Улаанбаатар 1c

Хятадуудын “их нүүдэл” эхэллээ

Travellers wait for their trains outside the entrance to Beijing railway station in the Chinese capital on January 10, 2020.

Хятадын Цагаан сар болоход арав орчим хоног дутуу байгаа ч тус улсад хэдийн шилжилт, хөдөлгөөн эхэлжээ. Цагаан сарыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн бол яах аргагүй хятадууд. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг тус ард түмэн Цагаан сараар л амсхийж, сурахаар болон ажил хийхээр гэрээсээ хол явсан  нь эргэн ирж, гэр бүлээрээ цуглан баярладаг. Гэхдээ сар орчим үргэлжилдэг  Цагаан сар  зөвхөн алжаалаа тайлж, амрах боломж биш, харин олон зуун жилийн уламжлал ёсоо дагаж, эцэг өвгөдөө дээдлэх, ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө залбирах баяр юм. Цагаан сарыг зөвхөн эх газрын хятадууд бус хан үндэстэн олноор суурьшдаг Сингапур, Индонез, Лаос, Малайз,Филлипин, Тайланд зэрэг орон өргөнөөр тэмдэглэдэг. Хятадын Цагаан сар энэ жил энэ сарын 25-нд болж байгаа нь 2012 оноос хойш хамгийн эрт болж буй тохиолдол юм.  Энэ жил  1.3 тэрбум хүн гурав орчим тэрбум удаагийн аялал хийх төлөвтэй байгаа аж. Энэ их хүн ойрын хэд хоногийн хугацаанд нэгэн зэрэг шилжилт хөдөлгөөн хийснээр зам тээвэр хэд дахин ачаалалтай болох нь дамжиггүй. Энэ үеэр галт тэрэгний тасалбарын онлайн худалдаагаар л гэхэд нэг секундэд 1000 тасалбар борлогддог байна. БНХАУ-ын  Зам тээврийн яамны мэдээлж буйгаар, энэ жил хот хооронд зорчих зорчигчдын тоо өмнөх жилийнхээс 2.2 хувиар олон байх төлөвтэй байгаа аж. Энэ сарын 10-наас хоёрдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд зорчигчдыг тээвэрлэсэн 45 сая удаагийн усан тээвэр, 79 сая нислэг, 440 сая гал тэрэгний зорчилт хийгдэнэ гэсэн урьдчилсан судалгаа байна.  Түүнчлэн тус улсын  Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Лиан Вэйлянгийн мэдээлснээр, 2.4 тэрбум машин  орон нутгийн замд аялалд гарахаар байгаа бол, 413 сая хүн төмөр замаар, 73 сая хүн агаарын тээврээр үйлчлүүлэхээр байгаа аж. Энэ их шилжилт хөдөлгөөний улмаас галт тэрэг, нисэх онгоцны буудал, боомт гэх мэт тээврийн газруудад эмх замбараагүй байдал үүсдэг учир зөвхөн Бээжингийн төмөр замын өртөөн дээр л гэхэд 400 гаруй цагдаа, 200 гаруй эргүүл, хамгаалалтынхан, 640 гаруй сайн дурын ажилчин хамгаалалтад гараад байгаа гэнэ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, өнгөрсөн оны сүүлчээр Хятад Улс 10 төмөр зам шинээр ашиглалтад оруулснаар дэлхийн хамгийн урт төмөр замтай орон болжээ.

Travellers wait for their trains outside the entrance to Beijing railway station in the Chinese capital on January 10, 2020.

Одоогоор тус улсын төмөр замын сүлжээ 8489 км байна. Үүнээс 5474 км нь өндөр хурдны галт тэрэгний зам аж. Түүнчлэн баярын өдрүүдэд нийт  4787 галт тэрэг иргэдэд үйлчлэх бөгөөд 3387 нь өндөр хурдны галт тэрэг байх гэнэ. Үүнээс гадна энэ жилээс  галт тэрэгний буудал бүрт тасалбар авсан боловч гээгдүүлсэн иргэдэд зориулсан нүүр таних төхөөрөмж байрлуулж эхэлжээ. Мөн баярын өдрүүдээр БНХАУ-д хамгийн томд тооцогдох Шанхай, Гуанчжоу, Шэньчжэнь, Чэнду, Куньмин зэрэг арван нисэх онгоцны буудал 24 цагаар ажиллахаар төлөвлөж байгаа тухай холбогдох албаныхан мэдээлжээ. БНХАУ-ын Зам тээврийн дэд сайд Лю Сяоминий мэдээлснээр, цахилгаан машинтай иргэдэд зориулж,  4.8 сая км хурдны замд 7400 цэнэглэгч станц байрлуулсан байна. Түүнчлэн Хятадын онлайн тийз захиалгын “Ctrip” байгууллагын тооцоолсноор, баярын өдрүүдээр долоон сая гаруй хүн 90 орчим оронд аялахаар урьдчилсан захиалга өгөөд байгаа аж. Хятадуудын Цагаан сарын амралт энэ сарын 10-нд эхэлж, ирэх сарын 18-нд дуусахаар байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/chunyun-2020-lunar-new-year-travel-rush-china/index.html

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид