Улаанбаатар 1c

Бөөрний эмч Б.Бямбадаш: Эрхтэн шилжүүлэн суулгах анхны багт ажилласнаас хойш 200 гаруй хүнд бөөр шилжүүлээд байна

Өөрийнхөө тухай ярих гэхээр үг нь цаашаа орчихдог, бөөр ярихаараа нүд нь сэргээд ирдэг энэ эрхмийг Б.Бямбадаш гэдэг. Тэр бол хорь гаруй жилийн тэртээ нийтээрээ төрийн албанаас зугтаж, сортоотой хэд нь ганзагын наймаанд мордож асан, эдийн засгийн чадал, техник технологийн хөгжил аль аль нь сул, хүндхэн цаг үед хүнээс хүнд эрхтэн шилжүүлэн суулгана гэсэн итгэхэд бэрх зүйл ярьж явсан “солиотой” нөхөр. Яриад зогсохгүй хийчихсэн, тэгсэн хэрнээ Монголын анагаахын салбарт тэсрэлт болсон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны шавыг тавилцаж, бэлтгэл ажлаас нь эхлээд бүх зүйлд гар бие оролцон, түүчээлснээ тэр бүр яриад байдаггүй даруухан нь дэндсэн хүн. Энэ тухай нь асууж шалгаахаар “Бэрхшээлгүй ажил гэж хаана байх вэ” гэсхийгээд үгээ залгичихдаг түүнээр өөрийнх нь тухай яриулах амаргүй ажээ.
Хүний эмчийн хүндтэй мэргэжлийг эзэмшиж, Бат-Очирын гэдэг овгоо Бөөрний болтол эрүүл энхийн манаанд 33 жил зогсож буй Бямбадаш эмч Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул. “Цогт тайж” кинонд Лигдэн хаан Чингисийн тамгыг нууж байгаагаар гардаг Дуутын хар хадны ёроолд хүй дарсан тэрбээр Бат-Очирынх хэмээх өнөр бүлийн дөрвөн хүү, таван охины ууган нь юм билээ.
“Бат-Очирынх таван ханатай цагаан гэртэй, цэвэр цэмцгэр, тохь тухтай, яриа хөөрөө, унд ус сайтай болохоор хол ойрын зочин гийчний хөл тасардаггүй байсан” гэж нутгийн хөгшид одоо ч ярьдаг юм. Аав, ээж минь нэгдлийн мянган хонь малладаг, олон жил сум, аймаг, улсын аварга болсон, ажилсаг хөдөлмөрч, нутаг усандаа нэр хүндтэй хүмүүс. Ээж цэвэрч нямбай, аав малч, тэр хэрээрээ манайх амьдрал ахуй өнгөлөг өөдрөг айл байсан. Аль ч нийгэмд ажилсаг хүмүүс амьжиргаа сайтай байдаг хойно. Сум, нэгдлийнхэн төвөөс ажлыг нь шалгахаар ирсэн төлөөлөгчийг нутгийнхаа хамгийн ажилсаг айл, сайн малчныдаа дагуулж ирж, нүүр тахалдаг байв шүү дээ. Манай суманд ирсэн төлөөлөгчдийг манайд л дагуулж ирдэг сэн.

Би хөлд орохоосоо хурга, ишигний араас гүйж, хонины хотонд өссөн. Нэгдэл нийгмийн тэр олон малын хажуугаар хүүхдүүдээ эвийлж бөөцийлөөд байх боломж ч хомс байсан биз. Тэр үеийн хүүхдүүд эрийн сайндаа хүн болдог байсан гэхэд хатуудахгүй.  Дүү нар минь жил дараалан төрсөн болохоор томчууд нь хар нялхаараа ээжийн өврөөс гарч, зөнгөөрөө хүн болсон доо. Мянган мал маллана, тэр олон богийг төллүүлнэ гэдэг амар ажил биш. Өнтэй сайхан өвөл байхад зудтай хатуу нь ч ээлжилнэ. Бага гэлтгүй хүн бүр малын ажилд оролцоно шүү дээ. Найман нас хүртлээ малын дэргэд байж, халтайхдаа халтайж, унаж босохдоо унаж босож, хонь, хурга эргүүлж яваад сургуульд орсон. Наймдугаар ангиа сумдаа төгсөөд, аймгийн арван жилийн сургуульд очсон” гэж Монголын бөөрний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Б.Бямбадаш эмч бага насныхаа тухай хуучилсан.

-Анагаахын мэргэжилтэй болсон нь таны өөрийн сонголт байв уу, санамсаргүй тохиол уу?
-Би айлын том, өвөө, эмээгийн амины хүүхэд байлаа. Манай сумын бага эмч Лхамаа гуай гэж өвөөгийн найз, их сайхан хүн байсан юм. Лхамаа эмч сумдаа жигтэйхэн нэр хүндтэй, нутгийнхан залуу эмч нарыг тоохгүй, Лхамаа эмчээр л үзүүлнэ гэнэ. Эмч хүрэн богцтой эм, тариа ганзагалаад айлуудаар явж үзлэг хийнэ. Тэгж яваад манайд ирж өвөөтэй хууч хөөрч хононо. Хөдөөний хүүхэд болохоор ч юм уу, надад эмч хүн их цэвэрхэн, сайхан харагддаг байв. Тэр тусмаа Лхамаа эмчийн биеэ авч яваа байдал, харилцаа хандлага нь шал өөр. Сайхан ааштай, гоё гоё юм ярина. Хүрэн богцон дахь чагнуур, даралтны аппарат, эм, тариа нь тун онцгой сэтгэгдэл төрүүлдэг сэн. Тэр хүнийг харж биширсээр байгаад “Лхамаа эмч шиг хүн болох юм сан” гэсэн бодол суучихсан болов уу.

-Анагаахын дунд сургууль төгссөн гэсэн. Дээд сургуульд орж чадаагүй юм уу?
-Манай аймаг олон сум, сангийн аж ахуйтай байлаа. Намайг аравдугаар анги төгсдөг жил 500-гаад хүүхэд элсэлтийн шалгалт өгсөн. Би 500 гаруй хүүхдээс арав орчимд бичигдсэн гэхээр уг нь сурлагаар тийм ч муу байгаагүй шиг. Намайг хуваарь сонгохоор ороход гадаадын таван хуваарь үлдсэн, дотоодынхоос ХАДС-ийн зоотехникчийн ангиас бусдыг хүн аваагүй байсан. Таних, танихгүй олон багш, тэр олон хуваарийг хараад сүрдэж балмагддаг юм билээ.
Тэр жил их хатуу хавар болсон юм. Нэгдлийн олон мал төллүүлэх гэж зутарч байсан аав, ээж хоёр юун намайг гэх манатай. Би дотуур байранд байж байгаад өөрөө ирээдүйгээ шийдэх гээд орж байгаа нь тэр. Хуваарь сонгох гэж юу болдгийг мэдэхгүй, ер нь ирээдүйн амьдралаа шийдэж байна гэдгээ ч бүрэн ухамсарласан юм уу, үгүй юу нөхөр тэнд зогсож байгаа шүү дээ. Нэг харахад бүгд сайхан санагдаад, нөгөө бол бүгд дэмий оргиод, алийг нь сонгохоо шийдэж чадахгүй хэсэг зогсов. Анагаахийн дээдийн хуваарь байгаагүй болохоор ямар сургууль сонгохоо шийдэж чадахгүй тээнэгэлзэж хэсэг зогстол тэнд байсан хүмүүс “Хурдан сонгоорой, ард чинь олон хүүхэд байгаа” хэмээн шавдуулж, би ч сандарсандаа Дорноговийн Анагаахын дунд сургуулийг авъя гэчихсэн. Малчин аав, ээжтэй хөдөөний хүүхэд болохоор “Нэгэнт хүний эмчийн хуваарь байхгүй юм чинь малын зоотехникч болдог юм уу” гэж тэрүүхэн хооронд бодоод амжсан ч “Лхамаа эмч шиг хүн болно” гэсэн бодол маань дийлээд Анагаахын дундыг сонгочихсон хэрэг.
Ингээд дээд сургуульд биш, Анагаахын дундад орчихсондоо жаахан хямарч, заавал Анагаахын дээдэд орно гэсэн тангараг өргөх шахуу юм болж явсан үе бий. Энэ маань нөлөөлсөн үү, Дорноговийн Анагаахын дунд сургуулийн эх баригч, бага эмчийн ангид орж, нэгдүгээр курсээсээ шууд гурав руу үсэрч, дөрвөн жилийн сургуулийг гурван жилд төгссөн. Ингэхдээ дандаа онц сурч, оюутны стипенд, Сүхбаатарын цалин нийлээд сард 500 төгрөг авдаг оюутан байлаа. Энэ их мөнгийг хөдөө орон нутагт ганц бие оюутан хүүхэд юунд үрэх вэ дээ, идэж, эдэлж барахгүй. Оюутны амралтаар ирэхдээ бүх ах дүү, хамаатан садандаа хоёр, гурван чемодан дүүрэн бэлэгтэй ирдэг байж билээ. Анагаахын дунд сургуулиа онц төгсөөд шууд АУДС-д орж, зорьсондоо хүрсэн дээ.

-Эх барихын чиглэлээр сурч эхэлсэн хүн яаж яваад бөөрний эмчээр мэргэшчихэв?
-АУДС-ийг 1987 онд төгссөн. Би тавдугаар курсийнхээ хоёрдугаар хагаст Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт дадлага хийж, эмчийн туслахаар ажилласан юм. Тэгэхэд эмч нар намайг сүрхий тоож, “Манай нутгийн сурлага сайтай, сайн хүүхэд төгсөж байгаа” гэсэн яриа гарчихсан байсан. Төгсөхөд сумаас “Сумынхаа хүүхдийг бид авна” гэсэн бичиг ирчихсэн, аймгийн Эрүүл мэндийн газраас ч “Манай Нэгдсэн эмнэлэгт хуваарилж өгнө үү” гэчихсэн, намайг булаацалдаж байв шүү дээ.
Гэтэл тухайн үеийн Эрүүл мэндийн сайд, Ардын эмч, Гавьяат багш, доктор, профессор Ч.Цэрэннадмид агсан тушаал гаргаж, намайг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хуваарилсан. Манай төгсөлтөөс хоёр хүүхэд Нэгдүгээр эмнэлэгт хуваарилсан юм. Сурлага, хүмүүжил, янз бүрийн зүйлийг нь харж, боловсон хүчнээ сайдын тушаалаар томилдог цагийн сүүлийг бид мушгисан байх шүү.
Намайг хотод үлдэхэд “Овоо гайгүй эмч болохоор хүүхэд урвуулаад авчихлаа” гэж нутгийнхан их дурамжхан байсан ч нэгэнт сайдын тушаал гарчихсан болохоор яалтай билээ. Ингээд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотрын II тасаг, одоогийн Бөөрний төвдөө эмчээр ирсэн дээ. Үүнээс хойш 33 жил бөөртэй ноцолдож явна.

-Бөөрний Бямбадаш гэж дуудуулах хүртлээ энэ салбарт зүтгэхдээ “Үүнийг би хийсэн” гэж бахархах зүйл олныг бүтээсэн болов уу. Таныг олон туршлага нэвтрүүлж, патент авсан гэж сонссон?
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийг би Оточ маналын саарал ордон гэж ярих дуртай, энэ эмнэлэгтээ хайртай. Энэ эмнэлгийн хүчинд өдий зэрэгтэй яваа. Бөөрний төв, Гемодиализын төвийн хамт олонтойгоо жаргал зовлонгоо хуваалцана. Ажлын төлөө муудаж, сайдна, янз бүрийн л юм болно. Хамт олон, шавь нартайгаа хамтарч цөөнгүй патент авсан. Бүгдийг нь тоочно гэвэл дуусахгүй.

-Тоймтой хоёр, гурвыг нь нэрлээч. Сонин байна?
-Нэг хэсэг манай улс хөрөнгө мөнгө муутай, эдийн засаг сайнгүй, хүндхэн байлаа шүү дээ. 1990-ээд оны сүүлчээр Бээжингийн “Найрамдал” эмнэлэгт гемодиализ, бөөрний эмчилгээний чиглэлээр сургалтад явсан юм. Тэндээс гемодиализ, хиймэл бөөрний чиглэлийн хоёр аргачлал сурч ирээд нэвтрүүлсэн. Эхнийх нь, гемодиализын шүүлтүүрээ дахин цэвэрлэж хэрэглэх арга. Намайг Хятадад явж байхад тэд шүүлтүүрээ цэвэрлээд гурван удаа хэрэглэж байсан. Нэг удаа хэрэглээд солих ёстой юмыг дахин дахин хэрэглэхээр чанар нь муудах гээд байсан учир би цэвэрлээд хоёр удаа л хэрэглэдэг байлаа. Энэ нь тухайн үедээ тун хэрэгтэй ажил болж, патент олгосон. Мөн диализ хийхэд хэрэглэдэг, хүний бие дэх хорыг шүүж, тайлах хүний биед сөрөг нөлөөгүй уусмал нэвтрүүлсэн. Хэрэглэж буй уусмалаасаа шалтгаалаад диализ хийлгэж буй хүн халуурах, огьж бөөлжих, даралт ихсэх, таталт өгөх тохиолдол ч гардаг юм. Гемодиализ эмчилгээг хүн хоёр өнжөөд дөрвөн цагаар хийлгэдэг. Уусмал сайн байх юм бол хүн нийгмийн идэвх сайтай, энгийн хүн шиг чанартай амьдрах хугацаа нь уртасна. Чанар муутай диализ хийвэл амьдралын чанар нь муудна. Ер нь бол уусмал, шүүх аппарат хоёр хамгийн чухал. Тиймээс би судалж байгаад хүний биед хамгийн сөрөг нөлөө багатай, тохиромжтой уусмал хийх аргыг нэвтрүүлсэн.
Мөн бөөрний эмгэгтэй хүний бөөр рүү тусгай зориулалтын зүүгээр хатгаж, эдээс нь аваад, эд, эсийн түвшинд оношлох аргыг нэвтрүүлсэн. XXI зуунд дэлхий нийтээрээ нотолгоонд тулгуурласан оношилгоо хийж байхад Монгол хоцроод ч болсон хараа бараанд нь явахгүй бол болохгүй гээд энэ аргыг нэвтрүүлсэн юм. Одоо манай залуус чөлөөтэй хийж байгаа. Энэ аргыг нэвтрүүлснээр оношийг баталгаатай тавьдаг болсон, онош баталгаатай болохоор таамгаар эмчлэхгүй, хийх эмчилгээ тодорхой, оновчтой. Энэ хэрээр үр дүн сайн, эмчилгээний зардлыг хэмнэнэ. Өмнө нь бид даралтыг нь хэмжих, бөөрийг нь тэмтрэх, доргих, хэлийг нь гаргуулж харах төдийгөөр үздэг байлаа шүү дээ.

-Бөөр шилжүүлэн суулгаснаар Монголд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийх эхлэл тавигдсан. Эрхтэн шилжүүлэн суулгах анхны багт та байсан юм билээ?
-Дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгадаг болсноос хойш манай эмч нар энэ төрлийн эмчилгээг сонирхон судалж байсан байж таарна. Манайхан бөөр шилжүүлэн суулгая гэсэн санааг олон жилийн өмнөөс гаргаж, ярилцаж, амьтан дээр туршилт хийж байсан. Нохойнд өрөөсөн бөөр суулгах хагалгааг нэлээд олон удаа хийсэн. Тэгээд Ардын эмч Н.Баасанжав, Гавьяат эмч Л.Жамбалжав, Д.Нямсүрэн тэргүүтэй эмч нар бөөр шилжүүлэн суулгахаар зориг шулуудаж, 1996 онд хүнээс хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Тэр багт миний бие байлаа.

-Анхны хагалгаа амжилттай болсон уу?
-Амжилттай болсон. Ихэр эгч, дүүсийн эгчээс бөөр авч, дүүд нь суулгасан юм. Донор нь орон нутагтаа эрүүл саруул сайхан амьдарч байгаа. Бөөр суулгуулсан залуу тодорхой хугацаанд амьдраад, бөөрнөөс өөр шалтгаанаар мөнх бусыг үзүүлсэн.

-Эрхтэн шилжүүлэх анхны хагалгааны бэлтгэл болон тэр үеийн нийгмийн уур амьсгалын талаар дурсаач. Анх удаа хүнээс хүнд эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг чинь том ажил болж байсан байлгүй?
-Зовлон бэрхшээлгүй, саад тотгоргүй ажил гэж юу байх вэ. Манай улс социализмаас бүрэн гараагүй, эдийн засгийн хувьд хүнд, эрүүл мэндийн систем хуучнаараа байсан үе. Тэгэхэд манай хуучин эрдэмтэд, профессорууд, хэвлэл мэдээлэл, ард иргэд гээд бүх л шатандаа хүнээс эрхтнийг нь аваад өөр хүнд шилжүүлэн суулгана гэж байж болох зүйл гэдэгт итгэж өгөхгүй, үүнийг хийх цаг нь болсон уу, монгол эмч нар эрхтэн шилжүүлэх хэмжээнд хүрсэн үү, Монголд үүнийг хийх боломжтой юу гэх мэтийн олон асуулт тавьж, үгүйсгэж, эргэлзэж байсан. Ер нь ихээхэн хэл ам гарч, нийгэмд томоохон хэлэлцүүлэг, сенсаац үүссэн дээ. Ялангуяа хууччууд их эргэлзэж байлаа. Манай эрхтэн шилжүүлэх баг олон ч хурал зөвлөгөөнөөр орсон. Өөрсдөө багийн хурлаа хийнэ. Тэгээд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын баг, АУИС, ЭМЯ, ШУА-ийн Эрдмийн зөвлөлийн хурал гээд л явж өгнө. Байгууллага бүрийн том эрдэмтэд тал талаас нь ярина. Бид шалгалт өгч буй оюутан шиг хэдэн юм суучихаад ажлаа дэмжүүлчих санаатай чадлаараа тайлбарлана, бас болоогүй ээ, “Тэр профессор, энэ эрдэмтэн, даргын асуултад хариулъя. Их зөв зүйл асуулаа, баярлалаа” гэсэн юм дагуулахгүй бол алчих гээд болохгүй. Ингэж тайлбарласан зүйлийг маань зарим нь ойлгоно, зарим нь ойлгохгүй, шал өөр юм асуугаад явчихна. Ингэж явсаар олон том даваа давж, арай гэж зөвшөөрөл аваад хийсэн дээ.
Энэ олон хурал зөвлөгөөн, асуулт байцаалтаас гадна стандарт, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж том ажил байлаа. Донорын тухай хуулийн төсөл боловсруулж, парламентаар батлуулсан. Стандарт, дүрэм, журмуудыг боловсруулсан. Ямар ч шинэ зүйлийг хийхэд ийм даваа давж, энэ бүгдийг хийнэ. Тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах бол Монголд бүү хэл олон улсад шинэ зүйл байсан даа.

-Амьд хүнээс эрхтнийг нь аваад өөр хүнд шилжүүлэн суулгана гэдэг тухайн үед итгэхэд бэрх зүйл байсан нь төсөөлөгдөж байна. Харин та нар өөрсдөдөө хэр итгэлтэй байсан бэ?
-Нийгэм янз янзаар л хүлээж авч байсан. Би чадна, бид хийхгүй бол хэн хийх вэ, өнөөдөр хийхгүй бол хэзээ хийх вэ гэдэг сайхан зарчим бий шүү дээ, тэр зарчмаар л бид зүтгэсэн. Бид олны хэл амнаас эмээж, бас өөрсдөдөө эргэлзэж, хариуцлагаас айж хулчийсан бол Монголд эрхтэн суулгах мэс засал хийгдэх, эмч нар энэ чиглэлээр мэргэшиж туршлагажих хугацаа хэдэн жилээр хойшлох байсныг мэдэхгүй. Өнөө хүртэл хийгдээгүй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Аливаа зүйлийн цаг хугацаа, хувьсгалын тохироо бүрдэнэ гэж том зүйл бий. Хувьсгалын тохироо бүрдсэн үед эхлэлийг тавина гэдэг асар их зориг, санаачилга, тэсвэр хатуужил, тууштай байдал шаарддаг алхам байдаг.

-Донорын тухай хуулийн төслийг боловсруулахад  танай баг оролцсон хэрэг үү?
-Эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг санаачилж, эхлүүлэх гэж яваа бид оролцохгүй бол өөр хэн оролцох билээ. Донорын тухай хууль бол Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгахад баримтлах ганц баримт бичиг. Энд эд эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг ямар утга учиртай юм, эрхтэн шилжүүлэн суулгуулах гэж байгаа хүнд хэн донор болж болох, донор гэж хэнийг хэлэх, эрхтнээ өгч байгаа хүн ямар хуулийн этгээд вэ, энэ хүний эрүүл мэндийг дараа нь хэн хариуцах вэ гээд бүгд цоо шинэ ойлголт байлаа. Үүнийг хуулиар зохицуулна гэдэг бас л том ажил байсан. Манай багийнхан хуулийн төсөл боловсруулах ажлыг гардаж хийсэн. Энэ хууль хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Сүүлийн хуульд нэлээд нарийсгаж донор болж болох хүмүүсээс “бусад сайн санаат хүмүүс” гэдгийг нь хассан байна билээ. Хэдэн жилийн өмнө БНХАУ-д эрхтний наймаа дэлгэрч, хүмүүс хос эрхтнээ худалдах явдал нэлээд гарсан. Хаа хамаагүй хүнээс авахыг зөвшөөрчихвөл эрхтний наймаа гарна гэж болгоомжилсон байх. Тэр нь ч зөв.

-Эрхтний наймааны талаар баттай биш элдэв мэдээлэл гардаг. Ер нь монголчуудад хэр ойр зүйл вэ?
-Одоогоос арваад жилийн өмнө БНХАУ-ын нэлээд хэдэн том эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийн профессор эмч нар эрхтний наймаа хийсэн нь батлагдаж шоронд орсон шүү дээ. Манайхаас ч урагшаа очиж бөөрөө өгсөн хүн бий байх. Тэр үед залуус “Бөөр авдаг гэнэ. Бөөрөө өгөх гэсэн юм. Гадуур ийм яриа зөндөө байна. Бөөрөө өгсөн хүн ч байна. Бөөрөө мөнгөөр өгөөд сургалтын төлбөр, байрны зээлээ төлье” гэсэн юм ярьж над дээр орж ирсэн тохиолдол нэг биш. Тэд чинь бас сүрхий, надтай уулзахаасаа өмнө бөөрний хүнд өвчтэй, диализын аппаратад ордог хүмүүстэй уулзаад, “Бөөр авах уу” гээд асуучихсан байхыг нь яана. Донор олдохгүй байгаа, боломжтой хүмүүс бол “Таарч тохирвол авчих юм сан” л гэдэг байлгүй. “Чи яагаад ийм юм ярьж яваа юм, яагаад энд ирэх санаа төрөв” гэхээр “Бөөр нь өвдсөн хүн таарч тохирвол авъя гэсэн” гэнэ. Тэгээд эмчтэй уулзаж яваа нь тэр гэнэ. Эрхтнээ худалдахад бэлэн хүмүүс байдаг байгаа биз. Үүнээс болгоомжилж хуулиар хориглохоос аргагүй л дээ.

-Манай эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны амжилт олон улстай харьцуулахад хаахна явдаг бол?
-Манай эмч нар бөөр, элэг амжилттай шилжүүлэн суулгаж байна. Манай эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа 90 гаруй хувийн амжилттай байдаг. Олон улсад ч ийм л байдаг, 100 хувийн амжилттай улс байхгүй. Энүүхэндээ гэж хэлэхэд, манай багийнхан олон улсын түвшинтэй хөл нийлж яваадаа омогшиж л суудаг шүү.

-Бөөр шилжүүлэн суулгах багийнхны ур чадвар олон улсын түвшинтэй хөл нийлж яваа гэлээ. Гэвч бөөрний өвчнөөр шаналж буй олон хүн байна. Тэдэнд бүгдэд нь биш гэхэд илүү олон хүнд туслах боломж байхгүй юү?
-Бид 200 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгаад байгаа. Одоо Монгол Улсад бөөрний архаг дутагдалтай, гемодиализын эмчилгээнд ордог 800 гаруй хүн бий. Энэ хүмүүс бүгд л “Бөөр шилжүүлэн суулгуулмаар байна, Даш эмч ээ” гэдэг. Тэдэнд бүгдэд нь бөөр шилжүүлэн суулгахад ч манай баг бэлэн. Гэвч хамгийн том асуудал нь донор олддоггүй. Би бөөр үйлдвэрлэж чадахгүй нь гачлантай юм.

-Бөөр, дотрын эмч нараас ямар нэг байдлаар таны гараар дамжаагүй хүн цөөн гэх юм билээ?
-Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын олон курс, сургуульд явж, мэргэжил дээшлүүллээ. Сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлагаа бусадтайгаа хуваалцахыг зорьдог. 1989 оноос хойш оюутнууд болон дотор, бөөрний мэргэжлийн олгох, дээшлүүлэх сургалтуудад багшилж байна. Эмч, багшийн ажлаас гадна судалгаа шинжилгээний ажил ч цөөнгүйг хийсэн. Бөөрний төвийн даргаар ажиллаж байхдаа гадаад, дотоодын нэлээд олон газартай эрхтэн суулгах чиглэлээр холбоо тогтоосон. БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Тайланд, Тайван зэрэг арваад орны их, дээд сургууль, эмнэлгүүдтэй ажил мэргэжлийн харилцаа холбоо тогтоож, эмч мэргэжилтнүүдээ явуулах болон эндээ богино хугацааны хамтарсан сургалт зохион байгууллаа. Сүүлийн 5-6 жил дотрын болон бөөрний эмч нарын сургалт семинар байнга зохион байгуулж байгаа. Хот, хөдөөд ажиллаж буй дотрын болон бөөрний эмч нар энэ арга хэмжээний үеэр уулзаж, шинэ мэдээлэл авч, харилцан туршлага солилцдог буянтай ажил болсон. Ялангуяа, орон нутгийн эмч нар энэ арга хэмжээг хоног тоолон хүлээдэг. Шинэ мэдээлэл авах, харилцан туршлага солилцох нэг гол өгөөжтэй арга хэмжээ нь энэ учраас жилээс жилд оролцох хүний тоо нэмэгдэж байгаа. Эндээс ном товхимол тогтмол гаргаж, энэ нь эмч нарын гарын авлага болдог. БНСУ-ын “Койка”, Японы “Жайка”-гийн дэмжлэгээр мөн сургалт, семенарууд хийдэг. Эмч нарт шинэ мэдээлэл, мэдлэг хамгийн чухал. Энэ сургалтууд бөөр, шээсний замын эмгэгийг эмчлэх, монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог гэж боддог.
Дотор, бөөрний чиглэлээр мэргэшиж буй эмч нар Бөөрний төвөөр дамждаг учраас бид бүгдэд нь лекцээ уншина, дадлагаа хийлгэнэ, аль болох л мэддэг, чаддагаа зааж, зөвлөнө. Хот, хөдөөгийн эмнэлэгт ажилладаг эмч нар янз бүрийн асуудал гарвал утсаар ярьж зөвлөгөө авна. Бүр болохгүй бол орон нутагт дуудлага өгнө. Жил бүр зохион байгуулдаг бөөрний эмч нарын сургалт, семенарт бүгд ирнэ. Янз бүрийн асуудлаа ярилцана. Тулгамдсан асуудлаа биднээр дамжуулж, яам, тамгын газарт уламжилна. Энэ мэтээр байнгын холбоотой ажилладаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сайхан ярилцлага болсон байна. Ямар мундаг эмч вэ. Амжилт хүсье
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
Нийтлэлчид