Улаанбаатар 1c

Үр могойнууд

Айж, мэгдэм, харахаас ч эгдүүцэм амьтныг нэрлэ гэвэл, эргэлзэх шалтгаангүйгээр могой гэнэ. Харахад гар, хөл гэж үгүй, үргэлжилсэн урт биетэй нэг л сэтгэл татам бус. Эр, эмийг нь ч бүр танихын аргагүй. Өнгө төрх нь л өөр, өөр. Хүн төрөлхтөн могойг эр, эм гэж ялгахаасаа илүү хортой, хоргүй гэж ангилдаг. Хүйтэн цустай гэгдэх могойг монголчууд хүйтэн сэтгэлтэй амьтан гэлцэх нь бий. Ихэнх могой өндөглөдөг ба зарим нь амилсан өндөг гаргадаг. Өндөгнийх нь цаашдын хувь заяа ихэнх ээж могойд бараг л хамаагүй учраас гаргасан өндгөө орхичихдог цэвдэг амьтан. Өөрөөсөө гурав дахин том амьтныг залгидаг гэх итгэмгүй мэдээ сэлт бий. Могойн тухай таатай баримт бараг л олддоггүй. Яагаад гэнэт могойг онцлоод байна вэ, хэмээн уншигч та надаас асуухаар зэхэж байгаа нь лавтай. Таны асуултад хариу эрж суугаагаа юуны түрүүнд дуулгая. Хаа сайгүй үүрлэж, газрын өнгөөр хувирч харагдахаа байсан “Үр могой” олширчээ, хэмээн халаглаж сууна.  
Тэд ихэвчлэн гэрийн хамгийн тухтай, зөөлөн буйдан, сандал эзэгнэн “цагариглаж” элдэв амттан олж ирэхийг тушаан, орон гэрийн өнгөтэй өөдтэй бүхнийг биедээ нааж амьдарч байна. Тэднийг гаднаас нь хараад хортой, хоргүйг нь ялгахын эцэсгүй. Гэхдээ урт нарийн хэлээ үе үе мурилзуулан ангалзах нь хэнийг ч хазахад бэлэн явааг нь илтгэнэ. Энэ бол энэ цагийн олон айлд үүрлэчихсэн “Үр могой”-н шинж төрх. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн домгийн сэдэвт, гүн ухааны “Үр могой” гэх дууль бий. Олон аав ээж, хүүхэд, залууст амин чухал сургамж өгч сэрэмжлүүлсэн онцгой содон бүтээл.  “Эхийнхээ халуун хэвлийгээс төрсөн үр могой эхийгээ залгиж мэднэ шүү, болгоомжлоорой” гэж хүн төрөлхтөнд дуулчихаад тэрээр явчихсан. 

Гэтэл өдгөө газар газарт үр могойнууд төрж байна. Тодруулбал, улс төрийн салбарт үй олноороо төрж байгаа бол ухаан дутаж буй залуусын дунд үр могой ихэрлэн төрж байна. Тухайлбал, архи уусан залуу 77 настай ээжийнхээ хоёр нүдний ухархайг цөмөртөл зоджээ, 88-тай ээжийгээ зодож, дээрэмджээ, 71 настай эцгийгээ хүндээр зодож гэмтээн, улмаар амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт гарлаа, Хар тамхи хэрэглэдэг байсан жүжигчин ээжийгээ зодлоо...гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээллүүд ар араасаа гарсаар. Үр могойнууд энэ нийгмийг сэрдхийлгэж айлгасаар байна. 
Яаж ч болохгүй, хамгийн хэцүү нь зүрх чичрүүлсэн ийм үйлдлүүд ил болсон даруйд бид нийтээрээ гурван хоног шуугицгаагаад таг мартаж байгаа нь дараа дараагийн ижил төстэй хэрэг бүртгэгдэх шалтгаан болсоор. Үр могойнууд бойжих үүр бэлдсээр байна. Учир нь бид гэмтнийг биш гэмтсэнийг олны өмнө ил болгодог, араатан шиг авирлагчдыг хохирогчийн “Гомдолгүй” гэх саналаар ялаас чөлөөлдөг, хүчирхийлэлд өртөгчөө ямар ч цаг үед хуулийн хамгаалалтад авч чаддаггүй нь балмад этгээдүүдэд даврах, дахин өш хонзонгийн сэдлээр эцэг эх, хөгшин настайчуудыг зодох, бэртээх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх боломж олгоод байна. Хамгийн сүүлд гарсан яг ийм жишээ нь жүжигчин Т.Билэгжаргалын ээжийгээ зодож буй үйлдэл. Бичлэг дэх дүрс хэдий бүдэг ч ээжийгээ байнга зоддог, эхний удаагийн үйлдэл биш болох нь тун ч тодорхой харагддаг. Үсдэж, чирээд, дээр нь мордож суугаад нүүрэн хэсэг рүү нь хэд хэдэн удаа шанаадаж, нуруу, хэвлий орчим руу нь өшиглөж байгаа үйлдлийг олон нийтэд ил болгосон. Хэдийгээр цахим орчинд энэхүү бичлэгээс улбаатай иргэд талцсан ч Хар тамхины донтолт, хэрэглээ иймдээ тулчихсан байгааг харуулснаараа зөв үйлдэл байлаа. Нууцын нууцад хэрэглээ нь чандлагдсан хар тамхинд донтогчид хэрхэн үр могой болж хувирч байгааг бид нийтээрээ харлаа. 
Ивий хөөрхий, энхрийлэн хайрлаж өсгөсөн хүүдээ ясаа янгинатал, зүрхээ чичиртэл зодуулах ээжийг нь бодохын төдийд анисга чийгтэнэ. Яалаа гэж тэр вэ. Хангал залуухан бүсгүйн хэвлийд од зүүдлүүлэн байж олдсон биш үү. Эр бие тэгширсэн ханагар сайхан залуу болтол чинь тойглож, хүний нүдэнд мөр, нэр, үйлс бүтэн яваасай хэмээн хэчнээн олон удаагийн чинь тэнэглэл, мунхаглалыг ижий, аавууд чинь уучлаа бол оо. “Үр могойн”-ууд олширчээ. 
Угтаа бол ээж, аав гэх алдар энэ хорвоогийн хамгийн том нэр, том хайр, том түшиг. Ээжийнхээ ивийлсэн энхрийлэл, өмөөрч хамгаалсан үгс, бүүвэйлсэн аялгуу, халуун энгэртээ тэвэрч эрхлүүлсэн өдрүүдийг тоолно гэвэл даанч хязгааргүй. “Би ижийгээ хэдэн удаа үнссэн билээ” гээд бодоход ерөөс санаанд юм орохгүй байх нь бий. Яг одоо бодож сууна. Жүжигчин Т.Билэгжаргалын ээж яг энэ өдрүүдэд хүүгээ олны хэл амнаас өмөөрч өмөлзөж суугаа. Хоолойгоор нь хоол давахгүй, унтъя гэвч нойр нь хүрэхгүй, дэмий л өөрийгөө буруутгаж суугаа. Энэ бол Монгол ээжүүдийн нийтлэг зан. “Миний хүү намайг балчир жаахан хүү байхдаа зөндөө үнсдэг сэн. Ээж ээ, та битгий хөгшин болоорой. Би таныхаа амин зүүлт” хэмээн эрхэлж өссөн ганц хүү минь бороохойн дор эвхэрч, саатуулахын хүйтэн шалан дээр даарч хэвтээ дээ” хэмээн гансран шаналж буй. Үхтэл үр харам гэж энэ. Гэтэл Т.Билэгжаргал ч бай, хэнбугай ч ижийгээ нэг сайхан тэврээд үсийг нь илээгүй л яваа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Бид нийтээрээ ийм болцгоожээ. Орцны камерт өртөж, адгууснаас ч дор үйлдэл нь олны өмнө ил болсон нь энэ болохоос олон олон хаалганы цаана настайчууд хүчирхийлэлд өртөж л суугаа. Тэдний ихэнх нь төрүүлсэн үрээ цагдаад барьж өгч чадахгүй, бусдад үр хүүхдээ муучлаад явахгүй учраас энэ мэт танхайрлыг нь нуун дарагдуулаад, чимээгүй өнгөрүүлдэг. Эцэг эх нь үр хүүхдийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэргүүд Монголд дэндүү олон гарчээ. Тухайлбал, 2016 оны тавдугаар сард  Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Булгийн тохой буюу Шувуун Фабрик орчимд нэгэн ноцтой хэрэг үйлдэгдэж байлаа. Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан бөгөөд гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг нь хөнөөснийхөө дараа шатаасан байв. Хамгийн жигшим нь талийгаачийн хоёр хүүхэд нийлээд аавыгаа хутгалаад цогцсыг нь шатаасан байж билээ. Энэ бол эмгэнэл. Хамгийн аймшигтай нь цаашид ч энэ мэт жигшүүрт үйлдэл гарахгүй гэх баталгаа алга. Өөрөөр хэлбэл, өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаагаар хохирсоор байна. “Хүчирхийлэл” гэх малгайн доор нуугдсаар байх яргалал “үр могой” шиг араатнууд олон байгааг үргэлж сануулсаар байна.  
...Нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй гэрийн углааштайгаа өвлийн хүйтэнд байрныхаа үүдэнд уйлж зогсох, “Ах, аа туслаарай, ээжийг аав зодоод байна” гээд бяцхан зүрх нь амаараа гартлаа айсан хүү орцныхоо жижүүрийн хаалгыг нүдэх, төрсөн охиноо хүчирхийлээд “Энэ талаар эхдээ хэлбэл дүүг чинь хүчирхийлнэ шүү” гэж сүрдүүлэх мунаг эцэг, нялх охиныг зодсоор байгаад аминд нь хүрсэн мунхаг эх, төрсөн хүүхдээ нохой мэт хазаж яргалсан “араатан” аав, дагавар хоёр хүүгээ 72 цаг гэртээ хорьж тамалсан хойт эцэг... Ийм хүчирхийлэл дунд хэнд хандахаа ч мэдэхгүй арга мухардсан олон хүн аврал эрэн амьдарч байна. Хүчирхийллийн үр үзэн ядалт болон “ургаж”, эцэстээ төрсөн хүүхдүүд нь аавыгаа, зээ нь өвөөгөө, эхнэр нь нөхрийнхөө амийг егүүтгэх үйлдлүүд өнөөгийн “үр могой”-олшрох шалтгаан болж байна. Хүчирхийллээс хүчирхийлэл бий болдог. Үүнээс гадна гэр бүлийн хоёрын үл итгэлцэл, хардалт, архидалт, ажилгүйдэл, завхайрал, хар тамхины донтолт нийгэмд “үр могой” үржих нөхцөл боллоо.  Үр могойнууд хортой, аюултай гэж ухаант ах сэрэмжлүүлсэн. Эхийгээ залгих бодлоос илүү хорлол, аюул гэж байх уу. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

Нийтлэлчид