Улаанбаатар 1c

Ц.Хосбаяр: Дасгалжуулагчдын ажлыг тамирчдын олимп, дэлхийд гаргасан амжилтаар л хэмжинэ

Өмнөх дугаарт

Гэхдээ П.Сүхбат намайг бодвол дунд нь бас ч гэж 2-3 хожил авсан. Би болохоор 1-2 тойрогт дараалаад Ким Ил, Мержулмян хоёртой таараад тэмцээнээ дуусгасан. 1991 оны Варнагийн ДАШТ-д  Солонгосын бөхийг хожих боломж байсан.  Бид хоёрын барилдаан дандаа маргаантай болдог юм. Яг л тэр жамаараа маргаантай барилдаан болж би ялагдсан. Би түүнийг 1990 оны Азийн наадам дээр хожиж байсан юм. Түүний дараа маргаантай хожигдохдоо 1991 оны ДАШТ, 1992 оны олимпын наадамд таарсан. Олимп дээр миний хийсэн мэхэнд дэлхийн аварга Ким Ен Намд оноо өгч, би хожигдож байлаа. 

-Олимпын наадамд хэдэн удаа орсон бэ?
-Би 1992 онд Иранд болсон Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж олимпын эрх авсан. Тэгээд Испанийн Барселоны 1992 оны олимпод анх удаа орсон. Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр хоёр дүүтэйгээ олимпын наадамд орсон. Нэг айлын гурван хүүхэд олимпод орлоо гэдэг чинь тэр шүү дээ. Шалгуур тавьж, эрх олгодог болсон анхны олимп тэр байхгүй юу. 1991 оны Варнагийн дэлхийн аваргад Ц.Цогтбаяр дүү минь С.Смальтай барилдаж 5:5-аар оноо тэнцэж луйвардуулсан. Тэгээд Цогоо дүү ялагдал хүлээж тавдугаар байрт орсон. Ц.Энхбаяр АНУ-ын Дек Жонсыг сармаа татаж, оноогоор илт хожоод явж байхад шүүгч гарыг нь цохиж барьцыг тавиулж босгож, хожигдуулсан. Тэгээд хоёр дүү минь нэг нь тавд, нөгөөх нь зургадугаар байрт орж, 1992 олимпын наадамд оролцох эрх авч байлаа.

-Та улсын аварга, Европын цуврал, Ази тивийн аваргаас медаль хүртэж байлаа. Хамгийн мартагдашгүй дурсамж үлдээсэн барилдаан аль барилдаан байв?
-Азийн аваргын хоёр мөнгө, Азийн тоглолтын нэг хүрэл медальтай. Улсын аваргын гурван алт, спартакиадын нэг алт, Европын цуврал Унгар,  Дон Колов, Тбилис, Ярыгины тэмцээнээс мөнгөн медальтай. Гадаадын тэмцээнд түрүүлж үзээгүй. Харин 1989-1992 оны хооронд “Интернациональ”-д хоёр, “Монгол говь” тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. 1990 оны Азийн тоглолтод маш хүнд сугалаа татсан. Хамгийн хүчтэй нь Иран, Өмнөд Солонгос, БНАСАУ-ын бөх, арай сул нь Вьетнам, нөгөөх нь ямар улсын бөх байлаа даа. Бид зургаа нэг хэсэгт таарсан. Эхний тойрогт Ираны бөхийг оноогоор, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын дэлхийн аваргыг хожоод, дараа нэг хожил аваад тэгээд БНАСАУ-ын бөхтэй таарсан. Уг нь 1:0-ээр хожиж яваад гурав секундийн өмнө идэвхгүй барилдсан гэдгээр хөөгдөж ялагдал хүлээсэн. Би гурван секундын торгуулиар хөөгдөж медалийн төлөө барилдах эрхгүй болчихлоо гэж бодсон. Уур бухимдалдаа биеэ барьж чадалгүй бэлтгэлийн өрөөний хаалгыг цөм цохьсон. Гар  атгаж болохгүй болтлоо хавдчихлаа. Тэр торгууль хэнд ашигтай байсан бэ гэхээр надад хожигдсон Өмнөд Солонгосын дэлхийн аваргад үр дүн өгөх ялалт байсан. Хэрэв би 1:0-ээр ардчилсан Солонгосын бөхийг хожсон бол хэсгээсээ нэгээр гарч аваргын төлөө барилдах эрхтэй болох байлаа. Тэр заваан шүүлтээс болоод би хэсгээсээ хоёроор гарч хүрэл медалийн төлөө дараа өдөр нь барилдах эрхтэй болов. Түүнийг сүүлд мэдсэн. Гарын хавдар буудаггүй.  Хятадын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хятадын бөх Ли Мин дэлхийн аваргын дөрөвдүгээр байрын шагналтай, сайн бөх байсан. Гар хавдартай ч хичээж барилдахаас өөр гарцгүй болов. Ли Минийг нутгийн дэвжээн дээр нь 12:0-ээр ялж Азийн наадмын хүрэл медаль хүртсэн. Тэр Азийн тоглолтод Монголын тамирчдаас П.Сүхбат ганц алтан медаль авч байлаа. Европын цувралд барилдаж байхдаа Баруун Германы Хоаге Беллд мөргүүлсэн. Би шилэн хүзүү давсан урт үстэй. Тэр үснээс минь татаад мөргөчихсөн. Одоо миний хамар муруй байгаа нь тэр Хоаге Беллээс болсон юм.

-Тэр үед Монголд таны жингийн гол өрсөлдөгч хэн хэн байв аа?
-Миний гол өрсөлдөгч бол гавьяат Х.Намшир багшийн шавь нар байсан. Ч.Батбадрал, Л.Сэргэлэнбаатар, Н.Төмөрхуяг, “Янзага” Гантулга. Хамгийн сүүлд 1995 онд “Янзага” Гантулгад хожигдоод тэгээд барилдахаа больсон. Гавьяат Х.Намшир багш “Миний шавь нарыг Хосоо ганцаараа дарлаа. Хосоо ч хүүхдүүдийг минь ирлэж өглөө. Хүүхдүүд минь  ч Хосоог ирлэж өгсөн. Та хэдэд ганц үлдсэн юм нь дэлхий, олимпоос медаль авч чадсангүй” гэж билээ.  Х.Намшир багшийн 48 кг-ын  жинтэй шавь нар үнэхээр сайн байсан. Иван Ярыгинд анх Л.Сэргэлэнбаатар түрүүлсэн бол Ч.Батбадрал Азийн аваргад болон Ираны Тахатын тэмцээнд түрүүлж байлаа. 

-Одоо таны барилдаж байсан 48 кг-ын болон 52 кг-ын жин байхгүй болчихлоо. Энэ хоёр жин чөлөөт бөхөд байх ёстой жин мөн үү, биш үү. Ямар учраас хассан юм?
-Энэ шийдвэрийг 1992 онд анх ярилцаад, 1996 онд хэрэгжүүлсэн байдаг. Тамирчид  жин их  хасаж байна. Тэдний эрүүл мэндийг бодож ийм шийдвэрт хүрлээ гэсэн. Яахав дээ, шалтаг, шалтгаан нь тэр байж дээ. Гэхдээ бокс өнөөдөр 49 кг-аас эхэлж байна. Самбо бөх 52 кг-аас эхэлж байгаа. Чөлөөт бөхөд 48, 52 кг байхад буруудахгүй. Хөнгөн жингийн бөхчүүдээс хурд, техник, ухаан шаардсан сонирхолтой барилдаан их гардаг. Хөнгөн жингийнхэн хүнд жингийн бөхчүүд шиг тулаад зогсоод байхгүй. Хэзээ ч нэгнийгээ бярдаж, илүүрхээд байдаггүй онцлогтой.

-Чөлөөт бөхийн дэлхийн холбоо спорт сонирхогчдын “Толгойг эргүүлж” олимпын жин, олимпын бус жин гэж ялгаад байгаа нь ямар учиртай юм бэ?
-ОУОХ-оос олимпын жинд квот тогтоодог болсон. Үүнтэй уялдуулаад олимпын жин цөөн болоод байгаа. Дэлхийн бөхийн холбоо бусад жингээ орхихгүйн тулд олимпын бус жин гэдгийг гаргаж ирсэн юм. Бидний үед 10 жингээр олимпын тэмцээн болдог байлаа. Тэр үед эмэгтэй бөхчүүд байгаагүй. Харин одоо эмэгтэйчүүдийн барилдаан нэмэгдсэн болохоор квот тогтоосон юм билээ. 

-Дэлхийн бөхийн холбоо муу ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тэмцээн гэхээсээ илүүтэйгээр мөнгө татдаг. Шүүгч нар нь авлигад идэгдсэн байгууллага болноо гэсэн яриа байдаг. Та үүнтэй санал нийлэх үү? 
-Би дэлхийн бөхийн холбооны ажлыг нарийн сайн мэдэхгүй. Харин тэр мөнгө татдаг байгууллага болсон гэдэгтэй санал нийлж байна. Бүх тамирчнаас жилд 100 швейцарь франк авч байгаа. Одоо бүр шүүгч, дасгалжуулагч нараас хүртэл авдаг болсон. Жүдо бөхийн гранпри, гранд слам гээд бүх тэмцээн нь зурагтаар гарч байна. Бүх тэмцээн нь 500-6000 ам.долларын мөнгөн шагналтай. Харин чөлөөт бөхөд ганцхан Ярыгины тэмцээн мөнгөн шагналтай байна. Бусад тэмцээн зүгээр цэцэг, медальтай болчихсон. Монголын чөлөөт бөхийн холбоо ч гэсэн ялгаагүй мөнгө татдаг байгууллага болчихлоо. U23 тэмцээн зохиоход хүүхэд бүрээс 10 мянган төгрөгийн хураамж авах жишээтэй. Тэгсэн хэрнээ ямар ч медаль, шагнал байхгүй. Мөн шүүгч нараа цалинжуулж чадахгүй байна. Ийм байдалд чанаргүй хэдэн шүүгч шүүсэн болно. Жүдо бөхийн холбоо жилд гадны 10 гаруй тэмцээнд тамирчдаа явуулахдаа бүх зардлыг нь холбооноосоо гаргаж байгаа. Гэтэл манай холбоо гадны тэмцээнд явах тамирчдын зардлыг гаргаж дийлэхгүй болсон. Өнгөрсөн 2019 оны дэлхийн аваргын өмнө чөлөөт бөхийн тамирчид гадаадын гуравхан тэмцээнд орсон. Ярыгинд хүүхдүүд өөрсдийн зардлаар явдаг. Харин шигшээгийн хэдийг улсаас даасан байх. С.Батцэцэг хувийн зардлаараа Дон Коловд явсан. Түүний дараа нь бас Польшийн тэмцээнд явсан. 

-“Алдар” спорт хорооноос гадагшаа явж байгаа тэмцээний зардлыг гаргадаггүй юм уу?
-Төрөөс санхүүждэг болохоор БХЯ, “Алдар” спорт хороо тэр болгон зардал гаргадаггүй. Харин энэ жил спортын 18 төрлийн баг, тамирчид Хятадын Уханьд болсон цэргийн их наадамд оролцсон зардал мөнгө, хувцас, хоол ундыг БХЯ,  Жанжин штаб, “Алдар” спорт хорооноос гаргасан. 

-Гавьяат Г.Мандахнаран 65 кг-д барилдаад эхэлчихлээ. Энэ жиндээ олимпын эрх авч чадах болов уу?
-Г.Мандахнарангийн хувьд их дайчин, хөдөлмөрч, шартай, зорьсон зорилгодоо хүрч байж санаа нь амардаг онцлогтой. Баг хамт олноо удирдаад явчихдаг. Риогийн олимпоос хойш жин өгсөж, 70, 74 кг-д амжилттай барилдаж үзлээ. Түрүү жил 74 кг-д барилдахдаа дэлхийн аварга Цаболовтой оноо тэнцэж хожигдсон. Одоо эргээд 65 кг-даа барилдана гэхээр түүнд боломж, бололцоо бий. Бардам хэлэхэд, Монголд одоохондоо Г.Мандахнаранг ялах бөх алга. Токиогийн олимпод орох, орохгүй нь түүнээс шалтгаална. Жингээ зөв хасах ёстой. Бэлтгэлээ сайн тааруулах хэрэгтэй.

-С.Цэрэнчимэд өнгөрсөн дэлхийн аваргад тааруухан барилдлаа. Тамир муутай, нэг л сул, унжгар байсан. Гэтэл цэргийн наадамд арай өөр барилдаан гаргалаа. Бэлтгэл сургуулилалт нь таарч тохирохгүй байна уу?
-С.Цэрэнчимэдийг шигшээ багийн бэлтгэл дээр хааяа очиж хардаг байсан. Бэлтгэл нь давгүй л харагддаг. Гол алдаа нь жингээ хэтэрхий эрт, холоос барьчихсан болохоор тамир муутай барилдсан. Ийм үед хөдөлгөөнөө өөрөө удирдаж чадахгүй болчихдог юм. Санаа байгаа ч хурд нь биеийн хөдөлгөөн, бодол санаагаа гүйцэхгүй хөшингө  унтаа байдалтай болчихдог. Би өөрийгөө магтсан хэрэг болчих ч Цэргийн наадамд би С.Цэрэнчимэдийг бэлдсэн. Ямар үед түүний бэлтгэл таардаг гэдгийг гадарладаг хүний хувьд бэлтгэлийг нь зөв тохируулж, тааруулахыг хичээсэн. Тэр ч ёсоор болж, медаль хүртсэн.

-Ер нь тамирчин бүрийн бэлтгэл таарч, тохирох үе өөр, өөр байдаг уу. Та өдөрт хэдэн цагийн бэлтгэлтэй байдаг вэ?
-Хүүхэд бүрийн бэлтгэл өөр, өөр тэдний бэлтгэлийг тохируулж тааруулна гэдэг амаргүй ажил. Олон жилийн ажлын туршлага, практикийн явцад бий болдог зүйл. Би өдөрт тасралтгүй хүүхдүүдтэй ажиллаж байна. 09.00 цагаас бага насны хүүхдүүд, 11.00 цагаас том хүүхдүүд, эргээд 15.00 цагаас бага насныхан, 17.00 цагаас томчууд гэхчлэн хичээллэдэг. Нэгдүгээр сард УАШТ болдог. Түүний дараа нэг их удалгүй Ярыгины гранпри болно. Энэ тэмцээнд манай хүүхдүүд “Алдар” дээрээ бэлтгэлээ базааж ороод 4-5 медалийг авч чаддаг. Сүүлийн дөрвөн жил  “Алдар”-ын бөхчүүд багаараа улсын аварга болсон. Энэ миний дэвтэр дээр байна. Чи хар даа, 2018 оны улсын аваргаас гэхэд манай багийн 18 тамирчин медаль хүртсэн байна. 2019 онд Ярыгины тэмцээнээс С.Цэрэнчимэд алт, Э.Даваанасан мөнгө, Г.Мандахнаран мөнгө, Б.Батмагнай хүрэл, О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэн байгаа биз. Манай тамирчид “Алдар” дээрээ бэлтгэлээ хийхээр амжилт гаргаад байдаг юм. Шигшээ баг дээр очихоор бэлтгэл нь уначихаад байх шиг санагддаг. Магадгүй бэлтгэлийн өөр орчин, шинэ залуу дасгалжуулагчид гээд асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч хүүхдүүд сүүлийн үед шигшээ баг руу явах сонирхолгүй болчихоод байгаа. Тэнд ямар бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөөгөөр тамирчдыг бэлтгэж байгааг би мэдэхгүй. Тамирчид нь дасгалжуулагч нараасаа илүү эрх мэдэлтэй болчихсон юм шиг харагддаг. Дуртай үедээ бэлтгэлээ хийдэг. Дургүй үедээ амардаг, тийм хачин болчихсон. Тамирчдыг сахилга бат, хариуцлагатай байлгана гэдэг амаргүй л дээ. 

-Манай чөлөөтийн эрэгтэй тамирчдын амжилт яагаад ахихгүй байна вэ?
-За уучлаарай, эхлээд би чамаас нэг асуулт асууя. 2012-2016 оны олимпын мөчлөгт дэлхийн аваргаас хэдэн медаль авсан юм. Олимпод бүтэн багаараа эрх аваад орсон биз дээ. Одоо 2016-2020 оны олимпын мөчлөгт эрэгтэй баг тамирчид ямар амжилт гаргав. Сайн бодож харьцуулж үзээрэй. 2012-2016 оны олимпын мөчлөгт О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр хоёр дэлхийн аваргаас хэдэн медаль авч чадав. Зургаан медаль байгаа байх. Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Э.Ням-Очир, Б.Номин, П.Өнөрбат нар дэлхийгээс медаль хүртсэн. Үүнийг харьцуулж үзээрэй. 2019 оны ДАШТ-ээс эмэгтэйчүүд  медаль авсан. С.Батцэцэг гавьяатын амжилт байна. Олимпын жинд медаль хүртэж, олимпын эрх авна гэдэг том амжилт. Т.Тулга олимпын эрх авлаа. Өөр гялайж, гялтайх амжилт алга. Дасгалжуулагчдын ажлыг тамирчдын дэлхий, олимпод гаргасан  амжилтаар л хэмжинэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид
NPost.mn Үндэсний шуудан
Зорчигчдын анхааралд