Улаанбаатар 1c

П.Даш: Санал тэнцээд П.Очирбат Ерөнхийлөгчөөс асуухад “Парламентын засаглалтай байсан нь дээр” гэсэн

АИХ-ын депатут асан, хошууч генерал П.Даштай ярилцлаа.

-Та ардчилсан Үндсэн хууль батлалцсан депатутын нэг. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Ардчилсан Үндсэн хуулийг батлах үед би Ховд аймгийн Үенч суманд хилийн отрядын даргаар ажиллаж байлаа. Тэр үеийн сонгууль, сонгогдсон депутатууд одоогийнхтой харьцуулахад их онцлогтой байжээ. Тухайн үед ард түмэн дотроосоо нэр дэвшүүлсэн. Мэдлэг чадвар, боловсролоороо манлайлж “Энэ хүн л биднийг төлөөлж чадна” гэсэн хүмүүсээ сонгосон юм шүү дээ. Тухайн үед хэд хэдэн намтай болсон байсан. Мөн нам бүрээс орон нутагт нэр дэвшүүлж байсан юм. Тиймээс нэг тойрогт 20-30 хүн нэр дэвшиж, 2-3 үе шаттай болж, нэлээд сайн шүүлтүүрт орж байж сонгогдсон хэрэг.

-Тухайлбал, та ямар шалгуураар сонгогдож байв?
-Тухайн үед би 26 хүнтэй өрсөлдсөн санагдаж байна. АИХ-ын 430 депатут 430 тойргоос сонгогдсон. Ховд аймгийн Үенч суманд л гэхэд 30 орчим хүн өрсөлдсөн.  Сум бүрээс нэг төлөөлөл учраас мэдлэг боловсролын хувьд янз бүрийн түвшинд байсан. Тэр үеийн депатутууд ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, Үндсэн хуулийг хамгийн зөвөөр гаргачих юмсан гэсэн чин хүсэлтэй л хүмүүсийн нэгдэл байв. Түүнээс биш “Энэ хуралд ороод Үндсэн хуулийг батлалцахад ийм үг, өгүүлбэр оруулчихвал надад ашигтай, миний бизнест хэрэгтэй” гэсэн нэг ч хүн байгаагүй байх. Тийм учраас хувийн ашиг сонирхол огт байсангүй. Нөгөө талаас ард түмний дунд нэр хүндтэй, иргэдээ төлөөлж чадахуйц хүмүүс байсан учраас нэг ч төгрөгийн зарлагагүйгээр ухуулга сурталчилгаа явуулж байлаа. Сонгуулийн сурталчилгаа нь бичгийн цаасан дээрх зурагтай, танилцуулга л байсан. АИХ-ын депатутууд бүх салбарыг төлөөлөхүйц хүмүүс байв. Тэр салбараас төдөн хүн гэсэн шүүлтүүр байгаагүй. Багш, эмч, инженер, барилгачин, малчин гээд бүх салбарынхан байсан учраас ардчилсан Үндсэн хуулийг батлахад энэ хүмүүсийн оролцоо их нөлөөтэй байсан. Дээрээс нь ард түмний саналыг их авч байсан. Сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ зөвлөлдөх санал асуулга явуулсан гэсэн ч тэр үеийнх шиг өргөн хүрээг хамарч чадаагүй гэж боддог. Тухайн үед албан байгууллага бүр дээр яриа өрнөж, санал санаачилга гаргаж байсан. Ард иргэдээс ирсэн саналыг УБХ хэлэлцээд дараа нь АИХ-аар хэлэлцүүлж байсан. АИХ-ын 430 төлөөлөгч эхлээд ерөнхий хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлгийн үеэр хүмүүс асуудалд яаж хандаж байсан уур амьсгал ерөнхийдөө мэдэгдэнэ. Тэгэхэд ардчилал гэдэг чухал гэдгийг ойлгож, ухаарсан хүмүүс байсан. Гэхдээ тэр үеийн хүмүүс сонсоход “Энэ хэд чинь эсэргүү юм биш үү” гэмээр цөөн хүн байсны нэг нь би.

-Яаж байгаад эсэргүү нэр зүүчихсэн юм бэ?
-Бидний хэсэг нөхөд тухайн үед Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэж үзэж байсан юм. Яагаад гэхээр тэр үед богино хугацаанд хөгжсөн Азийн бар орнууд бүгд Ерөнхийлөгчийн засаглалтай байв. Нэг хүний удирдлагад байвал улс орон хөгждөг юм байна гээд үзэл бодлоо илэрхийлж байлаа.

-Тухайн үед тэр санал депатутуудын дэмжлэгийг хэр авч байв даа?
-Тухайн үед нэлээд асуудал өрнөж, санал хураалгахад 50:50-ийн саналаар тэнцсэн. Тэгэхэд манай улс ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихсон байсан үе. Санал тэнцээд байна яах вэ гээд П.Очирбат Ерөнхийлөгчөөс асуухад “Парламентын засаглалтай байсан нь дээр байлгүй дээ” гэсэн. Хуулийн төсөлд парламентын засаглалтай байна гэж заасан байсан. Тэр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нь П.Очирбат гуай байсан юм. Тэгэхээр энэ заалтаа хамгаалсан уу эсвэл өөрөө Ерөнхийлөгч учраас “Ерөнхийлөгчийн засаглал нь дээр” гэж хэлж чадалгүй нэрэлхсэн үү үгүй юү гэдгийг хэлж мэдэхгүй юм. 

-Ардчилсан Үндсэн хуулийг батлахад депатутуудын саналыг нэгтгэх амаргүй байсан учраас АИХ-ын дарга Ж.Гомбожав гуай та бүхэнтэй нэлээд уулзалт хийсэн гэдэг. Энэ тухай ярихгүй юу?
-Ардчилсан Үндсэн хуулийн төслийн ерөнхий хэлэлцүүлэг болохоос өмнө АИХ-ын депатутуудтай уулзаагүй юм. Харин ерөнхий хэлэлцүүлгийн дараа орон нутагт бүсчилсэн хэлбэрээр уулзсан. Тэгэхэд засаглалын талаар би яриагүй. Ерөнхий хэлэлцүүлгийн үеэр засаглалын талаар хэлсэн юм. Энэ үеэр “Ерөнхийлөгчийн засаглалын талаар та санал гаргажээ” гээд сурвалжлагч надаас яриа авахаар болсон. Тэгсэн чинь энэ асуудлыг дэмжиж байгаа гээд цөөнгүй хүн нэмэгдэж ирсэн. Бөөндөө авахуулсан зураг тэр үеийн сонин дээр гарсан байдаг юм. Энэ асуудал хурцадсаар дэмжиж байгаа хүмүүс нэгдээд сүүлдээ бүлэг болсон. Ардчиллыг, МАХН-ыг дэмждэг, бие даасан депатутуудын бүлэг гэж хуваагдлаа. Бие даасан бүлэгт миний бие, даргаар нь УИХ-ын гишүүн асан, талийгаач О.Дашбалбар,  гишүүнээр  Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд, Шударга өрсөлдөөний газрыг үүсгэн байгуулж байсан н.Цэндбаяр, н.Шура, Дархан аварга Ж.Мөнхбат нарын хүмүүс байсан. Бид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж, газрыг хувьчилж болохгүй гэх санал гаргасан. Хэрэв газрыг хувьчилбал гаднын мэдэлд очно гэх байр суурьтай. Парламентын засаглалтай үе байж болно, гэхдээ одоо цаг нь биш. Олон хүн саналаа нэгтгэж чадахгүй, энэ улс орон хөгжихгүй гэх хатуу байр суурь илэрхийлсэн. Энэ мэт саналуудаа нэгтгэж байгаад манай бүлгийн дарга О.Дашбалбар танилцуулж, завсарлага авдаг байлаа. Заримдаа тарах, бутрахдаа хүрдэг байв. Ингэж явсаар байгаад Үндсэн хуулийг олонхийн саналаар парламентын засаглалтай байхаар баталсан даа. 

-Парламентын засаглалтай болоод 28 жил өнгөрчээ. Таны санал болгож байсан Ерөнхийлөгчийн засаглалаар явсан бол ингэх, тэгэх байсан даа гэж одоо бодогддог уу?
-Би тэр байр суурь дээрээ одоо хэр нь байдаг. Одоо хариуцлага хүлээх субьект алга байна шүү дээ. Бүх зүйл ийм байдлаар явж байгаа учраас хариуцлагагүй шийдвэр их гарч байна. Нэг хүний засаглал буруу гэж их ярьдаг ч парламентын засаглалтай байгаад юу өөрчлөгдөв гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Манайд ардчилал байна уу гээд үзэхээр үнэн хэрэгтээ хэцүү шүү дээ. Анх ардчилал гарч ирж байхад сайд, дарга нарын тусгай хангамжийг болиулъя гэж байсан. Одоо больсон зүйл алга. Тэр үеийн тусгай хангамж хоол, унааны мөнгө, томилолтын зардал л байсан. Тэр зардлыг одоогийнхтой харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй. Энэ цагт төрд орж баяждаг л болжээ. 

Бидний хэсэг нөхөд тухайн үед Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэж үзэж байсан юм. Яагаад гэхээр тэр үед богино хугацаанд хөгжсөн Азийн бар орнууд бүгд Ерөнхийлөгчийн засаглалтай байв. Нэг хүний удирдлагад байвал улс орон хөгждөг юм байна гээд үзэл бодлоо илэрхийлж байлаа

-Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн засаглалын асуудал мөн хөндөгдлөө. Үүнийг та хэрхэн харж байв?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ганц нэг хэлэлцүүлэгт би орсон. Гэхдээ өмнөх байр суурь дээрээ хэвээр байсан. Харин УИХ хоёр танхимтай байхыг би дэмжиж байлаа. УБХ-ын гаргасан хуулийн төслийг АИХ хэлэлцэж, нэлээд шүүлтүүрт оруулдаг байсан. Одоо бол УИХ нэг хууль гаргаад тэр нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн Цэц дээр очоод уначих юм. Нэг ёсондоо нийт ард түмний төлөөлөл болж чадахгүй явцуу хүрээнд мөнгөтэй хүн УИХ-д нэр дэвшиж, гарч ирээд өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө яваад байна. Нөхцөл байдал ийм болсон үед хоёр танхим байх хэрэгтэй гэж бодож байсан. Гэхдээ энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт боломжийн сайн болсон шүү. Харин намаас УИХ-д нэр дэвшихийн хажуугаар ард түмний төлөөлөл бас байдаг баймаар байна. Саяхан АН-аас нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн хандив өг гэсэн мэдээ үзлээ. Жирийн, ажлаа хийж яваа мэдлэг боловсролтой, ард түмний төлөөлөл болж чадахуйц хүнд бэлэн гаргаад өгчих 100 сая төгрөг бий юү. Мэдээж байхгүй учраас улс төрд мөнгөтэй, бизнестэй хүмүүс ороод байна. Тэд ард түмний биш өөрсдийн эрх ашгийн төлөө УИХ-ын товчлуурыг ашиглаад байна шүү дээ. Үүнд л тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулмаар санагддаг. Хөрөнгөтэй хүн хөрөнгөө баяжуулахын төлөө ажиллахаас бус ард түмний төлөө хэзээ ч ажилладаггүй гэдэг нь өнгөрсөн 20 гаруй жилд харагдлаа шүү дээ. Харин тэд ард түмэнд таалагдсан сайхан үг л олныг хэлж чадаж байна. 

-Ард түмнээс төлөөлөл төрд байхын тулд ямар хөшүүрэг байх ёстой юм бэ?
-Ард түмнээс асуудаг жишиг рүү ормоор байна. Ингэж чадвал ард түмний итгэл найдварыг хүлээсэн, ажил хийх хүн гарч ирнэ. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Хэзээ ч, хаана ч асуудалд голчоор ханддаг.

-Ардчилсан Үндсэн хууль 28 жилийн хугацаанд үндсэн үүргээ гүйцэтгэж чадсан уу?
-Сая оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тааруу болоогүй. Гэхдээ зарим нэг хийчихмээр өөрчлөлтийг оруулаагүй. Ер нь, Үндсэн хууль өөрчлөгдөж байх ёстой. 2000 оны “дордуулсан” гэх тодотголтой долоон өөрчлөлтөөс 2019 оны өөрчлөлт хамаагүй дээрдсэн, сайн зохицуулалт олон орсон гэж би хэлнэ. Тухайлбал, 1960 оны Үндсэн хуулийг 13 удаа өөрчилж байсан юм билээ. Тэгэхээр энэ удаагийн өөрчлөлт хугацааны хувьд цаг нь мөн байсан. Одоо хуулиа ягштал мөрдөөд явах л хэрэгтэй. УИХ-ын гишүүд хариуцлагатай болж, хэлсэн үгээ цэгнэдэг болох ёстой. Ард түмнийг нэгэнт төлөөлж байгаа учраас үлгэр дууриалал болмоор байна. Тэр үлгэр дууриаллаар хойч үе хүмүүжнэ. 

-Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлж, хүчтэй Ерөнхий сайдтай байхаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Маш зөв өөрчлөлт. Яг нарийндаа хууль тогтоох дээд байгууллага хууль, тогтоолын төсөл баталлаа. Үүнийг хэрэгжүүлэх механизм гүйцэтгэх засаглал. Тэгэхээр гүйцэтгэх засаглал эрх мэдэлтэй байж хатуу чанд мөрдүүлэхгүй бол хууль биелүүлдэггүй байдал газар авна. Энэ утгаараа гүйцэтгэх засаглалд эрх мэдэл өгч хуульчилсан нь маш зөв байсан. Одоогийн Засгийн газар сайн ажиллаж байгаа. Хариуцлага тооцож чадаж байна шүү дээ. 

-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох заалтын тухайд?
-Ерөнхийлөгчийг хэдэн ч жилээр сонгодог байж болно. Гагцхүү Төрийн тэргүүн хүлээдэг хариуцлагатай байх ёстой. Ингэвэл бид хэнийг ч сонгосон. хариуцлага бий учраас зөв, зүйтэй ажиллана. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид