Улаанбаатар 1c

Давтагдашгүй Чинбаа

Яг үнэндээ түүнд Монгол Улсын соёлын тэргүүн гэх цол тэмдэг дэндүү багаддаг. Гитарын хөг аялгуу, төгөлдөр хуурын гайхамшиг, айзам, хэмнэлийг хэрхэн найруулж хүний зүрх сэтгэлийг хөөрөлд автуулж, бодол хүсэлтэй нь уяж болдгийг түүний гар бие оролцсон хөгжмийн бүтээлээс харж болдог. Түүнд элдэв шоу нэвтрүүлгийн шүүгч байхаас илүү тайзан дээр өөрөө гол дүр бүтээх нь илүү зохидог. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер, дуучин Б.Чинбат хэмээн хөтлөгч дуудсан л бол тэр тайз бүхэлдээ амь ордог. Чинбаа хэзээ ч үзэгчдээ хуурч байгаагүй. Тэр Монголын урлагийн ертөнц дэх автортоо хайртай цөөн уран бүтээлчийн нэг. Үргэлж амь, сүнстэй, өөрийгөө бусдад шинээр нээсэн дүр бүтээж чаддаг авьяастан. Чинбаа бол Монголын урлагийн тайз ямар өндөр, ямар хөг аялгуутай, эрч хүч, энерги, уур амьсгалтай байж болохыг дэглэж харуулдаг уран бүтээлч. “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүйн цаана” тоглолт нь үүний нотолгоо.

Niciton-н зураг.

Чинбааг тайзан дээр инээмсэглэл тодруулсаар  гарч ирэхэд л үзэгчид түүнээс ямар нэгэн ер бусын зүйлийг “нэхчихсэн” суудаг байх.  Яагаад гэвэл, Б.Чинбат гэх автортай гитарын аялгуу, дуу, хөгжмийн найруулга, төгөлдөр хуурын аяз бүхэн тийм гэж хэлэхийн аргагүй өөр байдаг учраас юм.

2011 оны аравдугаар сар юм даг. Түүний анхны бие даасан “Давтагдашгүй” тоглолтыг үзсэнээ ер мартдаггүй. Тайз, үзэгч хоёрын дунд “Таашаал” гэх ганц л үг зохино гэмээр орон зай үүссэн гэж дотроо боддог оо. Үнэн үү гэж үү. Үнэн. Б.Чинбат бол хөг аялгуугаар тоглож чаддаг авьяастан. Тэр үзэгчээ хэзээ нь уйлуулж, хэдийд дуулуулж, хэрхэн догдлуулж, яаж бодолд авттал нь гуниглуулахаа сайн мэддэг найруулагч. “Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч гэх гуншин түүнийх. Жаахан хүү байхаасаа Монголын хөгжмийн урлагтай нэрээ холбосон Чинбааг “Цэл залуухан авьяастан. Түүнийг дэлхий танина” гэх цөөн боловч даацтай өгүүлбэрээр манай урлаг, соёлын акулууд дүгнэдэг. МУГЖ дуучин Т.Ариунаа “Би Чинбаатай 1991 оноос хойш хамтарч ажиллаж байна. 1997 онд хийсэн “Зөвхөн чиний тухай” тоглолтын минь продюсерээр ажилласан. Би маш азтай дуучин. Чинбаагийн зохиосон ихэнх дууг би дуулсан байдаг.

“Эмоушн” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч гэх гуншин түүнийх. Жаахан хүү байхаасаа Монголын хөгжмийн урлагтай нэрээ холбосон Чинбааг “Цэл залуухан авьяастан.

Тиймээс би өөрийгөө азтай дуучин гэж боддог” гэсэн бол ая зохиогч Б.Долгион “Монголын рок поп урлагийн маш авьяаслаг, цэл залуухан уран бүтээлч. Би Чинбааг Америкийн алдарт дуучин, жааз хөгжмийн хатан хаан Арета Франклины даралтад хөгжимчнөөр ажиллаж байгаа гэдгийг сонсоод шоконд орж байлаа. Дэлхийн хөгжмийн хамгийн том сэтгүүл болох “Rolling Stone”-оос хамгийн алдартай 100 дуучныг зарласан. Дэлхийн хамгийн шилдэг, номер нэг дуучнаар Арета Франклин тодорсон. Гэтэл энэ дуучны даралтат хөгжимчин нь манай Чинбаа гээд бод доо. Миний хувьд Чинбаа маш нарийн мэдрэмжтэй найруулагч, дуучин. Түүний хөгжмийн найруулга бусдаас онцгой” гэж онцолсон юм. Түүнийг хэн бэ гэдгийг илэрхийлсэн энэ мэт магтаал дуусахгүй. Дахин онцлоход Чинбаа бол өөр ертөнц. Өөр байгаагийн шалтгаан нь хуучир хөгжмийн хаан гэгдэх МУГЖ С.Батмөнх агсны хүү учраас ч тэр байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Чинбаа ээжийнхээ хэвлийд байхаасаа л хамгийн тансаг хөгжмүүдийг сонсож, бойжсон гэсэн үг. Тэр жинхэнэ урлагийн гэр бүлд төрж өсөж, хүмүүжсэн нь түүнийг өнөөгийн Б.Чинбат болгосон байж магадгүй ээ. “Авьяас бас төрмөл байхаас гадна өгөгдөл” гэдэгт тэрбээр итгэдэг. Итгэхээс ч яах билээ. Учир нь Чинбаагийн эгч нь бүжигчин, ээж А.Цэрэндулам нь Үндэсний хөгжмийн улсын уралдааны тэргүүн шагналт, СТА шанзчин юм. Б.Чинбат анхны тоглолтынхоо үеэр “Бурхан минь намайг шагнах жаргалаа хасан, ганцхан аавтай минь үлдээгээч” хэмээн жаахан хүү байхдаа аавдаа зориулсан “Сэтгэлийн гуйлга” дуугаа нүдэндээ нулимстай дуулсан нь үзэгчдийг уйлуулж байж билээ. Гэтэл өдгөө монголчууд авьяаслаг хүүгээ аврах “Сэтгэлийн гуйлга”-д дараатай сууна. 

Монгол түмний хайртай хүү Б.Чинбат элэгний хатуурлын улмаас элэг солиулах хүнд хагалгаанд орж, түүний гэргий, дуучин Ц.Сарнай донор болсон билээ. Тэдний мэс заслын дараах эмчилгээнд зориулан “Хос зүрхийг хамгаалъя” хандивын тоглолтыг ирэх сарын 1, 2-нд зохион байгуулахаар рок попынхон бэлтгэл ажилдаа ороод байна. 
“Чинбаа элэг солиулах хагалгаанд орж байна” гэх цочирдом мэдээ сонсоод олон хүн шоконд орсон биз ээ. “Одоо яана аа, муу зүйл холуур өнгөрөг” гэх залбирал дунд айдас, алдчих вий гэх гунигийн сүүдрийг арилтал сэтгэл цэлмүүлж бидний санааг амраасан гайхмаар сайхан мэдээ удалгүй араас нь түгж эхэлсэн нь “Түүний гэргий Ц.Сарнай донор нь болж элгээ өгчээ” гэв. Гоё шүү. Олон хосод хайр мэдрүүлсэн тэдний биенээ олж харсан тэр үеийг он цагийн хэлхээс дундаас шив шинэхнээр нь гаргаж ирмээр санагдаж билээ. Ид шидийн гэмээр ийм хайрын гал тэдний дунд асаж эхэлсэн нь тэртээ 1995 оноос буюу 15-хан настай балчирхан үеэс нь эхтэй. Тэд нэг багшийн шавь нар. Чинбаа анх Сарнайгаа “Англи дууг хэрхэн сайн дуулах вэ” уралдаанд дуулж байхыг нь хараад дурласан гэдэг. Тэдний мөрөөдөл нь арван хүүхэдтэй болох.  
“Хүний сайхан охин чи санаанаас ер гарахгүй, дэгжин нүдэн бүсгүй хаана явна” хэмээн дуулж залуусын зүрх сэтгэл дэх дурсамжийг уудалдаг түүний фэнүүд нь бүсгүйчүүд. “Танайд хоноё”,  “Дэрэнгийн хар азарга”, “Домгийн өглөө”, “Сайхны өмнө харц буруугүй”, “Толин хул”, “Миний аав” зэрэг дуу бүгд Чинбаагийнх. Тэр хөгжмийн найруулга хийхдээ номер нэг гэдгээ эдгээр дуугаараа баталдаг.

Монголын хөгжмийн урлагийн хаан гэгддэг “Никитон”-ыг Чинбаагүйгээр, Чинбааг “Никитон”-гүйгээр ярьж хэзээ ч болдоггүй. Тэд бие биенээ тодруулж , бүтэн болгодог тус тусын тод өнгүүд. “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл”, “Төгөлдөр” зэрэг “тэсрэх бөмбөг” мэт дуугаа тэд хамтдаа төрүүлсэн юм. 

Б.Чинбат бол Монголын урлаг дахь тэсрэх бөмбөг. Түүний найруулга, хөгжмийн бүтээл дэх оршихуйгаас юу ч гарч мэднэ. Өөрөөр хэлбэл тэр тааварлашгүй баян ертөнцтэй. Тайзан дээр үнэн байдагт нь, том байдагт нь монголчууд дуртай, хайртай. Тэр амьдарна. Удаан амьдарна. Ингэхдээ дахин цоо шинэ ертөнц нээчихсэн, түүнээ бидэнд дэглэж үзүүлэх нөр их хүсэлтэй амьдарна. Тэр хэдийн энэ хүслээ дотооддоо өнгөтөөр зурчихсан суугаа. Чинбаагийн цоо шинэ давтагдашгүй ертөнц бидний өмнө хөшгөө цэлийтэл нээх тэр өдөр хэзээ байх нь цаг хугацааных л юм аа. Чинбаа бол тайзан дээрх хэн нэгнийг үзэгчдийн суудлаас дүгнэгч биш, тэр бол тайзан дээр өөрөө гол дүрийг бүтээгээд “Урлаг гэж үүнийг хэлдэг юм” хэмээн үзэгчдэд дэглэж харуулагч юм. Түүнд ийм байх нь зохидог. Тэр ийм л заяанд мэндэлсэн. Б.Чинбатын “Давтагдашгүй”-г дахин харахын тулд үзэгчид хязгааргүйн цаана орших ёстой болдог. Тайз эзлэн орших Чинбаад Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол дэндүү багаддаг аа.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Boogii
    Tiim shuu. On tsag ulirah tusam bid shildguudee martsaar bdag. Chinbaag sanuulsan saihan bichleg bn. Bid martah uchirgui
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд