Улаанбаатар 1c

Худалдан авагчаа үгүйлсэн “Нарантуул”

Бараа үнэтэй, худалдан авалт тааруу байна

Байдаг хэдэн төгрөгөө хятад бараагаар сольж, “Нарантуул” захыг хоёр, гурав хоног хөндлөн гулд туулдаг цаг хаяанд иржээ. Бид Цагаан сарын гарын бэлэгний үнэ ханшийг сурвалжилахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорив.

Мөнгөтэй, мөнгөгүй ч эрвийх дэрвийхээр зүтгэж, урд хормойгоороо хойдохоо нөхөөд ч хамаагүй монголчуудын тэмдэглэхийг хүсдэг баяр бол яах аргагүй Цагаан сар. Өмнөх жилүүдийнхээр бодвол, “Нарантуул” зах өдийд хүн багтаж, хөл гишгэх зайгүй зочдоор дүүрсэн байх ёстой. Энэ цаг үед “Бараа бөөндөнө” гэж хашхиралдах мөөгөн цэцэг шиг хятад бараа зардаг худалдаачид ч олширдог. Харин биднийг өчигдөр 12.00 цагт очиход зарим лангуу онгойгоогүй, худалдан авагч цөөнтэй, эл хуль байв. Яг л Цагаан сарын дараах үе шиг.

Өчигдөр зургаан ширхэг оймс зарсан

“Нарантуул” зах урд, хойд хэсгээрээ баярын өдрүүдэд үзэгсэлэн худалдаа дэлгэдэг. Захын дотор талд лангуу түрээсэлж, амьдралаа залгуулдаг худалдаачид дахин төлбөр төлж, үзэгсэлэн худалдаанд оролцдог аж. Уг худалдааны дунд хэсэгт монгол оймс, гар нүүрийн алчуур  зардаг эмэгтэй  өдөрт хамгийн багадаа 300 ширхэг оймс, мөн үүнтэй адил хэмжээний гар нүүрийн алчуур зардаг байжээ. Тэрбээр “Он гарсаар иргэдийн худалдан авалт маш муу байна. Мөн өвчин гарсантай холбоотойгоор зах эл хуль болж, барааны борлуулалт муудсан. Би монгол оймс зардаг учраас дотоодын үйлдвэрийн бараа гэдэг утгаараа жил бүр худалдан авалт сайн байдаг. Худалдан авалт муутай байгаа болохоор өчигдрөөс энд оймсоо зарж эхэлсэн. Энэ хэсэгт зогсохгүй бол хүмүүс дотор лангуу руу очдоггүй юм. Өнгөрсөн жил дунджаар өдөрт хамгийн багадаа 300 ширхэг оймс, алчуур зардаг байв. Гэтэл өчигдөр зургаан оймс ширхгээр зарж,  50 ширхэг гар нүүрийн алчуур бөөндлөө. Энэ нь худалдан авалт муу байгааг илтгэнэ. Хүмүүс өнөөдрөөс л захаар явж эхэлж байна. Өчигдөр тэтгэвэр, халамж, одонгийн мөнгө буусан болохоор  мөнгөтэй болох шиг боллоо. Гэсэн ч хүмүүс үнэ асуугаад л явж байна. Монгол бараа учраас хэдэн оймс маань зарагдчих байх. Уг нь би оймсны үйлдвэрүүдээс одоо дахиад оймсоо татаж байх ёстой. Гэтэл энэ жил эхний ээлжийнхээ оймсыг 14 хоногт ч зарж дуусаагүй байна. “Янмал”, “Тод” үйлдвэрийн оймс 1900-2500 төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Зузаан оймс ширхгийн үнэ нь 2500 төгрөг бол бөөндөө 1900 төгрөг. Харин эмэгтэй нимгэн оймс ширхэгийн үнэ 2200 төгрөг, бөөндөө 1900 байдаг юм. Хүүхдийнх нь 1600, бөөндөө 1500 болно. Хүмүүс бэлгэнд өгөх болохоор хайрцагтай байвал зүгээр байна гээд байдаг. Хайрцагтай болохоор үндсэн үнэ дээрээ 200 төгрөг нэмэгддэг. Нэг оймсонд 150 төгрөг нэмж зардаг” гэв.

Үйлдвэрийн оймсноос өөр монгол бараагүй “Нарантуул” зах

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор манай улс хилээ түр хаагаад байгаа. Ингэхдээ Эрээний чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнийг ч мөн хорьсон. Энэ жил Цагаан сараар монгол бүтээгдэхүүн бэлэглэе гэсэн уриалга ч гарсан. Үүнтэй холбоотойгоор бид монгол бараа хайж захын үзэсгэлэнгийн хэсгийг хэсэг тойров. Гэвч “Янмал”, “Тод”, “Гэр” үйлдвэрийн оймсноос өөр монгол үйлдвэрийн гарын бэлэг алга. Харин монгол хэв загвар, хээ угалз оруулсан хятадын бараа цөөнгүй байлаа. Тухайлбал, бор бөөрөнхий хайрцаг дээр дөрвөлжин хээ зурсан, тэлээ, бүс, шатар, даам зэрэг  “Made china“ гэсэн шошготой бараа зах, замбараагүй. Худалдаачид Хятадын Цагаан сараас урьтаж бараа бүтээгдэхүүнээ татжээ. Үзэсгэлэн худалдааны баруун захад өнгө өнгийн шилэн эдлэл, гарын бэлэг зардаг нэлээн том лангуунд,  хүмүүс олноороо бөөгнөрчээ. Бараг л захын урд хэсэгт явж буй бүх хүн тэнд байна уу гэлтэй. “Энэ хэд вэ. Бөөндөө хэдэд өгөх вэ” гэж асуусан хүн тоймгүй. Гэхдээ яг худалдаж авч байгаа нь ховор. Лангууны худалдагч эр “Орон нутгийн худалдаачид ороод ирвэл миний бараа яах ийхийн зуургүй л зарагдана л даа. Гэхдээ барааны сонголт ихтэй учраас худалдан авалт бусдыг бодвол чамлахааргүй л байна. Би Хятадын Цагаан сар болж, хил хаахаас өмнө бараагаа сайн татсан. Учир нь Цагаан сарын үеэр Эрээн рүү 3-4 удаа явдаг юм. Энэ жил эхнэр төрж, туслах хүн байхгүй болохоор лангуугаа хаагаад явж болохгүй учир нэлээд их юм татчихсан юм. Бараа эрэлттэй бол Цагаан сарын өмнө урагшаа нэг явна гэж тооцоолсон. Зарим хүн өмнөх жилийн үлдэгдэл бараагаа зарж дуусаад бараа татна гэж байсан. Гэтэл өвчин гарсан болохоор хил хааж, урагшаа чиглэх хүн байхгүй болсон. Тэрнээс биш энэ үзэсгэлэнгийн хэсэгт ийм том лангуу олдохгүй шүү дээ. Хүмүүс бараагүй, дээр нь худалдан авалт муу байгаа болохоор энд лангуу түрээслэхгүй байгаа. Миний бараа 2500-50 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Хоёр ширхэгтэй бэлэгний аяга хамгийн хямд үнэтэй байна. Энэ жил зузаан шилтэй аяганы иж бүрдэл, усны сав зэрэг нэлээн үнэтэй байна. Тухайлбал, зузаан цэвэр шилтэй чихрийн таваг 8000-15000 мянга бол иж бүрдлүүд 30 мянгаас дээш үнэтэй байгаа. Шинэ загварын аяганы иж бүрдэл болохоор хүмүүс бэлгэнд биш гэртээ хэрэглэх гэж ширхгээр нь авч байна” гэлээ.  

Бараа үнэтэй байна

Иргэдийн олонх нь үнэ ханш судалж, нааш, цааш холхилдоно. “Нарантуул” зах дээр нэлээд олон хүн байгаа хэдий ч тор дүүрэн бэлэг худалдан аваад явж байгаа нь ховор. Иргэд бараа бүтээгдэхүүн үнэтэй байгааг ярьж байв. Сүхбаатар аймгийн худалдан авагч “400 мянган төгрөгтэй Цагаан сарын бэлгээ бэлдэх гэж ирсэн. Юу ч аваагүй байхад тал нь дуусчихлаа. Түрүү жил 2500 гэдэг байсан үсний индүү 5000 мянган төгрөг болж өсжээ. Тэгэхээр үнэ нэмэгдсэн л гэсэн үг. Харин 3000 мянган төгрөгөөр авч байсан тэлээ 3800 болжээ. Хүүхдэд өгөх бэлэг 1000-2000 мянган төгрөгийн үнэтэй байх шиг байна. Бас барааны сонголт муу байна. Хуучин зарагддаг байсан зарим бараа алга. Манай ээж өндөр настай хүн байдаг. Хүн их ирдэг учраас бэлэг сайн бэлдэх хэрэгтэй. Харин ээж маань энэ жил урьдны адил дугуй хавсайг хэдэн ааруултай сонинд боогоод хүүхдүүдэд өгдөг юм билүү гэж ярьж байна. Тэр нь ч бараг дээр шиг санагдаж байгаа” гэв. Зарим иргэд мөнгө бэлэглэхээр төлөвлөж байгаагаа ярьж байлаа. Мөнгө өгөх хэдий ч ах, дүүгээсээ өөр хүнд гар цайлгах бэлэг авахгүй бол болохгүй ч гэж байв.

Гарын бэлэг 500-50 мянган төгрөгийн үнэтэй

Хүүхдийн гарын бэлэг буюу хуванцар машин, барби, тэмдэглэлийн дэвтэр, төрөл бүрийн зурагтай цүнх 500-3500 төгрөгийн үнэтэй. Харин гоо сайхны бараа, үсний индүү, гар нүүрийн алчуур, гэрийн улавч, түрийвч зэрэг эмэгтэйчүүдэд өгөх бэлэг 3500-7000 мянган төгрөгийн ханштай байсан юм. Хайрцагтай срочкон цамц 8000-12000 мянга, машины тоос сорогч 10000, хоолны сав 3000-5000, хундага 2000-35000, хөзөр 500-1200, оймс 600-4500 төгрөгийн үнэтэй байв. Халуунаа барьдаг усны сав 3500-15 мянган төгрөг бол шилэн сав 1500 төгрөг, Солонгос дээлийн өнгө даавуу материал  хоёр метр нь 15 мянга бол торго 20 мянган төгрөгийн үнэтэй.

"Нарантуул" зах дээр зарагдаж буй урд хөршийн бараа бүтээгдэхүүний үнийг хүргэлээ. Иргэдийнх олонх нь бэлгийн бараа үнэтэй, сонголт муутай байгааг хэлсэн бол худалдагч нар худалдан авалт муу байгааг ам уралдан ярьж байлаа. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид