Улаанбаатар 1c

Л.Оюун-Эрдэнэ: “Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна

Улс төр:
NPost.mn
2020-01-24 10:23

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлтээ гаргасан. Энэ дагуу хууль тогтоох байгууллага уг гэрээг сайжруулах чиглэлээр тогтоол баталсан билээ. Эл ажлын хүрээнд Засгийн газраас комисс байгуулсан байна. Уг комиссын анхны хуралдаан өчигдөр болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг ямар шийдвэр гаргасан бэ?
-Засгийн газрын комисс саналуудаа нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүд байгуулсан. Үүнд хугацаа их орох ажил юм билээ. Тиймээс алийг нь нэн тэргүүнд авч үзэх вэ гэдгээ ярилцсан. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгааг дотоодоос хэрхэн нийлүлэх вэ гэдгийг тавих санал боловсруулж байна. Татварын маргааны асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу яаж шийдэх талаар ажиллаж байна. Шаардлагатай бол Арбитрын шүүхэд хандахыг  үгүйсгэхгүй. Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн гэрээтэй холбоотой маргаан шүүх дээр явж байгаа. Энэ удаагийн уулзалтаар уг асуудлыг дүгнэж ярилцсан. Мөн энэ гэрээг цаашид хэрхэн сайжруулж, хууль тогтоомжид нийцүүлэх вэ гэдэгт тусгай ажлын хэсэг байгууллаа. “Рио Тинто” үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна “Туркойз Хилл” болон бусад компани бий. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компанитай хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт цаашаа явах ёстой. Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналтай байгаагаа ярьсан. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд тэр хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулж болох юм. 

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?
-Энэ тохиолдолд нийгмийн хариуцлагын сан байгуулж, Монгол Улсын Засгийн газарт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар ярьсан. Бид тийм төслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгнө. Үндсэн гэрээтэй холбоотой асуудалд дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой. Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө. Тэдэнтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийнэ. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчсөн зүйлүүд бий. Бид байр сууриа нэгтгээд “Рио Тинто”-той зөвшилцлийн ширээний ард сууна.

-Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө гэж байна. Нэг ёсондоо ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж,  өөрчилнө гэсэн үг үү?
-Энэ асуудлыг ярьж байгаа. Одоогоор манай талаас ТУЗ-ийн гуравхан гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийнх  байх ёстой. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүдээс шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз.

-Хөрөнгө оруулагч тал асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газар ямар санал тавих нь манай асуудал. Бид хувьцаа эзэмшигч. Би ажлын хэсэг байгуулахаас өмнө нэг удаа уулзаж, хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр улстөрчидтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байх саналыг хэлсэн. Шулуухан хэлэхэд өмнө нь Төрийн ордонд орж ирээд уулзалт хийдэг, орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулздаг байсан нь нууц биш. Үүнээс болж л Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудлыг шахалтад орж захирамжаар хийснээс болж алдаа гарсан. Санхүүгийн тооцоолол дээр дутуу хандсан зүйл бий. Харин “Рио Тинто”-гийнхон олон улсын түвшинд ил далд ямар нэг хэлбэрээр сурталчилгаа хийхгүй байх саналыг тавьсан. Хэрэв ингэсэн тохиолдолд итгэлцэл алдах болно шүү гэдгийг хэлсэн.

-Энэ Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард сууж амжих уу?
-Энэ асуудлыг нэг хоёрхон сарын хугацаанд шийдэх боломжгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж үүнийг шийднэ. Нэг төвөгтэй зүйл байгаа нь маргаан үүсэх бүрт арбитрт очих гэрээ байгуулчих аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид