Улаанбаатар 1c

ВИДЕО МЭДЭЭ: Шинэ үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр 429 депутат 76 хоногийн турш 80 хувийн ирцтэй хуралдан зүйл тус бүрчлэн хэлэлцсэн шинэ үндсэн хуулиа өлгийдөн авсан юм. Улмаар тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас эхлэн энэхүү хуулийг улс орон даяар дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй.

Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, парламентийн засаглал, олон намын тогтолцоо, нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур зарчим, үнэт зүйлсийг тунхаглаж өгсөн нь онцлог байв. Тэр дундаа төрийн эрх мэдлийг хувиарлалтыг шинэ түвшинд гаргаж, хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-аас эмхлэн байгуулсан Засгийн газар, шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлнэ гэж нарийн тусгаж өгсөн байдаг. Ингэснээрээ өнөөгийн ардчилсан Монгол Улсыг бий болгох үүд хаалга нээгдсэн юм. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд, ахмад депутатууд өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөө, жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид