Улаанбаатар 1c

Тө.Бямбасүрэн: Найргийн наадмын дараагийн даваанд шүлгээ уншсан бол хүмүүсийн дургүйг хүргэсэн мөр ч таарах байсан

Залуу яруу найрагч Тө.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт  хүний их эмчээр ажилладаг юм.

-Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд шүлгээ уншсан. Хэдэн жил шүлгээ өгч байж  “Болор цом”-ын тайзнаа гарав?
-Анх удаагаа шүлгээ өгсөн. Намайг залуу шүлэгч болохоор дэмжээд тэнцүүлсэн болов уу. Манай үеийнхнээс цөөхөн нь шүлгээ өгсөн юм билээ. Энэ жил “Болор цом”-д орно гээд ээждээ хэлчихсэн байсан.

-Найргийн наадамд уншсан шүлэг тань яруу найраг сонирхогчдын сэтгэлд хүрсэн. “Болор цом”-ын тайзанд гарахад ямар мэдрэмж төрж байв?
-Яруу найрагч Б.Мягмаржав агсан Зуунмодод болсон “Болор цом” наадамд түрүүлчихээд “Би энэ наадамд унаж, босож хорин жил оролцлоо” гэж хэлсэн нь санагдаж байлаа. Мөн яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Наадмаас хасагдчихаад гуньж байгаа нөхдөөс минь илүү түрүүлээд баярлаж байгаа нөхөд өрөвдөлтэй харагддаг” гэсэн нь санагдсан. Ер нь төвлөрч чадахгүй л байлаа. Уншсан шүлэг маань гүн утга агуулга гэх юмгүй, энгийн сэтгэлийн өгүүлэмж болохоор хүмүүст их хүрсэн байх.

-Анхны шүлгээ хэдэн настайдаа бичиж байв. Энэ зам руу хэн хөтлөн оруулсан бэ?
-Анхны шүлгээ нэгдүгээр ангид байхдаа бичиж байсан. Урлагийн үзлэгээр “1б ангийн сурагч Тө.Бямбасүрэн өөрийн зохиосон шүлгийг уншина” гээд л зарлана. Дунд сургуулиа төгстлөө тэгж зарлуулсан даа. Би уран уншихдаа муу хэдий ч “өөрийн зохиосон” гэж зарлуулсаар байгаад уран уншлагад дандаа түрүүлдэг байсан (инээв). Тэр үед нутаг, ус, Чингис, Мандухай, Хүннү, Сүннү л их бичдэг байж. Одоо бол өөрийгөө сэтгэлгээний өөр түвшинд хүрсэн гэж бодож байгаа.

-“Болор цом” яруу найргийн наадамд уншсан шүлгээ хэзээ, хэрхэн бичиж байв?
-“Энгийн өглөөний дуун” гэдэг шүлгээ эгчийгээ амаржсаны маргааш бичсэн. Монгол хүмүүс их сонин шүү дээ. Шинэ хүн төрөхөөр л манай түүний, үүний сүнс гээд л, өөд болсон хүмүүсээ эргэн ирсэн мэт ханддаг. Өөр газар тэгдэг юм уу, мэдэхгүй. Тэгээд л би “Хорин хэдэн жил эгч, бид хоёрыг хэн хайрлаж, хоёргүй сэтгэлээр хандав. Тэр хүмүүсийн ачийг хэрхэн хариулах билээ” гээд олон юм бодсон. Бидний өдий зэрэгтэй яваа нь өсгөж өндийлгөсөн тэр хүмүүсийн ач шүү дээ. Тэд минь дэргэд байсан бол хэчнээн сайхан. Тэгээд тэдэндээ зориулж, бурхан шиг нөмөр нөөлөгтэй тэр л хүмүүсийн ачийг бага боловч хариулах сан гэсэн сэтгэлээр бичсэн дээ.

-Яруу найраг анх цаасан дээр бичигдэхээсээ авхуулаад цаг өнгөрөх тусам шинэчлэгдэж байдаг зүйл. Чиний хувьд өнөө үед яруу найргийн шинэчлэл хэрхэн хийгдэж байгаа гэж боддог вэ?
-Би яруу найргийг шинэчлэх юм сан гэж бодож байгаагүй. Шинэчлэл хэрхэн явагддаг тухай ч сонирхож үзээгүй. Харин хүний бичсэн зүйлсийг давтахгүй юм сан гэж боддог. Тэгж бодож байгаа цагт шинэ юм бичих өдөр ирэх байх.

-“Болор цом” наадмын дөрөвдүгээр шатанд тэнцсэн бол ямар шүлэг уншина гэж бодож байсан бэ?
-Хэрвээ дараагийн шатанд тэнцсэн бол мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш бичсэн шүлэг унших байсан. Би энд түргэн тусламжийн эмчээр ажиллаад их зүйл мэдэрч байгаа.  Уншина гэж бодож байсан шүлэг маань. “Аmbulance 9” гэдэг нэртэй.
Утга санаа гэхээсээ илүү өгүүлэмж нь “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” гэдэг романтай төстэй. Тэр романд гардаг “Гуйя, энэ хараал идсэн генээ өөртөө хадгалж байгаад үр хүүхэд үлдээлгүй үхээрэй, тэгж л хүн төрөлхтөнд тус бол” гэдэг. Би анх энэ өгүүлбэрийг ямар заваан юм бэ гэж бодож байлаа. Гэтэл Монголд чинь бүр сэтгэцийн эмгэгтэй гэж оношилсон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүддээ хүчээр шахуу жирэмснээс хамгаалах ерөндөг тавьчихдаг юм билээ. Мэдээж эмч нарын хурал хийж, ар гэрийнхэн, асран хамгаалагчийнх нь саналыг асуудаг. Гэхдээ өөрөөс нь асуудаггүй. Энэ тэгээд өөрт нь хэлчихсэнээс ялгаа байна уу даа. Тийм л өгүүлэмжтэй. Ийм утгатай шүлгээ уншаагүй нь ч болсон юм. Яагаад гэвэл яруу найргийн наадам шүү дээ. Наадамд олон түмнийг цэнгүүлж чадсан нь ялагч болох ёстой. Хэрвээ би дараагийн даваанд уншсан бол ямар санагдах байсныг мэдсэн.

-Найргийн наадамд хэний шүлэг дулаан, халуун мэдрэмж төрүүлж байв?
-Яруу найргийн наадмаас сэтгэлд үлдсэн хүн гэвэл дэд байрын эзэн Балдансодномын Энхжаргал ах байна. Хайрламаар хүн дээ. Хоёрын даваанд уншсан шүлэг нь дараа нь ч чихэнд цуурайтаад байсан. Би энэ хүнтэй 2019 онд Хэнтий аймгийн Батширээт суманд танилцаж, номоо дурсгаж байлаа. Малынхаа бэлчээрт шүлгээ бичиж, үр хүүхэд, ач, зээгээ өсгөж яваа буянтай буурай шиг санагддаг. 

-“Болор цом” хэл ам их дагуулдаг. Энэ наадмын талаар өөрөө ямар бодолтой явдаг вэ?
-Энэ наадам яруу найргийн хөгжлийг тодорхойлохгүй ч, тус наадмаар яруу найргийн амжилтыг төсөөлдөг олон хүн байгаа шүү дээ. Жишээ нь, манай эмээ, хөөрхий нагацууд минь байна. “Амьд явахад “Болор цом”-д хүүгээ харна” гэж хэлдэг байсан. Хэдий дэргэд минь байхгүй болсон ч хүслийг нь биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ жилийн хувьд сайхан наадам боллоо. Нас залуу байна, цаашдаа хичээнэ. Бичих ч юм их байна.

-“Ambulance” хэмээх цуврал шүлэг бичих болсон талаараа яриач?
-Би оршуулгын газар очихоосоо илүү махны зах руу орох дургүй. Үнэр, байгаа байдал нь айдас төрүүлдэг. Багадаа нэг удаа ээжтэйгээ хамт ороод үнхэлцгээ хагартал айсан. Энэ нь сэтгэлийн гэмтэл болоод үлдчихсэн юм шиг заримдаа санагддаг. Гэтэл түргэний эмч болоод жинхэнэ утгаараа цогцостой нүүр тулсан. Яг л тэр багадаа мэдэрсэн махны захад очсон юм шиг санагдсан. Тиймээс энэхүү шүлгүүдийг бичиж эхлээд байгаа. Хэрвээ энэ шүлгүүдээс “Болор цом” яруу найргийн наадамд уншсан бол хүмүүсийн дургүйг хүргэсэн мөр ч таарах байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид