Улаанбаатар 1c

Ц.Хосбаяр: Дасгалжуулагчийн арга барилыг С.Сүрэнжав багшаас сурсан

Дэлхийн дэвжээнд Монголоор овоглосон чансаатай тамирчдыг бэлтгэсэн дасгалжуулагчдын нэг бол Ц.Хосбаяр. Түүний шавь гавьяат тамирчин П.Орхон, С.Цэрэнчимэд нар дэлхийн аварга болсон бол Г.Мандахнаран, Б.Одончимэг нар дэлхийн аваргын хошой хүрэл медальтан. Тэдний гайхалтай ялалтуудын хөшүүрэг болсон гавьяат дасгалжуулагч, Ц.Хосбаяртай ярилцлаа.

-Таныг Улаанбаатарын унаган хүүхэд гэдэг ч Ховд аймгийн уугуул гэж ярилцах юм. Та яг аль нутгийн хүн бэ?
-Би чинь Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт 1965 оны наймдугаар сарын 4-нд Цэрэнбаатар хэмээх айлын хоёр дахь хүү болж мэндэлсэн хүн. Намайг гурван настай байхад буюу 1968 онд манайх Улаанбаатарт ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Ховдын уугуул, Улаанбаатарын суугуул. 
Би Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг төгссөн. Намайг сурагч байхад манай сургуулийг хүүхдүүд “Хогийн хорин нэг” гэж  шоолдог байлаа. Уг нь их алдартай сургууль. Манай сургуулиас төр нийгмийн зүтгэлтэн агсан Ш.Отгонбилэг, Монголбанкны О.Чулуунбат, спортын алдартангуудаас гэвэл Г.Хишигбат, сагсны дасгалжуулагч ОУХМ Д.Маргад-Эрдэнэ, улсын арслан М.Мөнгөн, сурын гавьяат, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг гээд цуутай алдартнууд төрсөн байдаг юм.

-Чөлөөт бөхийн спортоор хэзээнээс хичээллэсэн бэ. Таны анхны дасгалжуулагч яруу найрагч Б.Явуухулангийн хүү Я.Энхээ байсан гэж сонссон?
-Тийм ээ. Бага байхдаа зурагтаар “Интернационал”, ах ,дүү армиудын, НАХЯ-ны “Динамо” нийгэмлэгийн тэмцээнийг их үздэг байлаа. Тэмцээн үзчихээд манай гэрийн гурван том банди хоорондоо  барилдана. Нэг өдөр сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох зар гарсан байсан. Сургуулийн биеийн тамирын багш маань Дорнын их  яруу найрагч Б.Явуухулангийн хүү Я.Энхээ байсан. Тэрбээр барилдах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэж сургуулийн аваргад оруулсан юм. Тэр үед би IX ангийн сурагч, сургуулийн аваргад 38 кг-ын жинд барилдаж, түрүүллээ. Тэгээд Найрамдлын районы аварга шалгаруулах тэмцээнд орж, аварга болов. С.Сүрэнжав дасгалжуулагч районы тэмцээн дээр миний барилдахыг харснаар би 1982 онд чөлөөт бөхийн спортод хөл тавьсан гэхэд болно.

-Чөлөөт бөхийн дугуйланд яваад амжилт чинь хэрхэн ахисан бэ?
-С.Сүрэнжав багш дүүргийн аваргын дараа сургууль руу 14 хоног хичээлээс чөлөөлүүлэх албан бичиг явуулсан. Хотын аваргын бэлтгэлд гарч, “Баянгол” зочид буудалд байрлаж, “томорлоо”. Хотын аваргад түрүүлтэл улсын аваргын бэлтгэл гээд, үргэлжлүүлээд 21 хоногийн чөлөө авч дахин “Баянгол”-доо байрлаж бэлтгэлд гарав. Нэг л их том буудалд байрласан, том тамирчин л болчихлоо. Тэгээд дөрөвдүгээр сард болсон өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэв. Үргэлжлүүлээд тавдугаар сард өсвөр үеийн олон улсын тэмцээнд жин өгсөж 42 кг-д ороод түрүүлсэн. Ингээд л олон арван тэмцээнд ордог болов. Би тамир муутай ч хөлбөмбөг их тоглодог болохоор үеийнхнээсээ  хурд сайтай байлаа.  

-Таныг чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд аав, ээж хоёр тань хэр дэмжсэн бэ?
-Тэд маань “Юу юугүй сургуулиа төгсөх гэж байж спорт гэж явсаар сургуульд  орж чадахгүй, мэргэжилгүй, ажилгүй хүн боллоо” гэдэг байв. Гэтэл С.Сүрэнжав багш нэг удаа бэлтгэлд гарсан бүх хүүхдийн эцэг, эхийг “Баянгол” зочид буудлын ресторанд урьж хоолонд оруулаад, бидний амьдарч байгаа өрөөтэй танилцуулдаг юм байна. Тийм тансаг буудал, хоол унд үзээгүй эцэг, эхийн нүд орой дээрээ гарах нь мэдээж. Тэрнээс хойш аав, ээж хоёр “Миний хүү бэлтгэлээ сайн хий. Хичээлээ ч сайн давтаарай” гэж захидаг болсон. Дасгалжуулагч хүний мэргэн арга ухааныг С.Сүрэнжав багшийн тэр үйлдлээс харж, мэдэрсэн. Тэр хавар X ангиа төгсөөд Улсын багшийн дээд сургуулийн биеийн тамирын сургуульд шалгалт өгсөн чинь оноо дутаад Санхүүгийн техникумын нягтлан бодохын ангийн хуваарьд авлаа. Оюутан болоод 18 настай хүүхэд жин өгсөж 21 хүртэлх насны  залуучуудын хүнд, хөнгөн жингийн тэмцээнд орж түрүүлэв. Тэр тэмцээнд одоо АНУ-д байгаа цагаан Баяраа, Ч.Батбадрал, “Алдар”-ын Төмөрхуяг гэсэн шилдгүүдийг хожиж, улсын шигшээ багийн багш нарын анхаарлыг татсан. 

-Шигшээ багийн тамирчны замнал эндээс эхэлжээ дээ?
-Үгүй ээ, шигшээ багт аваагүй. 1984 онд цэрэгт татагдаж Зүүнбаянд очив. Тэнд 5-6 сар болж байтал С.Сүрэнжав багш минь “Алдар”-ын Лодой багштай ярьж байгаад намайг татаж авсан. Ингэж л “Алдар” спорт хороотой амьдралаа холбосон. 1984 онд тамирчин байлдагч, хугацаат цэргийн албаа хааж байгаад удаа ч үгүй  “Алдар” спорт хороондоо улирч, 1989 оны есдүгээр сар хүртэл тамирчин ахлагчаар ажилласан. “Алдар”-т байхдаа  би их сайн барилдсан шүү. 1987 оны спартакиадад түрүүлсэн. 1988 онд УАШТ-д түрүүлж, Тбилисийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд, “Интернационал” тэмцээнд Сүхээд хожигдож, хүрэл медаль хүртлээ. Би 1989-1992 онд “Интернационал” тэмцээнд хоёр, “Монгол говь”-д хоёр удаа түрүүлсэн. Нэг өдөр С.Магсар багштай баахан хууч хөөрөв. С.Магсар багш тамирчдын боловсролд их анхаардаг хүн байсан. Багш “Чи залуу хүн боловсрол, мэргэжил эзэмших хэрэгтэй. Насаараа барилдахгүй. Хэзээ нэгэн цагт залуу үедээ зайгаа тавьж өгөх л болно. Нас хэтэрсэн гэж битгий бод, 24 нас гэдэг залуу байна. Дээд сургуульд суралцах хэрэгтэй” гэсэн. Ингээд дахин УБДС-ийн биеийн тамирын сургуульд шалгалт өгөв. Биеийн ерөнхий хөгжлийн шалгалтыг торох юмгүй давсан. Хөнгөний 100, 800м, сагс, волейболын шалгуурыг амжилттай өгч тэнцсэн. Анхны дасгалжуулагчийн анги нээгдсэн үетэй таарч тэр ангид орсон. Хөнгөний Ч.Барсболд,  доктор профессор Д.Баярлах, Ш.Долгор, Р.Нацагням, “Рекорд” Я.Отгончимэг, гимнастикийн М.Наранчимэг, “Батзол” компанийн захирал Н.Батсайхан нартай нэг анги болов. 1989 онд “Алдар” спорт хорооноос гарч, дээд сургуульд орсон гээд намайг шигшээ баг тамирчнаар авсан. Тэгээд 1995 оны нэгдүгээр сар хүртэл улсын шигшээ багийн тамирчин байлаа.

-“Алдар” спорт хорооноос гарсан, бас эргээд орсон түүх тань сонин гэлцдэг юм билээ. Энэ тухай яриач?
-Дээд сургуулийн оюутан болоод л гарсан. Харин 1995 онд улсын шигшээ багаас гараад “Алдар”-т гэрээт тамирчин болсон. 1997 онд Баянгол дүүргийн Хүүхдийн соёл, хөгжлийн “Солонго” төвд дасгалжуулагчаар ажилд орлоо. Надаас өмнө “Хар” Ганбаатар ах, Жаамаа Сүхээ, Г.Ганхуяг харцагын аав Ганзориг ах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм билээ. Тэдний суурь бааз дээр би өөрийнхөө багийг босгосон. Спортын салбар уналтад орсон үе байсан болохоор сургах хүүхэд олдохгүй.  Модны хоёр, III, IV хорооллын сургууль бүрээр явж хүүхэд бүртгэж авав. Орон гэргүй траншейны гэгдэх 10 хүүхдийг  “Солонго” төвөөс хүчээр өгсөн. Одоо миний ганц баярладаг юм гэвэл траншейны гэх тодотголтой байсан тэр 10 хүүхэд өнөөдөр их сайхан амьдарч яваа. Тэднээс ганц нь ч хэрэг төвөгт ороогүй. Спортын ач тусаар тэд сайн хүн болж хүмүүжсэн. Харин “Монгени” цогцолбор сургуульд чинээлэг айлын хүүхдүүд сурдаг байв. Тэндээс үнэхээр бөх гараагүй. Тус сургуулиас төрсөн ганц бөх гэвэл аварга Н.Батсуурь л байна. Аваргын ээж Баянзул эгч “Монгени” сургуулийн багш байсан. Н.Батсуурь манай секцэнд хоёр жил явсан. Улсын начин Намсрайжав ах хүүгийнхээ бэлтгэлийг харах гэж өдөр болгон ирдэг байлаа. 2001 онд менежментийн хувьчлал гэгчээр Хүүхдийн соёл, хөгжлийн “Солонго” төвийг “Монгени”-ийн Лхагваа захирал авсан. Тэгээд “Солонго” төвийн бүх дугуйланг татан буулгасан. Ингээд л би ажилгүй боллоо. Тэгтэл “Алдар”-ын дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Жавхлантөгс начин гэр бүлээрээ АНУ руу явж, манай дүү Ц.Цогбаяр “Алдар”-т тамирчин хийхийн хажуугаар дасгалжуулагч болов. Цогоо ч “Та өөрийн хүүхдүүдээ аваад “Алдар” дээр ирээч” гэсэн. Жил гаруй хугацаанд цалин, мөнгөгүй ажиллалаа. Тэгсэн нэг өдөр “Буурал орлогч” хурандаа Д.Цог-Эрдэнэ дарга дууддаг юм байна. Би тэр үед бас зүгээр байхгүй ээ. Нэлээд “балгадаг”, багагүй сахилгагүйтдэг байв. Д.Цог-Эрдэнэ хурандаа “Чи рашаан усаа татахгүй байж чадах уу. Хэрэв хэлсэн үгэндээ эзэн байж чадна гэвэл чамайг дасгалжуулагчаар авъя. Би Балжаа даргатай ярьчихсан байгаа” гэв. Ингээд бид хоёр Балжаа дарга дээр орж, амлалт өгөөд би “Алдар” спорт хорооныхоо албан ёсны дасгалжуулагч боллоо. 

-Төрсөн дүү Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр хоёр тань таныг дагаж чөлөөт бөх рүү орсон уу?
-Уг нь надаас өмнө манай том ах Ц.Өсөхбаяр барилдаж байсан. Одоо ах минь Дарханд амьдарч байгаа. Ах тэр үед сургууль, дүүргийн аваргаас баярын бичиг, диплом авдаг л байсан. Дунд сургуулиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд сонсогч болоод бэлтгэл, сургуулилалт хийх завгүй болсноор спортоо орхисон. Харин намайг дүүрэг, хот, улсын аваргаас медаль хүртсэн чинь хоёр дүү дагаад чөлөөт бөх сонирхох болсон ч гэр хорооллын айлын ажил ямар барагдах биш. Ус, түлээ мод, нүүрс зөөх хүн гэрт байхгүй болно гээд ээж, аав хоёр дургүйцсэн. Тэгсэн 1979 онд манайх галд өртөж, орон гэргүй болчихлоо. Би эмээгийн хамт Сэлбийн гол, 21 дүгээр сургуулийн ойролцоох урд хашаандаа үлдэж, аав, ээж, дүү нар III хороолол руу нүүсэн.
Тэр үеийн Улаанбаатар хотын захирагч байсан Л.Энэбиш агсанд манай гэр бүл насаараа баярлаж явах учиртай. Тэрбээр өөрийн биеэр манай гэртэй танилцсан. Тэгээд “Найман хүүхэдтэй айл галд өртөж, айлын хашаа, байшинд  амьдарч байна. Энэ айлд орон сууц олго” гэсэн тушаал гаргаж, нэг их удалгүй манайх хороололд гурван өрөө байртай болсон. Л.Энэбиш даргын ач буянаар хороололд байртай болсон учраас дүү Ц.Энхбаяр, Ц.Цогтбаяр хоёр маань Октябрийн районы Батбилэг багшийн секцэнд аав, ээжээс нуугдаж явсан. Тэр хоёроос хойш талийгч Ц.Тэгшбаяр дүү минь бөхийн секцэнд орсон. Дүү минь чамгүй сайн барилдаж байсан даа. “Интернационал”, ах дүү армиудын наадам, улсын аваргад түрүүлээгүй ч медаль хүртсэн. Нэг тэмцээн дээр О.Пүрэвбаатар гавьяатыг ялж, шуугиан тарьж билээ. Даанч тэр минь зуурдаар өнгөрсөн. Манай гэрийн найман хүүхдийн таван эрэгтэй, тавуулаа л барилддаг байлаа. 

-Таны оролцсон анхны дэлхийн аваргын тэмцээн 1989 онд Швейцарьт болсон тэмцээн байсан уу?
-Анх оролцсон дэлхийн аваргад амжилт гаргаж чадаагүй. Швейцарийн дэлхийн аваргад орж IX байрт шалгарсан. Дараа нь Болгарын Варнагийн дэлхийн аваргад орж байлаа. П.Сүхбат бид хоёр гадны тэмцээнд явахдаа нэг өрөөнд орно. 1989 онд Швейцарийн ДАШТ-ий өмнө Ж.Даваажав багш судалгаа маягийн юм бичиж яваад манай өрөөнд орж ирээд “Танай жингийн гол өрсөлдөгч хэн, хэн байна” гэж асуув. Би жаахан маазраад “Яаж ч чадахгүй хоёр, яаж ч магадгүй гурван бөх байна” гэлээ. Багш “Яаж ч чадахгүй хоёр чинь хэн бэ” гэж асуухад нь “Ким Ил, Мержулмян хоёр байна. Энэ хоёрыг яагаад ч барахгүй. Нөгөө хэдтэй нь сугалаа таарвал хожих боломж бий” гэж хэллээ. П.Сүхбат бас намайг дуурайна “Яагаад ч дийлэхгүй хоёр яаж ч магадгүй хэдэн бөх байгаа” гэв. Тэгсэн сугалаа татсан чинь бид хоёр яагаад ч дийлэхгүй гээд байсан хоёр бөхтэйгээ таарч хоёулаа хожигдсон. 

Үргэлжлэл  дараагийн дугаарт

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид