Улаанбаатар 1c

“Хань”-ийн Төмөр, Монгол циркийн Намжил

“Гарын таван хуруу”, “Тань руу нүүж явна”, “Ацаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Хачин хүн”, “Би чамд хайртай”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Хань” зэрэг Монголын сонгодог киног Бэгзийн Балжиннямгүйгээр төсөөлж болдоггүй ээ. Монголын нийгэм, цаг үе, түүх, хүний сэтгэлийн дууллыг кино урлагаар дамжуулан найруулж, хальснаа буулгадаг агуу Б.Балжиннямын хараанд өртөж “Хань” киноны гол дүрд залуу насаа мөнхөлсөн жүжигчин, Монголын циркийн амьд архив Гомбын Доржнамжил гуайг энэ удаад “Хоймор”-тоо урилаа. Тэрбээр өдгөө Дашчойлон хийдийн баруун талд байрлах хуучин циркийн буурийг сахин даруухан амьдарч байна. 

-Сайхан өвөлжиж байна уу, та. “Хань” киноны Төмөр, Монголын циркийн Намжил гэх гуншин таныг өдгөө ч дагадаг. Хань кинонд гол дүр бүтээх болсон түүхээ дурсаач. Угтаа бол та жолооч мэргэжилтэй юм билээ. Мэргэжлийн бус хүн яаж Төмөрийн дүрд тэнцэв?
-Монголын сор болсон уран бүтээлчдийн баг “Хань” кинонд ажилласан. 1975 онд дэлгэцнээ гарч байсан бүтээл. Агуу Б.Балжинням, Д.Лувсаншарав, С.Гэндэн, Н.Сувд гээд дандаа алтан үеийнхэн гар, сэтгэл нийлж тус кино бүтэж байлаа. Киноны гол үзэл санаа бол ерөөсөө хүний хань болж, ертөнцөд эх хүн байхын учир утгыг бөх Төмөрийн эхнэр Нарангийн амьдралаар үзүүлсэнд байгаа юм. Шинэ, хуучин үзэл бодлын зөрчил дунд хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргал хэрхэн төлөвшиж байгааг харуулсан бүтээл. Миний хувьд сурсан, мэдсэн мэргэжил боловсрол байхгүй ч бяр тэнхээ, циркийн урлагийн алтан тайзнаа гарчихсан байсан туршлага киноны гол дүрд сонгогдоход нөлөөлсөн байх. 

-Таны төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдам. Та төрөлхийн бяр чадалтай, биеэрхүү байсан нь таны залуугийн түүх намтар, зургийн цомгоос харагддаг. Циркийн урлагт хүний гадаад үзэмж, өгөгдөл тун чухал байх нь ээ. “Циркийн Намжил” гэдэг нэр хэзээнээс эхтэйв? 
-Ах нь 1941 онд Төв аймгийн Угтаалцайдамд төрж, гуравдугаар ангиасаа долдугаар анги хүртэл оройгоор сурсан. Бага сургуулиа дүүргээд жолооч мэргэжилтэй болсон. Ах нь насанд хүрээгүй, 15 настайгаасаа л ажил, хөдөлмөр хийсэн. Тэгээд л барилга дээр туслах ажилтнаар таван жил ажилласан. Энэ хугацаанд олон барилга дээр ажилласан. Засгийн газрын ордны өргөтгөлөөс эхлээд одоогийн ХААИС-ийн ардхан талын хэдэн шар барилгыг ч барьж явлаа. 1965 оны өвөл цэрэгт татагдаад 019 дүгээр их бууны ангид алба хаав. Тэр үеэс “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Энэ хугацаандаа спортын дэд мастер цолтой боллоо. Яг энэ үеэс л тамирчин бас жүжигчин болох замнал минь эхэлсэн. Хүндийг өргөлтийн анхны тэмцээнээсээ хүрэл медаль авлаа. Багаасаа барилгын ажил хийсэн учраас их бяртай байж л дээ. Ингээд шигшээ багийн тамирчин болсон. Цэргээс халагдаагүй байсан үе. “Алдар” нийгэмлэгтээ байрлана. Нэг өдөр Улаанбаатар зочид буудлын лифтчинээр ажилладаг ах минь дуудахаар нь яваад очлоо. Ж.Дамдинсүрэн гэж хүнтэй танилцуулж байна. Нөгөө хүн “За чамайг мундаг тамирчин гэж сонслоо. Гар хуруу чинь ч их бадриун, том юм. Чац томтой ч юм. Чи цирк дээр оч. Бид чамайг авна. Ах нь улсын циркэд ажилладаг. Чи цирк хэр мэдэх вэ” гэж байна. “Би мэдэхгүй ээ. Би чинь цэргийн алба хааж байгаа хүн” гэлээ. “Тэр хамаагүй. Бид чамайг маргааш халах тушаал гаргуулаад авна” гэж байна. Ингэж л цэрэг хувцастайгаа шахуу халагдаад циркийн мэдэлд ирж байлаа. Тэр цагаас хойш “Циркийн Намжил” гэдэг нэр дагасан даа. 

-Циркийн хөгжлийн алтан үе гэж нэрлэж болох он жилүүдийг дурсаач. Өнөөдрийн “амьгүй” байшинд циркчдийн нүсэр ажил ундарч, элдэв амьтад үзүүлбэрт суралцаж, Монголын цирк өөрийн гэсэн онцлогоо олж байсан болов уу. Гэтэл өдгөө нам жим байх нь танд гунигтай санагддаг уу?
-Намайг циркдээ ирж байх үе бол Монголын циркийн хөгжлийн оргил цаг байсан. Одоо бол 10 гаруйхан жижиг продакшн ихэвчлэн гадаадад тоглож байна. Уг нь бол бид чинь ам бүл олуулаа юм аа. Даанч Монголд циркчдэд амьдрах, ажиллах, хөдөлмөрөө үнэлүүлэх ямар ч боломж алга. Хадбаатарын цирк нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй байна. Ерөөсөө ингээд л энэ тухай яриа дуусч байгаа юм. АСА цирк гэхэд л бүрэн хэмжээгээрээ ажиллах боломжгүй, ихэвчлэн түрээсийн элдэв газруудаар дүүрчихсэн. Одоо 80 жилийнхээ ойтой золгож байгаа циркийн сургууль буюу хуучин циркийнхээ буурийг сахьсан цөөн тооны алтан үеийнхэн л сэрүүн тунгалаг байна. Хуучин циркийн байр гэж нэрлэдэг энэ байшин угтаа бол түүх соёлын дурсгалт объёкт юм. Эх дагина Дондогдуламын цогчин дуган, номын өргөө байсан.  Ингээд хуучин НАХЯ-ны мэдэлд ирсэн даруйдаа агуулах болж хувирсан байгаа юм. 1941 онд Монголд циркийн урлаг хөгжих үндэс соёолж эхлэхэд дотор нь байсан найман баганыг буулган авч манеж болгон зассанаар циркийн зориулалтаар ажиллаж эхэлсэн. Ингэж л амь орсон байшин даа. Хожим МУГЖ Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль болсон. 

-Одоогийн АСА циркийн барилгыг хувьчилсан нь Монголын цирк гэх их айлын гал голомтыг самарсан үйл явдал болжээ гэж та халагладаг уу?
-1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байсан үе. 

Намайг циркдээ ирж байх үе бол Монголын циркийн хөгжлийн оргил цаг байсан. Одоо бол 10 гаруйхан жижиг продакшн ихэвчлэн гадаадад тоглож байна. Уг нь бол бид чинь ам бүл олуулаа юм аа. Даанч Монголд циркчдэд амьдрах, ажиллах, хөдөлмөрөө үнэлүүлэх ямар ч боломж алга. Хадбаатарын цирк нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй байна. Ерөөсөө ингээд л энэ тухай яриа дуусч байгаа юм. АСА цирк гэхэд л бүрэн хэмжээгээрээ ажиллах боломжгүй, ихэвчлэн түрээсийн элдэв газруудаар дүүрчихсэн. Одоо 80 жилийнхээ ойтой золгож байгаа циркийн сургууль буюу хуучин циркийнхээ буурийг сахьсан цөөн тооны алтан үеийнхэн л сэрүүн тунгалаг байна. Хуучин циркийн байр гэж нэрлэдэг энэ байшин угтаа бол түүх соёлын дурсгалт объёкт юм. Эх дагина Дондогдуламын цогчин дуган, номын өргөө байсан. 

-Төв циркийн үнэлгээг тухайн үеийнх нь хашаар тооцно гэдэг энэ цагт утгагүй ч хамгийн үнэтэй босч байсан барилгуудын нэг юм билээ. Та төсөвт өртгийг нь сонирхож байв уу?
-Энэ бол Азидаа ганц байгаа зориулалтын барилга юм шүү дээ. Гурван сая рубль буюу тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөгөөр боссон гэдэг юм. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр гэж  хийсэн барилга. Агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэхэд тун тохиромжтой. Жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж боллоо гэж алтан үеийнхэн бахархдаг байсан юм. 

-Ирэх жил Төв циркийн 80 жилийн ой тохионо. Ажил, бүтээл буцалж байсан он жилүүдийн дурсамжийг нь сөхөөч. Хүүхэд залуусын очих дуртай, хамгийн гэгээлэг газрын нэг байсан санагддаг?
-1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг асар том ажлын байр байлаа. Тэр хэрээрээ амжилт, бүтээл арвин. Түм түжигнэж бум бужигнадаг газар байлаа. 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 гаруй уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг нүсэр бүтэц байсан юм шүү. Бид долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийдэг байсан гэж ярихаар одоо итгэхийн аргагүй сонсогдох байх. Суудал дүүргэлт сайн, тасалбар олддоггүй байсан он жилүүд дурсамж болжээ. Жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан гээд бод доо. Гэтэл өнөөдөр Монголд циркийн урлаг мөхлөө. Энэ салбараас улсын төсөвт орж байгаа орлого байхгүй болсон. Бие даасан уран бүтээлчид гадаадад дэлхийг гайхашруулж байна.

-Монгол циркчдийн чансаа дэлхийн хаахна явна вэ?
-Дэлхийн 150 гаруй улсын дунд Монголын циркчдийн чансаа гуравт бичигдэж байна. Харамсалтай нь, төр засгаас энэ урлагийг тоохгүй явсаар дэндүү гэмээр орхигдуулчихлаа. Алтан үеийнхний бүтээн босгосон бүхнээр тэжээгдэн өнөөдөртэй золгож байна. Одоо Гайхамшигтай сайхан циркийн нэгдсэн ордонтой баймаар байна. 

-“Хүч тамирын гайхамшиг”, “Морьтны гайхамшиг”, “Тэмээтэй акробат” зэрэг дэлхийд данстай Монгол язгуураас “ургасан” үзүүлбэрүүд өдгөө ч тайзнаа үзэгчдээ гайхашруулж байна уу. Та бол агуу Д.Дамдин аваргын шавь байх аа. Багшийнхаа тухай дурсаач?
-Миний хувьд циркийн урлагт орсон цагаасаа тоолбол давхацсан тоогоор 40 гаруй уран бүтээл хийжээ. Хамтрагчаа тоолбол 100-гаад хүнийг нэрлэж болно. Үзүүлбэр болгон зохиолтой, найруулагч, хөгжимтэй дэглэгдэнэ шүү дээ. 1969 онд Улсын циркт дагалдан жүжигчнээр ажилд орж, Г.Бадарч ахлагчтай канат буюу чанга утас, Д.Дорждагва ахлагчтай хөлийн шатны үзүүлбэрт тоглож, шидэх тэнцвэрийн үзүүлбэрийг Г.Нармандах, Д.Бүжидмаа, Л.Ариунболд, Д.Дорждагва, З.Эрдэнэсайхан нартай хамт хийж байлаа. Намайг дөнгөж циркэд ирсэн өдөр Монголын циркийн жүжигчид анх удаа гадаадад аялан тоглохоор бэлтгэлээ хангаж байв. Хөл, толгой нь мэдэгдэхгүй ажил буцалж хүн бүр бэлтгэлээ хангаж байсан тэр цагийг дурсах сайхан байна. Надад багалиас заяасан бяр, хүчний өгөгдөл, юмыг амархан сурах чадвар байсан юм болов уу. Цөөн хэд хоног бэлтгэл хангаад гадагшаа тоглолтод явах багт багтаж байсан юм. Ингэж л би “Хүч тамирын гайхамшиг” үзүүлбэрт тоглож байлаа. 1971 оноос хойш гавьяат жүжигчин Д.Дамдин аваргатай “Тэмээтэй акробат”, “Хүч тамирын гайхамшиг” үзүүлбэрийг тоглож, Беларусийн Минск, Унгарын Будапешт, Германы Берлин хотхноо аялан тоглож Улсын циркийн 50 жилийн ойгоор энэ үзүүлбэрээ өөрөө гардан тоглосон. Харин өдгөө бол циркийн ахмадын холбооны тэргүүн гэх сайн дурын албан тушаалтай амар жимэр амьдарч байна даа, өвгөн ах нь. 

-Өнөөдрийн байдлаар сургуульд нь хэчнээн багш, сурагч ажиллаж, суралцаж байна вэ. Цаг хэцүү байхаас л циркийнхээ буурийг сахиж үлдсэн ганц хүн гэж таныг олон хүн ярьдаг юм билээ. Төсөв, мөнгөгүй хүнд үед өөрийн халааснаасаа тог, цахилгаан, халаалтын төлбөрийг нь төлж явсан гавьяагүй гавьяат гэж сонссон. Угтаа бол энэ барилга улсын хамгаалалтад байдаг гэдэг шүү дээ?
-Одоо энэ сургуульд 15 багш, 70 орчим сурагч өдөр бүр хичээллэж байна. Энэ жил Монгол Улсад циркийн сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Энэ ойг угтаж циркийн шинэ сургуулийнхаа суурийг тавьчих болов уу гэж их л харлаа. Даанч шинэ сургуулийн байр барих хөрөнгө мөнгийг улсын төсвийн тодотголоор баталсангүй. Цаг төр хэцүү олон ч оныг үдсэн дээ. Тэр үед болохоос нь болохгүй хүртэл нь явсан. Тэсээд л гарчихвал бүх зүйл сайхан болно гэж итгэсэн. Гэтэл өнөөдөр байдал янзаараа. Төсөв мөнгөгүй, бор зүрхээрээ ажлаа хийж байна. Ирээдүй сайхан болох байх гэж бас л итгэсэн хэвээр сууна. 

-Циркийн сургуулийн барилга одоогоос таван жилийн өмнө шатаж байлаа. Засвар, арчлалтыг нь циркийн багш, сурагчид халааснаасаа гаргасан гэдэг яриа бий. Энэ үнэн үү?
-2015 онд V хорооны сантех­никийн ажил хийж байхад гагнуурын оч үсэрч, гал алдаад шатсан. Тэр үеэр цагдаагийн мөрдөн байцаах газар, Соёлын өвийн төвийн мэргэжилтэн гэх мэт олон хүн ирж, уулзаж байгаад л алга болсон. Галд өртсөн дээврийн хэсгийг энд ажиллаж буй багш, сурагчид хамтран цалин мөнгөө нийлүүлж, засч янзалсан гэдэг нь үнэн. Төр засгаас түүхэн дурсгалт барилга гэж ярьдаг ч бодит амьдрал дээр хамгаалж байгаа зүйл нэг ч байхгүй. Ядаж нэг удаагийн засвар хийх арга хэмжээг ч авч чадахгүй байна.

-Улаанбаатарын хэмжээнд байгаа түүхийн өв болсон ийм дурсгалт барилгууд өдгөө төр, засгийн анхааралд орж хамгаалалтад байхаа больж дээ гэж бодогдох боллоо. Цөөн хэдэн түүх, соёл судлаач, түүх домогт дуртай хүмүүсийн өмгөөлдөг, хамгаалдаг ирдэг газар болжээ. Өдгөө Эх хатны номын өргөө мэт туурь, түүхийн үлдэгдэл юу байна вэ гэж та бодож үздэг үү?
-Дагины лаврин шатсан нь түүхийн дурсгалт газруудаа хайрлаж хамгаалах том сургамж болсон ч бид төрийн хамгаалалтын хэмжээнд цочирдоогүй ээ. Одоо Ардын түр Засгийн газар түр байрлаж байсан байшин, “Өндөр хоршоо”-ны хоёр давхар байшин, Богд хааны ногоон ордон музейн цогцолбор, Гэр хэлбэрт модон дуганууд, Гэсэр сүмийн цогцолбор, Сонгинохайрхан уулын өвөрт орших Тоорил ханы ордон хэмээн нэрлэдэг ордны туурь, Чойжин ламын сүм музейн цогцолборууд ямар байдалтай байгааг бид мэднэ. Байгаа хэд нь шүдэнз хүргэхэд дүрсхийгээд алга болохоор болсон нь эмгэнэл. 

-Таны талаарх ам дамжсан яриа сонсоход хүүхдийн эмнэлэгт нэлээд тооны ор бэлэглэж байсан гэдэг юм билээ. Энэ мэт олон хүнд зарладаггүй ч бусдад буян болохоор бодож хийсэн ажлаасаа дурсаач?
-100 айлд байдаг Хүүхдийн эмнэлэгт 2008 онд 40 ор хандивлаж байлаа. Тэр үед ээж аав, нийгмийг цочроосон ханиад дэгдэж эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон байсан. Ингээд бодож байгаад хөөрхий хүүхдүүдэд буян болоё гэж шийдээд Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн дарга М.Чимгээ дарга руу утсаар ярилаа. Ор хэрэгтэй юу гэж асуулаа. Нэг их юм биш л дээ. Төмөр цагаан орнууд энд хэрэглэгдэхгүй шороондоо дарагдаж байхаар тэнд хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодсон хэрэг. Ингээд 40 ор бэлэглэж байв. Өдгөө дунджаар 40-өөд мянган бяцхан иргэн тэр орнууд дээр хэвтэн эмчлүүлсэн тоо гарах ёстой. Эдүгээ ч энэ орыг тухайн эмнэлэг ашигладаг. 

Миний хувьд 800 кг-ийг өргөдөг байлаа. Багш 200 кг жинтэй штанг өргөж, дээр нь зургаан циркчин бүсгүй зогсоож, гайхамшигтай хүч чадлаараа үзэгчдийг бишрүүлдэг байлаа шүү дээ. Тийм ер бусын хүнд номер үзүүлдэг асар их хүч чадалтай циркчин Монголд байтугай дэлхийд Дамдин аваргаас өөр гараагүй байх. Багш тоглолтын үед штанг, циркчин залуусын жинтэй нийлээд хоёр гар дээрээ 850 орчим кг ачаа өргөж, Монголын төдийгүй олон орны үзэгчдийг бишрүүлж явсан. Тийм ч учраас түүний хүч хөдөлмөр, ховорхон авъяас билгийг төр, засаг өндөр үнэлж, гавъяат жүжигчин цолоор шагнасан юм.

-Д.Дамдин аварга 850 кг өргөж байсан түүхтэй. Энэ амжилтыг эвдсэн үү. Таны өргөсөн хамгийн дээд жин хэд вэ?
-Миний багш 850 кг өргөсөн байдаг. Миний хувьд 800 кг-ийг өргөдөг байлаа. Багш 200 кг жинтэй штанг өргөж, дээр нь зургаан циркчин бүсгүй зогсоож, гайхамшигтай хүч чадлаараа үзэгчдийг бишрүүлдэг байлаа шүү дээ. Тийм ер бусын хүнд номер үзүүлдэг асар их хүч чадалтай циркчин Монголд байтугай дэлхийд Дамдин аваргаас өөр гараагүй байх. Багш тоглолтын үед штанг, циркчин залуусын жинтэй нийлээд хоёр гар дээрээ 850 орчим кг ачаа өргөж, Монголын төдийгүй олон орны үзэгчдийг бишрүүлж явсан. Тийм ч учраас түүний хүч хөдөлмөр, ховорхон авъяас билгийг төр, засаг өндөр үнэлж, гавъяат жүжигчин цолоор шагнасан юм. Өдөр бүр хүч тамирын дасгал уйгагүй хийдэг байсан болохоор булчин нь сайн хөгжиж, хүч чадал нь өдөр хоног өнгөрөх бүр нэмэгддэг байсан нь эргэлзээгүй.

-Дамдин аваргыг үндэсний бөхийн дэвжээнээ жил дараалан түрүүлээд эхлэхэд зарим ухвар мөчид үзэгчид циркийн илбэ шидээр учраа бөхөө хаяж байна гэж дургүйцдэг байсан нь үнэн үү?
-Үнэндээ тийм юм байгаагүй. Өдөр болгон хүч тамирын дасгал хийж, хүний санаанд багтамгүй хүнд үзүүлбэр хийдэг байсан болохоор булчин шөрмөс, үе мөч нь чангарч хүч чадал нь үлэмжхэн нэмэгддэг байсан хэрэг шүү дээ. Мань хүн улсын амралтанд хэдхэн хоног амрахдаа байнгын дасгалаа үгүйлж, хамаг бие улхайчихлаа, бушуухан циркдээ очиж хүч тамирын дасгалаа хийе гэдэг байсан юм. Дархан аварга Дамдин төрийн наадмын зүүний магнайг дөчөөд жил ганцаараа эзэгнэсэн хосгүй бөх. Хүү Д.Баяраа нь аав шигээ аварга болж чадаагүй ч гэсэн арслангийн энтэй бөх байлаа даа. Д.Дамдин аваргыг анх улсын наадамд түрүүлж байхад хүү Баяраа нь долдугаар сарын 11-нд төрж, баяр дээр нь баяр нэмж байсан юмдаг. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид