Улаанбаатар 1c

Үзэл бодлын зөрүүтэй хоёр зөнгөр эр Өнгөт орчлонгийн наран дор зэрэг л өтөлж явна даа

Х.УЯНГА, Npost.mn
2020-02-12 10:36

Хэрийн хүнтэй ойртож, шадарлаад байхааргүй хэдэр ёдор ч гэмээр, эс бөгөөс хүнд тал засаж, нүүр олохыг боддоггүй хэнэггүй, хээгүй ч гэмээр, нөгөөтэйгүүр тансаг ярууг та нартай, та наргүй урсгачихна хэмээн билиг авьяасандаа барддаг ч байж мэдэх яруу найрагч Данзангийн Алтангэрэл тун хачин хүн. Угаас авьяастнууд байдаг л нэгэн байх нь ховор хойно, гайхах юу билээ. Өөрөө биш, зохиол бүтээл нь өмнөөс нь ярьж, хэн бэ гэдгийг нь хэлээд өгчихдөг түүнийг утга зохиолын хүрээнийхэн “Дэлтэй цэнхэр”, “Гэзэгт” хэмээн хочлох, авгайлахын завсарт дууддаг билээ.
Сэрүүн булгийнхаа усыг ээ
Рашаан чинээ санасангүй дээ хө
Сиймгэр буурал ээжийгээ
Бурхан чинээ санасангүй дээ хө
(Бурхан бумбын орон)
Сөн дүүрэн жаргалын дугараа эргэсэн өргөө
Цээл сайхан хоолойн шуранхай хадаах хоймороос
Аавын минь өргөсөн дууны
Аялгуу нь аргадаж, үг нь зэмлэж учирланам зээ
(Эрийн сайхан хийморь)
Үндэс мөлхсөн хөрстийн
Дээдсийг онголсон зулай
Тогосын цагаан овоо нь
Даган, даган торолзоно
(Тогосын цагаан овоо) гэсэн аялгуу дүүрэн гэрэлт мөрүүдээр түмэн олны сэтгэлд томоос том орон зайгаа дархалсан, ёжтой, хоржоонтой, ялимгүй хорон үгтэй түүнд уран зохиолын гэр бүлд хань түшиг болж, аргадахдаа аргадаж, зэмлэхдээ зэмлэж, басхүү хайрлаж, сайн сайхныг хүсэж явдаг нөхөр нь яруу найрагч Долгорсүрэнгийн Доржготов. МЗЭ-ийн шагналт Д.Доржготов “Баянхонгорын магтаал оршвой” тэргүүтэй 40 гаруй дуутай авьяаслаг уран бүтээлч билээ. Хэд хоног алсарвал нэгнээ санадаг, хаа холоос инээд хөөр цалгиан, тэврэлдэж уулздаг, тэгснээ баахан толхилцож, тэр зуураа сэтгэлээ онгойлгоод салдаг хоёр найрагчийн нэгэн удаагийн уулзалтын гэрч нь бид болж байна. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл, Д.Доржготов нартай Монголын зохиолчдын эвлэлийн хоёрдугаар давхарт, хүний өрөө түр зээлдэн уулзсан юм.

-Та хоёр нэг нутаг усных биш юм байна. Хэзээ, хэрхэн танилцаж, нөхөрлөлийн түүхээ эхлүүлж байв?
Д.Д: -Бид хаяа залгаа нутгийн улс. Би Баянхонгорынх, Алтангэрэл Өвөрхангайнх. Би Гадаад харилцааны яаманд ажиллаж, гадаад, дотоодод томилогдож явсаар харьцангуй хожуу утга зохиолын хүрээнийхэнд нэгдсэн. 1990-ээд оны сүүлчээр нэг найзтайгаа хамт “Туул” ресторанд орсон юм. Манай зохиолч, яруу найрагчид хэзээнээсээ тэнд тухалдаг хойно, Алтангэрэл “Туул”-д байж таарлаа. Мань эр “Тогосын цагаан овоо”, “Бурхан бумбын орон”, “Эрийн сайхан хийморь” дуунуудаараа нэрд гарчихсан, танихгүй хүнгүй болсон байсан үе. 1990-ээд оны эхээр Ханой дахь Элчин сайдын яамны нарийн бичгийн даргаар сууж байгаад амралтаараа эх орондоо ирэхэд “Эрийн сайхан хийморь” гэдэг шинэ дуу гарсан гээд Үндэсний телевизээр Д.Сосорбарам дуулахыг гаргаж, түүнийг нь сонсоод жигтэйхэн огшиж байж билээ.
Д.А: -“Эрийн сайхан хийморь” 1991 онд “Морин хуур” наадмаас шагнал авч байсан. “Бурхан бумбын орон”, “Тогосын цагаан овоо”, “Бүжинлхам” гээд бүгд тэр үед зэрэг гарч байсан юм даг.
Д.Д: -Яриандаа халаад, сэдвээсээ хальчихлаа. “Туул” ресторан руугаа буцъя. Сууж байтал нэг нөхөр “Би яруу найрагч Алтангэрэл байна” гэсээр ширээнд маань ирэв. Дуунуудынхаа нэрийг хэлээд “Мэдэх үү” хэмээн томорч байна. Ийм сайхан найрагчтай тэгж таарсан, өөрөө шүлэг найрагт дурлаж, оролддог хүн чинь дайлалгүй яах вэ. Анх танилцсан нь тэр.
Тэнд бид жигтэйхэн яриа хөөрөө нийлж, хөгжиж дарвиж, шүлэг найраг ч ярьж, сайхан суусан. Үзэг, цаастай шадарладаг хүн тэгж сэтгэл хөдөлсөн үед яаж зүгээр байх вэ, харингуутаа нөхөрт зориулж хэдэн мөр таталлаа. Би олон жил яруу найрагт шимтэж, сүүл толгой холбосных, номоо гаргая гэсэн бодолтой дипломат албанаас ирсэн юм. Ингээд номоо гаргахдаа Алтангэрэлд зориулсан хэдэн мөртөө оруулчихлаа. Тэгээд “Чиний тухай ийм шүлэг бичсэн, анхны номоо гаргасан” гээд очтол нөхөр намайг таньж байгаа царай алга. Уулзсан, ууж идээд, сайхан найз нөхөд боллоо гээд салснаа ч санасан шинжгүй. Тийм л нөхөр шүү дээ. Тэгж уулзахдаа харин эрүүл саруул байсан болохоор намайг дахиж мартаагүй, түүнээс хойш дотно сайхан нөхөрлөж явна.

-Танд тэр үеийн талаар ямар дурсамж үлдсэн байдаг вэ. Доржготов ахтай танилцсанаа мартчихсан хэрэг үү?
Д.А: -Үгүй ээ, мартаагүй, би анх уулзсанаа тодорхой санадаг юм. Гэхдээ түүнийг сүйд болгож, өөгшүүлж бодоогүй. Намайг таньдаг, дууг минь сонсдог хүн таараа л биз, уулзаад уугаа л биз гээд орхисон хэрэг. Готов өөрөө бол номоо гаргаад над дээр ирсэн гэж байна. Ирээгүй л дээ, “Хоёулаа уулзъя, би чамд шүлэг зориулж бичсэн” гэж дуудсан юм, намайг. Тэгэхэд нь би “Өөрөө шүлэг бичдэг хүнд шүлэг зориулаад байхдаа яах вэ дээ. Надад шүлэг заах гэж байгаа юм болов уу” гэсэн шүү юм бодож, жаахан гайхах маягтай очсон. Түүнээс өмнө би хүний шүлгэнд орж яваагүй юм. Сүүлд нь харин олон хүн шоглож, элэглэж, муулж, сайлсан байдаг юм. Хамгийн анх намайг магтаж байгаа юм уу, матаж байгаа юм уу,
Шүлгийг нь мэдэх хөлчүү найрагч
Сүүмэлзсэн харцаар ширээнд дөхөв
Хундага дарсаар дуртайяа дайлъя
Хийморь онгод нь үргэчих вий дээ
Хөөрч найрлах үедээ
Хөгийг нь ч ололгүй дууг нь аялдаг
Цэцэрхэж ямбалсан тэр залуус
Цэхэлзэж хялалзаад, хөөрхийлөлтэй
Дэврүүн сэтгэлийн онгод нь
Дээлэндээ багтахгүй туг шиг яваа
Уянга найргийн дууч хөвгүүнд
Урам хайрлаж түр саатъя 
гэсэн мөрүүд бичсэн байсан. Бид яг л ингэж уулзсан даа, Доржготов минь ийм сэтгэлээр намайг дайлж дээ гэж одоо боддог юм. Энэ бол 1990-ээд оны сүүлчээр болсон явдал. Тэгэхээр 20 гаруй жил нөхөрлөжээ.

-20 жилийн өмнө гэхээр ид гялалзсан залуус байж дээ?
Д.Д: -40 гарч л явсан байх нь ээ дээ. 
Д.А: -Би ер нь их сонин нөхөр байгаа юм. Хүнтэй танилцахдаа нутгийг нь л асууна, түүнийгээ тэгс хийгээд мартчихна. Угаасаа тогтоохгүй болохоор нас, жил, гэр орон, авгай, хүүхдийг нь огт сонирхохгүй, хүний амьдрал надад хамаагүй гэж боддог. Бид хаяа залгаа нутагтайгаа мэднэ, хоёулаа шүлэгч мэднэ, нэг үеийнх гэдгээ мэднэ. Манай үеийнхэн утга зохиолд цөөхөн шүү дээ. Ш.Гүрбазар, О.Дашбалбар, Ц.Чимэддорж, Д.Доржготов, Дан.Нямаа, Бороохойн Батхүү, Цогтсугар, М.Билэгсайхан, Д.Төрбат гэсхийгээд дуусна. Ийм цөөхөн хүнээс томчууд нь тасраад явчихаар бид мэтийн зовлогоны шагай шиг хэд нь ингээд үлдэж байна даа. Тэдэн дундаас Готовтойгоо илүү ойрхон байдаг.

-Зарим хүн хувь, хувьсгалын бүх зүйлээ мэддэг, ёстой л нууж хаах зүйлгүй, зүү орох зайгүй гэдэг шиг нөхөрлөдөг. Харин та хоёрын нөхөрлөл арай өөр юм шиг ээ?
Д.А: -Бид тэгж наль шаль хийж, хүзүү сээрээрээ холбогдоод, шүлэг номоо зөвлөөд байхгүй. Уран бүтээлчийн хувьд өөр өөрийнхөө санасан бодсоноо сараачиж суувал барав. Харин анд нөхрийн хувьд Готов миний энд байдаг (Зүрхэн тушаа заав). Тэр нь яаж мэдэгддэг вэ гэхээр би гарахаараа л Доржготов руу л явдаг. Уг нь би тэгж их гадуур сайварлаад байдаг хүн биш. Хааяа нэг гарна. Долгионтох үе бий, заримдаа ч гундуухан гараад ирэх үе байх. Тэгээд л үүн дээр очно.
Д.Д: -Манайх Тавдугаар сургуулийн энд байж байгаад нүүсэн юм. Хуучин байраараа орох санаатай очтол Тавдугаар сургуулийн урдах сандал дээр Алтангэрэл сууж байна. “Юу хийж суугаа юм бэ” гэтэл “Чамайгаа бодоод сууж байна” гэж байгаа юм. Ингээд л таарна. Тийм олон тохиолдол бий дээ.
Д.А: -Гэрийг нь олохгүй сууж байхгүй юу. Уг нь өмнө нь эднийд зөндөө ирсэн юм. Ихэвчлэн халамцуудаа, өөрийг нь дагаж орчихоод, гарахдаа хаалганых нь дугаарыг эргэж хардаггүй байж. Би хөдөө төрж, өссөн, тийм нарийн нандин юм мэдэхгүй цөлх хүн шүү дээ. Тэгээд нэг удаа Доржготовыгоо санаад, утасны дугааруудаа алга хийчихсэн болохоор холбогдож чадахгүй, яваад очвол олчихмоор санагдаад ирсэн чинь олон адилхан байшингууд дунд толгой эргэчихсэн.
Готов энэ хавиар л явж байдаг сан, гараад ирэхгүй байх даа гээд хэсэг зогслоо. Гэр нь хуучиндаа байсан бол манай энэ гараад ирнэ л дээ. Нөхөр байнга орж, гардаг, үргэлж л цүнх үүрчихээд, ажил төрөлтэй гээд шогшиж явдаг юм. Заримдаа би үүнийг “Чи их хэнхэг, байнга ажил алба, цаг нар ярьж явдаг” гэж шүүмжилдэг юм. Би бол Готовтой нэг уулзахаараа орой яаж харина аа гэхээс өөрийг бодохгүй шүү дээ. Тэр өдөр гарч ирэхийг нь хүлээж байшингийнх нь ойролцоо нэлээд эргэлдлээ, байдаггүй. Аргаа бараад сургуулийн арын хөлбөмбөгийн талбай руу очлоо. Хааяа энэ надад ганц юм авч өгөөд, хоёулаа тэнд тоглож байгаа хүүхдүүдийг харсан нэртэй сууж, баахан хууч хөөрдөг юм. Эдний авгай, хүүхдүүд “Та хоёр хөлбөмбөг үзэж байгаа юм уу” гэчихээд яваад өгнө. Бид хоёр үнэн хэрэгтээ хөлбөмбөг үзэж буй юм биш, архи тавьчихаад сууж байдаг хэрэг. Тэгж суухдаа юу ярьдаг юм бүү мэд, ам хуурайгүй л ярина. Инээлдэнэ. Үүнийгээ санаад хөлбөмбөгийн талбайн тэнд жаал зогсож байгаад буцаад сургуулийн урд сандал дээр суутал Готов хүрээд ирдэг байгаа. Би гарахаараа яаж ийж байгаад л Готовтой таарчихдаг юм, сонин.

-Алтангэрэл ах найздаа шүлэг найраг зориулж байв уу?
Д.Д: -Хамгийн сүүлд хэвлэгдсэн “Зүүдэнд тэмдэгрэх алс” номыг маань миний нөхөр шүлгээр мялаасан.
Тэнгэр мэт уужим сэтгэлт
Тэмүүлэх сайн хөвгүүн минь
Алс тэртээн анд минь
Архичнаар минь шүлэглэсэн найрагч минь
Амьдын оршихуйн түшиг минь
Аялгуут дууны мастер минь
Алтан уулын залгаас минь
Утга зохиолын үерхэл минь
Үл мартагдах сэтгэл минь
Цаг хугацаа элэх тусам
Чамд би юунд дотносно вэ
Чи минь гэвч намайгаа амьдад минь бүү орхиосой гэсэн байгаа юм.
Д.А: -Би ингэж бичсэнээ ч мартаж. Бид хоёрын бие биедээ бичсэн шүлгийг энэ ярилцлагадаа оруулчихмаар юм байна. Тэнгэр мэт уужим сэтгэлтэй гэжээ, би Доржготовыг ер нь ууралж бухимддаггүй, бараг хараал хэлдэггүй хүн болов уу гэж боддог учраас ингэж бичсэн байна. Манай энэ тун амгалан тайван хүн байгаа юм. Тэгсэн хэрнээ надад их олон ааш гаргана. Их маяглана.
Д.Д: -Бид уулзахаараа бас дандаа инээж ханиагаад, сайхан ааштай байхгүй ээ. Их хөглөнө. Жигтэйхэн тэврэлдэж уулзаад, дунд нь хэсэг хэрэлдэж толхилцоно. Тэгээд үнсэлцээд сална. Салсан хойноо санаад байна. 
Д.А: -Энэ надад эрхлээд байх шиг байдаг юм.
Д.Д: -Үгүй ээ, энэ надад эрхэлдэг юм. Сая уулзахдаа хүртэл “Машин харж байж замаар гар” гэж хэлээд барсангүй. Замын цаанаас намайг харангуутаа машин тэрэг явж байгааг ч тоохгүй шууд алхаад байх юм.
Д.А: -“Замаа хар, замаа хар” гээд орилоод байхаар нь албаар өдмөөр санагдаад шууд алхчихсан юм. Гарч ирчихээд “Чи машинуудаа зогсоохгүй яасан юм” гэж янзыг нь үзсэн гэж байгаа.
Д.Д: -Алтангэрэл эмэгтэй байсан бол ааш нь олдохгүй адайр, хялалзаж шилбэлзсэн, тэгсэн хэрнээ тогоо нэрсэн, харчууд цуглуулсан ямар юм байх бол гэж би тоглоом шоглоом хийдэг юм. Манай энэний ааш олдохгүй шүү дээ.
Д.А: -Би ч савыг нь хоосон буцаахгүй л дээ. Чиний хэлдгээр хүүхэн байсан бол өдөр нь намайг хүн тоодоггүй ч шөнө нь чангаалгадаг л хүүхэн байна. Тэгээд арваад хүүхэд тойруулчихаад “Энэ хэний хүүхэд вэ” гэхээр нь “За хэн мэддэг юм, хэнийх ч байсан яадаг юм бэ” гээд сууна гэдэг юм.
Би ер нь жаахан эм зантай, ааш муутай хүн шиг байгаа юм. Яриа нийлэхгүй хүнтэй бол суух ч үгүй, сөрвөс хийгээд босоод явчихна. Доржготовтойгоо бол ямар ч үед үг хэлээ ололцоод явдаг юм. Бид хоёулаа л хэг ёг хийдэг улс. Тэгэхдээ ихэнхдээ Доржготов намайг аргадаж дуусдаг юм. Би яах вэ дээ, хөдөө төрж, өссөн, боловсрол мэдлэг гэхээр юмгүй тууварчин хүн. Манай найз бол Монгол Улсын нэрийн өмнөөс өөр улсад алба хашиж явсан, боловсролтой сэхээтэн. Готов шүлэг, яруу найраг руу хожим орсон хэрнээ сүүлийн үеийн шүлгүүд нь айхтар болж байгаа. Миний насаараа эрж хайж байгаа үгнүүдийг олж бичээд байгаа юм шүү дээ. Их уншдаг хүн шиг байгаа юм.

-Та хоёр бие биенийхээ шүлгийг уншиж, шүүмж, магтаал хэлэх үү?
Д.Д: -Учиргүй бие биенийхээ юмыг уншаад, санаа оноо хэлж, засаж заавардаад байхгүй. Сүүлийн үед юу хийв гэж асууна. Би Алтангэрэлийг юм хий гэж шахна.
Д.А: -Энэ л намайг шоглодог юм. Тэгээд хариуг нь хатуухан барьчихаар сөрвөс гээд уурлачихна, үг даахгүй. Заримдаа намайг “Чи их муу хүн” гэчихсэн сууна. 
Д.Д: -Энэ сайхан унаган авьяасыг ашиглаасай, юм хийгээсэй гэж боддог юм. Бид ид юм хийдэг насан дээрээ явна шүү дээ. Тэгээд хор шарыг нь малтах санаатай “Чи надаас насаар ах ч найргаар дүү юм байна шүү” гэх мэтээр шоглодог юм.
Д.А: -Б.Лхагвасүрэн агсан “Өөрийгөө илээж, өрөөлийг ирлэх Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий билээ, би” гэсэн шиг энэ минь намайг хурцлах гэж оролдож байгаа нь тэр. Би бол Готовыг юм хийгээсэй гэж бодохоосоо өмнө надад зөөлөн байгаасай л гэж боддог. Манай энэ зөөлөн сэтгэлтэй, хүн чанартай хэрнээ хүлээц багатай.
Д.Д: -Ааштай л гэх гээд байна аа даа.
Д.А:-Санаад байдаг хэрнээ санаагаа тайлах гээд уулзахаар сар сүрхийгээд болохгүй. Би чамаас алд, дэлэм илүү юм хийж байна л гэнэ, намайг шүүмжилнэ. Би бол тийм юм байхгүй, гарахаараа гудамжны архичин, орохоороо гэрийн үйлчлэгч.
Готов их хөдөлмөрч, албан ажил хийж, цаг нар бариад сурчихсан хүн тийм байдаг юм уу, хийсэн юмаа дор нь хүмүүст үзүүлж, гаргах гээд байдаг зантай. Би бол нэг шүлэг биччихвэл бүтэн жил нүх сахиж, хэвтээд сая нэг нүх онгойход нь сохор калибраар оноод буудчихсан мэт баярлаад сууж байдаг хүн. Тэр шүлэг цаашаа хаа хүрч, хэрхэх нь хамаагүй. Би л хүссэн юмаа оносон бол бусад нь падлийгүй. Миний “Аав, бидэнд хоёр” найраглалд
Үзэл бодлын зөрүүтэй хоёр зөнгөр эр хүн
Өнгөт орчлонгийн наран дор зэрэг л өтөлж явна даа гэсэн мөрт байдаг юм. Үүнийг би Готовтоо хэлмээр санагдаж байна. Үзэл бодол, зан аашийн хувьд ийм зөрүүтэй хоёр эр ингэж нөхөрлөөд явж болдог л юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид