Улаанбаатар 1c

Б.Батдэлгэр: Эрх мэдэл, танил талдаа үйлчилдэг хуулийнхныг шинэчлэх цаг нь болжээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал, Барилга угсралтын “Бүрэн цутгамал” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Батдэлгэртэй ярилцлаа.  

-Таныг Авлигатай тэмцэх газрын үүдэнд суулт зарлаж байсныг санаж байна. Яг ямар асуудлаар суулт зарлах болов? 
-Манай компани 2013 оны 6-10 сард “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан юм. Барилга баригдаж байх хугацаанд тус сургуулийн зүгээс гэрээгээ удаа дараа зөрчсөн. Үүгээр зогсохгүй ажлын хөлсөө өгөхгүй байх тохиолдол олон гарч байсан. Улмаар ажлын хөлсөө авахыг шаардахад манай компанитай хийсэн гэрээгээ цуцлаж, биднийг барилгын талбайгаас хөөж явуулсан. Иймээс бид ажлын хөлсөө авахаар Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Миний гомдол шийдэгдээгүй явж байх хугацаанд “Сант” сургуулийнхан зөрүүлээд цагдаад гомдол гаргаж, намайг шалгуулахыг хүссэн байдаг юм. Тодруулбал, хүний нэр төр гутаасан, залилан мэхэлсэн, чанаргүй барилга барьсан гэх гурван зүйл ангиар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст намайг яллагдагч, шүүгдэгчээр татаж шалгасан. 

-Чанар муутай барилга барьсан гэдэг нь үнэн үү?
-Тэд чанар муутай барилга барьсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174.1 буюу чанар муутай барилга барьж, ашиглалтад оруулсан гэдгээр надад яллагдагч, шүүгдэгч гэсэн нэр зүүлгэсэн. Ингээд цагдаагаас шүүх рүү шилжүүлж, шүүх нь шалгасан. Харин намайг шалгах явцад нь манай компанийн барьсан барилгыг улсын комисс хүлээж авсан байдаг. Нөгөө чанаргүй, муу гэсэн барилга нь чанартай, сайн болоод хүлээн зөвшөөрөгдсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай компанийн инженер техникийн ажилчдын бий болгосон бичиг баримт, манай компанийн нэр дээр гарсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг “Сант” сургуулийнхан бидэнд мэдэгдэхгүйгээр Улсын комисст өгсөн. Яагаад мэдэгдэхгүйгээр ийм үйлдэл хийсэн бэ гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ манай компани улсын комисст орохоор бол эрүү болон иргэний хэргийн маргаан дуусгавар болсон байх ёстой. Тийм учраас манай компаниас нууцаар “Голомт констракшн” компанитай хуурамч гэрээ хийсэн. Ингэхдээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа тэргүүтэй төрийн албан хаагчидтай хуйвалдаж, Монгол Улсын хууль, дүрмүүдийг зөрчиж улсын комисст хүлээж авсан байдаг. Тэдний хууль бус үйлдлийн нэг жишээг дурдъя. 2016 оны наймдугаар сарын 25-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан болсон. Шүүх хурал дээр “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин болон түүний өмгөөлөгч нар “Энэ чанар муутай, хогийн барилга болсон. Өнөөдрийг хүртэл энэ барилгыг улсын комисст өгөөгүй, одоо болтол ашиглаж чадахгүй байна” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл тэд шүүх хурал болохын яг урд өдөр улсын комисст хүлээлгээд өгчихсөн байсан. Тэгэхээр тэд шүүх хурал дээр худал мэдүүлэг өгсөн байх нь. 

-Та хэзээ Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан юм бэ? 
-Улсын комисст ажилласан төрийн албан хаагчид, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Сант” сургуульд давуу байдал үүсгэсэн гэсэн үндэслэлээр 2017 оны хоёрдугаар сарын 2-нд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Гэвч Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, миний гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс хоёр ч удаа татгалзсан. Мөн гурван удаа хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар удаа дараа “Сант” сургуулийн болон энэ асуудалд оролцсон төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан. Тэд цааш, нааш нь явуулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаа агуулж байгаа юм. Миний гаргасан гомдлыг хуулийн дагуу шалгахгүй байгаа учир иргэн Б.Батдэлгэр миний бие Авлигатай тэмцэх газрын гадаа тэмцэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваад “Байгууллага дотроо байгаа “зомби хорлон сүйтгэгч” мөрдөгч нартаа хариуцлага тооцох шаардлага”  тавьж, жагсаал цуглаан хийсэн. 

-Таны хэлж байгаа шиг Авлигатай тэмцэх газар үнэхээр хорлон сүйтгэгчдээр дүүрсэн гэж үү? 
-Бүгдийг нь гэж хэлэхгүй. Дотор нь байгаа ганц нэг албан хаагчид л буруу байгаа. Иргэн хүний нүдээр харахад одоо Авлигатай тэмцэх газар сайн ажиллаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон хэргүүдийг шалгаж байгаа гэх мэт сайн талууд бий. Гэтэл тэдгээр мөрдөгчийн дунд байгаа, хэрэгт субъектив байдлаар ханддаг цөөнхийг л гайхаад байна. Прокуророос “Энэ хэрэг байна аа, шалга” гээд байхад хоёр удаа хэрэг нээхээс татгалзаж, гурван удаа хаах санал гаргаж байгаа нь тэдний ажлаа хийхгүй байгааг илтгэнэ. 

-Хэрвээ бүгд биш юм бол нэр дурдах боломжтой юу? 
-Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Э.Оюунболд хамгийн анх шалгасан. Одоо Ц.Билгүүн гэдэг мөрдөгч дээр байгаа. Энэ хүн бас л хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал явуулсан байна лээ. Гэтэл шинэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. 

-“Сант” сургуулийн барилгыг улсын комисс хүлээж авсан нь хууль бус үйлдэл гэдгийг таниас өөр хэн батлах вэ? 
-Хууль бус гэдгийг би ганцаараа дүгнээгүй. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гурван удаа дүгнэлт гаргасан байдаг. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг Ерөнхий гүйцэтгэгч “Голомт констракшн” ХХК-аар хүлээн авсан нь, уг барилгын газар олголт нь, бохирын шугам дээр баригдсан нь Монгол Улсын хууль дүрэмд нийцэхгүй,зөрчиж байна гэж дүгнэсэн. Мөн Архивын хэрэг хөтлөлтийн улсын ахлах  байцаагчийн “Сант” сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг хүлээж авсан нь учир дутагдалтай” гэдэг дүгнэлт гаргасан. Тэр байтугай, Улсын ерөнхий прокурор “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Голомт констракшн”-тай байгуулсан гэрээ, Барилгын ажлын тэмдэглэл  хуурамч байна” гэж тогтоосон. Улмаар энэ үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэдгийг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан. Мөн “Сант” сургууль Иргэний хэргийн шүүхэд манай компаниас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг шүүгчийн туслахтай хуйвалдаж аваад, түүгээр улсын комисст өгсөн. Тэгэхээр одоо архивт дандаа хуулбар баримт байгаа. Тус сургууль барилгын өргөтгөлийн ажлаа манай компаниас албан ёсоор, хуулийн дагуу хүлээж аваагүй болохоор бүх материалын эх хувь нь  манай компанид бий. Хүлээж авсан бол бид хүлээлгэн өгөх байсан. Тэд энийгээ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрдөг. 

-Ажлын хөлс өгөөгүй гэж “Сант” сургуулийг шүүхэд дуудсан. Ажлын хөлс хэдэн төгрөг байсан бэ? 
-2013 онд Иргэний хэргийн шүүхэд хандаж, ажлын хөлсний үлдэгдэл болох 500 сая төгрөгийг “Сант” сургуулиас нэхэмжилсэн. Хоёр жилийн хугацаанд шүүх дээр шалгагдах явцад надад эрүүгийн гурван хэрэг үүсгэсэн гэж дээр хэлсэн. Үүнээс шалтгаалж, эрүүгийн хэрэг дууссаны дараа шийдүүлэх зорилгоор манай компани нэхэмжлэхээ татаж авсан. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн бол иргэний хэрэг үүсэхгүй гэсэн заалт байдаг. 

-Маргаан одоо аль шатандаа явж байгаа вэ? 
-Яг одоогийн байдлаар хоёр тал хоёулаа шүүхэд хандсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр “Сант” сургууль манай компаниас болж хохирсон гэх үндэслэлээр 600 сая төгрөг нэхэмжилж байгаа. Эсрэгээрээ манай компани 2013 оны 500 сая төгрөг, түүнээс үүдсэн алданги болон хохирол гэх үндэслэлээр 1.4 тэрбум төгрөг нэхэмжлээд иргэний хэргийн маргаан хянагдаж  байна. Тэгэхээр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсаныхаа төлөө иргэн Батдэлгэр би сэтгэл санааны болон эд материалын асар их хохирол амсаж байна. Залилан мэхэлсэн гэмт хэргээр 756 хоног, хүний нэр төр гутаасан гэмт хэргээр 413 хоног, чанаргүй барилга барьсан гэдэг гэмт хэргээр 886 хоног буюу нийтдээ 2365 хоног би яллагдагч, шүүгдэгч нэр зүүсэн. Энэ дунд сэжигтэн гэж ороогүй шүү. Дандаа л яллагдагч, шүүгдэгч хэмээн цоллуулж, хэлмэгдсэн. Улмаар прокуророос миний хэргийг хэрэгсэхгүй болгосон учир шүүхээр цагаатгуулахаар хүсэлт өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс надад “Чанар муутай барилга барьсан” гээд дахиад чанга дэглэмтэй ял өгч байгаа юм. Би гэмт хэрэг хийгээгүй учраас хяналтын журмаар гомдол гаргаж, харин Дээд шүүхээс  цагаатгасан.

-2013 оны 500 сая төгрөг 1.4 тэрбум болтол өссөнийг тодруулахгүй юу? 
-500 сая төгрөг нь дан ганц манай компаниас гарсан мөнгө биш. Тухайн үед гүйцэтгэгч болон бараа материал худалдаж авсан компаниуд, ажилчдын цалин гэх мэт өглөгтэй байсан. Дээрээс нь энэ 500 сая төгрөгийн өр дарахын тулд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс зээл авсан. Тэр байтугай би өөрийнхөө байрыг хүртэл зарсан. Эдгээр хуримтлагдсан зардлыг тооцоод 1.4 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа юм.

-Тус барилга эхлэхдээ л маргаан дагуулчихаагүй байх. Анх хэчнээн төгрөгийн төсөвтэй барилга байсан бэ? 
-Шуудхан хэлэхэд “Сант” сургуулийн барилга эхлэхдээ л маргаантай байсан. Хамгийн анх газрын маргаантай байсан. Манай компанийг очиход ойр орчмын орон сууцны оршин суугч нар хэл ам үүсгэсэн, Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газраас “Тухайн газарт барилга барих нь Хот байгуулалтын тухай хууль болон барилгын норм, дүрмийг зөрчиж байна” гэсэн дүгнэлт гарсан байсан.  Манай компани дөрөв, таван давхартаа спорт заалтай барилгыг нийтдээ нэг сая 560 мянган ам.доллар буюу 2.3 тэрбум төгрөгийн өртгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажилласан. Үүнээсээ манай компани 1.7 тэрбум орчим төгрөгийн буюу барилгын 80 орчим хувийн ажил хийсэн байдаг. Гэтэл “Сант” сургуулиас 1.2 тэрбум төгрөг авсан байгаа. Прокурор болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар манай “Бүрэн цутгамал” компанийг хохирогч биш гэж үздэг. Уг нь бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, мөнгөн хөрөнгө болон биет бусаар (эдийн ба эдийн бус) хохирсон хүнийг хохирогч гэнэ гэж тодорхойлсон. Үнэхээр манай компани хохирогч биш юм бол Монгол Улсад эрүүгийн хэргийн хохирогч олдохгүй болох нь дээ гэж би харж байна. 

-Энэ олон жил шүүхээр явахад ялалт байгуулна гэсэн итгэл тань алдрахгүй байна гэж үү? 
-Шударга ёс гэж байдаг бол ялж л таарна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд шударга шүүхээр шүүлгэх, нотлох баримтыг шалгуулах эрхтэй гэж заасан байдаг. Мөн Барилгын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд барилгын салбарт оролцогчдын тэгш эрхийг хангана гэж заасан байдаг. Би эдгээр эрхээ эдлэхийн төлөө л тэмцэж байгаа хүн. Шударга үнэний төлөө цаашид ч тууштай тэмцэх болно. 

-Та 133 дугаар сургуулийн асуудлаар цөөнгүй маргаанд оролцсон байдаг. Энэ бүхнээс харахад та өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм биш үү? 
-Өнөөдрийн байдлаар Б.Батдэлгэр гэдэг хүн ерөнхийдөө гурван маргаанд оролцож байна. Хэл ам, хэрүүл заргатайдаа биш юм. Энэ бүгд миний эрх ашгийг зөрчсөн болохоор дээрх маргаануудад оролцож байна. Өөрөөр хэлбэл,  “Сант” сургуулийн асуудал манай “Бүрэн цутгамал” ХХК-ийн эрхийг зөрчсөн бол 133 дугаар сургуульд манай бага хүү сурдаг. Гэтэл тухайн сургууль дөрвөн ээлжээр хичээллэж миний хүүгийн сурах эрхэд нь халдсан учраас би дуугарч байгаа юм. Мөн миний бие  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тиймээс гурав дахь маргаан нь үүнтэй холбоотой. Тодруулбал, ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдох хэрэг байгаа. Баялаг бүтээгчдийн эрх ашгийн төлөө бидний тэмцлийн үр дүн гарч,  ЖДҮХС-гаас жинхэнэ Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчид зээл авдаг болж байна.

-Эцэст нь, танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Монгол Улсын Үндсэн хуульд хууль, шүүхийн өмнө хэн бүхний эрх тэгш байна гэсэн заалт бий. Гэтэл хууль, хяналтын байгууллагад мөнгө, эрх мэдэл, танил талтай хүмүүст үйлчилж, тэдний эрх ашгийг хууль бусаар хамгаалдаг төрийн албан хаагчид байсаар л байна. Хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд солигдсон боловч доод, дунд шатандаа өөрчлөлт, шинэчлэлт хийгдэхгүй байгаа учраас жирийн иргэдийн эрх ашиг асар ихээр хохирч байгааг төр засгийн түвшинд анхаарч үзэхгүй бол болохгүй нь гэдгийг ойлгоосой. Цэвэр ариун шүүх, цэц мэргэн прокурор байвал Монгол Улс аяндаа хөгжинө гэдэгт итгэдэг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БЗД-ийн 26-р хорооны олон мянган хүүхдүүдийн эрх ашгийн төлөө шантрашгүй тэмцэж байгаа мундаг хүн шүү! Бахархаж явдаг шүү!
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Хууль шүүхийн даварсан гаруудыг шинэчлэх болжээ.
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
Нийтлэлчид