Улаанбаатар 1c

Эрх чөлөөг тэшүүрээр урлагчид

Өдийгөөс дөрвөн жилийн өмнө Залуучуудын өвлийн II олимпын наадмын гүйлтийн тэшүүрийн төрлөөс  манай улсын тамирчин ОУХМ Буянтогтохын Сумьяа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Ингэснээр Монгол Улс анх удаа өвлийн олимпын аваргатай болсон юм. Тэрбээр 17-хан насандаа олимпын аварга болж, гүйлтийн тэшүүрийн тамирчдад итгэл найдвар болж байлаа. Ардчилал гарч, спортын төрлүүдийг хасаж, цомхотгох үед гүйлтийн тэшүүр хөгжүүлнэ хэмээн хасагдаж байсан гэдэг. Гэвч хөгжинө гэж зүтгэсэн хэдхэн хүний хүсэл зорилгоор эл спорт өдгөө олимпын авраргатай болжээ. Жил ирэх тусам энэ спортыг сонирхох, хичээллэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж, Хандгайтын тэшүүрийн талбайг зорих хүмүүс улам бүр олон болж байгаа аж. Бид “Монголын гэрэлт ирээдүй” булангийнхаа энэ удаагийн дугаарт төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн гүйлтийн тэшүүрийн дугуйлангийн тамирчдаас сурвалжилгаа бэлтгэлээ. 

Амралтын өдөр, хүйтнийг үл ажран хүүхдүүд Улаанбаатар хотоос 40 орчим километрийн зайд байх Хандгайтын тэшүүрийн талбайд цуглажээ. Тэд хэд хэдэн автобус дамжсаар 11.00 цагийн бэлтгэлдээ ганц ч минут хоцролгүй ирсэн нь энэ. “Автобус хэр удаан хүлээсэн бэ. Хоцрохгүй ирлээ шүү” гэж бие бие рүүгээ мишээн ярих хүүхдүүд хувцсаа солихоор, нарийхан урт чингэлэгт оров. Тэд том цүнх үүрч, энгэртээ ууттай зүйл чангаас чанга тэвэрсэн нь тод харагдлаа. Энэ бол тэдний хамгийн үнэтэй, үнэнч туслах тэшүүр нь аж. 14 тамирчин бэлтгэлийн хувцасаа өмсөж, багшаасаа үүрэг авч, бие халаалтаа эхлэв. Хүүхдүүд зогсолтгүй 40 минут орчим модон дундуур цас ихтэй замаар гүйн, сунгалтын дасгал хийлээ. Сормуус нь цанатаж, амнаас нь уур савссан тэд хэсэг чингэлэгтээ орж дулаацав.  Үүний дараа зориулалтын хувцас, тэшүүрээ өмсөж мөсөн талбайдаа гарлаа. Яг л нисэж буй “эрвээхэй” аятай жаргалтай инээмсэглэж, өнгө, өнгийн хувцсаар гоёсон нь солонго шиг аж. Хөлнийх нь шагайн хэсэг ил гарч, тэшүүрээ оймсгүй өмссөн нь илт харагдана. Нимгэн цамц, өмд дотор талаараа өмсөж, гадуураа өнгө алагласан тэшүүрийн спортын комбинзан углажээ. Мөсөн талбай дээрээ харвасан сум шиг хурдалж, минут бүрийг үр бүтээлтэй байлгах гэж тэд хичээцгээж байв. Багшийнхаа “Мөрөө доошлуул, гараа хойш нь сав” гэх мэт зөвлөмжийг нэг бүрчлэн дагаж, амрах ч завгүй бэлтгэлээ хийж байсан юм. Төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн гүйлтийн тэшүүрийн дугуйланд 18 тамирчин, дасгалжуулагч А.Болдын удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.  Дугуйланд хамрагддаг тамирчдын олонх 13-19 насныхан. Гүйлтийн тэшүүрийн спортыг хөгжүүлэхийн төлөө 40 гаруй жил мөсөн дээр “амьдарсан” А.Болд багш тэшүүрийн спортоор хүүхдүүдийг дасгалжуулаад 27 жил болж байгаа. Тэрбээр өвлийн спортыг Монгол Улсад хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй хүмүүсийн төлөөлөл. Долоон хоногийн зургаан өдөр гадаа мөсөн дээр, өдөрт дөрвөн цагийн турш ядрахаа мэдэхгүй бэлтгэл хийх нь тэдний үүрэг бас амжилтад хүрэх мөрөөдөл нь. Бусад орны тамирчидтай харьцуулахад манай өвлийн спортын төрлөөр хичээллэгсэд хэцүү орчинд бэлтгэлээ хийдэг. Тухайлбал, тэшүүрээр хичээллэдэг  тамирчид жилийн турш мөсөн дээр бэлтгэлээ хийх шаардлагатай байдаг бол  манайд ийм боломж байхгүй. Битүү дээвэртэй мөсөн ордон байхгүй учраас өвлийн гурван сарын хугацаанд л бэлтгэлээ хийдэг. Харин зуны улиралд гүйлт, дугуйтай тэшүүр дээр бэлтгэл хийж, өвлийг тэсэн ядан хүлээдэг гэсэн.

“Хөлөө хөлдөөдөг ч би энэ спортод дуртай”

Гүйлтийн тэшүүрийн дугуйланд найман жил тасралтгүй хамрагдаж, одоо оюутан болсон хүү бол Г.Мөнх-Эрдэнэ. Тэрбээр Биеийн тамирын дунд сургуулийг төгсөж, одоо Үндэсний техникийн их сургуулийн автын инженерийн II дамжааны оюутан. 2012 оноос хойш гүйлтийн тэшүүрийн спортоор А.Болд дасгалжуулагчийн удирдлаган дор хичээллэж, улмаар Биеийн тамирын дунд сургуульд элсэн оржээ. Хүүг бага байхад нь аав, ээж нь мөсөн гулгуурын талбайд тоглуулдаг байсан нь тэшүүрээр хичээллэх эхний алхам болсон. А.Болд дасгалжуулагч мөсөн гулгуурын талбайд авьяастай, ирээдүйтэй хүүхдийг судалж, “эрэл, хайгуул” хийж яваад Г.Мөнх-Эрдэнийг олж, дугуйландаа хамруулсан байна. Мөсөн гулгуурын талбайгаас олж, дугуйландаа хамруулсан шавь нь гүйлтийн тэшүүрийн УАШТ-нд таван удаа тэргүүлж, гурван жил удаах байрт шалгарсан амжилт үзүүлжээ. Мөн хэд хэдэн удаа олон улсын тэмцээнд оролцож байсан аж.  Г.Мөнх-Эрдэнэ “Би анх 12 настайгаасаа гүйлтийн тэшүүрээр хичээллэж эхэлсэн. Өвлийн цагт битүү мөсөн талбай байхгүй болохоор бид гадаа бэлтгэлээ хийдэг. Тэшүүрээ мэдрэхийн тулд хөл нүцгэн өмсдөг болохоор хөл хөлдөх бол наад захын асуудал. Хоёр сарын сүүлчээр зассан мөсөн зам хайлаад гулгах боломжгүй болдог. Зуны улиралд дугуйтай тэшүүрээр хөдөө орон нутагт бэлтгэл хийх нь элбэг. Би өвлийн олимпод оролцох мөрөөдөлтэй. Гуравдугаар сард Нидерланд Улсад болох оюутны дэлхийн аварга оролцохоор бэлтгэлдээ шамдаж байна. Өмнө нь хоёр удаа гадагшаа явж, 14 хоногийн бэлтгэл хийж байсан. Тэр үед гадаадын тамирчид битүү дээвэртэй мөсөн талбайтай болохоор илүү их амжилт гаргадагийг мэдэрсэн. Мөн бэлтгэлээ хийж байхдаа агаар солигддоггүй учраас бэлтгэлийн систем алдагддаггүй юм болов уу гэж харсан. Манай улс битүү дээвэртэй мөсөн талбайтай болж байгаа ч бид нар тэнд хичээллэх боломж байхгүй. Учир нь жижигхэн талбайтай болохоор гүйлтийн тэшүүрийн тамирчдад зориулагдаагүй. Шорт-трейк буюу ойрын зайн тэшүүрчдэд зориулсан талбай юм билээ” гэлээ.  
Тэшүүрийн спорт нь гүйлтийн тэшүүр буюу холын зайн, шорт-трейк буюу ойрын зайн гэсэн хоёр төрөлтэй. Манай улсад аль алинаар нь хичээллэдэг олон хүн бий 

Тэшүүрийн үнэ сая төгрөгөөс эхэлдэг

Монгол Улс битүү дээвэртэй мөсний талбайтай болчихвол хүүхдүүд улам илүү амжилт гаргах нь дамжиггүй. Гэхдээ тэд хүйтэн гэж хашралгүй бэлтгэлээ гурван сарын турш гадаа талбайд, мөсөн дээр хийдэг. Гүйлтийн тэшүүрийн спортоор есөн жил хичээллэж байгаа, одоо 17 настай Биеийн тамирын дунд суруулийн XI ангийн сурагч Б.Энхтуул “Өвлийн цагт бэлтгэл хийнэ гэдэг чанга. Бэлтгэл хийгээд, хийгээд бусад орны хүүхдүүд шиг тэмцээнд оролцож, амжилт гаргадаггүй нь харамсалтай. Би хоёр ч удаа гадагшаа бэлтгэл хийхээр явсан. Хүүхдүүд нь бүр багаасаа 4-5 настайгаасаа тэшүүрээр хичээллэж эхэлдэг юм билээ. Гэтэл манайд том болсон хойноо хичээллэх боломжтой. Манай улсын тамирчид бусад орныхыг бодвол ур чадвар дутмаг байдаг нь илт харагдсан. Уг нь тэдэнтэй адилхан бүтэн жил мөсөн дээр бэлтгэл хийвэл сайжрах магадлал өндөр. Бас тэшүүрийн спорт үнэтэй хэрэгсэлтэй спортод багтдаг. Тухайлбал, чанартай тэшүүр хамгийн багадаа нэг сая төгрөг гэдэг. Харин хямдхан тэшүүр нь ир муутай, ирлэж болохгүй чанаргүй байх талтай. Бас гадуур хувцас нэлээн үнэтэй. Аав, ээж маань намайг сайн дэмжиж, хувцас болон тэшүүр авч өгдөг. Өвлийн спортын гүйлтийн тэшүүрээс манай тамирчин Б.Сумьяа алтан медаль авсан нь бидэнд их урам өгч, тэшүүрийн спортдоо улам дуртай болсон. Учир нь Б.Сумъяа надаас ганц хоёр эгч болохоор би ч бас амжилт гаргах боломжтой юм байна гэж бодсон. Би улсын аваргад олон удаа түрүүлж байсан. Энэ жил ч бас түрүүлнэ гэж итгэж, хичээж байна” хэмээв. 

Залуучуудын олимпын аваргад оролцох байсан хүүхэд бэлтгэлээ хангаж чадаагүй учраас ороогүй

Тэшүүрийн спортын дасгалжуулагч А.Болд “Би 1976 онд тэшүүрийн улсын аваргад оролцож, гавьяат багш Б.Дашийн хараанд өртсөнөөр энэ спортод эргэлт буцалтгүй хөл тавьж, улсын шигшээ багт орж байлаа. Тэрнээс хойш 40 гаруй жил энэ чиглэлээр улсад ажиллаж байгаа. Харин үүнийхээ 27 жилд зөвхөн тэшүүрээр дагнаж, хүүхдүүд бэлтгэж байна. Тэшүүрийн спорт монгол хүн хичээллэхэд хамгийн тохиромжтой, бие бялдар, хөгжлийн хувьд дутаад байх зүйлгүй. Гагцхүү хэрэглүүр, нөхцлийн хувьд хүнд учраас хүүхдүүдээ тэр бүр олон улсын тэмцээн, дэлхийн аварга, олимпын эрх олгох тэмцээнд оролцуулах боломжгүй. Эцэг, эхийн дэмжлэгтэйгээр гадагшаа тэмцээнд явуулж байна. Жил ирэх тусам тэшүүрийн спортоор хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч бэлтгэл даах тэсвэргүй, орчин нөхцөл хангалтгүй  зэрэг шалтгаанаар олон хүүхэд шантардаг. Тухайлбал, намар гэхэд манай дугуйланд 35 гаруй хүүхэд бүртгүүлсэн ч бэлтгэлээ тасалж, шантарсаар одоо 18 хүүхэд үлдээд байна. Энэ тамирчдаасаа нэг хүүхдийг тусгайлан бэлтгэж, залуучуудын олимпод оролцуулах гэж мөсөн талбайдаа бэлдэж чадаагүй учраас тэмцээндээ ороогүй. Өвлийн спортынхонд зуны бэлтгэл хамгийн чухал. Гүйлт, харайлт, тэсвэр, тэвчээр гээд  үндсэн бэлтгэл зун хангагддаг. Зуны цагт хүүхдүүдээ аваад Булган болон бусад аймаг руу бэлтгэлд гардаг” гэж ярилаа. 
Дөрвөн цаг орчим гүйж, харайж, мөсөн дээр гулгаж, дасгалаа хэдэн зуун удаа давтсан хүүхдүүдийн бэлтгэл 15.00 цагтай уралдан дуусав. Бэлтгэлийнхээ нийт хугацаанд гурван удаа л чингэлэгт орж, дулаацсан хүүхдүүд ийн хувцсаа солилоо. Хөлс нь урсаж амжилгүй хөлддөг орчинд хүүхдүүд бэлтгэлээ хийгээд гэрийн зүг одов. Гэхдээ автобус хүлээж хэсэг зогсдог тухайгаа хэлсэн. Идэр есийн хүйтэнд тэд жавартай “өрсөлдөн” бэлтгэлээ базаана. 
хамт хөлсөөрөө тэмцэгчид юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид