Улаанбаатар 1c

Толгой хоргодох боломж ба ахадсан үнэтэй нийтийн байр

Нийтийн байрны нэг сарын төлбөр 150-250 мянган төгрөг байна

Нийслэлд борооны дараах мөөг шиг олширч байгаа зүйлийн нэг гэвэл яах аргагүй нийтийн байр. Гудамж талбайн булан тохой, зарын сонин, автобусны буудал дээр “Нийтийн байранд өрөө хөлслүүлнэ” гэсэн бичиг олонтаа харагдах болжээ. Энэ талаар сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах хашаандаа дотуур байр хөлслүүлдэг газрыг зорилоо.
Жижигхэн хашаатай учир байрныхаа үүдний хаалганд бараг тулгачихсан, нийтийн жорлонтой, нүүрсний хог, тоос тортогт дарагдсан орчин угтав. Хаалга нь салж унах шахсан дараалсан гурван нүхэн жорлонгийн хажууд муу усны нүх харагдах бөгөөд бохир нь дүүрэх дөхжээ. Энэ чигтээ удвал муу ус нь гадагш хальж, мөсөн дээр өвөлжих янзтай. Энэ байрны нэг сарын түрээс 200 мянган төгрөг гэнэ. Дотроо долоон өрөөтэй бөгөөд нэг өрөө нь 3х3 метрийн хэмжээтэй. Дотоод байдалтай танилцах гэсэн боловч ихэнх өрөө нь цоожтой, түрээслүүлэгч нь гарч ирээгүй юм. Нийтийн энэ байранд дунджаар 1-4 хүн амьдардаг аж. Гэрэл, цахилгааны асуудал нь ч маргаантай. Зарим цахилгааны утас нь ил харагдаж байлаа. Иймэрхүү нийтийн байрыг ихэвчлэн дотуур байрандаа орж чадаагүй оюутнууд хөлсөлдөг байна. Амьдрах орчин ч дүүрч гээд хотын төвд сургуульдаа ойрыг нь сонгож байгаа нь энэ. 
Дараагийн зорьсон газар бол Чингэлтэй дүүрэг, XI хорооны нутаг 32-ын тойрог байлаа. Энд нийтийн байрнууд шил шилээ дараад л хэдхэн алхмын наана цаана олноор байрлажээ. Бараг л айл бүр хашаандаа нийтийн байр барьчихсан гэхэд хилсдэхгүй. 32-ын тойргийн автобусны баруун буудлаас дээш өгсөөд нэг давхар улаан тоосгон байшингийн гадаа очлоо. Дотогшоо орвол айлууд хатаагчинд өлгөсөн хувцсаа коридорт тавьжээ. Угаасан хувцсаа гэр дотроо хатаая гэвч чийг татаж, шавж үүрлэх нь ойлгомжтой аж. Энд нийт 13 айл байх бөгөөд хамгийн наад захын өрөөний хаалгыг тогштол залуухан эмэгтэй гарч ирэв. Тэр Баянхонгор аймгийнх бөгөөд ажил хийх зорилгоор нийслэлд ирсэн гэнэ. 

Ингээд түрээслэгч Т.Мөнхцэцэгээс зарим зүйлийг асуулаа. Тэрбээр “Өмнө нь нөхрийнхөө найзынд байдаг байсан. Айлд удаан сууна гэдэг хэн хэндээ хэцүү. Тийм болохоор яалт ч үгүй түрээсийн байр хайхаар болсон. Нэлээд удаан хайж явсан. Тэгээд энд иртэл ганцхан өрөө үлдсэн, сарын түрээс 150 мянган төгрөг гэсэн. Цахилгаан, хогны мөнгөтэйгөө нийлээд нийт төлбөр нь 180 мянган төгрөг болдог. Халаалттай, гаднаа нойлтой, худагтайгаа ойрхон. Энд нийтийн байр замбараагүй олон. Нэг сарын түрээс нь голдуу 150-230 юм билээ” гэв. Мөн “Өмнө нь кино үйлдвэрт байрлалтай нийтийн байранд хоёр, гурван сар амьдардаг байсан. Ялгаа байхгүй 3х4 хэмжээтэй хэрнээ дотроо ариун цэврийн өрөөтэй бол үнэ нь өсчихдөг. Тухайн үед түрээс нь 250 мянга байсан. Орой үдэш зодоон, шуугиан тасрахгүй хэцүү. Одоо бол нам гүм, амар байна” хэмээн ярилаа. Шинэхэн хосууд орон сууц худалдаад авъя гэхээр чадал нь хүрэхгүй, түрээсэлье гэхээр цалин мөнгө нь хүрэхгүй, аргагүйн эрхэнд хямд төсрөөр нь нийтийн байрыг сонгосон нь энэ. Эднийх гадна, дотроо камертай. Өрөө хөлсөлдөг иргэдээс ямар хүмүүс байдаг тухай асуувал залуу гэр бүл олноор байдаг тухай учирлав. Харин “13 айлын түрээсийн нийт төлбөр амжиргаанд хүрэлцэхгүй байна. Өвөл нүхэн жорлонгоо ухуулна, түлээ түлшээ авна, зарлага их гардаг” хэмээн ярих хүн бол уг байрны түрээслүүлэгч. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн бөгөөд зэргэлдээ орших нийтийн гурван байрыг түрээслүүлдэг аж. Уг байруудын эзэд нь гадаад руу явсан гэх бөгөөд өөрөө сарын 800 мянган төгрөгийг түрээсэнд өгдөг гэнэ. Тэр хэлэхдээ “Нэг сарын төлбөр 150 мянга гэдэг бага үнэ. Иргэдийн амьжиргааны түвшинд тааруулсан гэж бодож байгаа. Нэг өрөөнд 2-3 хүн бий. Зургаан цагийн зайтай галлагаа хийдэг. Долоо хоногт нэг тонн түлш авдаг. Сард 600 мянгаар түлш авдаг гэсэн үг. Нүхэн жорлонгоо сард хоёр удаа ухуулна. Нэг удаагийнх нь 150 мянга. Дээрээс нь энэ байрны эзэнд түрээсийн мөнгө гэж сард 800 мянган төгрөг өгдөг. Нөхөр, охин хоёр ажил хийдэг тулдаа л амьжиргаагаа болгож байна” гэв. Үргэлжлүүлээд “Би энд долоон жил ажиллаж байна. Аятайхан газар ажил хийе гэхээр 40 настай гээд авдаггүй. Эхний хоёр жил түрээслэгчид зодоон, цохион хийгээд цагдаа сэргийлэх салдаггүй байлаа. Сүүлийн таван жил асуудал гаргах нь бага болсон. Түрээслэгчидтэй чангахан шиг хандаж, дэг журамтай байхгүй л бол тэд цэвэрхэн байж чаддаггүй. Янз бүрийн асуудал гаргадаг. Нэг удаа нойлд тамхи татаж байгаад гал гаргаад зугтаачихсан. Хүмүүс танайх л төлбөрөө сар сард нь авч байна гээд ирдэг. Түрээсийн төлбөрөө нэмэх бодолгүй байгаа” хэмээн ярилаа. 

Дараа нь Дарь эхийн дунд буудалд байрлах нийтийн байраар орлоо. Бүх өрөө нь 4x4 хэмжээтэй. Тэнд жижигхэн зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц хоёр цүнхтэй хувцас, усны сав харагдлаа. Ер нь хаа газрын нийтийн байрны амьдрал иймэрхүү. Үүнээс илүү дутуу эд хогшил хэрэглэмээр байсан ч багтахгүй болохоор яалтай. Нийтийн байрны үнэ 150-250 мянган төгрөгийн хооронд байна. Тэгэхдээ энд зөвхөн саарыг ярихаас гадна сайхан тохижуулсан нийтийн байрууд ч байна. Түрээслэгчийнхээ ая тухтай байдлыг хангасан өрөө болгондоо хэрэглээний ус, бие засах газартай нийтийн байрууд ч бий болжээ. Гэхдээ үнийн хувьд арай өндөр. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө арван сараар гэрээ байгуулж авна гэсэн шаардлагатай. Харин 100 айлын “Жоби” дэлгүүрийн ард 15 метр кв өрөө хөлслүүлнэ гэсэн зарын дагуу сонирхон очиход цэвэрхэн орчин угтлаа. Энэ нь хэдийгээр жорлон, ус нь гаднаа ч төвийн шугамд холбогдсон болохоор өвлийн улиралд маш дулаахан байдаг аж. Төлбөрийн хувьд 200 мянган төгрөг. Гандантэгчинлэн хийдийн орчимд очоод зарын дагуу утсаар ярилаа. Туулын аравдугаар гудамжинд байрлах нийтийн байрыг нь заалгаж авав. Нийтийн байр гэхээр л хоёр давхар, улаан тоосгон, багадаа л 5-6 цонхтой урт байшин байх ёстой гэж төсөөлсөн маань талаар болж, өнөөх байраа олох гэж багахан төөрөв. Энэ байр ердөө хоёр давхар байшин. Нэгэнт утсаар ярьж, хөлслөх өрөө хайж байгаагаа хэлсэн учир шууд дотогш орж, эзэнтэй нь уулзлаа. Хоёр жилийн өмнө айл амьдарч байгаад гарсан, одоо нийтийн байраар ашиглах тухай биднийг тоссон эмэгтэй хэлэв. Гэхдээ л хүнд түрээслэх гэж байгаа гэхэд ямар ч тохижилт байхгүй, хог новшоо овоолоод хаячихсан харагдсан. Бүх өрөөнийх нь хана чийгтэж, мөөнгөнцөртсөн, таазнаас нь ус гоождог бололтой шарлаж, халтарджээ. Долоон буудалд байрлах нэг давхар нийтийн байранд очиход мөн л гаднаа жорлонтой давчуухан хашаа угтлаа. Энэ байр дотроосоо галладаг юм байна. Өнгөрсөн жил түрээслэж байсан иргэд нь зун өрөөнөөсөө гарчээ. Тиймээс түрээслэх хүн хайж, саяхнаас таван хүн ороод байгаа гэнэ. Тэднийх гаднаасаа усаа зөөдөг, өөрсдөө гал түлдэг учраас түрээсийн хувьд харьцангуй хямд. Сарын төлбөр нь 100 мянган төгрөг гэлээ. Байрны эзэн болох залуу “Өнгөрсөн жил хороо, дүүргээс шалгалтаар хүн ирсэн. Тэгэхээр нь бид өөрсдөө түрээслэгчид нь байгаа юм гээд буцаасан. Орлого олдог гэсэн утгаараа ямар нэгэн татвар авдаг байж магадгүй” гэлээ. Цааш явж Долоон буудлын баруун талд байрлах нийтийн байраар орлоо. Уг байр хоёр давхар, 24 айл амьдардаг юм байна. Хашаагаар нь оронгуут эр, эм гээд биччихсэн модон жорлон харагдав. Хоёр давхарт байрлах хамгийн наад захын өрөөний түрээслэгч Т.Наранзул Сонгинохайрхан дүүрэгт, Баруун салаад амьдардаг аж. Харин энд байр түрээсэлж буй учир нь ажлын байртайгаа ойртохын тулд гэнэ. Өөр нэг шалтгаан нь сайжруулсан түлшний угаарын хийд хордохвий гэхээс айсан аж. Тэрбээр “Өнгөрсөн аравдугаар сараас байр түрээсэлж эхэлсэн. Энэ жил түрээсийн байр хайсан хүмүүс олон байна. Манай өрөө 2х2 хэмжээтэй. Хоёр хүнд болоод л байна. Одоо ер нь түрээсийн байранд хоёроос дээш хүн авахаа больсон. Түрээсийн байр гэдэг хувь хүний мэдлийнх учир эзэд нь өөрсдийн дураар үнэ тогтоож, дүрэм журам гаргах нь их. Өнгөрсөн жил сарын 200 мянган төгрөгийн төлбөртэй байр түрээсэлдэг байхад тог, устайгаа нийлээд 250 мянга болчихдог байсан. Уг нь өдөржин ажилтай, гэртээ нэг их байхгүй үед урсгал зардал тэгж их гардаг байлаа. Энэ байрны хувьд урсгал зардал ороод нийт төлбөр 150 мянга. Хажуу өрөөнд нэг залуу байдаг юм. Өрөөний тасалгаа гэж дундуур нь нэг панер татчихсан болохоор дуу шуу их сонсогддог. Зарим нь бараг чимээ гаргахаасаа эмээнэ. Нүхэн жорлон ухуулах мөнгөнд айл бүр сард 1000 төгрөг өгдөг” хэмээн ярилаа. Мөн “Манайх төслийн зуухтай, шинээрээ байгаа. Ажлаасаа ядарч очоод ухаангүй унтана. Угаартчихвал яана гэж бодоод нийтийн байр түрээслэх болсон. Өнгөрсөн жил нийтийн байрны эрэлт энэ жилийнх шиг их байгаагүй. Хүмүүс түрээслэх байр асууж их ирдэг” гэв. 
Өөрийн гэсэн орон байртай болж амжаагүй иргэд түр амьдрах газар түрээслэх нь цөөнгүй. Нийтийн байр, хажуу өрөө, нэг өрөө гээд санхүүгийн боломжиндоо тааруулан сонгож амьдарна. Сар хүрэхгүй хугацааны дараа оюутнууд хөдөөнөөс ирнэ. Тэд ч мөн түрээслэх байрны эрэлд гарна. Эрэлт нэмэгдэхийн хэрээр байрны үнэ өсдөг гэх. 

Түрээсийн байрны эрэлт их байна

Нэгээс дээш өрөө түрээслэх бол үнэтэй. Харин нийтийн байрны хувьд халуун ус бас ариун цэврийн  өрөө нь гаднаа, өөрөөр хэлбэл, амьдрахад тохь муутай. Иймээс боломжит үнэ, тав тухаа бодвол хажуу эсвэл нэг өрөө гэсэн сонголт үлдэж байгаа юм. Хажуу өрөө буюу бидний хэлж заншсанаар халаасны өрөө болон нэг өрөө байр энэ жил ямар үнэтэй байгааг мэдэхээр зарын сонин авч үзлээ. Сонин худалдаанд гараад гуравхан цаг өнгөрчээ. Байр түрээслэх зарын хэсгийг дэлгээд эхнээс нь утас цохив. Гэвч ихэнх нь түрээслэх эзнээ хэдийн олжээ. Үүнээс байр түрээслэх эрэлт ямар их байдгийг мэдэж болмоор. Үлдсэн байруудын хувьд бүгд нэг ижил шаардлага тавьж байлаа. Тэр нь байрны түрээсийн мөнгөө бөөнд нь буюу 6-10 сараар төлөх байв. Байршлаасаа шалтгаалан өөр өөр үнэтэй байгаа хэдий ч төлбөрийг бөөнд нь төлөх гэдэг бол өөрийн гэсэн орон гэргүй болон оюутан залууст боломжгүй зүйл.

ДОЛООН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТҮРЭЭСИЙН ҮНЭ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн долоон жил түрээсийн байранд амьдарч байгаа Э.Цэрэндолгортой хэсэг ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ “Хамгийн анх байр түрээсэлж байхад  “Хүнсний 4”-д нэг өрөө байр 250 мянгатай байсан. Одоо бол хотын төвд хамгийн багадаа л 550 мянга байна. Гэхдээ төлбөрөө жилээр авна гэдэг болсон байна лээ. Үнийг нь дийлэхээ байгаад одоо Ганданд нийтийн байранд амьдарч байна. Нийтийн байранд сардаа 150 мянгыг төлдөг. Хямдхан ч гэсэн ээж маань настай хүн шөнө орой гарч бие засахад хэцүү. Тэгээд залуу хүмүүс байвал шөнө архидаад унтахгүй, ер нь их тухгүй дээ. Бид чинь ийм л орчинд аж төрж байна даа” хэмээв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид