Улаанбаатар 1c

УИХ-ын ээлжит сонгуулийг зургадугаар сарын 24-нд явуулж, бүх нийтээрээ амарна

-Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүд батлагдлаа-

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэв. Тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтсон байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно; ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна; ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувийн саналаар баталлаа. 

Уг тогтоолын төсөлд  Улсын  Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан байна.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгох, Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулахаар заасан. Түүнчлэн сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно; тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна; аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно гэж заасан.

Энэ зарчмыг үндэслэн боловсруулсан дээрх тогтоолын төсөлд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгажээ. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойргийг тус тус байгуулахаар тусгажээ. Харин бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг нэг тойрог байхаар зохицуулсан байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны хувьд Булган, Говь-Алтай, Дундговь-Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймаг тус бүр 2 мандаттай, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай байхаар тусгажээ. Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (сонгуулийн 24 дүгээр тойрог), Чингэлтэй (сонгуулийн 25), Баянгол (сонгуулийн 26 дугаар тойрог), Хан-Уул дүүрэг (сонгуулийн 29 дүгээр тойрог)-үүд тус бүр 3 мандаттай байх бол Баянзүрх дүүрэг 5 мандат (сонгуулийн 22 дугаар тойрог 2, сонгуулийн 23 дугаар тойрог 3 мандаттай)-тай, Сонгинохайрхан дүүрэг 5 мандат (сонгуулийн 27 дугаар тойрог 2, сонгуулийн 28 дугаар тойрог 3 мандаттай)-тай байхаар тусгасан байна.

Тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, С.Эрдэнэ нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 2020 онд эднийг л сонгож болохгүй
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
Нийтлэлчид