Улаанбаатар 1c

Элчин сайд болгодог илбэ

Б.ЭНХ, NPost.mn
2020-02-10 10:03
Ц.Нямдорж хүү Н.Анхбаярыгаа Элчин сайд болгохын тулд Ерөнхийлөгчийн “зүтгүүлж” буй Элчин сайдад нэр дэвшигчдийг унагасан гэв үү

Төрийн албыг төрөл садан, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийнхээ шагнал, урамшуулал, илгээлт, амралт болгодог үзэгдэл Монголд улам бүр хүчээ авч байна. Энэ хүч гаднын орнуудад суух Элчин сайд, дипломат ажилтнуудын томилгоо руу “халдвар”-лаад мөн л цөөнгүй жилийг үдлээ. Улстөрчид хийгээд бизнесийн салбарынхны аалзны тор мэт хэлхэлдсэн энэ сүлжээний бие биенээ албан тушаалаар дайлж, цайлж, томилдог илбийн явдлыг хууль хяналтынхан ч тасалж барахгүй, аргаа барж суугаа билээ. Гэхдээ улстөрчдийг ийм “Хүссэнээ авах гэж зүтгэдэг, өгөхгүй болохоор нь уурлаж, өөр ямар нэг юмаар барьцаалж, хэд л бол хэдэн сар, жилээр новширдог, эцэст нь Монгол төрийн бодлогын залгамж халааг захын нэгэнд бэлэглэдэг” байдлаас болж Монгол Улсын гадаад дахь нэр хүнд унасаар байна.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд Монгол Улсаас гадаад улсад суух 10 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан хэд хэдэн хүнийг шинээр томилсон. Тухайн томилгоо ч ах дүү, төрөл төрөгсдийн дундах албан тушаалын илбийг үргэлжлүүлсэн. Тухайлбал, дээр дурдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Австрали Улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон байдаг.

Элчин сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч, ГХЯ-наас санал оруулж, УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг. Гэвч эрх бүхий албан тушаалтнууд улс төрийн ашиг сонирхол бүхий өөрсдийн хүмүүсээ Элчин сайдад “шахах”-аар тал талаасаа зүтгэж, улмаар тохиролцоонд хүрч чадалгүй томилгоо гацаанд ордогийн жишээ өдгөө манайд өрнөсөөр л байна. Тодруулбал, өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгч ч дэмжсэн байдаг. Гэтэл МАН-ын бүлэг 11 Элчин сайдаас хоёрыг нь дэмжээгүй. Дэмжигдээгүй буюу Элчин болохоо шахаад байсан хоёр буюу Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаяр, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяа нар нь Ерөнхийлөгчийн “зүтгүүлж” байсан хүмүүс гэнэ. Ерөнхийлөгч илгээсэн хоёрыг нь дэмжээгүй учраас Элчин сайдуудыг дэмжсэн саналаа удалгүй татчихлаа. Үүнийг улстөрчид “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулах асуудлыг Ерөнхийлөгч “гацаачихсан” нь ийн Ч.Бүрэнбаяр, Ц.Өнөрзаяа нарыг үлдээхэд хүргэлээ” хэмээн өөр хоорондоо ярьж байна. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн томилгоо иймэрхүү жишгээр өрнөж, хэн нэгэнд ямар нэгэн байдлаар ашигтай явагддагийг дээрх жишээ бэлхнээ нотлоод өгч байна. 

Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд Монгол Улсаас гадаад улсад суух 10 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан хэд хэдэн хүнийг шинээр томилсон. Тухайн томилгоо ч ах дүү, төрөл төрөгсдийн дундах албан тушаалын илбийг үргэлжлүүлсэн. Тухайлбал, дээр дурдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Австрали Улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар томилогдсон бол хүргэн Хашбаатар нь БНСУ-ын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон байдаг. Энэ томилгоог хийх гэж мөн л улстөрчдийн хооронд нэлээд “юм” өрнөж байв.  Энэ мэтээр Элчин сайдын албан тушаалд томилогдох наад захын улс төрийн туршлага, мэргэжлийн чадвар, тухайн албанд ажиллах нөхцлийг хангаагүй ч сайн аав, ах, эгчийнхээ буянаар томилогддог байдлыг нэрлээд байвал урт жагсаалт гарна. Хамгийн гол нь ингэж зарга, заль хэрэглэн барин Элчин сайд, дипломат албыг бэлэг болгон томилсон хүмүүс нь Монголын нэрийг дэлхий дахинд гутааж байгаа баримт цөөнгүй.  

1998-2001 онд ОХУ-д томилогдсон Ц.Цолмон нь Элчин сайдаар ажиллаж байхдаа тамхины наймааг анх зохион байгуулалтад оруулан, хууль бус наймаа, ажиллагааг дэлгэрүүлсэн хэргээр шалгагдаж байв. Түүнчлэн Прагад сууж байгаа Элчин сайд Нямаагийн Наранбат Польшийн Эрүүгийн цагдаад эрэн сурвалжлагдаж буй мэдээлэл дэлхий даяар цацагдсан цаг саяхан.

Жишээ нь, Франц Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээр дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй. Энэ талаар АТГ-ын албан тушаалтнууд “Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэг гэсэн үг. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэх тайлбар өгч байлаа. Гэтэл А.Баттөр нь зөвхөн Францад бус Бельги Улсад Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байжээ. Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. 

Мөн 1998-2001 онд ОХУ-д томилогдсон Ц.Цолмон нь Элчин сайдаар ажиллаж байхдаа тамхины наймааг анх зохион байгуулалтад оруулан, хууль бус наймаа, ажиллагааг дэлгэрүүлсэн хэргээр шалгагдаж байв. Түүнчлэн Прагад сууж байгаа Элчин сайд Нямаагийн Наранбат Польшийн Эрүүгийн цагдаад эрэн сурвалжлагдаж буй мэдээлэл дэлхий даяар цацагдсан цаг саяхан. Дипломатуудын хар тамхины наймааг эхлүүлсэн хүнээр Каирт Элчин сайд байсан К.Сайрааныг гэдэг. Түүний охин нь Туркийн хар тамхины наймааны сүлжээнд холбогдож, Туркээс Грек рүү хар тамхи зөөвөрлөж яваад баривчлагдан Европын гянданд бүх насаараа хоригдох ял сонсоод баларч байхад нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Грекийн Ерөнхийлөгчид захидал бичиж байж ялаас мулталсан гэдэг. 

Элчин сайдуудаас гадна тэдний дэргэд ажиллахаар мөн л улстөрчдийн “илбэ”-ээр томилогддог дипломат албаныхны хууль бус үйлдэл, Монголынхоо нэрийг гэмт хэргээр таниулсан баримт цөөн биш. Жишээ нь, Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал гэгч нь “Блэк Морган”-ыхан гэдэг нэртэй Английн тамхины томоохон компанийн бүтээгдэхүүнийг Европын орнууд руу зөөдөг, Монголд оруулж ирдэг байсан гэж байгаа. Тэрээр дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 оны гуравдугаар сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдан багагүй шуугиан тарьсан. Болгарын хууль, хяналтынхан түүнийг таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь баривчиллаа хэмээн мэдэгдэж байв. Тэд Польшийн Брестийн хилийн боомтоор хууль бусаар тамхи нэвтрүүлдэг гэдэг мэдээлэл олон улсад цацагдаж байлаа. 

Тэр ч бүү хэл Москва дахь ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Ганболд түүний эхнэр Сэлэнгэ нар тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог талаарх мэдээлэл дэлхий нийтийг нэг хэсэг шуугиулсан. Тэд өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байсан гэдэг. Хууль бус наймаанаас 1.2 сая еврогийн хохирол учирсан гэж гаальчид тогтоосон байна. Энэ сүлжээ Германы Лейпциг хотод төвлөрч, дамлахаар бэлтгэсэн янжуураа багцлан боож дипломат шуудан маягаар өнгөлөн далдалж вьетнамчуудаар дамжуулан Европын холбооны улсууд уруу гаргадаг байсныг нь Чехийн гаалийн албаныхан илрүүлсэн байдаг. 

Мөн Монгол Улсаас Австри Улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан С.Эрдэнээ нь ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан. Түүнийг Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны дотнын найз гэдэг.  
Энэ мэтээр эндэх улстөрчдийн хоорондоо муудаж, өстөн болохын наагуур арайхийн “илбэ”-дэж илгээсэн Элчин сайд, дипломатчид тэнд очоод юу ч хийж чадахгүй, чадъя гэсэн ч мэдэхгүй, сүүлдээ хэрэг төвөгт орооцолдож буй жишээг дурдаж дуусахааргүй олон гэдгийг уншигч та юу андах билээ. 

Эцэст нь, эндээс явуулах гэж элдэв арга заль, эвсэл нэгдэл, илбэ жатгаа хийсээр арайхийн томилсон Элчин сайдуудаа эгүүлэн татахдаа ч манай улстөрчид ялгаатай хандсаар байна. Уг нь Дипломат албаны тухай хуульд “Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа дөрвөн жил байна” хэмээн заасан байдаг. Ийн атал хамгийн наад захын жишээ нь, хугацаа нь жил гаруйгаар нэгэнт өнгөрсөн Ерөнхийлөгчийн эгчийн хүргэн Т.Лхагвадорж өнөөг хүртэл Бүгд найрамдах Сингапур Улсад Элчин сайдаа хийсээр л сууна. Энэ мөн л албан тушаалын илбэ гэдэг нь юм болов уу даа.    

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид