Улаанбаатар 1c

Эр зоригийн үнэ цэн

...Тэр бол тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, зорилгодоо үнэнчийн дуулал. Турь муутай, шавилхан биетэй ч том алаг нүдэндээ итгэл, гэгээн бүхнийг тээсэн энэ бүсгүйг Баярцогтын Мөнхзаяа гэдэг. Тэр бол Монголын нэрийг тив, дэлхийн хөнгөн атлетикийн талбарт өндөрт өргөж, мандуулж яваа залуу тамирчин. Дээр нь мянга мянган хүүхэд, залууст шинэ мөрөөдөл, шинэ хүсэл, том зорилго бэлэглэн үлгэрлэж байгаа дэлхийн марафонч, Монголын тал нутгийн гүйдэг бор охин. Түүнтэй ярилцаж байхдаа талын монголчууд түүнийг “Манай нөгөө гүйдэг бор охин” хэмээн өөриймсч, хайрлан ярьцгаадаг байхдаа хэмээн төсөөлж суусан билээ. 
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Японы Осака хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн тэмцээнд хурд сорихдоо 12 дугаар байрт шалгарахын сацуу Монгол Улсын дээд амжилтыг хоёр цаг, 28 минут, 3 секунд болгон шинэчилж, “Токио-2020” олимпод оролцох болзлыг (гурав дахиа) дахин бататгалаа . Бид ярилцлагаа Осака хотод болсон тэмцээний талаарх яриагаар ийн эхлүүлсэн билээ. 

-Хөнгөн атлетикийн Монгол Улсын дээд амжилтыг эвдэж, Токио-2020 олимпод оролцох эрхээ гурав дахиа баталгаажуулсанд баяр хүргэе. Хэдийгээр том амжилт ч гэлээ энэ бол таны олимпийн бэлтгэл, сунгаа мөн үү?
-Тиймээ, олимпод өөрийгөө бэлдэж байгаа бэлтгэлийн маань нэг хэсэг. Чансаагаараа дэлхийд Gold label (алтан зам) гэгддэг чухал тэмцээнд дэлхийн 10 гаруй орны хүчтэй тамирчидтай өрсөлдөж, өөрийнхөө дээд амжилтыг эвдсэндээ баяртай байгаа. Сар гаруй хугацаанд Японд бэлтгэл хийсэн. Ирэх саруудад орохоор төлөвлөж буй хэд хэдэн томоохон тэмцээн байгаа. 

-Одоо таны төдийгүй монголчуудын гол анхаарлаа хандуулж, бэлтгэх ёстой зүйл бол Токиогийн олимп. Олимпын өмнөх гэж болох энэ өдрүүдэд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэж байна вэ?  
-Тамирчин байнгын сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ би их азтай. Миний дасгалжуулагчаар Б.Доржпалам буюу миний хань ажиллаж байна. Сэтгэл зүйчээр яг энэ чиглэлээрээ мэргэшсэн, мундаг сэтгэл зүйч С.Батхишиг эгч маань надтай тулж ажиллаж байна. Энэ хоёр хүн тамирчин ямар байх ёстойг, хэрхэн өөрийгөө бэлтгэх ёстойг мэргэжлийн үүднээс зөвлөж, зааварлаж байгаа учраас надад амар байгаа. Гол нь сонсох, санах, хэрэгжүүлэх. Олимпын эрхүүдээ авсан болон сүүлийн үеийн тэмцээнүүдийн амжилт маань энэ хоёр хүний хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой. 

-Эмэгтэй хүнд амар хийж болох ажил, сурч болох мэргэжил, тэр ч бүү хэл уяхан, энхрий амьдарч болох сонголт өчнөөн байхад яагаад заавал хөнгөн атлетик тэр дундаа холын зайны гүйлтийг сонгосон юм бэ. Булчин шөрмөс зангирах, уураг тэжээлээ алдах, сульдах, байнгын бэлтгэлтэй байхаас эхлээд баргийн эмэгтэйн сонгох зам биш юм биш үү?
-Хэцүү гэж бодвол хэцүү. Тамирчны сонголтондоо бардах, бахархах мөч магадгүй маш богинохон. Барианд амжилттай орох, амжилт гаргах, амжилтаа эвдэх, түүнийгээ дахиад эвдэх, энэ бүхнийгээ зарлуулан төрийнхөө далбааг мандуулж, улсынхаа нэрийг дуудуулах. Ингээд болоо ч байж мэднэ. Үүнээс илүү хүсэх зүйл тамирчдад бараг байдаггүй байх. Тэрнээс бусад цаг хугацаа бол бүгд амжилтаа төсөөлж мөрөөдсөн, зүүдэлж төлөвлөсөн тасралтгүй бэлтгэл сургуулилалт. 
Миний бүх юм бол марафон, гэр бүл. Намайг хамгийн жаргалтай, хамгийн тайван, хамгийн хүчтэй байлгадаг зүйл бол гүйлт. Гүйхгүй бол миний хувьд бүх юм зогсчих шиг утгагүй санагддаг. Бие мах бодь ч цаанаасаа хөдөлгөөн шаарддаг. Манай гэр бүлийн хувьд спортгүй, гүйлтгүй өдөр хоног гэж байгаагүй. Гүйх ямар гоё гэж санана. Гүйх амтанд нэг л орсон бол орхиж чаддаггүй. Бараг донтуулдаг гэсэн ч буруудахгүй. Тэгэхээр өөр ямар ч гоё мэргэжил, сайхан зүйл амласан энэ замаасаа би буцахгүй, бас хэзээ ч харамсахгүй. 

-Хамгийн их шантарч байсан үеэсээ хуваалцаач. Бас таныг юу зоригжуулдаг вэ?
-Миний хувьд хамгийн хүнд тэмцээн “Рио-2016” байсан. Маш том зорилготойгоор оролцсон ч амжилт гаргаж чадаагүй. Хэцүү байсан ч тэр үеийг би ханьтайгаа хамт давж чадсан. Намайг миний зорилго, миний мөрөөдөл, хамтдаа хийж буй бэлтгэл, хөдөлмөр минь зоригжуулдаг. Одоо бол надад дуртай, хайртай зүйлээ хийж байгаа болохоор юухнаас ч шантраад, юухнаас ч зоригжоод байх зав байхгүй. Зүгээр л бэлтгэлээ маш чанартай, тасралтгүй хийх нь л чухал. 

-Барианаас гарах шүгэл дуугарахын өмнө юм бодож амждаг уу. Амждаг бол юу хамгийн их бодогддог вэ?
-Олон улсын тэмцээнд оролцож байхад би Мөнхзаяа биш, Монгол Улсаа төлөөлж яваа монгол тамирчин байдаг. Тэгээд “Чиний бэлтгэл маш сайн байгаа. Чи чадна. Монгол Улс чамайг харж, хүлээж байна ” гэж боддог. Үүнээс илүү юм бодох зав байдаггүй. Энэ үгсийг би тарни шиг дотроо давтдаг учраас л орж ирдэг байж мэднэ. Түүнээс биш яг тэмцээн эхлэх үед элдвийн юу ч бодогдох зав байдаггүй. 

-Алхам алхмаас бүрдэж байгаа 42 км. Таны хувьд нэг алхам хэр үнэ цэнтэй вэ. “Ганцхан л алхчихвал, нэг алхам л илүү тавьчихвал барианд орлоо доо” гэж бодогдож, хичээж, шатаж байсан үе танд зөндөө байдаг байх?
-Марафончийн хувьд магадгүй хамгийн үнэ цэнтэй зүйл алхам. 

... Алхмын тухай яриа түүнийг түр бодлогошруулах нь “Өнгөрсөн хугацаанд  сэтгэл зүтгэлээс гадна бүх булчин шөрмөс, эд эсээрээ олж авсан “Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшигч, 2017 онд Тайванийн “New taipei” олон улсын марафоны алтан медальт Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин, БНСУ-д зохион байгуулсан Гунсан, БНХАУ-ын Доняан, 2018 онд тус улсын Шиан, Япон, Монгол тал нутгийн, Улаанбаатар олон улсын марафон, УАШТ-ий 5000, 10.000 метрийн зайн уралдааны тэргүүн байрын эзэн, хос алтан медальт ... гэх мэтээр уртаас урт хөврөх амжилтууд нь нүдэнд нь харагдсан биз ээ. Тийм ээ, энэ бүх амжилт түүний хөлс, хөдөлмөрөө шавхан тэмцэж байж алхам алхмаар хүртсэн алдар. Тийм ч учраас өдгөө Монголын хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчдаас одоогоор Токио-2020 олимпын эрх авсан ганц тамирчин нь тэр. 

-Олон улсын тэмцээнүүдэд оролцоход хоол, байрлах байрнаас эхлээд мөнгө хэрэгтэй. Таныг ямар байгууллага ивээн тэтгэж, өөрсдийнхөө нүүр царай болгож байна вэ?
-Одоогоор намайг ивээн тэтгэж байгаа байгууллага байхгүй. Манай улсын хувьд хөнгөн атлетикийг бөх, морь гэх мэт үндэсний спортын хэмжээнд төдийлөн сайн ойлгоогүй байгаа гэж болно. Тиймээс бид шаардлагатай зардал, мөнгөө өөрсдөө болгоод л, зээл авах үедээ аваад, тэмцээн уралдаанаас олгосон шагналын мөнгөө дараагийнхаа бэлтгэлд зарцуулах гэх мэтээр зохицуулж байгаа. 

-Токио-2020 олимпын эрхийг дахин дахин баталгаажуулчихаад байхад ч үндэсний томоохон компаниудаас холбогдохгүй байна гэж үү?
-Олон нийтийн сайн мэддэг жүдо, чөлөөт гэх мэт төрлүүд эрхээ аваад эхлэхээр л биднийг олимпын эрх авсныг монголчууд, дарга нар маань мэдрэх байх. 

-Гэтэл Японы NHK телевиз таны тухай баримтат кино хийчихсэн байдаг.  Түүнийгээ олимпод оролцох тамирчид, үзэгчдэд “Мөнхзаяа гэж тамирчин Токио-2020 олимпод оролцох эрхээ авсан. Түүнийг судлахад нь туслах, хэн бэ гэдгийг таниулах зорилгоор баримтат кино хийлээ” гэж байсан шүү дээ.  
-Баримтат киног олимп болтол олон удаа гаргахаар төлөвлөсөн гэсэн. Тэд Азийн орнуудаас монгол тамирчныг сонгож, спортын амжилт, замналаар нь баримтат кино хийх гэж байгаа нь надад эхэндээ сонирхолтой санагдсан. Тэд орон орны хамгийн шилдэг, медаль авах магадлалтай тамирчдыг судалж, нэвтрүүлэгтээ оруулж байгаа юм билээ. Тэр үед Монголын тамирчин сүүлийн жилүүдэд тогтмол амжилт гаргах болсон тул сонирхлыг нь татсан гэсэн. Дэлхийд Кенийн тамирчид энэ спортод хэнийг ч өмнөө гишгүүлдэггүй шүү дээ. Гэтэл сүүлийн хоёр жил Монголын тамирчин Азийн томоохон тэмцээнүүдийн цээжинд гарч, шагнал хүртэж эхэлсэн тул анхаарлыг нь татсан гэж тэд хэлсэн. Тал нутагт тэгтлээ хөгжөөгүй хөнгөн атлетикаар монголчууд ямар тамирчин бэлтгэж байгааг сонирхож, намайг судалж эхэлсэн гэсэн. Тэд энэ нэвтрүүлгээрээ амжилт нь ахиж буй тамирчныг сонгож, олимпод фэн үүсгэх зорилготой. 

-Та Үндэсний шигшээ багт багтаад цөөнгүй жил болж байгаа. Шигшээ багийн тамирчин байна гэдэг сайхан байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Үндэсний шигшээ багийн тамирчин гэдгээрээ бахархдаг. Олон амжилтын минь суурь болж байгаа шигшээ багийнхандаа, багш, дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлье. 

-Таны сүүлийн жилүүдийн амжилтуудын нэг онцлог нь багийн ажиллагаа буюу дасгалжуулагчийн тактик, арга барил байх. Таны дасгалжуулагч гэр бүлийн хүн тань учраас тамирчнаа бусдаас илүү мэддэг, мэдэрдэг байх. Энэ үүднээс бэлтгэл, сургуулилалт арай өөр арга, тактикаар өрнөдөг болов уу?
-Тиймээ, тэр миний хувьд хамгийн сайн дасгалжуулагч. Хэдийгээр миний нөхөр ч гэлээ надад хатуу шаардлага тавьж, үр дүнгээ заавал үздэг. Нөхөр маань хөнгөн атлетикийн ОУХМ цолтой. 2017 оноос хойш хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Хоёулаа нэг спортод хамтдаа зүтгэж байгаа болохоор нэгнээ сайн ойлгож, дэмждэг. Нэг зорилгын төлөө хөдөлмөрлөхөд амжилтад хүртэл нөлөөлдөг гэж боддог. 

-Таны өрсөлдөгчид Кени, Этиоп, Японы тамирчид уу?
-Тухайн тэмцээнд оролцож буй бүх тамирчин л миний өрсөлдөгч. Таны нэрлэсэн орны тамирчид марафон гүйлтээр хамгийн шилдгүүд нь мөн ч сүүлийн үед Азийн тамирчид дээгүүр байр эзэлдэг болоод байгаа. Тэгэхээр тухайн тамирчны бэлтгэл, сэтгэлийн хүчээс бүх юм шалтгаална. 

-Өмнөх асуултад таныг “Тийм ээ, тэд хамгийн шилдгүүд нь” гэж хариулбал би таны сэтгэл зүйчтэй уулзъя гэж бодож байлаа. Гэхдээ одоо тэгэх шаардлагагүй боллоо. Үнэхээр сэтгэлийн хүч, бэлтгэл сургуулилалт ханасан байхад өрсөлдөгчийн ч хэрэггүй шүү дээ, тэ?
-Тийм.

-Надад чамтай уулзахаараа заавал асууна гэж бодсон нэг асуулт байгаа. Нэг хүн “Тэр гүйдэг жижигхэн бор охин чинь нэг удаа өөрөөсөө бараг гурав дахин хүнд цүнх үүрчихсэн явж байсан. Тэмцээнд туулах зам, турь муутай харагдах биеийг нь бодоод “Цүнхийг чинь үүрээд өгье. Хэсэг ч болтугай амар” гэсэн чинь “Үгүй” гэсэн. Тэмцээн эхлэхийн өглөө санаандгүй үүдээр нь явж байтал нэлээд үнгэгдэж, хуучирсан Монгол Улсын төрийн далбааг дэрнийхээ хажууд тавьчихсан байсан. Тэндээс би “Аан, надад цүнхээ үүрүүлэхгүй байсан шалтгаан нь Төрийн далбаа байж” гэж бодсон. Шавилхан ч гэлээ Төрийн далбаагаа тэгж хүндэтгэдэг хүнээс тийм их хүч, тэвчээр, тэсвэр гаралгүй яах вэ гэж би их удаан бодлоо” гэж ярьж байсан юм. Төрийн далбааныхаа түүхийг ярьж өгөөч?
- Тийм ээ, би Төрийн далбаагаа байнга авч явдаг. Оролцсон, амжилт гаргасан тэмцээнээ, он сар өдөр, цаг, минут, секунттэй нь тэмдэглэж авдаг юм. Тэр бол миний хувьд хамгийн эрхэм зүйл минь.

Энд хүрээд бидний яриа төгссөн ч сэтгүүлч миний шинэ мөрөөдөл дөнгөж эхэлсэн юм. Тэр юу вэ гэж үү. Тэр бол энэ гүйдэг бор охиныг Монголынхоо далбааг олимпын тэнгэрт мандуулаад зогсож байхыг харах. Түүний мөрөөдөл миний мөрөөдөл боллоо. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид