Улаанбаатар 1c

Э.Билэгсайхан: Би дэлхийн чансааны хорь дотор яваа

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн  УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн  -87 кг-ын жинд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон ОУХМ Э.Билэгсайхантай ярилцлаа.

-Улсын аваргад дахин түрүүлж, рекорт амжилт тогтоосонд баяр хүргэе. Түрүү жил -90 кг-д рекорд эвдэж байсан байх аа?

-Баярлалаа. Би 2020 оны хүндийн өргөлтийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд  огцом өргөлтөөр 94 кг-ыг өргөж Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь -90, 87 кг-ын жингүүдэд огцом, түлхэлттэй өргөлт, хоёр өргөлтийн нийлбэр  гээд нийтдээ 63 удаа Монгол Улсын рекорд амжилтыг тогтоож байсан.

-Өөрийн чинь шинэчлэхээс өмнө  -87 кг жингийн огцом өргөлтийн амжилт хэд байсан бэ. Тэр рекорд амжилтыг хэд килограмм болгон шинэчлэн тогтоов оо?

-Урьд нь эмэгтэйчүүдийн -87 кг-ын рекорд амжилт 92 кг байсан. Би энэ жил улсын рекордыг хоёр килограммаар ахиулж 94 кг болгосон. Энэ амжилтыг нэг их удахгүй дахин шинэчлэх боломж бий.

-Хүндийн өргөлтийн спортоор хичээллээд удаж байгаа юу. Анхны багш чинь хэн бэ?

-Би хүндийн өргөлтийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа. Миний анхны багш гэвэл хүндийн өргөлтийн Улсын шигшээ багшийн ахлах дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр багш.

-Охин хүүхэд байж яагаад хүч тамир шаардсан хүндийн өргөлтийн спортыг сонгов. Хэдэн настайгаасаа хичээллэж эхэлсэн бэ?

-Өөрийн чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй, эрүүл мэнддээ ач тустай байдлаар биеэ хөгжүүлэх гэж энэ спортыг сонгосон. Бага ангидаа “Ирээдүй” цогцолбор 80 дугаар дунд сургуульд сурч байгаад Спортын төрөлжсөн сургалттай, биеийн тамирын дунд сургуульд орсон. Спортын сургуульд анх орохдоо хүндийн өргөлтийн спортыг сонирхож хичээллэсэн юм. Одоо би 21 настай. Тэр үед 14 настай байсан.

-Анх тэмцээнд орохдоо хэдэн килограммын  жинд өрсөлддөг байв аа. Одоо ямар клуб, байгууллагын харьяалтай тамирчин бэ?

-Би хүндийн өргөлтөөр хичээллэх үедээ туранхай жижиг биетэй охин байлаа. Анхны тэмцээндээ 53 кг-д оролцсон. Түүнээс хойш би өсөж, миний булчингийн масс, яс томорч, жилээс жилд жин нэмэгдээд -87 кг болчихлоо. Одоо ИЗОУИС-ийн эрхзүйчийн гуравдугаар курсийн оюутан, мөн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин.

-Ази тивд өөрийн чинь гол өрсөлдөгчид гэвэл ямар улсын тамирчид байна вэ?

-Ер нь Ази тивийн хүндийн өргөлтийн эрэгтэй, эмэгтэй тамирчид дэлхийд хамгийн хүчтэйд тооцогддог. Эмэгтэйчүүдийн хүнд жинд Хятад, Тайвань,Тайланд, Өмнөд, Хойд Солонгосоос олон дэлхийн аварга тамирчин төрөн гарсан байдаг. 2020 оны Токиогийн олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөхөд эдгээр улсын тамирчид миний гол өрсөлдөгч болж байгаа.

-Өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-д хэр амжилттай оролцож байсан бэ?

-Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж, Азийн хошой аварга болсон. Хоёр мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж байлаа. Дэлхийн цомын хошой аварга, мөнгө, хүрэл медаль авч байсан. Азийн цомоос гурван мөнгө, гурван хүрэл хүртэж байлаа. Монгол Улсын аварга шалгаруулах өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээнд 2014 оноос хойш тасралтгүй түрүүлсэн.

-Багадаа хэр бяртай охин байв. Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?

-Нэлээн бяртай охин байсан шүү. Манай ээж, аав хоёр том биетэй, сагс, волейбол сайн тоглодог. Ээж Сэлэнгэ аймгийн хүн. Аав болохоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Би болон манай хоёр ихэр дүү Улаанбаатар хотод төрсөн. Өвөрхангай аймагт эмээ байсан болохоор бага нас эмээгийнд Өвөрхангай аймагт өнгөрсөн гэж хэлж болно. Би аавынхаа нутгаар Өвөрхангай аймгийн уугуул тамирчин  гэж явдаг. Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл ч намайг их дэмжиж, тусалдаг юм.

-Хүндийн өргөлтөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?

-Би багадаа олон талын авьяастай хүүхэд байсан. Дуулдаг, хөгжим тоглодог, уран нугаралтаар хичээллэдэг охин байлаа. Улсын циркийн уран нугаралтын дугуйланд Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт Д.Мажигсүрэн багшийн удирдлагаар жил гаруй хугацаанд хичээллэсэн. Намайг таван настай байхад манай хоёр ихэр дүү төрсөн. Аав, ээж хоёр дүү нарт анхаарал хандуулаад, намайг циркийн дугуйлан руу зөөх хүнгүй болоод уран нугаралтаа орхисон.

-Ихэр дүү чинь, охид уу, банди уу?

-Ихэр дүү нар, охин, хүү хоёр. Одоо 16 нас хүрсэн.. Эрэгтэй дүү чөлөөт бөхөөр хичээллэдэг. Эмэгтэй дүү загвар өмсдөг.

-Хэдэн настай байх даа уран нугаралтаар хичээллэж байв?

-Уран нугаралтаар  дөрвөн настай байх даа эхэлэж хичээллэсэн. Таван нас хүрээд больсон. Тэр үед би жаахан байсан болохоор их л уян охин байлаа. 

-Уран нугаралтын охин хүндийн өргөлтийн спортыг сонирхож хичээллэсэн гэхээр сонин юм. Энэ спортын юу нь чиний сэтгэлийг тэгэж ихээр татав аа?

-Өөрийн болон бусдын өргөж дийлэхгүй хүнд зүйлийг өргөж дийлнэ гэдэг их гоё мэдрэмж төрдөг. Хүндийн өргөлт ганцаарчилсан төрлийн спорт. Энэ спортын өөртөөгөө тэмцэж, өөрийгөө ялан дийлдэг ер бусын хүч нь миний сэтгэлийг татсан болов уу гэж боддог.  Би өөртөө итгэх, итгэл, хүсэл тэмүүлэл, хүч чадал, тэсвэр, тэвчээрийг хүндийн өргөлтийн спортоос олж авсан. Анх намайг хүндийн өргөлтөөр хичээллэхэд аав, ээж хоёр тийм ч дуртай байгаагүй. Намайг жижиг биетэй, туранхай охин байсан болохоор бэртэл, гэмтэл авчих байх гэж болгоомжилдог байсан. Хосоо багшийн шавь болоод мэргэжлийн багт орж, бэлтгэл сургуулилалт хийж амжилт гаргах болсны дараа санаа зовохоо больсон. Одоо гэрийхэн минь дэмжиж тусалдаг болохоор тэмцээнд амжилт гаргах гол үндэс болж байгаа.

-Хамгийн анхны тэмцээндээ хэзээ орж байсан бэ?

-Анх Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлэн алтан медаль хүртээд их урам, дэм авч байлаа. Тэгээд 2015 оноос хойш Азийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цом гээд олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох үүд хаалга нээгдсэн.

-Харамсал төрүүлсэн, амжилт тааруу оролцсон тэмцээн гэвэл?

-2018 онд оролцсон оюутны ДАШТ байсан. Ганцхан килограмм илүү өргөсөн бол медаль хүртэх боломж байсныг алдсан. Үнэхээр их харамссан. Тэр оюутны ДАШТ санаанаас гардаггүй. Хор шар хөдөлгөсөн тэмцээн байж билээ. Энэ жил тэр оюутны ДАШТ болно. Өмнөх тэмцээний алдаагаа засаж түрүүлнэ гэж бодож байгаа.

-Хамгийн мартагдашгүй дурсамж үлдээсэн тэмцээн хэзээ байв?

-2017 оны Азийн цомын тэмцээн байсан. Хосоо багш тэмцээнд явахгүй үлдсэн юм. Шигшээгийн дасгалжуулагч, хоёр тамирчинтай Солонгост түрүүлээд очсон байлаа. Би тэдний араас очихоор болов. Өглөөний онгоцоор ганцаараа нисэх болсон юм. Гэтэл нислэгээсээ хоцорчихсон. Тэгж байтал Хосоо багш утасдаж ”Миний охин ниссэн үү” гэв. Би багшаас айгаад “Онгоцны цаг хойшилчихлоо” гээд худал хэллээ. Гэтэл ашгүй аз таарч өдөр 15.00 цагт Бээжингийн нэмэлт нислэг байж таарсан. Тэгээд Бээжинд буугаад, хоёр цагийн дараа Солонгос руу нисэх онгоцонд амжиж суулаа. Тэмцээн болох цагаас өмнө амжиж очиж чадсан. Тэр тэмцээн их адал явдалтай. Хэзээ ч мартагдашгүй дурсамжтай санагддаг. Гурван мөнгө, гурван хүрэл медалийг тэр Азийн цомын тэмцээнээс хүртсэн. Тэмцээн дуусаад Монголдоо ирээд багшаас уучлалт гуйсан. “Багшаа би онгоцноосоо хоцорчихоод танд худал хэлсэнд уучлаарай” гэсэн. Багш “Би мэдсэн шүү дээ. Чамайг яах нь уу, гэж шалгасан юм” гэж билээ.

-Өнгөрсөн 2019 оны ДАШТ-д хэр амжилттай оролцов оо?

-2019 оны ДАШТ Тайландын Паттаяа хотод болсон. Тэр дэлхийн аваргад -87 кг-ын жинд өрсөлдөж аравдугаар байрт шалгарсан. Бэлтгэл боломжийн байлаа. Өөрийн хэмжээнд боломжийн оролцсон. Зургаан өргөлтийн тавыг барьсан амжилт үзүүллээ. Олимпын эрх олгосон ДАШТ байсан болохоор өрсөлдөөн ширүү байсан.

-Одоо өдрийн хэдэн цагийн бэлтгэл хийж байгаа вэ?

-Өглөө 10.00-12.30 цагт хүртэл, үдээс хойш 16.00-19.30 цаг хүртэл хийнэ. Өдөрт 5-6 цагийн бэлтгэлтэй байгаа.

-Уран нугаралтаар хичээллэж байсан үеийн уян хатан чанар одоо бий юу?

-Байгаа, байлгүй яахав. Уян хатан чанар хүндийн өргөлтийн спортод их хэрэг болдог. Хатуу хүн хүндийн өргөлтөөр хичээллэх тийм амар биш. Мөр, тохой нь бүрэн гарч түгжигдэж, гүйцэд сууж өгөхгүй байх жишээтэй. Уян хатан байх нь тамирчин хүнд олон талын ач холбогдол, давуу талтай. Бэртэл гэмтлээс ч хол байдаг. Хүндийн өргөлтийг уян хүн сайн өргөдөг гэж ахмад тамирчид ярьдаг юм.

-Олимпын эрх олгох хэдэн тэмцээн байгаа вэ?

-Долоон сар хүртэл олимпын эрх олгох таван тэмцээн хүлээж байгаа. Эдгээр тэмцээнээс Токио 2020 олимпын  эрх хүртэх зорилго тавьж, өөрийгөө дайчлан, хичээж, хөдөлмөрлөж байна.

-Жингийнхээ дэлхийн чансааны хэдэд яваа вэ?

-Дэлхийн чансааны эхний хорин тамирчин олимпод орох эрх хүртэнэ. Би дэлхийн чансааны хорь дотор яваа.

-Урд өмнө олимпын наадамд орж байсан уу?

-Олимпын наадамд оролцож байгаагүй.  Хүндийн өргөлтийн дэлхийн холбооноос тухайн улсын багт нь олимпын эрхийг олгодог байлаа. Баг нь ямар тамирчнаа олимпод оролцуулахаа өөрсдөө шийддэг байсан юм. 2016 оны олимпын эрхийг Монголын баг хүртсэн. Олимпын эрхийг  хоёр тамирчин авахаар бэлдэж байсан. Тэгээд МХӨХ-ны удирдлага, багш, дасгалжуулагчид ярилцаж байгаад нэг тамирчинг  сонгосон юм. Хүндийн өргөлтөд 2019 оноос хойш шинэ жингүүд бий болж, өөрчлөлт орсон. ОУОХ-оос квот тогтоож эрэгтэй долоо, эмэгтэй долоон жингийн ангиллаар олимпын наадмыг явуулах болсон. Тийм болохоор Дэлхийн хүндийн өргөлтийн холбоос энэ спортынхоо ирээдүйн хөгжлийг бодоод олимпын бус зургаан жинг  шинээр бий болгосон. Одоо олимпын эрхийг хувь тамирчинд нь олгодог систем рүү шилжиж байгаа.  

-Гадаадын тэмцээн уралдаан явахад зардал, мөнгө их гарна. Энэ бүхнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Хүндийн өргөлтийн спортыг дэмждэг олон компани бий. Тэмцээнд оролцох боломжийг хангаж өгдөг Монголын хүндийн өргөлтийн холбоо, Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ баг, Хүндийн өргөлтийн холбооны багш, дасгалжуулагч, удирдлагуудад талархал илэрхийлье. Биднийг чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүст баярлаж явдгаа хэлье. Эдгээр байгууллага, хүмүүсийн тус дэмийг бид амжилтаараа хариулах болно. Мөн намайг үргэлж дэмждэг Их засаг их сургуулийн удирдлага, хамт олон, ангийн найзууд,  ШШГЕГ-ын  “Сүлд” спорт хорооны хамт олондоо баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид