.
Хүмүүс хоолоо идэж, хүүхэд багачууд цадах тийшээ хандах үед найр хийж буй айл архиа гаргана. Жил хадгалсан охь гэдэг орос архинаас дутахгүй аагтай гэж манайхан ярьдаг сан. Тэр архийг тойруулахад аав маань хэд татаж, улаан зээрд болоод, найранд ирсэн хүмүүстэй юм ярина. Аав бичиг үсэгтэй болохоор тэр хавийнхандаа сонин уншлага хийдэг байлаа. Тийм учраас мэдээлэл сайтай байсан биз. Солонгосын дайн, Америк, Английн тухай ярина шүү дээ. Гэхдээ худлаа цуурахгүй. Нэг удаа нутгийн нэг хөгшин “Англи гэдэг чинь их баян улс гэх шив. Тэнд алтан машин давхиж явдаг, жорлон нь хүртэл алт байдаг гэнэ” гэхэд нь “Тэр худлаа. Сонинд л лав тэгж бичээгүй дэг. Та нар хаанаасаа тэгж дуулдаг юм” гэж байсан юмдаг. Аавын яриаг хүмүүс их сонирхож сонсоно. Ингэж найр наадам хөгжөөж явахдаа аав их дуртай. Аргагүй шүү дээ, өөрийнх нь шоу болж байгаа юм чинь (хошигнов).
Аавын ярих юм нь дуусдаг юм уу, намайг дуудаж “Миний хүү аавынхаа “Матар”-ыг унш” гэдэг сэн. Би ч аавын дуудахыг хүлээгээд ойрхон зогсож байна. Тэгээд л 
“Онгон их говьд
Олдохын тал гэж бий
Тэр талын дунд
Тээхийн буудал бий
Энэ тээхийн буудлыг
Эзэгнэдэг хүн нь Цэвэг…” гээд л уншина шүү дээ. Би багадаа их цээж сайтай, “Олег сэцний дуулал”, “Алтан загасны үлгэр”, “Хэрээ хэрээний зүг ниснэ” гэх мэтийн том зохиолуудыг сургуулийн хүүхдүүдээр ганц, хоёр уншуулаад цээжилчихдэг хүүхэд байсан юм. Аавыг минь “матар”-ласан шүлгийг найр хуримд мөн ч олон уншиж, хувь олж хүртсэн дээ.

-Таныг багад Цэвэгийн тэнэг гэдэг байсан гэсэн. Ийм цээж сайтай хүүг яагаад тэнэг гэдэг байсан юм бэ?
-Би гэж хамрынх нь нэг нүхнээс цус, нөгөө нүхнээс нус цухуйсан, өвөл зунгүй өмсдөг ганц үстэй дээлтэй доожоогүй амьтан байсан юм. Хөдсөн дээл нь хир даг болчихсон, бүсээ үхлүүт зангидчихсан, түүнийгээ тайлж чадахгүй, унтах болохоороо дээлнээсээ сугарч гараад, өглөө босоод дээл рүүгээ шургаад орчихдог байсан гэж байгаа. Өнчин өрөөсөн, хоол унд муутай, айлд зарагдаж, тараг хусамхан олж иддэг болохоор хариугүй давжаа биетэй. Бас болоогүй ээ, хана, тооно гээд харсан зүг рүүгээ гөлрөөд суучихна. Ханын нүхнүүдээс өлзий утас ялгаж харах гээд, эсвэл унь, тоононоос янз бүрийн хээ угалз олох гээд л ширтээд суудаг байхгүй юу. Нэг тэгж суухаараа их удаан гөлөрнө. Тэгээд “Цэвэгийн тэнэг тэнгэр хараад л сууж байна. Олон хүүхэд дунд заавал нэг олиггүй хүүхэд байдаг. Тэр нь энэ байж” гэж манай нутгийнхан ярьдаг байсан гэсэн.
Аавын найз Цоохор дархан Лувсанбалдан гуайнх бас арван хүүхэдтэй. Тэдний Нэргүйг бас тэнэг гэдэг байсан юм. Нэг өдөр дархан гуай манайд ирээд “Цэвэг ээ, олон хүүхэд дунд заавал нэг тэнэг хүүхэд байдаг юм гэнэ билээ. Манай Нэргүй, танай Байды хоёр юм сурахгүй. Эднийг сургуульд оруулах хэрэггүй, хүний элэг доог болохын нэмэр” гэдэг байгаа. Том эгчийг хонинд яваад ирэхээр нь Лу дархны ярьсныг хэллээ. Тэгтэл эгч ууж байсан цайгаа тавьчихаад мориндоо мордоод давхичихав. Эгчийн уур их хүрсэн байгаа юм, 17-18 настай охин нутаг усныхандаа хүндлэгддэг Лу дархныд очоод “Та яахаараа хүний хүүхдийг тэнэгээр нь дууддаг юм бэ. Танай хүүхэд л тэнэг юм байгаа биз, манай дүү тэнэг биш. Харж л байгаарай, манай дүү онц сурна” гэж хэлчихээд ирсэн гэсэн.
Ирээд “Чи хүнд тэнэг харагдаад байхдаа яадаг юм бэ” гэж намайг ташуураар зодоод... (Ээжийн оронд ээж болсон том эгч нь бурхан болоод удаагүй байгаа гэнэ. Эгчийнхээ талаар дурсахдаа өвгөн зураач ташуураар ороолгож буй хүү шиг л нулимс дуслуулж, яриагаа гүйцээж чадалгүй хэсэг суув)
Сургуульд ороод онц сураагүй бол миний тэнэг батлагдах байсан биз. Би Хулжид нэгдүгээр анги, Дэлгэрхангайд дөрөвдүгээр ангиа онц төгсөж, онц сурлагатан Байды гэгдэж явлаа шүү дээ. Арван жил онц сурч, аравдугаар ангиа алтан медальтай дүүргэсэн.
Гэхдээ багын нэр тийм амар салдаггүй юм билээ. Үеийнхэн маань хэзээ хойно ч тэнэг Байды гэсээр л байв. Цэргийн алба хааж, дараа нь Москва хотын Строгоновын нэрэмжит уран сайхны академид сураад, дориун зураач гэгдэж явахдаа Дэлгэрхангайд очсон юм. Тэгэхэд манай үеийн Амгалан гэдэг залуу “Цэвэгийн тэнэг их том зураач болоод ирсэн гэнэ. Яаж ийм сайн зураач болсон юм бол оо” гэж ярьж явсан гэнэ билээ. Түүнийг өөрийг нь ч бас тэнэг Амгалан гэдэг юм л даа. Манай нутгийн Хархүү, Байгаль нар “Тэнэг Амгалан тэгж байна билээ” гээд хөхрөлдөж байж билээ.

-Танай нутагт тэнэг гэдэг хочтой хүн олон байж ээ дээ?
-Өө олон байсан. Ямар сайндаа Дэлгэрхангайн тэнэг Гомбо
“Заан шиг тэнэгийг Зана гэнэ
Заяаны тэнэгийг Гомбо гэнэ
Засвар авахгүй тэнэгийг Түмэндэмбэрэл гэнэ” гэсэн шүлэг зохиогоод, шүүхэд дуудагдаж байх вэ дээ. Тэр Гомбо бол яах аргагүй тэнэг хэрнээ их цэцэн цэлмэг нөхөр байсан шүү. Хаа сайгүй айл хэсээд явж байдаг болохоор нь хүмүүс сонин хачин дуулах гэж янз янзын юм асууж шалгаадаг байж. Лениний мэндэлсний 100, улс хувьсгалын 50, нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тэмдэглэнэ гэж хөл хөдөлгөөн болох үеэр тэнэг Гомбоос “Сумын төвөөр дуулмаар сонин юу байна” гэтэл “Буг шүтсэний 100, бурхнаа хураалгасны 50, буянаа булаалгасны 10 жил болж байгаа юм байх” гэсэн гэж байгаа. Айхтар золиг байгаа биз. Тэгж хэлээд бас л шүүх цагдаад дуудагдсан гэнэ билээ. Ер нь амнаасаа болж олон удаа дуудагдсан байх. Манай нутгийнхан “Гомбо ер болдоггүй хүн. Зүгээр хүн бол аль хэдийн буудуулах байсан. Тэнэгийг нь мэдээд тавьчихдаг юм гэнэ билээ” гэж ярьдаг байв. Хөдөөнийхөн их харанхуй бүдүүлэг байлаа шүү дээ. Тэр үед Б.Ринчен гуай тэгсэн, ингэсэн гэсэн онигоо шиг яриа ам дамждаг байлаа. Тэгсэн манай нутгийн нэг эмгэн “Ринчен гэдэг чинь манай тэнэг Гомбо шиг л хүн юм даа” гэж байж билээ. Тэнэг Гомбыгоо мөн ч мундаг амьтантай зүйрлэсэн байгаа биз.

-Лу дархан аавд тань Байдыг битгий сургуульд оруул гэж захиад байхад та яаж сургуульд орсон юм бэ?
-Сургуульд орсон минь бас их хөгтэй. Би ааруул хурууд олж идэх санаатай айлын хурга хариулж явлаа. Тэгтэл сумын дарга Дамбажанцан гуай тэр хот айлд ирж хурал хийв. “Та нар ардын засгийн үед, маршал Чойбалсангийн буянд жаргаж байгаа азтай улс. Одоо ардын засгийн даалгаврыг биелүүлж, хүүхдээ сургуульд явуул” гээд баахан ухуулга хийж, ярилаа. Гэтэл хүмүүс хүүхдээ сургуульд өгөх бүү хэл сэм сэмхэн явсаар нэг мэдсэн хоёр гуравхан хүн үлдэв. Тэр дунд Дамбажанцан даргын гялгар цүнх, пикап машин хоёрыг харж алмайрсан би байсан юм. Хүүхдээ явуулах хүн олдохгүй шинжтэй болоод ирсэн чинь дарга над руу  харж “Чи хэний хүүхэд вэ” гэлээ. “Цэвэг” гэтэл “Сургуульд явах уу” гэж байна. Даргын машин, цүнх хоёрт ховсдуулж, бас саахалтын Баяраа гэдэг охин сургуульд яваад цав цагаан царайтай, бараг цагаан хувцастай ч бил үү, их хөөрхөн болоод ирсэн нь бодогдож, “Тэгье” гэчихлээ. Би уранхай муу шарваараас өөр хувцасгүй байсан юм. Дамбажанцан дарга “Одоо явна, гэр рүүгээ очиж хувцас хунараа авах уу” гэхээр нь “Авах юм байхгүй. Ингээд явчихъя” гэсэн. Гэрт очлоо ч хувцас ч байгаагүй юм чинь. Дарга тэр хавийн айлуудаас хүүхдийн усны гутал, цээжээр углах юм олж өмсүүлээд аваад явсан даа. Хичээл арай эхлээгүй тул  Дамбажанцан дарга намайг сумын төвд мухар Буд гуайнд буулгаад, хичээл эхлэхээр сургуульд оруулна гэчихээд явсан. Ингэж сурагч болж байлаа. Мал хуйтай айл хүүхдээ сургуульд явуулахгүй, бид мэтийн гул юмнууд л сургуульд орно шүү дээ.

-Сумын даргын буянаар сум бараадаж, сургуульд оржээ?
-Тэгсэн шүү. Дамбажанцан дарга намайг өрөвдсөн ч юм уу, санаа тавьж, асууж сурагладаг байсан гэнэ билээ. Нэгдүгээр улирлаар онц сурсныг дуулаад их баяртай байсан гэж Готов багш сүүлд ярьж байсан.

-Сумын бага сургуульд сурсан, дотуур байранд амьдарсан тухайгаа та их амттай ярьдаг. Тэр яриа уншигчдад маань сонирхолтой байх нь дамжиггүй?
-Ааваас өөр тэр ажлыг нь хийх хүнгүй болж, аав буцаад Тээхийн буудлын даргаар оччихсон байсан. Өмнө нь сард ганц хоёр машин л явдаг байснаа намайг сургуульд орох үед орос цэргүүд нааш, цаашаа их явдаг, өдөр алгасахгүй олон машин цувдаг болчихсон. Аав их ажилтай болохоор намайг эргэж ирж чадахгүй.
Багш нар л аавын оронд аав, ээжийн оронд ээж болж байлаа. Дайны үеийн хүүхдүүд ерөнхийдөө сул биетэй, тэр дундаа би хариугүй давжаа хүү байлаа. Хоол ундны дутагдлаас болсон биз. Жижиг биетэй учраас намайг эрэгтэй хүүхдүүдийн тасагт оруулбал шоглуулна гээд охидын тасагт оруулав. Шоглуулахаас гадна ус цасанд оруулах, хувцас хунарыг нь угаах ажлыг охидод даалгасан хэрэг. Би гэж гар нүүрээ угаахыг ч мэддэггүй, Цэвэгийн тэнэг гэдэг нэрэндээ таарсан, нусаа гоожуулсан, халтайсан жаахан юм. Тэр үеийн охид 13-14 хүрч сургуульд ордог байлаа. Эгч нар түмпэнд ус хийж, намайг голдоо зогсоож байгаад тал талаас биеийг минь угааж өгдөг байсан сан.
Лу дархны хүү, миний өрөөсөн тэнэг гэгддэг Нэргүй надаас нэг жилийн өмнө сургуульд орсон ч улираад манай ангид орж ирсэн юм. Намайг эмэгтэйчүүдийн гэрт байдгийг мэдээд өнөөх чинь “Чи эмэгтэйчүүдтэй байхдаа яадаг юм бэ, эрэгтэйчүүдийн байранд ор” гэж байна. “Эгч нар хувцас хунар угаагаад өгдөг, эмэгтэйчүүдийн байранд байх сайхан шүү дээ” гэтэл “Эмэгтэй хүүхэдтэй хамт байх муухай, наана чинь чамтай чацуу хүүхэд ч бий шүү дээ” гэж байна. Ингээд нарийн учрыг нь ойлгоогүй ч эрэгтэй хүүхэд охидын өрөөнд амьдрах нь тийм ч сайн хэрэг биш байх нь гэж гадарлаад эрэгтэйчүүдийн байранд оруулж өгөхийг Готов багшаас гуйж, хоёрдугаар улирлаас хөвгүүдтэй хамт амьдрах болов.
Тэр үеэр сумын бага сургуулийн багш нар шинэ ажил санаачилж, бүх сурагчийг уралдуулах юм боллоо. Сургуулийн 1-4 дүгээр ангийнхныг бүгдийг нь нийлүүлээд 30-аад хүүхэд болж байсан. Тэднийг Могойтой уулын ард жагсааж байгаад гүйлгэлээ. Гэтэл би хамгийн сүүлд орж, саахалтын зайтай хоцорч ирэв. Хөдсөн дээлийнхээ урд хормой дээр гишгээд урчихсан, урагдсан хормойгоо өмднийхөө тэлээнд хавчуулчихсан, бүс нь алдуурчихсан, түүнийгээ хумиад базчихсан, хамаг хөлс нь гоожчихсон хачин юм гүйх нь бүү хэл хөлөө арай гэж зөөж ирсэн. Тэр уралдаан сумандаа л олон нийтийн том арга хэмжээ учраас сумын төвийнхөн бүгд цуглачихсан байсан юм. Би их өрөвдөлтэй харагдсан бололтой, хөгшид “Хөөрхий, энэ өнчин амьтныг ингэж зовоож яах нь вэ” гээд уйлж байж билээ. Хүмүүс намайг өрөвдөнө гэдэг би ямар доожоогүй байсны илэрхийлэл шүү дээ.
Хөвгүүдийн байранд ороход тэд намайг гадуурхах маягтай байлаа. Хоршоо даргын хүү Дамдинбазар баахан чихэр, жимс авчраад байрныхаа хүүхдүүдэд тарааснаа надад өгсөнгүй. Өөр нэг хүү “Наад муудаа битгий өг, уралдахад хүртэл яаж хоцорлоо, унхиагүй юм” гэж байсан. Тэр үед тэгтэлээ их горьдож, заавал түүнийг идмээр санагдаагүй ч одоо хүртэл санаанд үлдсэнийг бодвол гомдсон байх нь, горьдсон ч юм уу.
Ингэж байтал гуравдугаар улирлын дүн гарч, дүнг сургуулийн гадна сурагчдаа жагсааж байгаад дуудсан юм. Сумын төвийнхөн ч бүгд хэрэгт дурлаад ирчихсэн, их олон хүн байлаа. Хүүхдүүд зарим хичээлдээ онц, заримд нь сайн, дунд гарсныг нь нэг бүрчлэн дуудсаар миний ээлж болов. Монгол хэл онц, математик онц гэсээр бүх хичээлд онц гарсныг дуудаж дуусахад тэнд байсан хүмүүс бүгд над руу гайхан харж, тэр нь надад жигтэйхэн сайхан санагдаж билээ.
Намайг онц сурсан гээд нэг кг алим, цагаан даавуугаар хийсэн гурван ээлжийн дотуур хувцсаар шагнасан юм. Түүнийгээ боож, зургийн дэвтэр, тэр үед гарч байсан шинэ дуунуудыг бичсэн өөр нэг дэвтрийг гэр рүүгээ авч явахаар бэлдлээ. Хүүхдүүдийг гэрээс нь хүн ирж авч явсаар би ганцаараа байранд үлдэв. Аав их ажилтай, намайг ирж авч чадаагүй хэрэг. Би гахай явган, нохой нүцгэн Олдохын тал руу ганцаараа явалтай биш, гуравдугаар улирлын олон хоногийн амралтыг байрандаа өнгөрөөсөн. Тэгж ганцаараа суухдаа олон зүйл эргэцүүлж билээ.
Сумын бага сургуулийн сурагчдыг уралдуулахад яаж шившигтэйгээр хоцорсноо бодов. Дамдинбазар болон бусад хөвгүүд хэрхэн дээрэлхэж, гадуурхсаныг ч саналаа. Өрөвдүүлэх, дээрэлхүүлэхийн аль аль нь надад муухай санагдаж, хүнд унхиагүй дорд харагдана гэдэг их муухай юм гэдгийг хаврын тэр өдрүүдэд бяцхан тархиараа тунгаасан юм. Түүнээс хойш энэ бодол салаагүй. Одоо болтол тод санагдаж буйг бодоход яс маханд шингэнэ гэдэг нь болов уу.

-Та Увс аймгийн Баруун­туруунд аравдугаар ангиа төгссөн гэсэн. Яагаад тэнд очсон юм бэ?
-Миний туулсан амьдралыг яриад баршгүй. Дэлгэрхааны бага сургуулийг онц төгсөөд Дундговийн арван жилийн сургуульд ирлээ. Аймгийн төвд нутгийнхаа хүнтэй тааралдаж, сураггүй удсан ахынхаа сургийг дуулав. Ах маань арав гаруйхан настайгаасаа оросуудтай явсан болохоор орос хэлэнд сайн, Санхүүгийн сургуульд Чойбалсангийн Нэргүйтэй хамт суралцаж төгссөн, багаасаа их хөдөлгөөнтэй, нэг мэдэхэд аян жин тээгээд алга болдог, нөгөө дуулахад оросуудтай хамт явж байдаг хүү байлаа. Санхүүгийн сургууль төгсөөд ирэхэд нь аав жигтэйхэн сайхан эмээл, хазаар, гаанс гараа гарган төхөөрч өгсөн юм. Ах тэднийгээ агсаж мордоод, хэд хоног таг боллоо. Тэгснээ хүний хуучин муу эмээл үүрээд явган ирсэн сэн. Ах тэгэхэд 15-16-тай л байсан болов уу. Хамаг юмаа мөрийнд тавьсан юм уу, яасан юм бүү мэд. Ингэж хийх ажилгүй гулиа дарж, айраг ууж, авгай хүүхэн эргүүлж явахад нь төмөр зам тавигдаж, тэнд ажилд орсон байсан. Ажилд ороод зогсохгүй том дарга болсон, Чойрт амьдарч байгаа гэв. Орос хэлтэй, Санхүүгийн сургууль төгссөн хүн чинь аргагүй шүү дээ. Ахын сургийг гаргаад, Чойр руу явлаа. Тэнд ахтайгаа их сайхан байсан. Шинэ ном гарсан сураг сонсвол ахдаа захина, тэр дор нь аваад ирнэ.
Хоёр жил сайхан байтал ахын тавтиргүй зан хөдөлж, тэр сайхан ажлаа орхин, нэг хүүхэн дагаад хот руу шилждэг юм байна. Үүнд нь би дургүй байсан ч дагаад явлаа. Хотод ах том тэрэгний жолооч болж, би сургуульд орсон. Удалгүй ах нөгөө хүүхнээ даган Увс руу явах боллоо. Би ахыг дагахаас яах вэ. Ингээд Увсад дөрвөн жил сурч, аравдугаар ангиа тэнд төгссөн.

-Аравдугаар ангиа онц төгссөн гэсэн. Яагаад их сургуульд орохгүй цэргийн албанд мордсон юм бэ?
-Давжаа биетэй байсан гэж хэлсэн шүү дээ. Аравдугаар анги төгсөхөд дориун өсөж, өндөр болсон ч бие маань сул байлаа. Тэгээд биеэ чийрэгжүүлэхийн тулд цэргийн албанд явъя гэж шийдсэн. Багш нар “Чи ийм сайн сурлагатай байж цэрэгт биш, дээд сургуульд яв” гэхэд нь зөрсөөр байгаад явсан. Тэр үед Оросын нэг жанжны тухай, тун доожоогүй хүү байснаа цэргийн эрдэмд суралцаж, суут жанжин болсон тухай ном уншсан нь надад тэгж их нөлөөлсөн юм.

-Цэргийн албанд байхдаа шоронд орсныг тань хүмүүс бараг мэддэггүй байх. Тэгэхэд юу болсон юм бэ, хэлмэгдсэн юм уу?
-1962 онд, цэргээс халагдах жилээ цэргийн сахилгын шоронд орсон юм. Тэр үед цэргээс энгийн хувцастай халагдах мода дэлгэрсэн байв. Халагдах дөхөж, онжавууд маань хувцсаа бэлдэн, сайхан костюм, дээл гэр рүүгээ захиад сүйд боллоо. Надад энгийн хувцас хаанаас олдох вэ дээ. Тэгээд яаж мөнгө олж хувцас авах вэ гэж бодож байгаад долоо хоногийн чөлөө авч, шинээр байгуулагдсан Шувуун фабрик руу очлоо. Тэнд клуб тохижуулж, зураг зурах ажил байгаа гэж дуулсан юм. Маркс, Энгельсийн хөрөг гэх мэтчилэн олон зураг зурах ажил байсан. Зурсаар байгаад нэг мэдсэн найман зуун төгрөгтэй, чөлөөний хугацаа ч өнгөрч, сар шахам болчихсон байв. Ажлаа хурдан дуусгаад анги руугаа буцна даа гэсэн юм бодож явтал гудамжинд Цууцал хурандаатай таарчихдаг байгаа. Би цэргийн албанд очоод зураг зурж, клубийн цэрэг гэгдэн бусдаасаа илүү эрх чөлөөтэй, бараг энгийн амьдралаар амьдарсан хүн л дээ. Бас болоогүй сайн зураач гэгдэж, Цэргийн амралтад амрах эрхээр шагнуулж байлаа. Тэгэхэд Цууцал хурандаа тэнд амарч таарсан юм. Тэгээд намайг таньсан хэрэг. Хурандаа “Чи энд юу хийж яваа юм бэ, халагдсан юм уу” гэхээр нь сандарсандаа “Тэгсэн” гэхчихлээ. Ангид очоод халагдаагүйг мэдэхгүй хаачихав. Ингээд цэргийн албанаас оргосон хэргээр сахилгад суулаа.
Удлаа гэхэд сар суугаад л гарах ёстой байтал ял хүндрүүлж Толгойтын цэргийн шорон руу шилжүүлчихдэг юм байна. Ямар учраас тэр шоронд очсоноо мэдэхгүй, бүтэн тэнийж хэвтэж, гараа алдлан суниаж болохгүй, чангалангийн жижиг камерт, нар, салхи, хоол ундны бараа харахгүй тав хонолоо. Зургаа дахь өдөр нь намайг гараад ир гэв. Нар, салхинд гараад толгой эргэж, газар дэлхий ногоороод, ухаан алдах дөхөж билээ. Тэгтэл Цууцал хурандаа надтай уулзаж “Чи Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурвын зөв гэж ярьдаг гэл үү” гэж байна. “Хэн тэгж байна, би ерөөсөө тэгж хэлээгүй” гэтэл “Их шийртэй эд байх нь, буцаагаад хий” гэсэн.
Сүүлд учрыг мэдэх нь ээ, намайг Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарыг дэмждэг гэсэн матаас очиж, улс төрийн хэрэгтэн гэж үзэн, тийш нь шилжүүлсэн юм билээ. Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын хэрэг ид мандаж, тэдний ярьсан хэлснийг буруутган сонин хэвлэлд бичиж байсан үе л дээ. Би сонин уншаад “Эд харин ч улс орноо урагшлуулах зөв юм ярьсан байна” гэж санаандгүй ярьсныг тэнд байсан нөхдийн маань нэг дээш нь мэдүүлсэн байсан. Цэргийн шоронд би хэдэн сар хоригдсон шүү. Угаасаа хийсэн хэрэг байх биш, тулгасан хэргийг нь хүлээгээгүй. Энд тэндхийн ном сонин уншиж явдгийн хэрэг тэгэхэд гарч, “Хийгээгүй хэрэг, хэлээгүй үгний төлөө хоригдож, тамлагдаж байна. Монголын шүүх үнэн мөнөөр нь шийдэж чаддаггүй юм бол олон улсын шүүхэд гомдол гаргана” гээдэхсэн чинь удалгүй  сулласан шүү. Суллагдаад ангидаа очиход нөхөд маань “Чамайг ингээд өнгөрч, гарч ирэхгүй байх гэж бодож байлаа” гэцгээж байсан.
Онжавууд маань халагдахад намайг халаагүй. Увсаас цэргийн албанд ирсэн болохоор халаад тийш нь явуулна гэхэд нь “Тэнд надад таних хүн, очих газар байхгүй. Нутаг руугаа явна” гэсэн юм. Үүнийг шийдэхийн тулд зургаан сар болсон. Үндсэндээ гурван жил зургаан сар цэргийн алба хаагаад, халагдаж, аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбарын зураач болсон.

-Та Строгоновын нэрэмжит уран сайхны академийг төгссөн байх аа?
-Цэргийн албанаас халагдаж ирээд сургуульд явах өргөдлөө өгсөн ч зургийн чиглэлээр дунд сургуульд сураагүй гээд хасчихдаг байсан юм. Аймгийнхаа урчуудын салбарт гурван жил ажиллахдаа Урчуудын эвлэлийн хоёр том үзэсгэлэнд оролцож, биед хүрсэн зураачидтай өрсөлдөн шагнал авсны хүчинд ардын зураач Н.Цүлтэм дарга намайг Москва хотын Строгоновын нэрэмжит уран сайхны академид явуулсан. Гадаадаас оюутан авдаггүй хэрнээ манайхыг ЗХУ-ын 16 дахь дагуул улс гэж үзээд биднийг авсан юм.

-Төгсөж ирээд “Тоншуул” сэтгүүлд ажилласан уу?
-Аймгийнхаа Урчуудын эвлэлийн салбарт ажилласан. Төгсөж ирээд нутгийнхаа Пүрэвсүрэнтэй таарлаа. Тэр радиод ажиллаж байсан юм. “Академи төгссөн гэл үү, хаана суух гэж байна вэ” гэхээр нь “Нутагтаа томилогдсон” гэтэл “Ээ харла аа” гэж билээ. Хөдөө ажиллана гэдэг тийм муу хэрэг гэж боддог байлаа шүү дээ. Нутагтаа хоёр жил шахам ажиллаад Төв хорооны шийдвэрээр “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий зураачаар ирсэн.

-Хөдөөгийн зураачийг “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий зураачаар татсан гэхээр таныг их үнэлж дээ?
-Би бүр дээр үеэс шог зураг зурж, төвийн сонинуудад хэвлүүлдэг байлаа. Тэгэхэд Арнайн Гүрсэд гэдэг алдарт шог зураач тэтгэвэрт гарах болж, орны хүнээ бэлд гэхэд нь намайг хэлсэн шиг байгаа юм. Ингэж л “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлд ажиллах хувь тохиосон доо. Тэнд би академид сурснаас ч их зүйл сурсан. “Тоншуул” сэтгүүл гэдэг чинь эхлэн бичигчдээс алдар цуутай зохиолчид хүртэл түмэн амьтан цугласан газар байлаа. Монголын алдар цуутай зураачид, зохиолчидтой ойр ажиллаж, маш дотно танилцсан. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гуайтай долоо хоног бүр уулзаж, үг яриаг нь сонсох ямар ч академид сурснаас илүү. Ц.Дамдинсүрэн гуай архи, тамхи хэрэглэхгүй. Б.Ринчен гуай тамхи их татна. Би “БТ” гэдэг тамхи хэдийг авч ширээндээ хийчихээд Б.Ринчен гуайг “Тамхи байна уу” гэхээр нэг нэгээр нь өгнө. Бөөнөөр нь өгвөл дор нь дуусгачихаад явчихна гээд цувуулж өгч, уяж суулгаж байгаа нь тэр. Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимид, Х.Пэрлээ, Ц.Доржготов, Ж.Шагдар, Ж.Барамсай, А.Гүрсэд нарын мундаг хүмүүстэй ойр байсан нь их аз завшаан шүү. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр тэр мундаг хүмүүсээс их зүйл надад наалдсан. Мундагчуудын архинд ч их гүйсэн дээ. Тэдний архийг авчирч өгнө гэдэг миний хувьд шагнал мэт санагддаг байхгүй юу. Ямар сайндаа бүх ажилчдын хурал дээр “Тоншуул” сэтгүүл гэж завхарсан газар байна. Тэндээс тамхины утаа суунаглаж байдаг. Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимид мэтийн архичид цугладаг” гэж шүүмжлүүлж байх вэ дээ.

-“Тоншуул”-д ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалыг шоглож зурсан хэрэгт орох шахсан гэдэг. Тэр үнэхээр даргыг шоглосон зураг байсан юм уу?
-Үгүй ээ, уг нь бол Ю.Цэдэнбал даргыг биш, нийгэмд олон байдаг үзэгдлийг шоглосон юм. Ааштай байрын махлаг эмэгтэй нөхрөө нохой болгон хөтлөөд явж буйгаар дүрсэлсэн наргиа шог зураг байсан. Нөхрөө дарамталдаг эмэгтэй олон, гэр бүлийн энэ асуудал бол мөнхийн сэдэв шүү дээ. Түүнийг л бодож зурсан. Гэтэл даргад нүүр тал олох гэсэн нөхөд түүнийг мушгиж, “Нохой нь нүдний шилтэй байгаа нь даргыг дүрсэлсэн байна. Эмэгтэй нь тарган, хамраа зангидсан, яг Филатова” гэцгээж, тэр нь өндрөө аваад, алах дөхсөн шүү, намайг. АИХ-д очиж, дутагдлаа хүлээсэн үг хэлж, уучлал гуй гэж хүртэл шахаж байлаа. Хүлээгээд байх дутагдал байхгүй гээд очоогүй л дээ. Намайг олон хүн хамгаалж, зохиолч, зураачид юм хум бичсэн. Урчуудын эвлэл дээр намайг хамгаалах хороо байгуулагдаж, өмгөөлөгч хүртэл авсан шүү дээ.

-Хэдэн онд юм бэ?
-1980-аад оны эхээр санагдана. Ю.Цэдэнбал дарга лав ажлаа хийж байсан юмдаг.

-Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг. Та зургаа зурсаар л байгаа биз дээ?
-Хар нялхаасаа зурагтай ноцолдсон болохоор зураг зурахгүй байж чадахгүй юм. Сүүлийн жилүүдэд зураг зурах, архи уух хоёроос өөр ажил хийсэнгүй. Архи уухаар цаг их гарздах юм. Сая нэг үзэсгэлэнд оролцооч гэхэд нь арай гэж 16 зураг өглөө. Уг нь би 40-50 зураг өгч чадах хүн шүү дээ. Зураг зурахын хажуугаар юм бичдэг юм. Архи уухаар бичиж чадахгүй байна. Хүний бодож сэтгэх чадварыг үгүй хийдэг бололтой. Согтуу хүн юу ч бодох вэ дээ. Хамт архи уудаг байсан хоёр хүн маань сая явчихлаа (нас барлаа). Намайг бодвол залуу хүмүүс, архинаас л болсон, би мэдээд байгаа юм, яг тэгсэн. Бас нэг найз маань цэргийн дарга байсан юм. Доор нь захирагдах цэрэггүй болохоор тэр одоо юу хийх вэ дээ. Тэгээд намайг “Наад зургаа зурахаа боль, насаараа ингэж суучихаад уйддаггүй юм уу. Өөрийгөө зовоож ингэж суухаа боль, боль” гэдэг юм. Би тэгж юу ч хийхгүй сууж чадахгүй л дээ. Архи ууна гэдэг хийх ажлаа гүйцээсэн, цаашид хийх юмгүй хүний л ажил байна. Одоо архи уухгүй ээ. Миний хийх ажил дуусаагүй. Монгол зургийн аргаар зурсан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид