Улаанбаатар 1c

С.Даваасүрэн: Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эмзэг давхаргын өрхүүдэд суурилуулна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 12 өрхийн 32 иргэн угаарын хийд хордсон дуудлага өгчээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр (өчигдөр) угаарын хийд хордсон нэг хүүхэд тус төвд хэвтэн эмчлүүлж байна. Угаарын хийн хордлогыг бууруулах зорилгоор айлуудад утаа мэдрэгчийг суурилуулахаар болсон. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Угаарын хий мэдрэгчийг айлуудад хэзээ, хэрхэн тарааж эхлэх вэ?
-БНХАУ-аас евро стандарт хангасан мэдрэгчийг захиалсан. Үүний дагуу эхний ээлжинд 20 мянган утаа мэдрэгч ирснийг Өчигдөр  (уржигдар) зургаан дүүрэгт тараасан. Өнгөрсөн тавдугаар сард сайжруулсан түлшний карт олгохын тулд судалгаа авсан. Тус судалгаанд үндэслэн эмзэг давхаргын айлуудад эхний ээлжинд суурилуулж өгнө. Дүүрэг тус бүрийн хүн амын тооноос хамааран эхний ээлжинд Хан-Уулд 1285, Баянзүрхэд 5000, Чингэлтэйд 3450, Баянголд 1422, Сонгинохайрханд 6933, Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд угаар мэдрэгчийг тараахаар төлөвлөсөн. Угаарын хий мэдрэгчийг ашиглах зааварчилгаа, зөвлөмжийг мөн хамт тараана. 

-Иргэд угаарын хий мэдрэгчийг ямар горимын дагуу хэрэглэх вэ?
-Өнөөдөр (өчигдөр) айлуудад тараах хүмүүст сургалт хийнэ. Мэдрэгчийг яаж суурилуулах, хэрхэн ашиглах, дохио өгөхөд  хаана хандах гэх мэт мэдээлэл өгнө. Угаарын хий  олон улсын стандартаар  300 РРМ-д хүрвэл  хүний биед ноцтой хохирол учирдаг. 30РРМ хүрвэл  дохиолол 120 минутад 10-15 минутын зайтай дуугарна. 50РРМ-д 60-90 минутад дуугарна. 100РРМ 10-40 минутын турш, 300РРМ-д гурван минутын дотор дуугарна. Дохиолол дуугарч эхлэхэд утаа хаанаас гарч буйг мэдэж агаараа сэлбэж урьдчилан сэргийлэх боломжтой. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал тухайн тасалгаанд угаарын хий мэдрэгдсэн гэсэн үг. Энэ тохиолдолд иргэд агаараа сэлгэх шаардлагатай. Мөн түргэн тусламжийн утас руу залгаж дуудлага өгөх хэрэгтэй. Ногоон гэрэл нь 30 секунд тутамд анивчиж байвал агаар мэдрэгч хэвийн ажиллаж байгааг илэрхийлнэ. Харин шар гэрэл асвал мэдрэгчид алдаа гарсныг илтгэнэ. Тус төхөөрөмжийг байшин, орон сууцанд амьдардаг бол унтлагын өрөөндөө, гэрт амьдардаг иргэд тоононоосоо 30 см зайтай тогтооно.  
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид