Улаанбаатар 1c

ДЭЛХИЙД ӨЧИГДӨР

Япон

Ажиллах хүчний хомсдол Японы компаниудын дампууралд ихээхэн нөлөө үзүүлж байгааг “Токио Шоко” гэх судалгааны байгууллагын судалгааны дүн харуулжээ. Японд өнгөрсөн онд 420 гаруй компани ажиллах хүчний хомсдолтой холбоотойгоор дампуурлаа зарласан байна. Тус улсад  2013 оноос компаниудын дампуурлын шалтгааныг тогтоох судалгаа хийж эхэлсэн бөгөөд ажиллах хүчний дутагдлаас үүдэн дампуурлаа зарлах тохиолдол өнгөрсөн онд дээд хэмжээнд хүрчээ. Энгийн ажилчдаас гадна компанийн эзэд залгамжлагчаа буюу компанийг цаашид авч явах удирдлага, захирлыг олж чадаагүйн улмаас үйл ажиллагаагаа мөн зогсоож байгаа аж.

Шри Ланк

Тус улсад өнгөрсөн онд 361 заан үхсэний олонх нь хүний буруутай үйлдлээс болжээ. Шри Ланкад ойролцоогоор 7500 орчим зэрлэг заан байдаг аж. Хэдийгээр заан агнах, алах нь хууль бус боловч орон нутгийн иргэдийн дунд хордуулах, тогонд цохиулах зэрэг тохиолдол их байдаг гэнэ.

Франц

Тус улсын Засгийн газраас  тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх тухай заалтыг тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслөөс түр хугацаагаар эргүүлэн татахад бэлэн байгаа талаар Францын Ерөнхий сайд Эдуар Филипп үйлдвэрчний эвлэлүүдэд илгээсэн захидалдаа онцолжээ. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн жагсаал  Парис хотод өнгөрсөн сараас 5-наас эхэлж,  эхэндээ тайван болж байсан ч хэт давруу үзэлт жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа юм. Тэтгэврийн шинэчлэлийн эсрэг зохион байгуулж буй ажил хаялтад оролцогчдын олонх нь Францын үндэсний төмөр замын нийгэмлэг (SNCF) болон Парисын нийтийн тээврийн газрын (RATP) ажилчид байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид