Улаанбаатар 1c

О.Баасанхүү: Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ял завших боломж болж хувирлаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-УИХ Эрүү, Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Та УИХ-ын хуульч гишүүдийн нэг. Хөөн хэлэлцэх хугацааг төсөлд ямар байдлаар тусгах ёстой юм бэ?
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой энэ заалтыг би сонгуулийн шоу гэж харж байна. Үнэнийг нь хэлэх гэхээр намайг яриулахгүй байна. Цагдаа, шүүх, прокурор дээр хэрэгсэхгүй болсон хэргүүд ч ялгаагүй. Нэг хүнийг арван жил шалгана гэдэг сайн зүйл биш. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад нийгмээрээ үзэн ядаад байгаа нь ч буруу. Хэрэв гэм буруутай бол ял, шийтгэлээ хүлээх нь үнэн. Гэм буруугүй бол цагаатах хэрэгтэй шүү дээ.

-Дагаж мөрдөх журамд зарим “Хэргийг сэргээн шалгана” гэсэн заалт оруулна гэсэн шүү дээ?
-Хүнийг удаан шалгахаас илүү хурдан шалгаад шийдвэрлэх нь чухал. Арван шил шалгахаас илүү хугацаа гэж хаана байх вэ. “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкын “Стандарт” банкнаас зээл авсан гэх хэргийг арваад жил шалгалаа. Яагаад одоо хүртэл шийдвэрлэж чадахгүй байна. 2016 онд Хөгжлийн банкнаас эхлээд баахан хулгай луйврын хэрэг илрүүллээ гэсэн. Гэтэл шийдвэрлээгүй л байна. Жирийн иргэний буруутай, буруугүйг нь хурдан тогтоогоод шийдчихдэг. Харин авлига, албан тушаалын хэргүүд шийдэгддэггүй, хэдэн арван жил болдог тогтолцоотой бий болчихлоо. Яг үүн шиг С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нарын гэмт хэрэг хийсэн эсэхийг нь шүүхээс тогтоогоогүй байтал авлигын загалмайлсан эцэг гээд янз бүрийн нэр, хоч өгөөд хэвлэлүүдээр яриад байх юм. Тэднийг ард түмэн тархи, цусандаа хулгайч гээд ойлгочихсон. Гэтэл хуулийн байгууллага шийдэж чаддаггүй, хэлэхээр хугацаа нь дууслаа гэдэг. Хэрвээ үнэхээр гэмт хэрэг хийсэн бол ял шийтгэлийг нь хүлээлгээд хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Харин хэрэг хийгээгүй бол цагаатгаад явах ёстой. Сүүлдээ хөөн хэлэлцэх хугацааг шүүхээр оруулдаг болгоё гэж байна. Нөгөө Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг шиг болгоно гэсэн үг. Тодруулбал, гэм буруутай нь тогтоогдсон байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж алх цохино. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх биш сэргээн шалгана гэсэн заалт орууллаа. Намайг шийдвэрлэх заалт оруулъя гэж хэлэхээр микрофон хаачихсан.

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой энэ заалт гэмт хэрэгтнүүд ял завших боломж олгож байна гэсэн үг үү?
-Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэм буруутайг гагцхүү шүүхээр тогтооно. Шүүхээр тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Мөн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тэр тоогоороо багасна. Тэгэхээр ял завших бололцоо олгож байгаа гэсэн үг. Нөгөө талдаа шалгагдаж байгаа хүнийг хохироодог. Манай намын З.Баянсэлэнгийн хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Би тэр хүнийг гэм буруутай гээгүй. Одоо сонгууль ойртож байна. Хэрэг яагаад шийдэгдэхгүй байна гэдгийг тогтоож, гэм буруутай нь хариуцлага хүлээдэг баймаар байна шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид