Улаанбаатар 1c

Б.Өсөхбаяр: Сургуулиа төгсөөд урлагийн салбарт хөл тавих зорилготой

NPost.mn
2020-01-14 11:31

Телевизийн салбарынхан дэлхийн хэмжээний цөөнгүй шоуг Монголдоо зохион байгуулах болсон. Үүний нэг нь Монгол HD телевизээс зохион байгуулдаг “Voice” шоу билээ.
“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг  Б.Өсөхбаярыг “Түр хүлээ, ганц хором” буландаа урилаа.

-Өдрийн мэнд. Юун түрүүнд манай сонины уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
-Намайг Батсайханы Өсөхбаяр гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд маркетингийн чиглэлээр суралцдаг. Энэ жил төгсөнө. 

-“Voice of Mongolia” шоунд оролцсоноор таны амьдралд багагүй өөрчлөлт гарсан болов уу. Хамгийн том өөрчлөлт нь юу байв? 
-Тийм ээ, чамгүй өөрчлөлт гарсан. Гадуур явахад хүмүүс танина, энэ нь надад үнэхээр сонирхолтой санагдаж байсан шүү. Өсөхөө гэдэг хүн хувь хүн талаасаа төдийгүй авьяас чадвараараа танигдсан. Тэр үед өөрөөрөө бахархах сэтгэл хүртэл төрж байлаа. 

-Энэ шоунд амжилттай оролцсоноороо та олны танил болсон. Үүнийг дагаад хүмүүсийн харилцаа, хандлага хэр өөрчлөгдсөн бэ?
-Их өөрчлөлт гарсан. Олны танил болсноос хойш найз нөхөд, тэр байтугай хамаатан садангийн харилцаанд ч их өөрчлөлт гарсан нь мэдэгдсэн. Ер нь л намайг гэх эргэн тойрны хүрээлэл эрс өөрчлөгдөж байгаа нь ажиглагдсан. Сайн, муу аль аль талаараа. 

-Яагаад С.Ононбат шүүгчийг сонгосныг тань одоо ч хүмүүс сонирхож байгаа байх. Түүнийг сонгоход юу нөлөөлсөн бэ. Одоо холбоотой байгаа юу?
-Дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэхэд ямар ч эргэлзээгүйгээр С.Ононбат шүүгчийг сонгосон. Надад зааж, зөвлөж, ойлгуулах нь илүү юм болов уу, энэ хүнээс л би маш олон зүйлийг суралцах байх гэж бодсон учраас тэр. Анхнаасаа бол С.Ононбат шүүгчийг эргүүлнэ дээ гэж зорьж орсон. Би бага байхаасаа On&Off продакшны дуунуудыг сонсож өссөн болохоор тэр хүнээс л үлгэр дуурайл авч, сонирхлоороо дуулдаг болсон юм. Би одоогоор On&Off продакшнд харьяалагдахгүй байгаа учраас С.Ононбат шүүгчтэй холбоогүй байгаа.

-Цаашид уран бүтээлч болох, уран бүтээл хийх сонирхол бий юү?
-Байгаа. Би “Voice” шоунд орох гээд хичээлээсээ жилийн чөлөө авсан. Энэ жил сургуулиа төгсөнгүүтээ  ондоо багтаж уран бүтээл гаргахаар төлөвлөөд байна. 2020 он их зүйлийн ард гарсан сонирхолтой жил болно гэж найдаж байна. 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Ямар төрлийн кино үзэж, дуу сонсдог вэ?
-Чөлөөт цагаараа гитар тоглож, шүлэг бичиж, зураг зурдаг. Ер нь л бүх зүйлд өөрийгөө сорих дуртай. Яг тогтмол гэвэл ихэнх цагаа фитнесс төвд өнгөрөөдөг. Киноны тухайд сонирхолтой адал явдалт эсвэл хайрын романс их үздэг. Дууны хувьд ийм, тийм төрөл гэж баригдах дургүй. 

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна. Хуваалцаж болох уу?  
-Маркетинг буюу мэргэжилтэйгээ уялдуулаад урлагийн салбарт хөл тавих зорилготой байгаа. Үүнээс цааш нууц (инээв).

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид