Улаанбаатар 1c

“Үхлийн хүлээлгийн өрөө”-нд төрсөн хөндүүр бодол

Дараалал уртассаар...

Сувилагч хаалгаар шагайгаад “Эмч ээ, шинэ хүн ирлээ” гэхэд надтай ярилцаж суусан бүсгүй “Манай эмнэлгийнхэн шинэ хүнээ бүгдээрээ угтаж авдаг уламжлалтай юм” хэмээгээд өрөөнөөс гарав. Би ч түүнийг дагалаа. Тухайн өдөр ээлжтэй ажиллаж буй асрагч, сувилагч нар хэдийн үүдний танхимд цугларчээ. Турж эцэн хамрынх нь самсаа хавчийсан, 40 нас ч хүрээгүй болов уу гэмээр залуу, бас нэг бүсгүй үүдний хонгил дахь хүлээлгийн сандал дээр зэрэгцэн сууна. Арайхийн тогтож сууна уу гэмээр хүчилсэн, ядранги царайгаар нь залууг “шинэ хүн” байх нь хэмээн таамаглаж байтал асрагч түрдэг тэрэг авчран түүнийг суулгав.
Эмч бүсгүй өвчтөн болон хүргэж авчирсан хүмүүстэй найрсгаар мэндлээд “Бид ирсэн хүмүүстээ дуу дуулж өгдөг юм” хэмээн тайлбарлаж дуусахад тэнд байсан эмнэлгийн ажилтнууд дуулж эхэллээ. Ертөнцийн эзэн хайр ивээлдээ бүхнийг багтаах тухай магтан дуу аж. Өвчин шаналалдаа юу, сүсэг бишрэлдээ юү, залуу нүдээ анин суусаар дууг дуусгав. Ингээд тэр эмнэлэгт нэвтрэх эрхтэй болов бололтой. Түүнийг түрсээр “Найдвар” гэсэн өрөөнд орууллаа.
Захын хорооллын гудамжин дундах нэг давхар хуучин барилгыг засаж, тохижуулсан уг эмнэлэг өрөөнүүддээ дугаар тавихын оронд “Итгэл”, “Найдвар” гэх мэт христийн сургаальд олонтаа дурдагддаг үгсээр нэрлэх аж. Энд эмнэлгийн ажилтнууд шинэ хүний төлөө залбирал үйлдэв. Хоёр гарын алгаа дэлгэн, нүдээ аньж зогсоод Ертөнцийн эзний хайр, ивээлд орохоор шинэ хүн ирснийг “аав”-д дуулгаж, түүний биеийг тэнхрүүлэн, эм тарианых нь үйлчлэлийг сайжруулахад туслахыг гуйсан залбирал гурван минут хэртэй үргэлжилсэн.
Энэ бол “Грийн хоум” хосписын өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг. Хөнгөвчлөх эмчилгээ гээч зүйлийн талаар монголчууд мэддэггүй шахам байсан 2001 онд БНСУ-ын хоёр иргэн христийн шашны сайн мэдээ тараах үүрэгтэй элч болон Монголд ирээд анхны хосписыг байгуулсан нь “Грийн хоум”. Өдгөө түүнтэй ижил төстэй хэд хэдэн хоспис байгуулагдсан ч “Грийн хоум” Монголд хамгийн удаан ажилласан, амьдралынхаа сүүлчийн хоногуудыг өнгөрүүлж байгаа хүмүүсийг хэвтүүлэн, эмчилж өвчин шаналал багасгах, гэрээр нь эргэж, асарч сувилах, ар гэрийнхэнд нь болон өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Тэдний үйлчлүүлэгчдийн олонх нь хорт хавдрын эцсийн шатанд орсон гэсэн оноштой байдаг тухай ажилтнууд нь хэлж байв.
Эрүүл саруул хүмүүст бол хөнгөвчлөх эмчилгээний эмнэлэг зүглээд байхаар газар биш. Өвчин нь хүндэрч, эцсийн шатандаа орсон, эмчилгээгүй гээд жирийн эмнэлгээс “хөөгдсөн”, биеийн болоод сэтгэлийн зовиур шаналгаа нь туйлдаа хүрсэн хүмүүс ийшээ ирдэг. Ингэж хэлэхэд эвгүй ч, хосписын үйлчилгээг авахаар орж буй хүн дараа төрөл рүүгээ явах хүлээлгийн танхимд хөл тавилаа гэсэн үг. Хатуу ч гэсэн үнэн нь энэ. Эмчлэгдэх найдваргүй болсон хүмүүс өвчин шаналал бага мэдэрч, бага зовж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг үдэхээр хосписыг зорьдог. Хамгийн эмгэнэлтэй нь, манайд энэ төрлийн эмнэлгийн ачаалал жил ирэх тусам ихсэж, дараалал нь уртсаж байна.

Хорт хавдраар өвчлөгсдийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй, 32 хувь нь таван жил амьдарч байна

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар 1995 оноос хойш бичигдсээр ирсэн. Өнгөрсөн оны мэдээгээр манай улсын хүн амын нас баралтын 25 хувийг энэ өвчин эзэлж буй. Жил бүр 6000 шахам хүн хорт хавдар хэмээх аймшигт өвчин туссан гэсэн онош сонсдог, тэдний 80 орчим хувь нь эмчлэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн хойно буюу эцсийн шатанд орсон үедээ үүнийгээ мэддэг. Тэд тухайн жилдээ нас бардаг гэсэн зүрх зүсэм тоог эмч нар хэлдэг болоод удаж байна. 4000 гаруй хүний ар гэрийнхэн нь хайртай дотнын нэгнээ аварч үлдэхийн тулд өөрт байгаа бүхнээ зориулж, эдийн засгийн эрсдэлд орж зүтгээд ч тусыг эс олдог гэсэн үг. Хорт хавдраар өвчлөгсдийн 90 гаруй хувь нь хөдөлмөрийн насны буюу 45-59 насныхан. Нийт хорт хавдраар өвчлөгсдийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд, 32 хувь нь таван жил л амьдарч байгаа гэсэн өр өвтгөм судалгааг мэргэжлийнхэн хийсэн байна. Энэ бол аймшигтай тоо.
ДЭМБ-ын судалгаагаар 100 мянган хүнд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197.9 байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 229.2. Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдрын шалтгаант нас баралтын дэлхийн дундаж 101.1 байхад  манайх  170.2 байна. Дэлхийн дунджаас 70 хувиар илүү гэдэг байж болох үзүүлэлт мөн үү гэсэн асуултын хариулт бүр ч аймшигтай. Цаашид ч хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай гэсэн тооцоолол байгааг Гавьяат эмч Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн захирал байхдаа дуулгасан. Тэрбээр 2040 он гэхэд жилд 10 мянган хүн хорт хавдраар оношлогдохоор байгааг өнгөрсөн онд мэдэгдсэн юм.
Салбарын яамнаас танилцуулсан хорт хавдрын өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг харвал Монгол Улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж буй.

Эрүүл мэндийн салбарынхны өгч буй мэдээллээр элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар монголчуудын дунд зонхилдог бөгөөд элэгний хорт хавдар тоогоороо тогтмол тэргүүлж, бусад нь хойно, урдаа орон, байраа сольсон байдалтай хэдэн жилийг үдэж буй. Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдлын 40 шахам хувийг элэгний хорт хавдар дангаар эзэлж, уг өвчний улмаас 8256 хүн нас баржээ. Дэлхийн дундаж үзүүлэлтээр 100 мянган хүний 9.3 нь элэгний хорт хавдраар өвдөж байгаа бол манайд энэ тоо 93.7 байна. Өөрөөр хэлбэл, 100 мянган хүн тутмын 94 нь элэгний хорт хавдраар өвдөж буй нь дэлхийн дунджаас даруй 10 дахин их үзүүлэлт юм. Мөн элэгний хорт хавдрын улмаас нас барж буй дэлхийн дундаж үзүүлэлт 100 мянган хүн тутамд 8.5 байгаа бол манай улсад 75.4 байгаа нь мөн л бараг арав дахин өндөр тоо юм.
Монголд сүүлийн таван жилийн хугацаанд бүртгэгдсэн хорт хавдрын 15 хувийг ходоодны хорт хавдар эзэлж буй. Ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн 80 гаруй хувь нь 45-аас дээш насныхан байна.Мөн манай орон дахь умайн хүзүүний хорт хавдрын нөхцөл байдал дэлхийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин өндөр байгаа бөгөөд ДЭМБ-ын онцгойлон анхаарал хандуулж буй 17 орны тоонд Монгол багтаад буй. Уг өвчнөөр өвдсөн эмэгтэйчүүдийн 73.4 хувь нь 45-аас дээш насныхан байсан бол 1.3 хувь нь 30 хүртэлх насныхан. Нэг авууштай нь умайн хүзүүний хорт хавдар бусад хавдартай харьцуулахад эрт үедээ оношлогдож буй давуу талтай гэж эмч нар онцолж байв.

Хавдрын өвчлөлийг илрүүлж, эмчлэх сонирхол төрийн бодлогод бий юү

Монгол Улсын хувьд хорт хавдар ямар аюултай нөхцөл байдалд хүрч, нийгмийн өвчлөл болсон, энэ өвчнөөс иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлж, оношилж, эмчлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлага бий болоод буй нь дээрх тоо баримтуудаас харагдаж буй биз. Энэ өвчинтэй тэмцэхэд хамгийн ихээр хүндрэл учруулж буй хүчин зүйл бол хавдар хожуу шатандаа илэрдэг явдал гэж эмч нар хэлдэг. Гэвч эмнэлгийн байгууллагаар явж, иргэдтэй уулзаад үзэхэд гайт өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж хийгээд хүсэл сонирхол манай эрүүл мэндийн систем, төрийн бодлогод байдаг уу гэж асуумаар санагддаг юм.
Амьдрах орчин эрүүл, өвчлөл бага, хүн ам цөөн байсан өнгөрсөн зууны үед оросуудаар эмнэлэг бариулаад, түүнээс хойш хүн ам хоёр, өвчлөл түүнээс ч олон дахин өсчихөөд байхад шинэ эмнэлэг барьж чаддаггүй юм гэхэд ЗХУ-ын тусламжаар барьсан ганцыгаа өргөтгөчихөж чадахгүй өнөө хүрсэн нь боломжгүйнх биш, сэтгэлгүйнх. Өнгөрсөн жилүүдэд Монголд худалдаа үйлчилгээ, зочид буудал, оффисын олон барилга баригдсан. Өндөр хөгжилтэй аль ч орноос дутахааргүй гоё ганган, үнэтэй тансаг нь ч бий. Үүнийг хувийн хэвшлийнхэн хийсэн. Төрийн байгууллага, яам, тамгын газар, шүүх, цагдаа, тагнуулынхан ч том, том барилгууд хэчнээнээр нь барьсан. Ганц Хавдрын эмнэлгийг л энэ тал дээр урагш алхуулдаггүй нь хачин. Сүүлийн жилүүдэд гарсан хэл ам, хэрүүл шуугиан, иргэдийн өвчлөл, тулгамдсан асуудлаараа бол Хавдрын эмнэлэг хэд хэдэн шинэ барилгатай болчихоор болсон. Гэвч хавдар хэмээх муухай онош сонсож, тэнгэр нурчихсан мэт дотор нь харанхуйлсан түмэн улсдаа ганц байх бор шаргал байшинд багтахгүй язганаж, эмчлүүлсэн ч юмгүй, эдгэрсэн ч юмгүй, дугаараа хүлээн тарчилсан хэвээр өдөр хоногийг өнгөрүүлж явна.

Үргэлжлэл бий...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид