Улаанбаатар 1c

МУГЖ Ж.Цэцэгмаа: Хөгжимчдөөс олон гавьяат төрөөсэй гэж алтан тайзандаа мөргөсөн

Шар торгон дээлийн энгэрт Гавьяат цол, Алтан гадас одон гялалзаж, хуучир хөгжмөө хөглөж суух энэ эрхэм хүмүүн бол Ж.Цэцэгмаа. Тэрбээр дэлхийн 34 оронд аялан тоглож, үндэсний хөгжим, тэр дундаа хуучирын гайхамшгийг олон улсад таниулсан хүндтэй нэгэн. Түүний Монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг төр үнэлж, шинэ оны босгон дээр Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнасан юм. “Над руу олон хэвлэлээс ярьсан. Зориод ирье гэхээр нь танай сонинд л ярилцлага өгнө гээд гүрийчихлээ” хэмээсээр биднийг угтсан Ж.Цэцэгмаа гуайтай ярилцсанаа хүргэе. 

-Юуны өмнө Гавьяат болсонд тань баяр хүргэе. Та Улаанбаатарын уугуул иргэн үү? 
-Баярлалаа. Би  уг нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн юм. Гэхдээ миний аав Булган аймгийн Хишиг-Өндөр сумынх учраас аавынхаа нутгаар овоглодог.

-Бурхнаас заяасан өгөгдөл, авьяас, билиг байж гэмээн хөгжимчин болдог. Таны  хөгжимд дурлах болсон хувь заяа юунаас эхтэй байв? 
-Намайг хүүхэд байхад аав минь УИХ-ын дарга Ж.Самбуу гуайн бие хамгаалагчаар ажиллаж байсан юм. Сүүлд Ю.Цэдэнбал даргын хамгаалагчаар ч ажиллаж байлаа. Бараг анхны чекист байх шүү. Ээж минь Цэргийн ансамблийн анхны бүжигчин. Аав баян хуур хөгжим сайхан тоглоно. Би багаасаа л хөгжимд дуртай, хөгжим их сонсдог хүүхэд байлаа. 1963 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд МУГЖ С.Цэвэлмаа багшийн ангид хуучир хөгжимчин мэргэжлээр элсэж орсон юм. Сургуулийн захирлаар УГЗ Цэрэндорж багш ажиллаж байсан. Надаас өөрөө шалгалт авч, хуучир хөгжмийн ангид тэнцүүлж байлаа. Багш нар маань сайхан хүмүүс байжээ. Бид чинь ерөнхий эрдмийн хичээлээ хүртэл Гавьяат багш Ичинхорлоогоор заалгаж байсан шүү. 1974 онд дунд хуучир хөгжим тоглодог болоод сургуулиа төгссөн. Дараа жилээс нь Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллах болсон доо.

-Дунд хуучир гэхээр энэ хөгжим олон янз байх нь ээ? 
-Хуучир хөгжим гурван төрөл байдаг. Дунд хуучраар сургуулиа төгсөөд, 1975 оноос жижиг хуучир тоглож сурсан. Тэр үед Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” бүтээлийг Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найралтай тоглож эхэлсэн. Энэ жил “Хэнтийн өндөр ууланд”-ыг тоглож эхэлсний 45 жилийн ой тохиож байна. Тэр үеэс эхлээд 2011 он хүртэл тасралтгүй чуулгадаа ажиллаж, тэтгэвэрт гарсан. Энэ хугацаанд олон ч сайхан бүтээл туурвисан даа. Чуулгадаа ажилласны буянд арван жил дараалан бие даасан тоглолтоо хийсэн байна. Энүүхэндээ гэхэд, хөгжимчин хүн арван жил дараалан тайлан тоглолт хийнэ гэдэг маш хэцүү байсан. Гэхдээ үзэгчид, Монголын ард түмэндээ хуучир хөгжмийн гайхамшгийг таниулах зорилгоор тасралтгүй тоглосоор ирсэн. 

-Насаараа хөгжим тоглосон хүн тэтгэвэрт гарахаар тайзаа их санадаг байх. Хамгийн сүүлд хэзээ тоглолт үзсэн бэ? 
-Би ер нь тоглолт маш цөөхөн үзсэн. Яагаад гэвэл театрт очихоор зүрх эмзэглэдэг юм байна лээ. Тайзаа маш их санана. Үүнээсээ болоод театрт очихоосоо зүрхшээнэ. Тэр болгон тоглолт үзэж чадахгүй. Тэтгэвэртээ гараад хоёр удаа тоглолт үзлээ. Гэрт ирэхээр бодогдоод нойр хүрэхгүй, хөгжим тогломоор санагдана. Хүн чинь ийм болдог юм байна. Нэлээн хэдэн жил салж, хагацаж чадахгүй зөрчилтэй явлаа. Сүүлийн хоёр жил тайзаа эргэж, хамт олонтойгоо ярьж хөөрөөд, сэтгэл сайхан байна. 

-Хөдөө орон нутгаар аялан тоглолт олон хийж байв уу? 
-Завсар зайгүй л явж байсан санагдана. Хоёр сар гаруйн хугацаанд тоглолтоор явж байсан ч удаа бий. Тэр үед 18 аймаг байдаг байлаа. Аймаг, сум, сангийн аж ахуй, айлд хүртэл тоглоно. “Өө тэнд гурван гэр байна. Тэнд очиж тоглоё” гээд хөгжимчин нь хөгжимдөж, дуучин нь дуулаад явна. Хөдөө орон нутгаас ирэнгүүтээ гадаад явна.  Залуу насанд зогсоо чөлөөгүй л хөдөлмөрлөж байлаа. 

-Таны зургийн цомгийг үзэж байхад дэлхийн олон оронд аялан тоглолт хийжээ. Сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Залуу цагт сайхан байжээ. Ядрах, өвдөхийг мэдэхгүй явсаар дэлхийн 34 орноор аялан тоглолт хийсэн. Хамгийн анх 1968 онд тэргүүний анги болж, ангиараа Хар далайд очиж тоглолт хийсэн. Бид очсон газраа дуулна, хөгжимдөнө, бүжиглэнэ гээд бүгдийг хийдэг байлаа.  1970 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн их танхимд тоглож байлаа. 1992 онд Францад дэлхийн 80 гаруй орны хөгжимчид оролцсон томоохон наадам болсон. Тэнд манай чуулга тэргүүн байр эзэлж, биднийг Францын Парламентын хүндэт медалиар шагнаж байлаа. Мөн Вьетнамын соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байсан юм.

-Тэртээ 1980-аад онд Францын хүндэт медаль хүртэж байсан бол энэ жил МУГЖ цол тэмдгээр шагнагдлаа. Тэр  сайхан агшнаа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн Үндэсний хөгжмийн их найрлын хамт олны минь тус дэм их бий. Би хамт олондоо маш их баярлаж явдаг. Шагналаа авчихаад хамгийн түрүүнд Үндэсний урлагийн их театртаа очсон. Бид одон, медаль хүртэхдээ тайзандаа мөргөдөг заншилтай. Би хувьдаа “Хөгжимчдөөс олон гавьяат төрөөсэй” гэж алтан тайзандаа мөргөсөн. Мөн “Миний олон сайхан бүтээлийг өлгийдөж авсан тайзандаа баярлалаа” гэж шивнэсэн. Хатуухан хэлэхэд арав дахь удаагаа тодорхойлж байж, сая л авлаа. Үндэсний урлагийн их театрынхаа 60 жилийн ойгоор 2010 онд энэ цолыг авчих болов уу гэж их харсан. 2011 онд тэтгэвэрт суух гэж байсан болохоор хүлээсэн нь тэр. Жил бүр л тодорхойлно. Тэгээд л сураггүй болчихно. Та бод доо, оркестрын хамт олноос 25 жилийн дараа гавьяат төрлөө. Би буруу тоолоогүй бол  Улсын ардын дуу бүжгийн чуулга энэ онд 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байхад дөнгөж долоон гавьяаттай болж байгаа юм. 

-Энэ урт хугацааны дараа гавьяат мэндэлнэ гэхээр төрийн хайр ивээл хөгжимчдөөс хол юм аа даа? 
-Төрийн хүндэтгэл зөвхөн манай театр гэхгүй бүх л хөгжимчдөөс алс шүү. Дуурь бүжгийн эрдмийн театр бас л 70, 80 жилийн ойгоо тэмдэглэж байхад гарын таван хуруунд хүрэхгүй гавьяат хөгжимчин бий. Филармони ч мөн ялгаагүй. Угтаа бол хөгжимгүйгээр дуу, бүжиг “амилахгүй”, юу ч бий болохгүй. Бүхний цаана хөгжимчид л сууж байдаг. Хийсэн бүтээснийг нь харахад, гавьяат авчихвал авчихмаар арваад хүн байна. Энэ жил ч олон гавьяат төрөөсэй гэж дотроо залбирч, тэднийхээ хийсэн бүтээснийг бодож сууна. 

-Хагас зууны өмнө Монголын урлагийг дэлхийд таниулж явжээ. Гадныхан хэрхэн хүлээж авдаг байв?
-Гайхамшигтай сайхан хүлээж авна. Фикл хуучир гэдэг нь оркестрын хамгийн дээд хөг. Маш хүчтэй дуугарна. Хятадад тоглолт хийж байсан юм даг. Манай нэг хөгжимчин “Сая тоглолт үзсэн нэг хятад хурандаа “Манайд үүнтэй төстэй хөгжим бий. Гэтэл энэ хөгжмөөр сонгодог бүтээлийг ийм гайхалтай тоглож болдог байжээ” гэж гайхаж байна. Танд баяр хүргэе” гэж байсан нь санаанаас гардаггүй юм.  

-Анхны бүхэн мартагдашгүй дурсамж үлдээдэг. Тайлан тоглолтоо хаанаас эхлүүлж байсан бэ? 
-Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа 1999 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Монгол Улсад байгаа бүх л тайзан дээр би гарч үзсэн. Тоглоогүй тайз надад байхгүй. Мөн Монгол Улсын филармоний ерөнхйи удирдаач Ардын жүжигчин Ц.Намсрайжав, ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ардын жүжигчин Ж.Чулуун, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүндэд, Н.Буянбаатар, Ц.Баатаржав,  А.Цэдэн-Иш, Ч.Чинбат, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Соёлын тэргүүний ажилтан н.Түвшинсайхан гээд бүх удирдаачтай уран бүтээлээ тоглож байлаа. Үүгээрээ би их бахархдаг. Тоглолтоо өөрөө найруулна. Аль бүтээлээ хаана тоглох вэ гэдгээс эхлээд билетээ хүртэл өөрөө борлуулна. Нэг удаа цэргийн баяраар тоглолт хийхээр боллоо. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд чуулгынхаа хөгжимчдийг урьчихсан. Зохион байгуулалтад тусалсан хүмүүс баахан билет борлуулсан, хүнд өгсөн л гээд байдаг. Яг тоглолтод хорь хүрэхгүй хүн ирдэг байгаа. Сэтгэл гаргаж зориод ирсэн болохоор нь цөөн гэхгүй тоглож л байлаа. Бас нэг түүх бий. Манай нэг найз оёдлын үйлдвэрт ажилладаг байсан юм. Би ч 500 билет авч очоод “За тоглолтоо хийх гэж байна. Танайх олон ажилчинтай. Чи л зарж өг” гээд өгөв. Нөгөөх маань “Хөгжимчин хүн концерт хийнэ гэж байдаг юм уу. Манайхан үзэхгүй ээ. Дуучин байвал л үзнэ” гээд халгаадаггүй. Ямартай ч аргалчих байлгүй гээд орхиод явчихсан. Хоёр хоногийн дараа залгаад “За болчихсон шүү. Миний найз санаа зоволтгүй тоглолтдоо анхаар” гэж байна. Тоглолт эхлэхээс нэлээн өмнө том, том автобусаар хүмүүс ирээд байна шүү. Дандаа залуучууд. Хүүхдүүд даргынхаа тушаалаар ирж байгаа л хэрэг байх, хөөрхий. Тоглолт эхлээд хөгжмөө дартал нөгөөдүүл чинь орилж хашхираад, алга ташаад, шуугиад явчихлаа. Сүүлд нь даргадаа “Өдөржин машины дуу чимээнд суусаар байгаад дасчихаж. Хөгжим гэдэг чинь ийм сайхан байдаг бил үү. Бүр чих онгойж, толгой амарлаа” гэцгээсэн гэж байгаа юм.

-Та тайзан дээр хуучир хөгжмийг амилуулж, олон арван бүтээл өлгийджээ. Аль нь таны сэтгэлд илүү ойр байдаг вэ?
-Хүн үр хүүхдээ ялгадаггүйтэй адил би бүх уран бүтээлдээ хайртай. МҮОНР-гийн алтан фондод арав орчим бүтээл минь хадгалагдаж байна. Өөрийгөө магтаагүй юм шүү. Надад олон сайхан бүтээл бий. “Хэнтийн өндөр ууланд”, “Барамс №5 Унгер бүжгийн аялгуу”, “Шуберт А.В.Марияа”, “Малдав бүжгийн аялгуу Бялзуухай”, Ж.Мэндамар “Аялгуу”, Ц.Сүхбаатар “Хатирч халиун”, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг”  гээд дурдвал олон. Бүгдийг нь Төрийн найрал хөгжимтэй хамтарч үзэгчдэд хүргэж, түүндээ өөрөө баярлаж, сэтгэлийн жаргал эдэлдэг байлаа.

-Олон цагаар тайзан дээр сууж, хөгжим тоглоно гэдэг асар их тэвчээр шаарддаг байх. Та ер нь хөгжимчин болоод шантарч байв уу? 
-Ажил, мэргэжлээсээ болоод шантарч байсан үе надад байхгүй. Би чинь дуртай зүйлээ хийж байгаа шүү дээ. Тайзан дээр тасралтгүй нэг цаг, цаг хагас хэртэй хугацаанд сууна. Дуучид дуулчихаад, бүжигчид бүжиглэчихээд л яваад өгнө. Хөгжимчид бол эхлэхээс дуусах хүртэл нь сууна. Хамгийн сүүлд оркестр дээшээ гарна. Энэ их тэвчээр, сэтгэл зүтгэлийг нь ойлгож хөгжимчдийг маш их хайрлаж, хүндэтгэх хэрэгтэй. 

-Та одоо хөгжмөө хэр их барьж байна. Тогломоор санагдана биз?  
-Тоглолгүй яах вэ. Байнга л хөгжимдөнө дөө. Сүүлийн үед бас ч гэж багасаад байна. Насны эрхээр нуруу чилж, гар өвддөг боллоо. Шинэ жил, Цагаан сар гээд баяр ёслолын үеэр урилгаар тоглодог.     

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид