Улаанбаатар 1c

Зохиолч Б.Эрхэмбаярын ялгарал

NPost.mn
2020-02-12 11:33

АЛГАНЫ ХЭЭ

Ид залуу насандаа би өөрийгөө зүүдэнд хөвөгч биет гэж боддог байлаа. Тэр үед нийгэм болоод хүмүүс надад огт хамаагүй санагддаг байв. Гэтэл тийнхүү харь гаригийн хүн мэт бусдаас ангижран тасарч оршихыг хүсэгч намайг зүүд мэт тэрхүү бодлоос минь айхтар цочоон сэрээсэн зохиол бол оюутан байхдаа анх уншсан А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд” роман байсан юм. Би нэг хэсэгтээ л уг романы гол дүрийн нөлөөнөөс бүрэн ангижирч чадахгүй явсан бөгөөд түүнээс хойш олон жилийн дараа уншсан зохиолч Б.Эрхэмбаярын “Алганы хээ” хоёр дэвтэр роман намайг “Арбатын хүүхдүүд” романыг уншиж асан тэр цаг үеийн мэдрэмж рүү буцаан аваачсан тул нэлээд зузаан тэрхүү хоёр дэвтэр романыг нэг л мэдэхэд шудран уншаад дуусгачихсан байж билээ.
Б.Эрхэмбаяр зохиолчийн “Алганы хээ” роман нь бүхэлдээ энгийн үгсээр бичигдсэн атлаа уран сайхантай, гоо зүйтэй, нэн ялангуяа залуус хойч үед хэрэгтэй зохиол болж чадсан санагддаг. Анх эхлэхдээ л: “Улаанбаатар хот намрын гоёлоо зүүжээ...” гэсэн энгүүн атлаа сэтгэлд нийцтэй богинохон өгүүлбэрээр эхэлж буй шигээ манай нэрт зохиолч Дарма.Батбаярын нэгэнтээ онож хэлсэнчлэн цаашдаа ч мөн яг түүн шигээ энгүүн, цэгцтэй, оновчтой, нэг л үгээр бичигдсэн мэт хөврөн өрнөж буй нь уншихад торох юмгүй. Миний хувьд гэвэл энэ зохиол одоогоос олон жилийн өмнө оюутан болж, алс баруун хязгаараас нийслэл хотыг анх удаа зорин ирж асан тэр намрыг, оюутан ахуйн тэр л дурсамжит он жилүүдийг сэтгэлд дахин эгшиглүүлэв. Түүнчлэн тэр үеийн залуусын амьдрал болоод итгэл үнэмшил гэв гэнэт хэрхэн хувиран өөрчлөгдөж, орчлон хорвоо тэдний хувьд хэрхэн бачууран хөрвөөж, түүнд дасан зохицох гэж хэрхэн тэмцэж асаныг зохиолын гол дүрийн залуусын амьдрал, хувь тавилангаар дамжуулан өөрийн үзэж туулсан бүхэнтэйгээ адил хэмжээнд дахин нэг мэдрэв. Он жилүүд хэдий өөрөө түүх болж үлддэг боловч түүнийг уран сайхны аргаар туурвин үлдээхийг би илүү чухалд тооцдог хүн. Чухам тэр үүднээс авч үзвэл, Б.Эрхэмбаярын “Алганы хээ” нь энэ чиглэлд гарсан бусад зохиолуудаас илүү даацтай бөгөөд илүү сэтгэлд үлдэцтэй нь болж чаджээ гэж бодов. Үүний цаад учир нь гэвэл Б.Эрхэмбаяр өөрийн сайн мэддэг тэр үнэнийг хоёргүй бодлоосоо ургуулж, басхүү худалгүй сэтгэлийн дуудлагаар хичээн шамдаж туурвисанд байх шиг. Үүгээрээ Б.Эрхэмбаяр мэдэхгүй атлаа түүхийн сэдэв шүүрэн авч гажуудуулдаг, үгүй бол уяруун хайр дурлал, үнэмшил муутай адал явдал зохиож, түүгээрээ уншигчдыг байлдан дагуулахыг эрмэлздэг, сүүлийн үед хэт олширч буй зохиолчдоос өөр аж.         

Нэмж хэлэхэд: Б.Эрхэмбаяр “Алганы хээ” романаа мэдэн будилж зохиосонгүй. Өөрийн үзэж туулсан он жилүүдээ, өөрийн сайн мэддэг бүхнээ, өөрөөр хэлбэл нийгмийн шилжилтийн үе буюу 1990-ээд оны баргар хүйтэн дүр төрхийг ээдрээт үйл явдлуудтай нь илт чадмаг туурвижээ. Тэр бүхнээс би болоод миний үеийнхэн нүдээр үзэж, биеэр туулсан, гансрал гутралаар дүүрэн, ирээдүйд итгэх итгэл алдарч гүйцсэн хатуухан цаг үеийг Б.Эрхэмбаяр маш өөдрөг бөгөөд гэгээлэг байдлаар, итгэл дүүрэн бичиж чадсан нь надад тунчиг сайхан санагдлаа. Ийм хэмжээний бүтээл туурвихад өмнө нь “Сайхан төрөх санааных”, “Тасдаж үл болох сарнай” гэсэн хоёрхон ном бичсэн зохиолчийн хувьд нөр их хичээл зүтгэл шаардсан нь лавтай. Түүнээс гадна “Алганы хээ” роман нь зохиолчийн зүрх, сэтгэлд олон жил бугшин хуримтлагдсан дотоод тэсрэлтийн хүч гэлтэй. Өөрөөр хэлбэл, зохиолчийн чанад сэтгэлийн аглаг хөрсөнд хурж зангирсан бодол санааны хөврөлүүд хахир хатуу цагийн уртад, он удаан жилийн турш боловсорч гүйцээд үр жимсээ сая дэлгэж буй нь тэр. Басхүү Б.Эрхэмбаярыг би “Алганы хээ” романаа бичихдээ тодорхой цаг хугацаанд бусдаас тасарч, өөрийгөө зориудаар ганцаардуулан бүгж байж бичсэн байх гэж бодно. Тийм бус аваас ийм хэмжээний том зохиолыг ийм нягт туурвих боломж хомс байх нь мэдээж. Анхны роман гэхэд “Алганы хээ” нь илт чамбай бүтээл болсон агаад түүний үнэ цэн нь нийгмийн шилжилтийн үеийн түүхэн цаг үеийг амьдралын хөрсөн дээр ургуулан, уран сайхны аргаар туурвин үзүүлсэнд байна. Тиймээс л зөвхөн миний бус, надаас өөр олон, олон уншигчийн зүрх сэтгэлд хүрч чадсан биз ээ. 

СҮҮТЭЙ УУЛЫН САВДАГ   

Зохиолч Б.Эрхэмбаярын “Алганы хээ” хоёр дэвтэр романы тухай судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь томоохон шүүмж бичин нийтлүүлж, тэр нь нэлээд шуугиан тарьсаныг санаж байна. Тэр тухай би Г.Батсууриас өөрөөс нь асуухад тэрбээр өнөө цагт тоймоо алдаж гүйцээд байгаа усан зохиолын үерийг таслан зогсоож чадахгүй ч хэлэх үгээ хэлье гэсэндээ, мөн эдүгээ АРИЛЖААНЫ ЗОХИОЛЧИД гэж нэгэнт нэрлэгдээд буй тэдгээр зохиолчдын зарим нь Г.Батсуурь багшийн хичээл заадаг мэргэжлийн ангийн оюутнуудыг элдэв юм ярьж үймүүлэх болсон тухай ярьсан юм. Тухайн багшийн хичээлийг оюутнуудад нь үгүйсгэж ярина гэдэг мэдээж, маш бүдүүлэг явдал. Чухам тиймээс л Г.Батсуурь тэсээгүй аж. Гэхдээ би Г.Батсуурийг зүгээр л уур нь хүрсэндээ гарт таарсан зохиолоо шүүрч аваад шүүмж бичсэн гэж ер бодохгүй байна. Харин ч тэдгээр зохиолуудаас хамгийн дөмөг гэснийг цаг зав гарган уншсан байж таарна. Тэр нь Б.Эрхэмбаярын “Алганы хээ” роман байж таарсан бөгөөд Г.Батсуурь уг зохиолд шүүмжлэгчийн хатуу байр сууриар хандсан нь шууд гэмээр үр дүнгээ өгч, Б.Эрхэмбаярын удаахи зохиол буюу “Сүүтэй уулын савдаг” романд нөлөөлсөн нь илт. Б.Эрхэмбаяр ч зохиолчийн хувьд Г.Батсуурийн хатуу шүүмжийг уужуу хүлээн авч, түүнд дараагийн уран бүтээлээр уулзахын ерөөл тавьсан нь биелэлээ олсонд талархууштай.
Өнөө цагийн хүүрнэл зохиолын ноён оргилуудын нэг Далхаагийн Норов абугай хянан тохиолдуулж, улмаар өмнөтгөл үг бичсэн “Сүүтэй уулын савдаг” роман нь Б.Эрхэмбаярыг зохиолчийн хувьд нэг шат ахиулсан бүтээл гэж хэлж бүрэн болохуйц зохиол мөн бөгөөд уг зохиол уулчин бүсгүй Ирмүүний амьдрал хийгээд дотоод ертөнцөөр дамжуулан (“Алганы хээ” романы дэд дэвтэрт мөн уулчдын тухай гардаг нь Б.Эрхэмбаяр өөрөө Монгол орныхоо төдийгүй дэлхийд цуутай томоохон оргилуудад мөрөө гаргаж чадсан уулчин хүн тул уулчны амьдрал түүнд ойр байдагтай холбоотой байх, тэгээд ч зохиолч хүн өөрийн сайн мэддэг зүйлийнхээ тухай илүү сайн бичиж чаддаг шүү дээ) ҮНЭН-ийг эрэлхийлсэн зохиол. Зохиолын гол баатар Ирмүүн бүр балчир жаахан охин байхаасаа өөрийгөө бусдаас онхи өөр хүн гэдгээ мэдэрч, өөрийг нь далдаас ховсдон дуудаад байгаа ангид ертөнцийн эрхшээлд улам бүр автах болсон нь үйл явдлыг цаашдын өрнөл рүү хөтлөх агаад Ирмүүн бол энэ ертөнцөд өөрийгөө дахин давтагдашгүй цор ганцхан хувь зурж үлдээхийг хүсэж, түүнийхээ төлөө махран тэмцэж буй их тод дүр аж. Түүний хувьд хэцүүхэн зантай ааваас нь болж өөрийн гэсэн бүхнээ зольсон хөөрхийлөлтэй эмэгтэйн (ээж нь урлагийн хүн болох хүслээ аавтай нь сууснаар бүрэн үхүүлсэн нэгэн байж) дэргэд өссөн нь амьдралын тухай, өөрийнхөөрөө байх тухай гүн гүнзгий эргэцүүлэхэд хүргэдэг. Тэрхүү эргэцүүлэл нь балчир ахуй цагаас нь өөрийг нь үл мэдэгдэх байдлаар ховсдон даллах болсон ангид ертөнцийн дуудлагатай сүлэлдэж, тэр бүхэн эцэстээ Ирмүүнийг зөн билгээ даган УУЛ руу явахад хүргэж байна. Тийнхүү гэр бүл, ажил алба, ойр дотно хүмүүс... гээд бүгдээс нь татгалзсан Ирмүүн УУЛ-ыг зорьсоноор өөртөө цоо шинэ ертөнцийг дахин нээж, тэр нь далд зөн совин, ёр билигтэй сүлэлдэж, (хөх сарлаг, хар нохой, агуй, нууц шүтээн... гэхчлэн, зохиолчийн өмнөх романд ч мөн алганы хээгээр хувь тавиланг шинждэг тухай иймэрхүү өгүүлэмжүүд байдаг ба тэр нь удаахи зохиолд нь ийнхүү илүү тод томруун байдлаар биежин илэрч буй бололтой), улмаар ДЭЭД ТАНИН МЭДЭХҮЙ буюу ӨӨР ЕРТӨНЦ-тэй шууд холбогдож буй нь зохиолыг улам сонирхол татахуйц болгож чаджээ. Өнгөц уншихад энэ зохиол нь бүхэлдээ уулчин бүсгүйн амьдрал, тэмцэл мэт санагдах боловч түүний цаана илүү хүчирхэг ӨӨР ЕРТӨНЦ буй нь анхаарал татна. Тэр нь хүн төрөлхтөн эртнээс нааш эрж хайсаар ирсэн тэр ҮНЭН буюу саяхан болтол Эрнест Мулдашев цаст Түвдийн өндөрлөгөөс эрж хайж асан сүнс хийгээд түүний тухай ухагдахуун, эргэж төрөхүйн далд шүтэлцээ хүртэл хөвөрч байна. Мөн Ирмүүнийг төрсөн нутаг нь болох цаст Сутайн уулс даллан дуудаж буй нь цаанаа учиртай. Хэрэв Ирмүүнийг зохиолчийн дотоод ертөнцөөс амилсан хамгийн дотно дүр нь мөн гэж бодох ахул Б.Эрхэмбаяр гэх уулчин бүсгүйн тухай төсөөлөл өөрийн эрхгүй сэтгэлд зурагдан амилах аж. Тодруулж хэлбэл, “Алганы хээ” романы сүлжилдсэн олон дүрүүдээс зохиолчийг өөрийг нь олж харахад бэрхтэй байдаг бол “Сүүтэй уулын савдаг” зохиолд зохиолч өөрөө илэрхий товойн гарч ирсэн гэж хэлж болохоор санагдана. Түүнээс гадна үндсэн ажлын хажуугаар ийм хэмжээний зохиол бүтээл туурвина гэдэг эр зориг юм. Магадгүй, Б.Эрхэмбаярт УУЛ онгодын шид хийгээд далд эрч хүчээ өгч, тэр нь эгэл жирийн уншигчдад гэрэл гэгээ болон ирж буй байх. Учир нь Б.Эрхэмбаярын зохиолууд уншигчдад урам өгөх итгэл найдвараар дүүрэн байдаг нь сайхан.
Д.Норов абугайн өмнөтгөн бичсэнээс үзэхүл Б.Эрхэмбаяр угаасаа удамт бичээч нэгэн ажээ. Нэрт зохиолч, “Жангар” судлаач агсан Д.Сүръяа гуай түүний нагац талын тун ойрын хүн нь гээд бодохоор түүнд удам дамжсан авъяас чадварын үр зайлшгүй байж таарах нь тодорхой. Түүнээс гадна, миний бодлоор Б.Эрхэмбаярыг аль нэг бүлэг, бүлэглэлд хамаатуулж үзэмгүй санагдана. Яагаад гэхээр Б.Эрхэмбаяр шаггүй боловсрол эзэмшсэн шигээ энэ ертөнцөд өөрийнхөөрөө оршин байхыг эрмэлздэг, түүнийхээ төлөө уйгагүй тэмцдэг, зохиолоо бичихдээ дуншин төрүүлж чаддаг, яах аргагүй БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛЧ гэж надад санагдлаа. Бас тэрбээр яриад явдаг биш, суугаад бичдэг нэгэн бололтой. Тийм болохоор одоо ч гэсэн өөр нэг шинэхэн уран бүтээлээ нам чимээгүй туурвиж суугаа байх гэж бодном. Амьдрал хүлээлтээр дүүрэн байх сайхан, тэр тусмаа уран бүтээлийн хүлээлт шиг сайхан юм гэж үгүй билээ. Тэгээд ч бусдаас хайр халамж, нөмөр нөөлөг эрэгсэд биш, өөрийгөө өөрийн хүчээр даван туулах чадвартай нь тунаж үлддэг хорвоо! Бас дээр нь нэмээд бид орой дээрээ нэг том тэнгэртэй. Тэр том тэнгэрийн цаана байдаг мянга, түмэн бурхад шүтээнүүдтэй. Тэдгээр бурхад шүтээнүүд биднийг буруутгахдаа буруутгаж, зөвтгөхдөө зөвтгөж байдаг. Тэгвэл энэ дутуу гуцуу амьдралд ирсэн хүн хэн ч бай, өөрөөсөө өөр нэгэнд итгэл найдвар өгч, урам зориг бэлэглэхээс илүү сайхан нь байдаг гэж үү? Би бол “ҮГҮЙ” л гэж хэлнэ.   
2020.02.03-05
Дархан хот  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Мөөгий
    Хүн дотоод өөрийгөө яаж олж байгааг тусган харуулсан нь үнэхээр гайхалтай. Зохиолч мундаг эмэгтэй.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • 777
    Юун атаархуу хог вэ,корона тусмар хэхэхэ
    2020 оны 02 сарын 13
  • Unshigch
    Utga zohioliin mundagchuul ni uneleed bicheed baigaa yum bishuu. Ynd hiij buteej bui negnee harluuldag yum.
    2020 оны 02 сарын 13
  • Утга зохиолын хяналт стандарт алдагдан баларсан цагын зай завсараар ургасан хогийн ургамалын нэг.Хүмүүний оюун ухааныг арилжаа ашиг, нэр хүндийн төлөө тоглуулагч шарилжнуудаас хол байсан дээр. Уншиж ойлгодог баатар болж хордож хорлогдсоноос хуучины хэдэн эргүүлж байсан дээр шүү уншигч авхай нарт.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
    • 777
      Юун атаархуу хог вэ,корона тусмар хэхэхэ
      2020 оны 02 сарын 13
    • Unshigch
      Utga zohioliin mundagchuul ni uneleed bicheed baigaa yum bishuu. Ynd hiij buteej bui negnee harluuldag yum.
      2020 оны 02 сарын 13
  • Анд
    Мундаг ч зохиолч,улам олон зохиол бүтээл туурвиарай,зугаалж яваа гэсэн,өвөрмөц сэдэв л хайж яваа даа
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • ХӨХ ТОЛБОТ
    "Үүгээрээ Б.Эрхэмбаяр мэдэхгүй атлаа түүхийн сэдэв шүүрэн авч гажуудуулдаг, үгүй бол уяруун хайр дурлал, үнэмшил муутай адал явдал зохиож, түүгээрээ уншигчдыг байлдан дагуулахыг эрмэлздэг, сүүлийн үед хэт олширч буй зохиолчдоос өөр аж. " үүнээс илүү сайхан үнэлэмж гэж юу байхав дээ
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
Нийтлэлчид