Улаанбаатар 1c

Орон нутгийн сонгуулийн хуульд орхигдуулсан заалт

“Атан тэмээгээ ингээр авгайгаа чавганцаар солино” гэгчээр манай парламент дөрвөн жил тутамд парламент Сонгуулийн хуулиа өөрчилдөг муу жишиг тогтлоо. Үнэхээр сайжруулж, чамбайруулсан хууль болгож байна уу гэхээр ерөөс үе үеийн эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг додомдож байжээ. Сүүлийн хорин жил явж ирсэн энэ байдал эмх цэгц, эрх тэгш байдал, шударга нийгэм авчирсангүй. Сонгогчид ч хууртаж ханахгүй шинжтэй. 
Энэ удаа ч нөхцөл байдал давтагдаж байна. Доржийг Дондогоор, Должинг Дулмаагаар солиод Монголын улс төрд цагаан гэгээ татсангүй. Өнөө л улстөржилт, талцал, намчирхал. Гэтэл “Энэ хүнийг сонгоод өөрсдийнхөө өмнөөс төрөө төлөөлүүлчихвэл төр улсынхаа төлөө, татвар төлөгчдийг дэмжсэн бодлого барьж, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө ажиллана даа” гэх сэтгэхүйгээр зарим сонгогч асуудалд ханддаг. Ачир дээрээ өнөө сонгогдсон хүмүүс улс төр, эдийн засгийн бүлэглэлд үйлчилдэг, дуугардаг байдал аалзны тор мэт хэржээ. Ерөөс намаар дамжиж улс төрийн өндөр албан тушаалд хүрдэг учраас энэ тогтолцооны гажуудлыг “эмчлэхэд” урт хугацаа хэрэгтэй болох нь ээ. 

Үүнийг дурдсаны учир эрх баригчид Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар явуулахаар төсөл санаачилж, түрүүчээсээ батлаад явж байна. Тэд хоёрдугаар сарын 1-нээс өмнө Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг батлах ёстой. 2015 онд дээрх сонгуулиудыг нэг хуулиар явуулж байсан ч маргаан зөрчил гарах үндсэн шалтгаан болсон гэж эрх баригчид үзжээ. 
Энэ талаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “УИХ, Ерөнхийлөгчийн, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай. Ялангуяа сонгууль зохион байгуулах бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж байгаа. Үүнээс үүдэж Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэр дэвшигчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болж байна. Тиймээс тусад нь салгаж байгаа” гэлээ.

Төсвөөс давсан амлалт өгөхгүй

Нэр дэвшигч аймаг, сумын иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа мөртлөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хэмжээний амлалт өгч, иргэдийг хуурч, мэхэлж гарч ирдэг тохиолдол бишгүй гардаг. Дээр нь шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудал аль ч шатны сонгуулийн үед гардаг. Тухайлбал, тухайн тойрогт байгаа сонгуульд санал өгөх насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийгдэж байсан түүх бий. Нэг зэрэг 2000, 3000 “царцаа” нүүх тохиолдол ч өмнөх сонгуулиудын үеэр гарч байв. Тэгвэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг цэгцлэхээр тусгажээ. Ингэхдээ зөвхөн албан томилолт болон эрүүл мэндийн шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийх байдлаар шийдэхээр зохицуулж буй аж. 
Нэгтгэсэн сонгуулийн хуулиар 2016 онд УИХ-ын, ИТХ-ын сонгуулийг нэг өдөр явуулсан нь зохион байгуулалтын болоод иргэдийн хувьд хүндрэлтэй байжээ. Тиймээс 2016 оноос өмнө явуулж байсан жишгээр аравдугаар сард орон нутгийн сонгуулийг явуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн сонгуулийн маргаан их гардаг ч нөхөн болон дахин сонгууль зохион байгуулдаггүй тохиолдол их гардаг. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр холбогдох этгээдэд хариуцлага тооцож, асуудлыг шийдвэрлэх заалт орж байна. 

Олон нийтийн сүлжээг хянана

Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг намаас нэр дэвшүүлэх хэлбэрийг хэвээр хадгалж, нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудитын хяналт хийх аж. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог ЦЕГ, УБЕГ, ОБЕГ зэрэг төрийн байгууллагын зардлыг сонгуулийн төсөвт нэмж тусгаж ирсэн. Одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд эдгээр байгууллага өөрсдийн төсөвтөө сонгуулийн үйл ажиллагаанд оролцох зардлаа тусгахаар өөрчилж буй аж. 
Түүнчлэн дээрх хуулиудад нэргүй хаягнаас хуурамч мэдээлэл тараах, хүн гүтгэх зэргийг хязгаарлах, хянах тал дээр тусгаж өгөх аж. Харин сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс өөрсдийн гэсэн албаны нүүр хуудастай байх шаардлагыг тавьж байгаа юм. 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Иймд хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна. 
Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт:
-Ээлжит сонгууль товлон зарлах болон санал авах өдрийг УИХ хамтад нь тогтооно. Ингэхдээ сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө тогтооно.
-Дахин, нөхөн сонгууль товлон зарлах, товлон зарлаагүй тохиолдолд буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцно.
-Нөхөн, дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж СЕХ төсөвт жил бүр оруулна.
Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт:
-Тухайн шатны хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу зэргэлдээ байх.
-Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг тогтоох.
Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт:
-Сонгуулийн хэсэгт санал авах тоолох ажиллагааг эрхлэн зохион байгуулах чиг үүрэг бүхий санал авах байрыг байгуулж байсан нь нэр томъёоны хувьд давхцал үүсгэж байсныг өөрчлөн Сонгуулийн хэсгийн хороод ажиллахаар тусгана.
Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт:
-Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчийн нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хороодын дэргэд ажиллах.
Хуулийн төслийн тав болон зургадугаар бүлэгт:
-Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах.
Хуулийн төслийн зургадугаар бүлэгт:
-Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит газрын дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд өрсөлдөх бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
Хуулийн төслийн долдугаар бүлэгт:
-Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхойлно.
Сонгуулийн хуулийг яаж ч өөрчилж болно. Хамгийн гол нь, Монголын ард түмэнд аль нь ашигтай вэ гэдгээр бус тухайн үед эрх барьж буй нам дахин яаж сонгогдох вэ гэдэгт анхаарал хандуулснаас өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засаг уруудаж, тойргийн сэтгэлгээнд дулдуйдаж хөрөнгө оруулалт хуваарилах явцуу байдал бий болжээ. Үүнийг хазаарлах заалтууд өнгөрсөн долоон удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд орсонгүй, орхигдож ирсэн шалтгаан нь өнөө л эрх ашгийн эрэмбэ алдагдсантай холбоотой. Энэ удаа ч Орон нутгийн сонгуулийн тухай хуульд аль нь чухал вэ гэдгийг тодруулсангүй. Үр дүнд нь монголчуудын өмнө тулгамдаж буй ажилгүйдэл, ядуурал арилсангүй, хүрээгээ тэлсээр байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид