Улаанбаатар 1c

Зангаа хувиргадаггүй Х.Зандраабайды

Өмнөх нь №27(3491) дугаарт

Бидний яриа орчин цагийн театр, киноны зохиолын талаар үргэлжилсэн юм. Тэрбээр кино, жүжгийн зохиолын алтан үеийн төлөөллийн нэг яах аргагүй мөн. 

-“Бид үндэстний онцлогтой ард түмэн” гэж онгирдог ч кино, жүжгийн зохиолын хомсдолд орчихов уу. Гадны зохиолыг шүтэх үзэл хандлагатай болсон шиг санагдах боллоо. Гэтэл манай алтан үеийнхний олон сайхан бүтээл, туурвил тайзнаа амилах цагаа хүлээгээд “тоосонд” дараатай байх шиг. Энэ тухайд та ямар бодолтой байдаг бол? 
-Би театраас холдоод удаж байна. Байдлаас харвал манайх жүжгийн зохиолгүй болчихсон шиг байна. Д.Намдаг, Ч.Чимэд, Д.Мягмар, Д.Батбаяр гээд жүжгийн зохиолчтой улс шүү, манайх. Бидний үед залуусыг бэлтгэдэг, тэд зохиол бичдэг, театр түүнийг нь авч тайзнаа тавьдаг байлаа. Одоо театр жүжгийн зохиолгүй боллоо гэж яриад байгаа нь үнэний хувьтай болов уу. Биднээс хойш Б.Лхагвасүрэн, Б.Цогнэмэх гэх мэт цөөн хэдэн зохиолчийн жүжгээр амь таслахгүй яваад байх шиг. Угтаа манай улс аль ч цаг үед театрын галыг таслахгүй байх зохиолч, зохиолтой айл. Тухайлбал, Д.Намдагийн жүжгүүдээс тавих боломж бүрэн бий. 
Гэтэл тавьдаггүй, яаж байгаа юм. Өөрийн зохиолчдоо театр дэмжих, оюуны бүтээлийг нь ашиглах ёстой. Гэтэл “Анна каренина”, “Гамлет”-ыг тавина л гэж байна. Болохгүй юмгүй. Гэхдээ нэг зүйлийг гайхаж байна.  Ч.Чимэдийн орчуулга хэтэрхий үзэл сурталжсан учраас засна гэж байх юм. Ингэж болох юм уу. Ч.Чимэд “Гамлет-ыг тултал орчуулсан. Хуучин ЗХУ байхдаа У.Шекспирийг орчуулдаг хориод орчуулагчтай байсан. Түүнээс дөрөвхөн хүний орчуулгыг театр нь голлодог байлаа. Тэр дундаа Борис Пастернакийн орчуулгаар театр жүжгийг нь тавьдаг байсан. Гэтэл Ч.Чимэд Б.Пастернакийн орчуулгаас давж орчуулсан байхад дахиад өөрчилнө гэж байгаа нь өвөг дээдсээ үнэлэхгүй, голдог, харь үзлийг хэт шүтсэний шинж гэж харж байна. 

-Манайд кино, жүжгийн 600 орчим зохиол байна гэж судлаачид тоолжээ. Энэ өвөө уудалбал орчин цагаас гажуудсан үзэл санаатай зохиол ховор байх болов уу гэж бодож байна? 
-Д.Намдаг гуайн “Сүрэг чоно” гэж 1936 онд бичсэн жүжиг байдаг. Энэ бол дотоодын ноёд түшмэд, дарга нар гаднынхантай хуйвалаад эх орныхоо бүхий л үнэт зүйлсийг мөнгөтэй харийнханд өгөөд зөвхөн өөрсдөө баяждаг төрийн албан хаагчдыг хурц шүүмжилдэг юм. Ийм үзэгдэл энэ цагт бий юү байгаа. “Эрдэмтний яриа” гэж жүжгийг амилуулж болно. Биеэ авч явж чадахаа байсан, байгаль дэлхийтэйгээ харилцаж чаддаггүй, оюуны сульдаа ядаргаанд орсон хүний тухай өгүүлдэг. Энэ жүжгийг өнөөдөр тавьж болно доо. Бид нийтээрээ мэдрэлийн сульдаатай болчихсон байгаа шүү дээ. “Оролмаа” жүжгийг яагаад тавихгүй байна вэ. Олон хүүхэдтэй ээж хүүхдүүдээ хүн болгох гэж яаж зовж байгааг харуулдаг. Гурван хүү, хоёр охиных нь амьдрал, үзэл санааны зөрчлөөс болж Оролмаа эх хэрхэн зовж байгаа юм. Гэтэл яг ийм Оролмаа эхүүд энэ цагт олон бий. 1934 онд Д.Нацагдоржоор бичүүлээд Д.Намдаг зохиолч өөрөө найруулан тавьсан “Учиртай гурван толгой” жүжиг дуурь болоод 85 жил болж байна. Яагаад өөрийн өвийг энэ мэтээр ашиглаж болохгүй байна вэ. Ч.Чимэдийн тухайд хамгийн сүүлд бичсэн зохиол нь болов уу. “Буурай аав” гэж зохиолыг дурдмаар байна. Атар газартай холбоотой хэд хэдэн ч сайн зохиол нь бий. Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”-наас эхлээд жүжиг болгоод тавьчих зохиол олон. 
Бид гадны зохиол бүтээлийг тавьж болно. Гэхдээ Монгол хүний оюун санаа, ахуй амьдрал, ёс төр, соёл хүмүүжилд тухайн жүжгийн үзэл санаа таарах уу гэдгийг нэгдүгээрт бодож байх ёстой. Түүнээс америк, францын мундаг зохиолчийн жүжиг гээд л нийтээрээ шуугиад, бөөн бөөн зардал чирэгдэл, сенсаци болж хоёрхон удаа тавиад дуусдаг байж болохгүй. Театр үзэгчдийн үзэл санаа, таашаалд захирагдаж, тайзнаа дэглэх бүтээлээ сонгодог байх ёстой. 

-Монгол зохиолчдод мөнгө төлөх шаардлага гардаг учраас зохиолчдод өгөх төсвөө танадаг юм биш үү?
-Зохиолчдод мөнгө төлөх ёстой. Хамгийн энгийнээр бодоход л монгол зохиолчийнхоо ахуйг дэмжих хэрэгтэй шүү дээ. Зохиолыг нь бичүүлээд элбээд тавьчихдаг баймаар байна. Театр ч бүтээлтэй, зохиолч ч хэдэн төгрөгтэй болог л дээ. Зохиолчийн шагналыг өгөхгүй гэх байдлаар уран бүтээлд ханддаг үзэл тогтох нь ээ. Зохиолч нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу аль цагийн, харь холын зохиолчийн бүтээлийг сонгож аваад л ноцолдох юм. Тэр жүжгийн төсөвт өртгийнх нь өндрийг ярих ч юм биш. Ийм хандлагаар урт хугацаанд явахгүй ээ. Монголын ард түмний оюун санааны үнэлэмж, багтаамжийг ингэж дорд үзмээргүй байна. 

-Танд хэчнээн жүжгийн зохиол байна вэ?
-Надад арваад юм бий. Миний кино, жүжгийн зохиол өссөн, төрсөн ахуйтай минь холбоотой байдаг юмсан уу, олонх нь хөдөө аж ахуйн сэдэвтэй. Тухайлбал, “Гэмгүй гэмтэн”, “Толгойгүй хүн”, “Шүртэй алтан бөлзөг” гэх мэт. Нэлээд нь жүжиг болж байлаа. Хөдөөгийн орон нутгийн театрууд тавьж байлаа. “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Гул аранжин” зэргээс харагдаж байгаа биз. Миний бүтээлийг кино болгосон урлагийн мастерууд, урлагийн зүтгэлтнүүдийн ачаар би дэлгэцийн амьд бүтээлтэй үлдсэн хүн. Хөдөө аж ахуйд дэвшүүлсэн асуудал, тэр үеийн жүжигчдийн ур чадвар, кино уран бүтээлчдийн ур чадварын асуудал ямар өндөр байсныг тэр 1950-1980-аад оны сүүлч үеийн уран бүтээлээс харж болдог. 

-Зарим зохиолч эх зохиолыг минь хүн танихын аргагүй болгочихлоо гэдэг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ. Зохиолч өөрийн бүтээлээ танихын аргагүй болтол кино багийнхан өөрчилж байв уу?
-Тэгж орвонгоор нь эргүүлнэ гэж байхгүй л дээ. Хачин тарган морь уначихсан, хэдэн тохой ташуур барьчихсан, эмээлийн баавраасаа эхлээд л алт, мөнгөөр бүрсэн, нутгийн гойд баян эрийн тухай зохиолд дүрсэлснийг гаргалгүйгээр ташаанд нь хувин өлгөмөөр жигтэйхэн туранхай, бүрзийсэн морьтой хийсэн байдаг юм. Энэ мэтээр яльгүй өөрчлөлт орох, зохиолчийн санаа бүрэн гараагүй кадр байдаг л юм. Гэхдээ энэ бол сүртэй юм биш л дээ. 

-Алтан үеийнхний хийсэн кинонуудыг хэд үзсэн ч уйддаггүй. Үзэх болгонд шинэ санагддаг нууц юунд байна вэ?
-Хамгийн гол зүйл зохиол. Одоогийн киночид зохиолтой кино ер хийхгүй юм. Театр, кинонынхон үзэгчдээ хүндэтгэхгүй байна. Юүхэн хээхнээр аргалчих гээд байна. Солонгос киноны раамыг дууриаж кино хийвэл Монголын кино уран бүтээл зогсоно. Кино урлаг нь өндөр хөгжсөн Орос, Франц, Унгар, Италийн зохиолчдын туршлагаас жишээ авч монгол ахуйгаасаа ургасан кино хиймээр байна. Солонгосын олон ангиуд бол бидний хойч үеийнхний тархийг гашилгах, ухаан бохирдуулах л зүйл.  Биенээ гүтгэдэг, доромжилдог, эцэг эхээ гудамжинд орхиод явдаг, эхнэр нөхөр хоёр таарамжгүй, нууц харилцаатай байдаг, гэр бүлээ хүн гэж үздэггүй үзэл санааг солонгос сериал зааж байна. Тэгэхээр бүх зүйл зохиолоос хамаарна. Гэтэл манайх яагаад зохиолгүй кино хийгээд байна вэ. Зохиогчид хамаг мөнгөө өгнө гэдгээс зугатаж байгаа хэрэг. Тэгээд тайзан дээр хэдэн хошин шогийн нөхөд гараад үзэгчдийг ойр зуурын юмаар хуурч инээлгээд тасалбарынхаа мөнгийг хувааж авч л амьдарч байгаа юм. Зохиолчтой продакшнууд байна уу. Байхгүй. Цөм өөр өөрсдөө хэдэн үзэгдэл хувааж авч хийгээд өнөөхөө нийлүүлээд кино гээд нэрлэчихэж байгаа юм. 

-Та Д.Жигжид найруулагчтай хамтарч “Хөх ногооны униар” киног хийсэн. Монгол кино урлагт домог шиг яригддаг энэ хүний талаар дурсаач. Их зарчимч, шударга хүн байсан гэж олон хүн ярьдаг.
-Гайхалтай найруулагч. Намтрыг нь үзээрэй, Багшийн сургуулиас хэтрэхгүй боловсролтой. Жигтэйхэн толгой сайтай. Аппарат бариад фото зураг авч л эхэлсэн хүн. “Монгол кино” үйлдвэрт 1937 онд орж зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдаж, зураглаачийн мэргэжилд суралцсан. Ингээд зураглаачаас найруулагч болж дэвшсэн. “Сэрэлт”, “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” гэхчилэн олон сайхан киног найруулсан. Зохиолыг хэсэг хэсгээр нь харна. Зохиолыг уншиж дэлгэц дээр хэрхэн харагдахыг нь зурж байж зохиолчид санаагаа хэлнэ. Д.Жигжид зохиолчийг үнэхээр хүндэтгэдэг. Хоёрдугаарт, зохиолыг хүндэлнэ. Гуравдугаарт, үзэгчдээ хүндэлнэ. Миний авсан энэ зургийг үзэгчид юу гэж ойлгох вэ, яаж хүлээн авах бол гэж их бодно. Жүжигчидтэйгээ ажиллах арга барил нь үнэхээр нарийн. Найруулагчийн төлөвлөгөө гэж заавал гаргадаг. Энэ төлөвлөгөөг зохиолчтойгоо цуг хийнэ. Чи зохиол дээрээ энэ морьтой хүнийг баруунаас ирж байгаагаар бичжээ. Би зүүнтэйгээс ирж байгаагаар хийнэ. Яагаад гэвэл, наран ургаж байх үест нарны доогуур морьтой хүн гараад ирж байх ёстой юм...гэх байдлаар санаагаа хэлнэ. Энэ төлөвлөгөө гарчихсан хойно зохиолч кино багийнхантай байгаад байх бараг л шаардлагагүй болчихдог. 

-Зан араншингийн хувьд?
-Чанга хүн байсан. Хүнийг захирдаг. Ингэхдээ урлагийн төлөө ингэж чангарч байгаа шүү дээ. 11 хүүхэдтэй хүн. Энэ олон хүүхэд аавын нүдний харцаар байна. Аав дуу цөөнтэй сууж байгаад “Хөөе Навч” гээд охиноо дуудвал “За аав ч өнөөдөр яггүй л ааштай байна даа” гэж ойлгоно. “Навч аа, миний охин нааш ир дээ” гэвэл аав минь сайхан ааштай байна даа гэж боддог. Ингэж тэр олон хүүхдийг дэгтэй өсгөсөн хүн дээ.  

-Тухайн үед кино хэр өртгөөр бүтдэг байв. Зохиолчийн бүтээлийг хэдэн төгрөгөөр үнэлдэг байсан бэ?
-Зохиолчоос бүтээлийг нь 7000 төгрөгөөр авдаг байлаа. Найруулагчийн хөлс 10 мянга, нэгдүгээр зэргийн жүжигчин бол 15 мянган төгрөг авна гэх байдлаар Сайд нарын зөвлөлөөр төсвийг нь батлуулаад мөнгийг нь авчихдаг байсан. Их өндөр үнээр бүтдэг. “Хөх ногооны униар” гэхэд л явдал суудал ихтэй хэсэгтэй учраас нэлээд өндөр үнээр бүтчихсэн байгаа юм.  

-Та бага насныхаа тухайд дурсаач.
-Дундговийн тал нутагт өссөн. Хөдөөгийн хүүхдүүдийн жишгээр хонь, хурганы араас гүйж л өссөн. Дунд сургуулиас хойш ажил хийж байгаад л их сургуульд суралцсан хүн. Монгол хэл, утга зохиолын багш нэртэй ч ганц цагийн хичээл зааж үзээгүй. Төрүүлсэн ээжээсээ дөрвүүлээ юм гэнэ билээ. Нэг ах минь намайг их багад өөд болсон гэдэг юм. Би гэдэг хүн айлын өргөмөл хүү. Эмээ, ээжийнхээ хормойноос зүүгдэх үедээ зүүгдээд, эрхлээд л, хурга, ишигний араас гүйсээр хүүхэд насаа жаргалтай өнгөрүүлсэн хүн.  Соёлын яам, Зохиолчдын эвлэл, “Цог” сэтгүүлд Нарийн бичгийн дарга, Утга зохиол сонины гал тогоонд залуу нас минь өнгөрсөн дөө. Хойморт ч суусангүй, халхавчинд ч нуугдсангүй.

-Тээр жил оюутан байхдаа таны яриаг сонсож байлаа. Тэр үед та Бөхийн Бааст гуайн талаар ярихдаа “Мөн ч хөдөлмөрч хүн. Алгахан цаасан дээр эргүүлж тойруулж элдвийн юм эрээчээд суудаг байлаа. Мөн ч уйгагүй хүн” гэж ярьж байсныг санаж байна. Та Б.Бааст зохиолчтой хэр ойр дотно явсан бэ?
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Б.Бааст бол намайг Утга зохиол сонин, Цог сэтгүүлд ажиллаж байх үед хийх юм аа хийчихсэн, ойртохоос халгам хүн байсан. Яг нарийндаа бид цуг ажиллаж үзээгүй. Монголын зохиолчдын эвлэлийн байшинд зэрэгцээ өрөөнд суудаг байсан. Жигтэйхэн их ажилладаг хүн байсан. Ямар сайндаа Дамдинсүрэн гуай “Зохиолчдын эвлэл дотор Бааст шиг их ажилладаг хүн алга. Бааст шиг муу хэлэгддэг хүн алга” гэж хэлсэн юм гэнэ билээ. Өдрийн тэмдэглэл хөтөлнө. Ямар нэгэн үйл явдалд очих бүртээ өнөөхөө хуучин монгол бичгээр тэмдэглэнэ. Америк, Вьетнамын дайны үед Б.Бааст гуай Вьетнамд сар болчихоод ирсэн гэсэн. Тэр тэмдэглэлээ сийрүүлж авч чадалгүй бурхан боллоо гэж байсан даа, хөөрхий. Хятад руу Нямын Цэгмид жүжигчинтэй хамт 70 гаруй хоног театрын ажлаар явсан гэсэн. Бичиж ирсэн тэмдэглэл нь хэдэн боть шиг юм болсон гэдэг.  Гэрийнхээ хана дүүртэл өрчихсөн гар бичмэл байдаг гэж дуулдсан. Түүнийг нь чухам сийрүүлээд юм болговол мөн ч их юм бий дээ. 

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв таныг “Зангаа хувиргадаггүй Зандраа гэдэг бол шинэ цагийн залуус Зандардаггүй Зандраабайды” гэдэг юм билээ. Та Л.Түдэв зохиолчтой хэзээнээс ойр дотно нөхөрлөсөн юм бэ?
-Л.Түдэв эрхлэгчтэй 1962 оноос хойш нөхөрлөж явна. Л.Түдэв бол их юм мэднэ. Ханилгаа сайтай, дэргэдэх хүмүүстээ халамжтай, шаардлага өндөр, жигтэйхэн тусархуу. Л.Түдэв архи балгадаг, тамхи татдаг хүнээс туйлын харшилтай. Хүнийг голд нь ортол гомдоодоггүй. Сайндаа л “Өнөөх өгөр чинь балгачихаж” гэж л хэлнэ. Ийм л хүн. Энэ цаг үеийн тодорхой хэсэг хүмүүс энэ их хүнийг гомдоочихсон доо гэж би дотроо бодож суудаг юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид