Улаанбаатар 1c

Наадам тойрсон асуудлууд

Хүн төрөлхтний спортын их наадам ойртож, олимпын цогцолборууд эхнээсээ нээлтээ хийх зуур ямар ямар асуудал гарч, үүнийг хэрхэн шийдэж байгааг онцоллоо. 

Дөрөв дахин өссөн өртөг  

Японы нийслэл Токио хотод болох зуны олимп, паралимпын наадамд зориулан улсаас 9.7 тэрбум ам.доллар гаргасан талаарх тайланг тус улсын Хяналтын танхимаас өнгөрсөн онд танилцуулсан билээ. Үүний зэрэгцээ наадамд зориулан Токиогийн захиргаа 13.05 тэрбум ам.доллар гаргах төлөвтэй байна. Олимп, паралимпыг зохион байгуулах хороо ч долоон тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Олимпын наадмыг зохион байгуулахдаа мэдэгдэж байснаас өртөг нь ийнхүү дөрөв дахин нэмэгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, Сочийн олимпын өртгийг шагшиж байсан судлаачид, ажиглагчид нийтдээ 30 орчим тэрбум ам.долларын өртгөөр босох “Токио-2020”-ыг ч хямд гэж хэлэхгүй нь.  
Хямд өртгөөр, байгальд ээлтэй олимп зохион байгуулахын тулд япончууд Британийн уран барилгач Заха Хадидын хоёр тэрбум ам.долларын үнэтэй цэнгэлдэх хүрээлэнгийн төслөөс татгалзаж, Кэнго Кумын илүү хямд хувилбарыг сонгосон юм. Үүний зэрэгцээ 1964 оны наадмын “өв” болох объектуудыг ашиглах зэргээр хэмнэлтийн байж болох бүх хувилбаруудыг сонгосоор буй. 

Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн раамыг тус улсын 47 мужид ургадаг навчит модоор зангидна хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байсан ч дээрх мод, материалын 87 хувийг Малайз болон Индонезиэс тээвэрлэн авчирсныг 2018 оны хоёрдугаар сард тогтоожээ. АНУ-д төвтэй “Rainforest Action Network” байгаль орчны төлөөх байгууллага наадмын зохион байгуулагчдын эсрэг гомдол гаргаж, Японы Засгийн газарт 110 мянган хүний гарын үсэг бүхий өргөх бичиг барьсан.

Токиогийн наадмыг зохион байгуулагчид зардал, өртгийг шууд ба шууд бус хэмээн хувааж буй ч дэд бүтэц, зам зэрэг шууд утгаараа наадамд хамааралгүй зардлууд нийт үнийн дүнгийн чамгүй хувийг эзэлж буй. Хэдийгээр наадамд бэлдэх долоон жилийн хугацаанд Японы Засгийн газар хоёр тэрбум ам.долларыг олимпын бус бүтээн байгуулалт, дэд бүтцэд төсөвлөсөн ч дахин илүү зардал гарах төлөвтэй байна. Хяналтын танхим өнгөрсөн оны байдлаар олимпын 340 байгууламжид шалгалт хийж, хянасан ч засвар үйлчилгээ хийх, сайжруулах олон объект үлдээд байгааг уламжиллаа. 
Харин наадамтай шууд хамаарал бүхий зардлын хэмжээ өнгөрсөн оны байдлаар 12.5 тэрбум ам.долларт хүрч, ойрын хугацаанд нийт зардал, төсвийг эцэслэн танилцуулахаа зохион байгуулах хороо мэдэгдлээ. Үүнээс гадна хэдэн арван тэрбум ам.доллар зарж босгосон бүтээн байгуулалт, цогцолбор, объектуудыг цаашид хэрхэн, ямар зориулалтаар ашиглаж болох вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж буй. 
Гэхдээ энэ бүхэн зөвхөн Токиод ч хамаатай асуудал биш,  спортын их наадмыг зохион байгуулах зардал өссөөр байгаа, цаашид ч өсөх төлөвтэй байгааг эдийн засагчид, шинжээчид онцолж буй. Зохион байгуулалттай холбоотой шууд зардлаас гадна улс орны эдийн засаг, улс төр, газарзүйн байршлаас хамааран хэдэн арван тэрбум ам.доллароор л олимпыг зохион байгуулж байгаа нь хүн ам олонтой, дэд бүтэц сайтай, эдийн засгийн хувьд буурай бус мегаполисуудын л “хүч хүрэх” арга хэмжээ болж байна. Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотуудын тоо улам цөөрч байгааг ч үүнтэй нэг талаар холбон ойлгож болно. 
Дашрамд сонирхуулахад, Пёнчаны өвлийн олимпын шууд зардал 12.9 тэрбум ам.доллар, 2012 оны Лондоны зуны олимпынх 15 тэрбум ам.доллар, Сочийн өвлийн олимпынх 21 тэрбум ам.доллараар хэмжигдсэн юм.

Авлигын дуулиан 

Хөнгөн атлетикийн тамирчдын хэргийг шалгаж байсан Францын цагдаагийн газар 2020 оны зуны олимпын наадмын зохион байгуулах эрхийн шалгаруулалтыг ч шалгасны дүнд  Японы Үндэсний олимпын хорооны тэргүүн Цунэказу Такэдег авлига өгсөн хэмээн буруутгасан билээ. Зохион байгуулах эрхийн төлөөх санал хураалтад олон санал авахын тулд авлига өгсөн гэх дуулиан дэгдсэнээс гурван сарын дараа тэрбээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Японы Үндэсний олимпын хороог 2001 оноос удирдсан Цунэказу Такэдетэй холбоотой авлигын дуулиан 2016 он хүртэл үргэлжилсэн юм. 

Барилгын талбай дахь үхэл, хөршүүдийн гомдол 

Олимпын уралдаан, тэмцээн болох цогцолбор, объектуудын барилгын явцад чамгүй олон асуудал үүссэн юм. Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнг 2019 оны зун ашиглалтад оруулж, регбийн ДАШТ-ий нээлт, хаалтыг хийх ёстой байсан ч хугацаа нь сунжирсаар 2020 онтой золгов. Барилга, мод бэлтгэлийн салбарын ажилтнуудын олон улсын байгууллагаас (BWI) мэдэгдэж буйгаар, Токиогийн олимпын бүтээн байгуулалтуудын ажил дээр  хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн тохиолдол олон гарч байна гэж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард барилгын хоёр ажилчин амиа алдсан юм. 
Япон даяар тулгамдаж буй ажиллах хүчний дутагдал, бүтээн байгуулалтын хугацаа зэргээс шалтгаалан гүйцэтгэгч компаниудын ажилтнууд илүү цагаар ажиллаж байгааг үйлдвэрчний эвлэлүүд онцолж байв. 
Байгаль орчны асуудал ч гарч, чамгүй гомдол, эсэргүүцэл дагуулсаар. Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн раамыг тус улсын 47 мужид ургадаг навчит модоор зангидна хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байсан ч дээрх мод, материалын 87 хувийг Малайз болон Индонезиэс тээвэрлэн авчирсныг 2018 оны хоёрдугаар сард тогтоожээ. АНУ-д төвтэй “Rainforest Action Network” байгаль орчны төлөөх  байгууллага наадмын зохион байгуулагчдын эсрэг гомдол гаргаж, Японы Засгийн газарт 110 мянган хүний гарын үсэг бүхий өргөх бичиг барьсан. Бүсийн хур тунадас, агаарын чийгшилд чухал нөлөө үзүүлдэг ойг огтлон цэнгэлдэх хүрээлэн дээвэрлэж байгааг байгаль орчны төлөө тэмцэгчид буруушаасны хариуд Малайз,  Индонезиэс мод татах нь Японоос авснаас хоёр дахин хямд гэж зохион байгуулагчид учирлажээ. 

Шатам халуун, далайн шуурга 

“Токио-2020” энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ. Бүсийн цаг уураас хамааран долоо, наймдугаар сард хамгийн их халдаг бөгөөд заримдаа +39 хэм хүрэх нь бий. Хамгийн их халж, хүний аминд ч хүрдэг энэ үеэр олон улсын спортын наадам тохиож байгаа нь тамирчдад ч, жуулчдад ч, зохион байгуулагчдад ч том асуудал үүсгэх магадлалтай. 
Их халууны үеэр агаарын чийгшил 80 хувьд хүрч нэмэгддэг нь өндөр настнууд  нарших, зүрх өвдөх, даралт харвах эрсдлийг нэмэгдүүлнэ. Цаг агаарын байдлаас болон наадмын хугацааг  хойшлуулах хувилбарыг хэлэлцсэн ч амжилт олсонгүй. Олимпыг дэлхийн өнцөг булан бүрт дамжуулах телевизийн компаниуд, ивээн тэтгэгч олон байгууллага, хамтарч ажиллах партнеруудтай тохиролцон нэг шийдвэрт хүрэх боломжгүйг өнгөрсөн наадмуудын жишгээс харж болно. 
Мөн байгалийн болзошгүй гамшиг, тэр дундаа хар салхи, далайн шуурга болох эрсдэл бийг ажиглагчид сануулж буй. Гэвч энэ бүх л эрсдэл, асуудлыг хөрөнгө, хүч, технологийн дэвшлээр шийднэ гэдгээ зохион байгуулагчид уламжилсан. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид