Улаанбаатар 1c

Зангаа хувиргадаггүй Х.Зандраабайды

Тэр бол Монголын уран зохиолын ой санамж. Дурдатгалын сан хөмрөг. Өөрийгөө хэзээ ч магтан дөвийлгөдөггүй даруухнаас гадна бусдыг магтан гялалзуулагч. Монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч гэгдэх Д.Намдагийн гарын шавь. “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Гул Аранжин”, “Тал нутгийнхан” зэрэг кино зохиол, олон арван жүжиг бичиж тайз, дэлгэцээр нийтийн хүртээл болгосноор нь Хоролын Зандраабайды гэх өвгөн зохиолчийг бид мэднэ. Тэр бүр олны өмнө гардаггүй, “Би”-гээс тасрагч. “Хорвоогийн бүх учир шалтгаан, хүн гэгчийн мөн чанарыг ганц би ярина гэвэл энэ нас хүрэлцэхгүй тул бичээд суухаас өөр замгүй” гэх даруухан үзэлтэн. Тэрбээр Буянт-Ухаа хороолол дахь өргөөндөө үзэг цаас нийлүүлэн сууна. Цас хайлмагтан нар ээсэн өвлийн адаг сарын дулаахан өдрөөр өвгөн зохиолчийг зорилоо.   

 Нар ээсэн цэлгэр том цонх руугаа хараад суучихаж. Бөгтийн суугаад ямар нэг чухал зүйл бичиж байгаа нь илт. Гаднаас яваад орсон хэнбугайг ч үл анзааран том бор ширээний ард хөдөлгөөнгүй суух эрхэм хүнийг сатааруулахыг хүссэнгүй. Гэрийн эзэгтэйн зочин ирснийг анхааруулсан яриа түүнийг бичгийн ширээнээс нь түр хөндийрүүлэв. Түүнийг шинэ үеийнхэн “Зандардаггүй Зандраабайды” хэмээн хайрладаг бол нэг насных  нь  анд нөхөр Л.Түдэв түүнийг  зангаа хувиргадаггүй Х.Зандраабайды хэмээн “өмчилдөг”. Уран зохиол шимтэн уншигчдын дунд “Монголын уран зохиолын үүсэл, түүхийн хар хайрцаг” хэмээгддэг Хоролын Зандраабайды зохиолчийг нэн шинэ үеийн залуус тэр бүр мэддэггүй. Учир нь дээр хэлсэнчлэн тэрбээр телевиз, камерын өмнө үе үе үзэгдэж автораа зарлаад байдаггүй дутагдалтай. 1950 оноос эхэлсэн түүний уран бүтээлийн туурвил зүйг судлана гэвэл залуу сэтгүүлч надад ахадсан ланжгар ажил болох тул энэ удаад уран бүтээлчийн үнэт зүйл, үзэл санааных нь мөн чанарыг илүүтэй тэмдэглэн өөртөө үлдээхийг эрхэмлэснээ нуухгүй ээ.

 АВЬЯАС ХӨДӨЛМӨР ХОЁРООР СҮЛЖ ГЭМЭЭНЭ АМЬТАЙ БҮТЭЭЛ ТӨРНӨ

Х.Зандраабайды Дундговь аймгийн Цагаан-Овоо сумын уугуул. 1934 онд  малчин Хоролын гэр  бүлд төрсөн. МУИС-ийг дүүргэсэн. Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй. Энэ бол өвгөн зохиолчийн талаарх маш товчхон танилцуулга. Өөрөөр хэлбэл, илүү дутуугийн тайлбаргүйгээр Х.Зандраабайды гэх их хүмүүний дотоодод зочлох гэсэн бичигч миний алгасал байв. Түүний мөр, нэр хоёроо үлдээсэн замнал бүрийг нэг бүрчлэн бичнэ гэвэл түүн шиг алсуур зам үгүй. Тэгэхээр их хүмүүний өнөөдөрт дөхөж очихын тулд дөтлөж буй өчүүхэн санаархал минь юм.  
Түүний уран бүтээлийн өсөлтөд их зохиолч Д.Намдагт шавь орсон, Чойжилын Чимидтэй олон жил хамт ажиллаж нөхөрлөсөн, Л.Түдэвийн “Хаалгаа” цэлийтэл онгойлгож өгдөг ганц найз, мөн хэнтэй ч нэг л зангаараа явдаг нь Х.Зандраабайды гэх их хүнийг бүтээсэн гэдгийг утга зохиолын хүрээнийхэн хэлдэг. Энэ нь ярианаас нь ч илт мэдрэгддэг. Ам нээх бүртээ өөрийгөө бус өрөөлийг магтан, нөхөрлөлийнхөө үнэ цэнийг баримтат яриагаар хачирлан үе үе хөгтэй дурсамжаар чимж инээд алдан ярих өвгөн зохиолчийн яриа амттай гэж жигтэйхэн. Зохиолч хүнд байх ёстой үнэт чанар юу юм бэ гэх мэдлэггүйхэн асуултад минь “Нэгдүгээрт, авьяастай, хоёрдугаарт, хөдөлмөрч байх ёстой. Сайн бүтээл ийм л нийлэмжээс “төрнө”. Үүн дээр найруулан бичих гэдэг том аюул зайлшгүй яригдана. Бодож олсноо бичих өгөгдөл баргийн хүнд заяадаггүй юм шүү. Их сонин гоё сюжет олчихоод бичиж чаддаггүй хүн бий. Ерөөсөө юм олж чадахгүй мөртлөө сүрхий дэг шаг болгочихдог хүн байна. Тэгэхээр хамгийн том аюул бол найруулан бичих байгаа биз” хэмээн зөөлөн инээх юм. 
 ...Би бол Б.Лхагвасүрэнг жигтэйхэн авьяастай төрсөн гэж хэлж чадна. Сайхан бичнэ. Шүлгүүдийнх нь уртай, бяртайг яана. Мөн ч амттай, тултал бичнэ дээ.  
Сүнс зайлам харанхуйд 
Сүг нөмөрч унтдаг байлаа
Ижийтэйгээ байхад би баян байлаа...үүнээс илүү мөрөөр яах юм бэ. Өгөгдөл гэж үүнийг хэлээд байгаа юм. Түүнээс сэтгэлд үлддэггүй мөр бадгийг хэн ч эрийтэл нь бичнэ. Б.Лхагвасүрэнгийн шүлгүүд бол хүний сэтгэлд үргэлж оч үсэргэж байдаг, мөн ч галтай шүү. Дэндэвийн Пүрэвдоржийн хачин тунгалаг найраглалыг чухам юу гэх вэ. Гэтэл 1990 оноос хойш бичдэг хүмүүс олширсон. Үүнд сайн ч тал байна. Муу ч тал бий. Сайн нь бичих эрмэлзэл төрж байна. Муу нь, бичихийн тулд бичиж байна. Бодохгүй байна. Өөрөө ч ойлгохгүй зүйл бичээд ном болгоод байна. Энэ бол аюул. Аюулын цөм нь юу вэ гэхээр, Монгол гэх хөрснөөс салчихсан. Гэтэл бид энэ газарт төрсөн, эндээ шингэнэ. Ахуйгаасаа тасарчихсан учраас жинхэнэ үндэстний уран зохиол төрөхгүй байна. Шинэчилнэ л гэнэ. Барууны бичлэгийн өнгө аясыг дуурайна гэж их хөөрч байна, манай орчин цагийн залуус. Гэтэл тусдаа тийм барууны гэх онцгой технологи байхгүй ээ. Тэд чинь өөрийн гэсэн ахуй, соёлын хэв загваргүй, аргаа барж байгаа улс. Монгол хүн бол Монгол үндэстэн, Монгол зохиолоо бичих ёстой. Ухаант өвгөд, эмгэдээ бич. Ингэж байж дэлхийн долоон тэрбум хүнээс бид ялгарна. Оюун санааны хувьд ондоошно...
Энэ бол Х.Зандраабайды зохиолчийн үзэл санаа. Тэр бол ахуйдаа дэндүү хайртай, үндэстэн өөрийн мөн чанартай, бичиг соёлын дархлаатай байх ёстой хэмээн хатуу боддог уран бүтээлч. Үндэстний уран зохиол гэх дархан сэдвийн манаач. Түүнийг өнөө цагийн уран зохиолын олон “изм”-ийн тэрс үзэлтэн гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Түүнтэй ярилцаад суухад яг ийм бодол улам лавширна. 
...Орчин цагийн ихэнх бичигчид зохиолын уран санаа гэдгийг орхигдуулаад байна уу гэж хардаг. Уран зохиолын уранг аваад хаячихаар зохиол болж байгаа юм. Бүх хүн зохиож чадна. Харин уран зохиол хийх гэж байгаа бол уран зохиол бүтдэг шаардлагаар бүтээлдээ хандах ёстой. Залуучуудыг хараад байхад эхлээд хүн хуулаад дараа нь өөрийгөө хуулаад байна. 
Энэ бол түүний эмзэглэл. Орчин цагийн утга зохиолын өргөө гэрт орох гэж байгаа, баттай суудал эзлэхээр зэхэж буй хэнд ч Х.Зандраабайды гэх энэ эрхэм хүний үг хатуу санагдах нь гарцаагүй. Гэхдээ санаж сэрэхэд туйлын хэрэгтэй зэм юм. 

  Д.НАМДАГ БОЛ БАРАГДАШГҮЙ ИХ САВ

“Та Д.Намдаг багшийн цөөхөн шавь нарын нэг. Та багшаасаа юу авч үлдсэн бэ”. Энэ асуултад эрхэм зохиолч тун ч хөөртэйгээр хариулсан. Ингэхдээ сэтгэлд нь тийм гэхийн эцэсгүй баяр хөөр оволзон байгааг инээд алдсан нүднээс нь мэдрэв. Тэрбээр багшийнхаа тухай “Намдаг гэж хүний ачаар Монголын утга зохиол гэх ариун сүмд би гэдэг хүн одоо ч хөл, толгой нь солигдохгүй алхаж явна. Би бол номын гурван багштай хүн. Ч.Чимэд, Д.Намдаг, Ш.Гаадамба. Үүн дээр С.Буяннэмэх зохиолч миний ичнээ багш. Д.Намдаг багшаас би юу сурав гэх асуултад “Их юм сурлаа” гэвэл, “Үгүй мөн ч их юм мэддэг хүн болж таарах гээд байна, би. “Юм сурсангүй ээ” гэчихвэл “Ээ хөөрхий, аргагүй тэнэг амьтан” болж таарах гээд байна. Тэгэхээр, Д.Намдаг багш намайг тэвчээртэй болгосон. Юмыг эргэцүүлэн бодоход сургаж. Найруулан бичихэд сургасан. Алив юмыг сонирхож сургажээ. Амьдрал гэдэг харахад ерийн юм шиг хэрнээ дандаа хувиралтай байх юм. Нэг удаа багш надад хэлсэн. “Би гарын гурван шавьтай. Д.Мягмар, Д.Батбаяр хоёр. Энэ хоёрт би бүхнээ хэлсэн. Зандраад дутуу хэлсэн. Зандраад гүйцээж өгөх юмсан” гэж хэлж билээ. Бидэнд ингэж хэлэхээс гадна, ерөөс залууст яг л ингэж хэлдэг байсан. Багшийн үзэл санаа бол шавь багшаасаа холдоод явах нь туйлын зөв ба багшдаа автахгүйгээр өөрийгөө тунхаглах хүчтэй болсныг илтгэнэ” гэж үздэг байсан. Ийм ч учраас “Би их олон шавьтай байлаа. Нэг л мэдэхэд шавь нар минь надаас холдоод явчихсан байдаг. С.Дашдооровыг Д.Сэнгээгийн дугуйланд сууж байх үеэс нь шавь болгоод гэрийн дугуйландаа суулгаж байтал гэнэтхэн л надаасаа том амьтан болчихсон, надад зааж сургах хэмжээнд оччихсон байсан. Шавь гэдэг ийм байх ёстой” гэж хэлдэг байлаа. Тэгсэн нэг өдөр Намдаг багш хэлж байна. “Энэ Д.Батбаяр надаас хөндийрөөд байна. Энэ маш зөв шүү. Цаадах чинь надаас авдгаа авчихаж. Одоо биеэ даая гэж бодоод эхэлж. Энэ сүрхий гайхал. Энэ зөв” гэж хэлж байсан. Миний багш бол ийм л нэг сонин араншинтай хүн байлаа. Намайг “Чинийх дутуу” гэж хэлсэн нь их утгатай байжээ гэж би боддог. Ингэж хэлсэн үгийг нь ч тайлсан. “Чи жүжиг бичиж чадахгүй юм байна. Чи өөр зүйл бичих юм байна. Би чамаар жүжгийн зохиол бичүүлэх гэж их хичээлээ. Чи бол жүжгийн зохиолч биш юм байна шүү” гэсэн санаа л байж. Ингэж л боддог” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн “Би Д.Намдаг багшаас сурч чадахгүй. Миний сав жижиг. Д.Намдаг бол далай. Барагдашгүй их сав. Чи эхлээд бичих зүйлээ сайтар төлөвлө. Бичихээрээ өөр бич. Төлөвлөснөө эвдээд бичээрэй” гэж багш бидэнд үргэлж сануулна. Энэ бол жинхэнэ аюул байлаа. Багшид гаргаж өгсөн зохиолын төлөвлөгөөг эвдээд бичнэ гэхээрээ л өөрөө эвдэрч ойчдог юм. Багшаас авсан эрдэм зохиол болж гарахдаа эвдэрч байвал Д.Намдаг багшийн савнаас боломжоороо мэдлэг шанагадаж авчээ л гэсэн үг. Хүн багшийн хэлсэн ёсоор бичих ёсгүй л гэсэн санаа юм. Тэгэхээр уран зохиол бол албан бичиг биш учраас багшийн үгээр бичиж болдоггүй. Уран зохиолыг бичихдээ гаргасан төлөвлөгөөгөө эвд гэдэг нь өөрийгөө эвд гэсэн л санаа юм билээ. Багшаас авсан зүйл ерөөсөө энэ. Өөрөө өөрийгөө эвдэх”. 
Агуу Доноровын Намдагийн гуравхан шавийн нэг Х.Зандраабайды ийн даруухнаар их мэдлэгээ үнэлэв.

Б.РИНЧЕНГИЙН ТУХАЙ цөөн үг 

Монгол Улсын төрийн шагналт, бичгийн сод хүмүүн, билгүүн номч Бямбын Ринченгээс эхлээд Б.Явуухулан, Д.Намдаг, Л.Түдэв тэргүүнтэй Монголын утга зохиолын тооно, багана болсон луугаруудыг гарын арван хуруу шигээ мэдэхээс гадна домог мэт түүхийн сурвалж болох Х.Зандраабайды гуайгаас тэдний тухай асуухгүй өнгөрч боломгүй. Тэрбээр Л.Түдэвийн тухай он цагийн уртад ярьж дуусахгүй дурсамж хүүрнэх нь уртаас урт зай талбай эзлэх хэмжээнд юм. Л.Түдэв бол маш нийтэч, хошин зантай. Их найзархуу, тусархуу, эрчим чадалтай, хэнийг ч царайчилдаггүй хүн хэмээн тодорхойлох юм. Тэгснээ Монгол Улсын төрийн шагналт, бичгийн сод хүмүүн, билгүүн номч Бямбын Ринченгийн дараа бичигдэх хэмжээний оюуны мэдлэг, цар хүрээтэй том сэтгэгч гэлээ. 
Харин билгүүн номч Бямбын Ринченгийн тухайд, бүтээл туурвил хийгээд Монголын хэл шинжлэлд оруулсан гавьяат үйлстэй нь холбогдуулж “Ринчен гуайг би их залуудаа харж байсан. Их олон сонин сугандаа хуйлан хавчуулаад Сүхбаатарын талбайгаар урт цагаан үсээ салхинд намируулан алхаж явахыг анх харсан. Үнэхээр гоёмсог, сүр жавхаатай хүн байж билээ. Дараахан нь Зохиолчдын хорооны нэгэн өрөөнд үгийг нь сонсох хувь тохиол бүрдсэн. Би тэр үед “Соёл, утга зохиол” сонины газар жижүүрийн редакторын ажилтай. С.Бадраагийн ч билүү, өрөөнд манай хэдэн зохиолч цуглачихаж. Ринчен гуайг танилаа. Ингэж л ойроос харсан даа. Сүүлд Ри багшийг шүүмжлэгдэж байхад түүний үзэг нэгтнүүд тэгтлээ хамгаалж байгаагүй шиг санагддаг юм. Д.Сэнгээгийн бичсэн дайрал шүлэг бол тэр талаарх том жишээ. Түүний “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану хатан”, “Мангаа До-гийн эцсийн зүүд” зэрэг тавиад оны сүүлчээр бичсэн өгүүллэгүүд уншигчийн сонирхлыг маш их татсан. Ринчен гуай энэ үед шаргуу бичиж, бичсэнээ зохиолчдын сонин сэтгүүлд авчирч гаргуулдаг байлаа. Өвгөн эрдэмтэн, шинэ үсгийн дүрмийг дандаа шүүмжилж, тодорхой санал дэвшүүлнэ. Зарим хүн нүүрэн дээр нь зүйтэй, зүйтэй гээд нүднээс нь далд “Ринчен дэмий юм ярих юм, хэрэгжүүлэх боломжгүй юм донгосч байна” гэнэ. Сонин, сэтгүүл, радиогийн хэл найруулгыг айхтар шүүмжилж “МОНЦАМЭ-гийн мохоо модон хэл, монгол хэлийг модны өт шиг идэж байна” гээд шүүмжилнэ дээ. Ри багш бол хурц, дайчин шүүмжлэгчээс гадна Монголын уран зохиолын үзэгдэл байсан.  

Үргэлжлэл бий...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Сүг нөмөрч унтахгүй ээ, Сүү нөмөрч унтана аа, Ичнээ бишээ эчнээ,
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
Нийтлэлчид