Улаанбаатар 1c

Жүдочид “Их дуулга”-ын эхний өдөр таван медаль хүртлээ

Манай жүдочид шинэ оны эхний олимпын оноо олгох Парисын “Их дуулга”  тэмцээнд амжилттай оролцож байна.  Энэ удаагийн “Их дуулга” тэмцээн өнгөрсөн бямба гарагт Франц Улсын “Аккоротель арена” цогцолборт эхэлсэн. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга” тэмцээнд дэлхийн шилдгүүд цугларсан байна.  Тус тэмцээнд дэлхийн 122 орны 800 жүдочид олимпын онооны төлөө өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас 12 эрэгтэй, найман эмэгтэй жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн  60, 66, 73 кг-ийн жингийн барилдаан боллоо. Манай тамирчид эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль аваад байна. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт Австрийн Катарина Танзерыг 1:36 минутад, хоёрдугаар тойрогт Францын Мелоди Вогарниг 1:05 минутад хэвтээ барилдаанаас өчиж цэвэр ялснаар шилдэг наймд шалгарсан. Гэвч хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2019 оны залуучуудын дэлхийн аварга Япон Улсын ирээдүйтэй залуу бөх Вакана Когад нэмэлт цагт торгуулиар ялагдлаа. Энэ тамирчинд манай гавьяат өнгөрсөн оны Осакагийн “Их дуулга”-д ялагдаж байсан бөгөөд хоёр дахиа учраа таарч мөн л ялагдал хүлээв. Гэвч манай гавьяат торгуулийн тойрогт Израйлийн Шира Ришониг 2:27 минутад, хүрэл медалийн төлөө эзэн орон Францын бөх Ширин Боуклиг 42 секундэд тус бүр өчих мэхээр цэвэр яллаа. Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн “Чиндао-2019” “Мастерс”- ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг эхний тойрогтоо ОХУ-ын Алесья Кузнецовад 11 секундэд цэвэр бууснаар тэмцээнээ дуусгасан юм. Энэ жинд дэлхийн хошой аварга Дария Белодид, Японы Вакана Когаг вазари үнэлгээгээр ялснаар хоёр дахь удаагаа Парист аваргаллаа. Д.Белодидийг өнгөрсөн 2019 онд Гүрж Улсын Тбилисийн гранпри тэмцээн дээр ялсан Францын Мелани Клемон манай М.Уранцэцэгтэй хамт хүрэл медаль хүртэв. Ийнхүү М.Уранцэцэг Парисын “Их дуулга”-аас дөрөв дэх хүрэл медалиа хүртэж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медальтай боллоо.

Манай тамирчид эхний өдөр нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль аваад байна. 

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд 51 буюу хамгийн олон  жүдоч оролцсон бөгөөд дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Цүкаса Ёшида, “Чиндао-2019”,  “Мастерс”-ийн аварга БНАСАУ-ын Ким Жин-А нараас бусад бүхий л шилдгүүд хуран чууллаа.  Манай тамирчин эхний тойрогтоо эзэн орон Франц Улсын бөх ДАШТ-ий хүрэл медальт Халена Ресевүг 2:06 минутад цэвэр, хоёрдугаар тойрогтоо Доминиканы Ана Розаг 3:07 минутад даралтаар цэвэр ялсан бол өнгөрсөн 2019 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Болгарын Ивелина Илиеваг вазари үнэлгээгээр ялж, шилдэг наймд шалгарлаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Канадын Жессика Климкайтыг нэмэлт цагт торгуулиар буулгаж авсан.  Харин хагас шигшээд ДАШТ-ий гурван мөнгө, олимпын хүрэл медальтай Португалын алдарт жүдоч Телма Монтериотой хүч үзсэн. Португал бүсгүй манай тамирчны тохойны үеийг хөшиж үүрэх хориотой мэх хийснээр хөөгдөх торгууль хүлээж, манай жүдоч аваргын төлөө өрсөлдөхөөр болсон юм. Харин хөөгдөх торгууль хүлээсэн Монтерио хүрэл медалийн төлөө барилдах боломжгүй болж, Японы Момо Тамаоки барилдалгүйгээр шагналын тавцанд гарлаа. Мөн энэ жингийн хоёр дахь хүрэл медалийг Косовогийн Нора Гжакова, Францын Сара Леон Сисикүг ялснаар хүртлээ. Харин аваргын төлөөх барилдаанд манай Хөдөлмөрийн баатар 2019 оны дэлхийн аварга  Канадын Криста Дегүчитэй учраа таарч вазари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэд өмнө нь хоёр удаа учраа таарахад бие биенээ тус бүр нэг нэг ялаад байсан юм. Дегүчи манай бөхийг 2014 онд Италийн Ромд болсон Европын нээлттэй тэмцээнд Японы нэрийн өмнөөс барилдаж байхдаа ялсан. Харин Д.Сумъяа аварга түүнийг 2017 онд Абу Дабигийн “Их дуулга”-д ялж байв.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д 44 жүдоч хүч үзсэн.  Манай улсын 60 кг-ын шилдэг бөх ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөөд  хоёрдугаар тойрогт Герман Улсын жүдоч Моритз Плафкайг нэмэлт цагт буюу  5:36 минутад вазари үнэлгээгээр яллаа.  Улмаар гуравдугаар тойрогт  Украины Артём Лесьюкийг вазари үнэлгээгээр ялагдаж яваад үнэлгээг тэнцүүлсэн бөгөөд нэмэлт цагт цэвэр ялсан. Харамсалтай нь манай бөх хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын мөнгө, дэлхийн алт, хүрэл медальт Казахстан Улсын жүдоч Елдос Сметовд вазари үнэлгээгээр ялагдсан. Гэвч торгуулийн тойрогт  залуучуудын дэлхийн аварга Испаний Франческо Гарригосыг 21 секундэд дархан хутгах мэхээрээ цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.  Улмаар хүрэл медалийн төлөө тэмцээний гол нээлтүүдийн нэг Туркийн Михрач Аккустай хүч үзсэн юм. Өнгөрсөн оны Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн Д.Амартүвшин энэ удаад 2017 оны өсвөр үеийн дэлхийн аварга Туркийн 19 настай залуу шилдэг жүдочинг 2:16 минутад дархан хутгах мэхээрээ цэвэр ялж, Токиогийн олимпод өрсөлдөх боломжоо нэмлээ. Д.Амартүвшин гавьяат гадаадын бөхчүүдтэй үнэхээр барилдаад сурчихжээ. Түүнтэй хамт энэ жинд хүч үзсэн 2020 оны Монгол Улсын аварга Лхагважамцын Өнөболд эхний барилдаанаа 2019 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ахмад Юсифовтой хийж, 2:32 минутад цэвэр ялсан. Гэвч манай бөх дараагийн даваандаа ДАШТ-ий тавдугаар байрын шагналт,  Казахстан Улсын шилдэг бөх Гусман Кыргызбаевт нэмэлт цагт буюу 6:04 минутад вазари үнэлгээ алдан хожигдож үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн ОУХМ Ё.Басхүү медалийн төлөөх барилдаанд Израилийн бөх Баруш.Шмайловыг нэмэлт цагт ялж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд 69 жүдоч оролцон барилдсан. Ё.Басхүү мастер “Их дуулга” ангиллаас дөрөв дэх хүрэл медалиа хүртэж байна. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Энэтхэгийн Жаслин Сингх Сайниг үндсэн цагт вазари үнэлгээгээр буулган авсан.  Гуравдугаар тойрогт, Ирландын  бөх Натон Бөрнсийг 3:19 минутад торгуулиар ялав. Шилдэг наймд шалгарах шийдвэрлэх барилдаанд эзэн орон Францын Килиан Ле Блочийг нэмэлт цаг сунган 11:11 минутад вазари үнэлгээгээр хожсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Украины Богдан Ядовыг 2:13 минутад мушгих мэхээр цэвэр савсан бол хагас шигшээд олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулд нэмэлт цагт вазари үнэлгээгээр унасан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд  “Чиндао-2019”,  “Мастерс” тэмцээний хүрэл медалийн төлөө учраа таарч байсан Израйлийн Барух Шмайловыг 7:27 минутад өмсөх мэхээр вазари үнэлгээ авснаар шагналын тавцанд гарлаа. Энэ жингийн аваргын төлөө БНСУ-ын жүдочид хоорондоо өрсөлдөхөд Ан Баул торгуулиар ялж аварга болов. Харин манай Ё.Басхүүтэй хамт Украины домогт жүдоч Георгий Зантарая нэг тавцанд зогссон юм. Ё.Басхүүтэй хамт энэ жинд зодоглосон “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн Аргентины Таль Альмогийг 2:42 минутад торгуулиар ялсан ч 2019 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Ибрахим Алиевт 3:50 минутад хоёр вазари алдаж хожигдсон.   

Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы алдарт бөх Масаши Эбинүматай цаг сунган барилдаж, дэлхийн шилдэг бөхийг торгуулиар яллаа. Ц.Цогтбаатар эхний тойрогт Конгогийн Стив Калезиг 1:42 минутад үүрэх мэхээр цэвэр, хоёрдугаар тойргийн барилдаанд өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Бразилийн Майкл Марселиньог 3:07 минутад үүрэх мэхээр цэвэр ялсан. Улмаар шилдэг наймд үлдэхийн төлөө Польшийн Виктор  Мровзинскитай таарч 1:15 минутад тохох мэхээр цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Ташкентын гранпригийн хошой аварга Узбекистаны Хикматиллох Тураевийг нэмэлт цагт вазаригаар ялж, их шөвөгт үлдсэн юм. Гэвч манай бөх хагас шигшээд Казахстаны Зансай Смагуловтой базари үнэлгээгээр тэнцэж явж байгаад  2:29 минутад дахинбазари үнэлгээ алдаж ялагдсан юм.  Энэ жинд өрсөлдсөн  ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны Гиёсжон Бобоевийг 3:47 минутад цэвэр ялсан ч гуравдугаар тойрогт ДАШТ-ий алт, мөнгөн медальт Япон Улсын бөх Соичи Хашимотод вазари үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан сонины дугаар шилжих үед үргэлжилж байлаа. Эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг, эрэгтэйчүүдийн  81, 90, 100, +100 кг-ын жингийн барилдаан явагдаж байна. Парисын “Их дуулга” тэмцээний дараа Токиогийн олимпын өмнө манай жүдочдыг  энэ сарын сүүлээр Германы Дюссельдорф,  ирэх гуравдугаар сард ОХУ-ын Екатеринбург, тавдугаар сард Бакугийн “Их дуулга” гэсэн гурван тэмцээн хүлээж байна. Харин Токиогийн олимпын дараа Бразил, Абу-Даби, Токиогийн гурван  “Их дуулга” тэмцээн явагдана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид