Улаанбаатар 1c

Хүүхдээ хүндлэхээс бүх зүйл эхэлнэ

Нэг удаа гавьяат багшийн маань хөл догонцчихсон, их ядарсан шинжтэй ангийн хаалгаар орж ирлээ. Багш сандал дээр суусангүй. Харин хар цагаан үг, дуугүй шохой аваад самбарт "Ирээдүйгээ хүндэл. Хүндлэл амсаагүй ирээдүй чамд суудал тавьж өгөхгүй" гэж бичсэнээ эргэж, нүдний шилнийхээ дээгүүр бүгдийг нь бүртгэн харснаа, "Нийтийн унаанд 14 хүртэлх насны хүүхдийн сандлыг булааж сууж болохгүй. Тэдний яс бэхжээгүй. Би тахир дутуу ирээдүйг хүсэхгүй байна. Өнөөдрийн хичээл дууссан. Тарж болно" гэж хэлчихээд догонцон алхсаар гарч одсон юм. Энэ бидний хувьд маш том хичээл байсан.
Яг энэ хичээлийг олон нийтэд заамаар санагддаг. Мэдээж жирэмсэн болон тахир дутуу, настайчуудад суудал тавьж өгөх нь гарцаагүй зөв бөгөөд ахмад үеэ хүндлэхгүйгээр залуу үе хүмүүжихгүй ээ. Гэвч нийтийн тээврийн аль ч чиглэлийн автобусны гол үйлчлүүлэгчид нь өсвөр насны хүүхдүүд, ерөнхий боловсролын бага, дунд ангийн сурагчид. Гэтэл өөрөөсөө том цүнх үүрчихсэн, түүртэнгүй ийш тийш сэгсрэгдэх бяцхан сурагчдыг “Хүүхэд байж бос. Ахмад хүнд суудал тавьж өгдөггүй, задарсан моньш вэ” хэмээн мөрнөөс нь гуд татан босгоод сандал дээр нь лаглайх томчууд бишгүй. Багачуудад тоомжиргүй, дээрэнгүй ханддаг олонх нь хижээл наснынхан.Угтаа бол тэд таяг туулаагүй ч автобусны бариулаас бариад, аюул осолгүй зорчиж чадах насныхан. Дээшээ цойлоод ч бариулд гар нь хүрэхгүй балчируудаа бүлтийтэл нь зандраад босгочихдог ийм харилцаа, хандлагаас болж хүүхэд автобусны жолоочийн бүхээг, төмөр багана зэргийг мөргөх, ойчих, халтирах байдлаар бэртэх нь бий. 

ХОТЫН ЗАХЫН ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДЭД АВТОБУС БОЛ АВРАЛЫН УНАА

Гэгээ ороогүй, 06:00 цагт босч, хотын төвийн сургууль руугаа яарах бяцхан сурагчид өвлийн хүйтэнд хамгийн өрөвдөлтэй. Тэд бяцхан нуруундаа томдсон цүнхээ үүрэн, урт харанхуй гудамжаар нохой шуугиулан яаран яаран алхдаг. Угаадас, үнсээ гудамжиндаа асгачихдаг орчны соёлын боловсролгүй айлуудын балгаар үүрээр босдог бяцхан сурагчид халтирч, гулгасаар автобусны буудалд арайхийн ирдэг. Эхний автобусанд жолоочийн уур, цухлаас дальдчин томчуудтай зэрэгцэн орсон даруйд сандал олдохгүй хэцүүднэ. Зузаан хувцастай томчуудын хөлд тээглэж хавчуулагдсаар амьсгаа авах гэж, автобус хаана явааг харах гэж тэмцэлдэх нь өрөвдөлтэй. Тиймээс үүрийн харанхуйд ч үдшийн бүрийд ч ганцаараа яваа хүүхдүүдийг автобусанд суухад нь тусалдаг байя. Бариул руу үсрээд ч гар нь хүрэхгүй жаахан тэдэндээ суудал тавьж өгдөг байя. Дунд ангийн сурагч буюу 8-13 насныхныг сандлын бариулаас атгаад болгоомжтой явахыг сануулдаг байя. Эцэст нь хаана буухыг нь асууж, буух буудлыг нь хэлж өгдөг болчихвол хойч үе минь биенээ хайрлах сэтгэлтэй болж төлөвшинө. Тиймээс нийтийн унаанд хүүхдийн суудлыг булаахгүй, харин ч хүүхдэдээ тусалдаг байя. Учир нь нийтийн тээвэр бол халаасны мөнгөгүй багачуудын авралын унаа учраас аюулгүй зорчоод гэр, сургуульдаа ойртдог байгаасай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид