Улаанбаатар 1c

Хил хамгаалах байгууллагад жишиг тогтоосон хилийн цэргийн анги хичээлийн шинэ жилээ нээлээ

МУИС-ийн дугуй танхимд Монгол Улсын төрийн далбаа, хилийн цэргийн 0151 дүгээр ангийн тугийг хүндэтгэн залжээ. Тайзны хоёр талаар хилийн 726 дугаар баганыг дүрсэлсэн хөшөө байрлуулсан байв. Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн 2020 оны хичээлийн жилийн нээлт болж буй нь энэ аж. Индүүдлэг нь арилаагүй дүрэмт хувцас өмсөж, алтлаг өнгийн мөрдөс гялалзуулсан залуучууд “Дуусгаад, бос” командаар нэгэн зэрэг босож нэгэн дуугаар “Нөхөр хурандаагийн амрыг эрье” хэмээн илтгэв. 83 жилийн түүхтэй тус ангийн захирагч  Г.Ган-Эрдэнэ ийнхүү бие бүрэлдэхүүнтэй мэндэлсний дараагаар Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв. 
Тус ангийн 2020 оны хичээлийн шинэ жилийг нээж ангийн захирагч, хурандаа Г.Ган-Эрдэнэ “Биднийг хичээл сонсож суух энэ цаг мөчид ч идэр ес тачигнасан хүйтэнд улсын хил дээр хилийн манаа гарч байгаа. Эх орон, эх оронч үзэл, улсын хил, хилийн халдашгүй дархан байдал гэдэг том асуудал. Дэлхий дахин өнгөрсөн арван жилийн хугацаанд глобалчлалын тухай ярьж байсан бол эргээд үндэсний аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын тухай ярьдаг боллоо. “Хилийн аюулгүй байдлыг хангахын тулд хил хамгаалах байгууллага, түүний харьяа анги нэгтгэлүүд ямар зорилго, зорилт тавьдаг вэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бие бүрэлдэхүүн ямар үүрэгтэй оролцох ёстой вэ” гэсэн асуултад эрдэмтэн, докторуудаас хариулт авч, зохих түвшний онолын мэдлэгийг та бүхэнд хүргэх зорилгоор 2020 оны хичээлийн жилийн нээлтийг эхэлж байна” гэв. 


Ангийн захирагч үг хэлсний дараагаар тус ангийн Холбооны засварын төвийн дарга, ахмад С.Баасандорж хамт олондоо хандаж үг хэлэв. Тэрбээр хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана”-ын эзэн бөгөөд хамт олноо манлайлагч аж. Энэхүү үйл ажиллагааны талаар түүний сэтгэгдлийг сонсоход “Би хил хамгаалах байгууллагад тасралтгүй найман жил, энэ ангидаа  таван жил ажиллаж байна. Анх инженерээр ажилласан. Ажлын үр бүтээлийг минь үнэлж одоогийн албан тушаалд томилсон. Манай засварын төв хил хамгаалах байгууллагын радио холбооны бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг. Энэ хүрээнд хилийн отряадуудад хүрч эвдрэлтэй техник хэрэгсэлд төлөвлөгөөт засвар хийдэг. Өөрөөр хэлбэл, удирдлагын холбооны найдвартай байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Жилд дунджаар арван отрядад хүрч ажилладаг. Таван жилийн хугацаанд Монгол Улсынхаа хилийг гурван удаа тойрсон байна. Энэ бүхнийг минь үнэлж анги хамт олон, хил хамгаалах байгууллагаас “Сүлдэт багана” шагналыг өгсөн болов уу. Энэ том хүндэтгэл, итгэлийг алдахгүйг хичээн ажиллаж байна. Мэргэжлээрээ цаг үргэлж бахархдаг”гэв.  

Хилийн цэргийн 0151 дүгээр анги тэртээ 1937 онд  үүсэн байгуулагджээ. Тус анги нь Хилийн цэргийн  удирдлагыг тасралтгүй холбоогоор хангах үндсэн үүрэгтэй. Мөн улсын хилийн болон онцгой обьектийн хамгаалалтыг зохион байгуулдаг аж. 
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ангийн нийт бие бүрэлдэхүүнд доктор Ц.Минжин “Монголчуудын алсын хараа ба үнэт зүйл”, доктор Ц.Ганболд “Олон улсын хил хамгаалах, шалган нэвтрүүлэх алба болон дэлхийн улс орнуудын цаг үеийн байдал” сэдвээр лекц уншив. Энгийн ажилтан, дэд ахлагчаас эхлээд хошууч цолтой алба хаагч нар хичээлд идэвхтэй оролцож, санал бодлоо солилцож байлаа. Цаг гаруй хугацаанд танхимыг байлдан дагуулж, өөртөө татаж чадсан Ц.Минжин өөрийн лекцийн талаар “Хил хамгаалах байгууллага, тэр дундаа монгол эрчүүд гэдэг улсын оршихуйг хамгаалагчид юм. Өөрөөр хэлбэл, эрчүүдээ дээдэлдэггүй улс сүйрдэг. Монголчууд, монгол эмэгтэйчүүд эрчүүдээ хүндэлж, төрт ёсоо хүндлэх учиртай. Өнөөдөр цэргийн албан хаагчид энэ лекцийг сонссоноороо монголчуудын язгуур мөн чанарыг танихад илүү ач холбогдолтой” хэмээн ярив. 
Хил хамгаалах байгууллагаас өнгөрсөн онд бие бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангахад дорвитой үйл ажиллагаа хийх зорилт дэвшүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд тус анги ажилчдынхаа амьдрах орчныг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, 30 алба хаагчид газар олгосон аж. Үүний үр дүнд газартай болсон албан хаагчид ар гэртээ санаа зовох зүйлгүй ажиллаж, ажлын үр дүн нэмэгдэж байгаа гэнэ. Хил хамгаалах байгууллагын түүхэнд сүүлийн 17 жил манлайлсан тус ангийн хамт олон 2020 оны хичээлийн жилийн эхний өдөр МУИС- ийн Төв номын сан, Эрдмийн музейг үзсэн юм. Мөн Монголбанканд байх Монгол Улсын эрдэнэсийн сантай танилцлаа. Хаашаа ч явсан нэгдсэн нэг командаар хөдөлж, хөл нийлүүлэн алхах тус ангийн хамт олон Чингисийн талбайд дурсгалын зураг татуулснаар 2020 оны  хичээлийн шинэ жилийн нээлт өндөрлөсөн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид