Улаанбаатар 1c

Д.Бумдарь: Улстөрчид тойргоо солихгүйгээр хариуцлагаа хүлээдэг тогтолцоо хэрэгтэй байна

Улс төр судлаач Д.Бумдарьтай ярилцлаа

-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг гурван өөр хуулиар зохицуулахаар болсон. Ингэж салгах нь сонгуулийн тогтолцоонд ямар өөрчлөлт авч ирж байгаа юм бэ?
-УИХ-ын сонгуулиар улс орноо бүтнээр нь төлөөлөх хүнийг, Орон нутгийн сонгуулиар тухайн засаг  захиргааны нэгжийн төлөөллийг сонгодог бол  Ерөнхийлөгч ард түмний  нэгдлийг төлөөлдөг. Эдгээр гурван сонгууль  төлөөллийн эрх шилжүүлж байгаагаараа адил ч хуулийн үзэл санаа нь өөр байж болно. Өөрөөр хэлбэл, энэ гурван сонгууль хэмжээ, хэлбэр, хийх ажлын хүрээ нь өөр учраас үүнийг тусдаа хуулиар зохицуулах боломжтой. Харин хэзээ, хэн, яаж өөрчилсөн бэ гэдэг нь чухал.

-Хуульд өмнө нь гарч байсан алдаа дутагдлаа засаж, сайжруулсан заалтууд орж чадсан уу?
-Сайжирсан заалтууд орсон. Гэхдээ ээлжит сонгууль дөхөх үеэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь маргаан үүсгэж байна. Үүнд судлаачийн хувьд шүүмжлэлтэй ханддаг. Парламентын сонгуулийг долоон удаа явуулахдаа долоон удаа Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ мажоритарын томсгосон, жижгэрүүлсэн хэлбэрийг зургаан удаа, холимог тогтолцоог нэг удаа ашигласан байдаг. Харамсалтай нь, энэ бүхнээс сайн үр дүн хараахан гараагүй. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсролыг төлөвшүүлж чадахгүй байна. Сонгуулийн тухай хуулиар сонгогчийн эрхийг хамгаалж, сонгосон төлөөлөл нь сэтгэлд хүрч ажилласан, тухайн парламент чадамжтай байсан эсэхэд дүн тавьдаг байх ёстой. Гэтэл сонгууль болж, сонгогч энэ бүхэнд дүн тавих гэхээр хууль нь хэрэгжихээ больчихдог. Энэ нь улс төрийн намын төлөвшил, дотоод институцийн хөгжлийг хойш нь татаж байгаа юм. Цаашлаад улс төрийн соёлгүй, хариуцлагагүй тогтолцоог бий болгож байна. Уг нь сонгуулийн тогтолцоо сайжирч, хөгжиж байх ёстой. Ингэхдээ хамгийн боломжит хувилбар буюу сонгогчийн эрхийг хамгаалж, санал зөрчигдөхгүй, гээгдэхгүй байх талаас нь анхаарах нь зүйтэй. Харамсалтай нь, ингэж чадахгүй байна. Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр судалгааны ажил хийх, сургалт зохион байгуулах зэрэг иргэдийн сонгуулийн болон улс төрийн боловсролд анхаарах боломжийг олгосон нь сайшаалтай. Мөн цахим орчин дахь мэдээллийг хянаж байна. Сонгуулийн сурталчилгааны хоногийг 22 болгож, сонгогчдодоо хүрч ажиллах боломжийг нэмсэн. Сонгуулийн ирцийг 50-аас дээш, мандатыг тоог бүрэн дугуйлах зэргээр төсвийн алдагдлыг зохицуулах гэх мэт сайн заалтууд орсон. Энэ давуу тал нь улстөрч рүү чиглэсэн заалтууд байна.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчтэй холбоотой шинэ заалтууд орсон. Энэ нь нэг талаасаа Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хүн тайлбарлаж байна. Хууль зөрчсөн асуудал бий юү?
- Үндсэн хуульд бүх иргэн сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан нь эргэлзээ төрүүлж байгаа ч би үүнийг хувьдаа дэмжиж  байна. Улстөрч гэдэг өндөр албан тушаалтай, эрх мэдэл бүхий хүн. Тиймээс мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, түүнд жирийн иргэнээс илүү эрх мэдэл, боломж нээгддэг. Өөрт олдсон боломжоо урвуулан ашиглавал тухайн хүн хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Дэлхийн бусад оронд 10, 20 жилээр сонгуульд нэр дэвшиж болохгүй гэх мэтчлэн тодорхой хугацаа зааж зохицуулсан байдаг. Манайх одоохондоо энэ нарийн зохицуулалтыг хараахан хийж өгөөгүй байна.

-Томсгосон тойрог, олон мандат гэх хувилбараар 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулахаар болсон. Энэ нь шинэ нам, залуу улстөрчийг гаргаж ирэх боломжтой юу?
-Мажоритарын систем нь хоёр намыг сонгуульд гаргаж ирдэг, хоёр намын төлөвшлийг суулгачихсан тогтолцоо. Энэ удаагийн сонгууль ч гэсэн ийм зүй тогтлоор явна. Манай хоёр том намын систем төлөвшиж болно. Харин эдгээр нам институцийнхаа хувьд хөгжих ёстой. Бодлогоор өрсөлддөг, үүнийгээ хэрэгжүүлдэг, сонгуулийн тойргоо өөрчлөхгүйгээр нэр дэвшигч хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох шаардлагатай байна. 

-2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хуваарилснаар намрын чуулган завсарлалаа. Ингэхдээ нийслэлийн мандатаас хасаж, нэг мандаттай аймгуудад мандатын тоог нэмсэн. Гэтэл хүн амын олонх нь төвлөрдөг нийслэлийн мандатыг хасах нь буруу байсан гэх маргаан гарч байна. Нийслэлийн мандатыг хасах нь зөв үү?
-Нэгдмэл улсын хувьд 76 гишүүн тойрогт хуваагдаад байх шаардлагагүйгээр нэг тойрогтой байж болно. Манайд гэхдээ үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гээд больчихсон. Гэхдээ тойрог, мандатыг өөр олон хувилбараар явуулж болох байсан. Одоогийн хувилбар нь ямар тооцоолол, судалдаанд үндэслэсэн нь эргэлзээтэй байна. Түрүүнд миний хэлснээр Нэгдмэл улс гэж үзсэн бол 21 аймагт хуваах шаардлагагүй, бүх хүн 76 хүнийг сонгоно. Харин 21 Засаг захиргааны нэгжид хуваавал нэгж бүрийг нэг хүн төлөөлж, үлдсэн 55 хүнийг яаж сонгохоо тодорхойлох ёстой байв. Хүн амын тоог харгалзан үзэх шаардлагатай гэж үзвэл Улаанбаатар хотын мандатын тоог хасах ёсгүй байсан. Орон нутгийн 13 мянган иргэнийг нэг хүн төлөөлж байхад нийслэлийн 60 мянган хүнийг нэг хүн төлөөлнө гэдэг нь харьцангуй ойлголт. Саналын хуудасны жин хоорондоо нийцэж, чадахгүй байна.

-Томсгосон тойрогт нам дотор үл ойлголцол гардаг гэдэг. Энэ үнэн үү?
-Нэг тойрогт 2-5 мандат байгаа учраас хоорондоо өрсөлдөнө. Гэхдээ энэ хувилбарыг манайх хоёр удаа ашиглаж байсан учраас нам дотроо тохиролцсон байх.

-Орон нутагт улстөржилт, талцал, маргаан их байдаг. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ маргааныг багасгах заалт орсон уу?
-Засаг захиргааны 21 нэгжид хуваагдаж, можиратор системээр сонгууль явуулж байгаа тохиолдолд орон нутагт улстөржилт байсаар байна.  Манайд ямар нам засгийн эрхэнд байна түүнээс хамаарч орон нутгийн удирдлагууд сонгогддог нийтлэг тогтолцоо үүсээд удаж байна.  Уг нь аймаг, нийслэлийн удирдлагууд гүйцэтгэх эрх мэдэлтэй байх ёстой. Тиймээс тэд  заавал намын харьяанд байх албагүй.  Цаашдаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны аль нь намын харьяалалтай байх вэ гэдгээ шийдэж, зохицуулалт хийхгүй бол улстөржилт арилахгүй. Орон нутгийн сонгуулиар Засаг, захиргааны нэгжийг төлөөлж, иргэдийн хүссэн зүйлийг илэрхийлж чадах хүнийг гаргаж байна уу гэдгийг зохицуулдаг байх нь зүйтэй.

-Сүүлийн жилүүдэд орон нутгийн сонгуулийн ирц муудсан гэх судалгаа гарсан. Энэ нь улстөржилт их байгаатай холбоотой юу?
-Сонгуульд санал өгөөд үр дүн гардаггүйтэй холбоотой. Уг нь үр дүнг нь иргэд хүртэх ёстой. Жишээлбэл, эхний сонгууль 1992 онд болсон. Сонгуультай анх танилцсан гэсэн үг. 1996 онд сонгуулийн тухай ойлголттой болж, 2000 онд сонгууль өгч байж төлөөлөх эрхээ шилжүүлэхээ ойлгосон гэх мэтээр хөгжиж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлагын механизм нь сонгууль шүү гэдгийг сонгогчид ойлгоогүй явна. Дээр хэлсэнчлэн төлөөлөлд хариуцлага тооцох ганц арга нь сонгууль юм. Гэтэл иргэд үүнийгээ мэдэхгүй санал худалдах, танил тал, хамаатан саднаа дэмжих зэрэг сонгуулийн буруу соёлд суралцаад байна. Мөн эрх баригчид, тухайн парламент нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа дахиж сонгогдох боломжоо хайдаг. Энэ нь сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхгүй байна.

-Сонгуульд оролцож байгаа намуудын санхүүжилтийн асуудал маргаан үүсгэдэг. Улс төрийн намын тухай хуулиар үүнийг зохицуулах боломж бий юү?
-Улс төрийн намын тухай хуульд энэ парламент өөрчлөлт хийж амжихгүй бололтой. Манайх өнөөдрийг хүртэл улс төрийн намын санхүүжилтийг ил, нээлттэй болгох хуулийг батлаагүй байна. Тиймдээ ч намуудын санхүүжилт асуудал дагуулсан хэвээр байгаа. Сонгууль өөрөө маш их зардал гаргадаг үйл явц. Мөнгө, улс төр хоёрын салшгүй байдал нь байнга хардлага түрүүлдэг. Нэг ёсондоо мөнгөтэй нам, мөнгөтэй улстөрчдөд боломж олгодог гэсэн үг. Энэ талаарх эрх зүйн орчныг нь бүрдүүлээгүй тул Сонгуулийн тухай хууль болон намын дотоод дүрэм журмаараа санхүүжилтийн асуудлаа шийднэ. Гишүүнчлэлийн хандив татвараар зардлаа бүрдүүлэх нь байдаг зүйл. Харин дааж, давшгүй өндөр босго тавьж байгаа нь тухайн намын төлөвшлийн асуудал.

-Сонгуульд ахмадууд идэвхтэй оролцож, залуусын идэвх сул байдаг. Саяхан Тэтгэвэр барьцаалсан зээлийг үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх хуулийг баталж, ахмадууд тэтгэврээ тэглүүллээ. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд мөнгө амлачихвал санал худалдаж авах магадлал өндөр байна. Улс төр судлаач хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Тухайн иргэний өгсөн санал өөрийг нь төлөөлж байгааг сонгогчид ойлгодог байх нь чухал. Иргэд материаллаг эд зүйлсэд тулгуурлан саналаа өгч байгаа нь бидний сонгуулийн боловсрол ямар байгааг илтгэж байгаа юм. Уг нь материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүү 10, 20 жилийн ирээдүйгээ харж саналаа өгөх хэрэгтэй. Мөн иргэний улс төрийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид