Улаанбаатар 1c

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуультай болно

Улс төр:
NPost.mn
2020-01-17 11:37

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авч, саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Монгол Улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг гүний ус эзэлдэг. Гэтэл уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээний 80 хувийг газрын доорх уснаас бүрдүүлж байна. Хэрлэн гол төсөл, Орхон гол төслүүд хэзээ хэрэгжих вэ.
Ажлын хэсэг: Монгол оронд жилдээ 564.8 км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 1.9 хувь буюу 10.8 км/куб нь газрын доорх ус байдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас хамаарч газрын доорх усыг түлхүү ашиглаж байгаа. Орхон, Онги төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгаа. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Усны агентлаг байгуулахаар заалт орж ирсэн нь сайн хэрэг. Өмнө нь хоёр ч удаа усны агентлагаа татан буулгаж байсан. Ямар учраас татан буулгаж байсан юм бол. Хэд хэдэн төсөл яригдаж байсан. Эдгээр төслүүд яасан бэ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ямар шийдвэрээр Усны газрыг татан буулгасныг би мэдэхгүй байна. Усны асуудал өргөн хүрээтэй. Орон нутагт зөвхөн сав газрууд нь гол үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байна. Гэтэл аймгийн бодлоготойгоо яаж уялдаж байна вэ гэхээр ганц мэргэжилтэн бүх ажлаа хариуцаж байх жишээтэй. Тиймээс Усны газрыг сэргээж, хуулийн асуудлыг эргэж харах шаардлага байна.
Ийн гишүүд асуулт тодруулга авсны дараа хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд нь шилжүүллээ. 
Үүний дараа чуулганы хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Инновацын асуудлыг БСШУС-ын сайд хариуцах нь бэрхшээл учруулдаг гэж байна. Яг ямар бэрхшээл байгаа юм бол. Инновац, судалгаа хөгжүүлэлтийн асуудлыг шинжлэх ухааны байгууллагаас салгаж байгаа нь ойлгомжгүй байна. 
Ажлын хэсэг: Хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн барихдаа инновацын асуудлыг оюуны өмчийн байгууллага хариуцах нь зүйтэй гэсэн юм билээ. 

Улсын бүртгэл, оюуны өмчийн газар: Инновацийн тухай хуульд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийсэн тохиолдолд хөрөнгө оруулалт, санхүүжилт өгөхөөр тусгасан. Инновац бол хэрэгжиж, цаасан дээр буусны дараа оюуны өмчийн бүртгэлд ордог. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад үнэ цэн, үр ашгийг хэрхэн тооцдог юм. Энэ талаар тооцоо байна уу? 

Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл: Оюуны өмч бол иргэний эрх зүйн харилцаанд тулгуурлаж явдаг. Уг хуулийн төслийг дагаж сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд өөрчлөлт орж байгаа юм билээ. Ажлын хэсэг саналаа хэлсэн боловч УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд бид шууд шийдвэр гаргах боломжгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаардаггүй ч оюуны өмч гэдэг олон салбарыг хамарч, салбар дундын асуудал хөндөгддөг. 
Хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид