Улаанбаатар 1c

СОНГУУЛЬ 2020: "Фэйсбүүк" компани Монголд түр хугацааны нэгж нээнэ

СЕХ-н зурган илэрц"

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэ үеэр СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан гэлээ. 

Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуулчилсан.  Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно гэсэн юм.

Ийнхүү холбогдох албан тушаалтнууд УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Энэ удаагийн сонгуульд яагаад гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүйгээр хуульчилсан юм бол?

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн: -Гадаадад байгаа иргэдийн саналыг авахгүй. Өмнө нь ганцхан удаа буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэдийн саналыг авч байсан. 

-УИХ-ын гишүүд, нэр дэвшигчид сар шинээр сонгогчдод гарын бэлэг тараадаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? 

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн төвийн дарга, цагдаагийн хурандаа н.Чинбат: -Хариуцлагын асуудлын тухайд Зөрчлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар сонгууль товлон зарсласнаас хойш мөнгө, эд зүйл тараахыг хориглосон. Энэ нь бүх этгээдэд хамаатай. Гэхдээ бүрэн эрх нь хэвээр мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүд ажлын тайлангаа тавих эрх нь нээлттэй. 

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн:  УИХ-ын гишүүн бэлэг тарааж болохгүй. Зөвхөн ажлын тайлангаа тойргийн сонгогчдодоо тавьж болно. 

Харилцаа холбооны зохицуулах хороо н.Лувсар-Очир: Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан. Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар, хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, гуравдугаарт бусад цахим хэрэгслээр. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ. 

Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд "Фэйсбүүк" компанитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид