Улаанбаатар 1c

Манай хэдийн марзан яриа

Гишүүдийн элий, балай ааш аяг хэрхэн хэрээс хэтэрч байгааг,  хэн нь хэрхэн дэмийрч суугааг харах зугаатай ч зарим талаараа цухалдаж бачуурмаар. Төрийн жолоо атгах гандан буурахгүй их хүсэлтэй ч хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болох чадваргүй, худалч, хулгайч, гүжирдэгч, хүлцэнгүй дэмийрэгч, баримжаагүй сэвэгчид Монголын үе үеийн төрийн сэнтийд лаглайн суужээ. Тэд хийсэн бүтээснээрээ гавихгүй ч хэлсэн, хэрэлдсэн, ёс зүйгүй авирласан жишээ баримтаараа Монголын улс төрийн өнгө аясыг хэлбэргүйтүүлэв. Ийм хүмүүсийн гайгаар төрийн үнэ цэн, төрд зүтгэгчдийн үнэлэмж шавартай хутгалдав. Ямар сайндаа л гэм хийгээд ял сонссон залуу “Шорон, гяндан гэдэг газарт чинь УИХ-ын гишүүн ч ордог юм шүү дээ” хэмээн наранд үлдэж байгаа ар гэрийнхнээ тайвшруулаад гартаа гав зүүлгээд ачуулсан тухайгаа дэлгэсэн байдаг. Эмгэнэл шүү. Иргэд нь хууль, цаазын өмнө ял, зэм сонсохдоо айхаа байжээ. Төрийн ордноос шоронгийн өрөө ойрхон болохыг тийн тунхаглаж адилтгаад явсан байдаг. Гагцхүү УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх бамбай олон хүний тийш очих замыг хаасаар байгаа нь гарцаагүй үнэн билээ. Гэхдээ цаг төр өөрчлөгдөх нь бас гарцаагүй ээ. 

Худалч, хулгайч, улайхгүй сэвэгч, барьцгүй хөмрөгчдын төлөөлөл өчигдөр төрийн ордноос юун инээд, ханиад гэмээр мэдэгдэл хийж цахим орчинд олныг хөгжөөв. Бие хамгаалагчид нь уу, балешик, хөгжөөн дэмжигчид нь үү гэмээр архайсан арваад харчуудаар өөрсдийгөө хүрээлүүлж зогсож байгаад олныг нирхийтэл инээлгэж орхив.

Худалч, хулгайч, улайхгүй сэвэгч, барьцгүй хөмрөгчдын төлөөлөл өчигдөр төрийн ордноос юун инээд, ханиад гэмээр мэдэгдэл хийж цахим орчинд олныг хөгжөөв. Бие хамгаалагчид нь уу, болельщик, хөгжөөн дэмжигчид нь үү гэмээр архайсан арваад харчуудаар өөрсдийгөө хүрээлүүлж зогсож байгаад олныг нирхийтэл инээлгэж орхив. Тэд яг л Солонгосын сериал дээр гардаг шиг ой санамжаа алдсан хүмүүс шиг аашилсан нь нийтээрээ элгээ хөштөл инээлдэх шалтгаан боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Асгат, Эрдэнэтийн 49 хувийг алдсанаас би үхсэн нь дээр гэж боддог юм аа” хэмээн хэлж эх орон, газар нутаг, өмч баялагтаа хайртай дүр эсгэсэн бол УИХ-ын гишүүн Л. Болд “Хоёр, гурван жилийн өмнө Ж.Батзандан гишүүн бид хоёр бие биенээ таньдаггүй байсан юм аа” хэмээн хэлж олон хүний элгийг хөшөөх шахав. Парламентад сууж УИХ-ын гишүүн гэгдэж яваа өнөөгийн 76-гаас энэ мэт хөгжилтэй эшлэл, саваагүй, ёс зүйгүй, дураараа авирласан, ард түмнийг илтэд доромжилсон, басамжилсан үгс  “төрсөөр” бараг боть болох хэмжээнд хүрэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт “20 сая малаар шатахуунаа бартердъя” хэмээх алдарт үгээ хэлсэн бол ээрч гацсан, утга санаа нь ойлгомжгүй, логикгүй, санаа нь тодорхойгүй мэдэгдлийг удаа дараа өгч байв. Энэ мэт эрүүл согтуугийн аль нь болох нь тодорхойгүй нөхцөлд саарал ордны зөөлөн сэнтийд тухлагчид дараах ишлэлийг хэлж байлаа. 

-УИХ-ын гишүүн А.Сүхбат:Туул голын загас, жараахай бүгд охин сүвтэй болчихсон. 
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбайд хандив цуглуулж 40 гэр авч барьсан. Улс төрийн суулт дууссаны дараагаар жагсаал цуглаанд оролцсон иргэдийн дунд сугалаа сугалуулж, гэрүүдээ өгнө хэмээв.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Би Мөнх-Эрдэнэ гэж хүнийг танихгүй. (Гэвч Ж.Батзандангийн Д.Мөнх-Эрдэнэ рүү “viber”-аар явуулсан дуут мессежүүд ил болж, Уг мессежэд “Найздаа Өвөрмонголын эмч залуугийн нэрийг нь хэл дээ, би мартчихаж, намайг үзүүлдэг, дагуулж явдаг нөгөө… Найз нь вичатаар холбогдож хэдэн юм асуух гэсэн юм. За тэгээд найздаа баярласан шүү, Баянхонгор аймгийн уулзалт амжилттай сайн болсоон. ...За манай ахын ажил дажгүй биз, манай бэр эгч очсон уу, чи бэр эгчийг ажилтай болгох талаас нь бодоорой өвгөөн” гэсэн нь хадгалагдаж үлджээ).
-УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Тэр зураг дээр байгаа нь би мөн. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсч байгаа нь би мөн. Зураг дээр анзаарсан бол би ширээ тойроод, ажиглаад л явж байсан. Бид тоглоогүй. Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ зайлуул.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байгаад буудлаас ваучер өгсөн. Түүгээр тоглосон. Төрийн албаны хуульд казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Төрийн мөнгөөр тоглосон хүмүүс бий. Казинод ерөөсөө хождоггүй, тиймээс монголчууд казино тоглох хэрэггүй.
-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл бол төрийн өндөр алба хашиж байсан хүн. Заавал англи хэлтэй байх албагүй. Мэдээж болгар хэлтэй хүн байвал сайн. Гэхдээ одоохондоо элчин сайдын түвшинд ажиллах болгар хэлтэй хүн монголд алга. Ц.Цэнгэлийн хувьд орост сургууль төгссөн орос хэлтэй хүн. Мэдээж цаана нь өөр хэлтэй, устай баг ажиллаж байна. Харин ч бид төрийн үйл хэргийг мэддэг төрийн өндөр албан тушаалтнаа томилоод явуулж байгаа нь тухайн улс орныг хүндэтгэж байгаа хэрэг. Өмнө нь ч гэсэн англи хэлгүй, гэхдээ төрийн ажил албаа мэддэг хүнээ томилоод явуулдаг л байсан.
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та үнэхээр том байна. Бид хуулиараа таньд асар их эрх мэдэл өгсөн юм байна. Та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Гишүүдийг загнаад үнэхээр том эрх мэдэлтэй байна. Та шударга ёсыг тогтоох гээд ажиллаж байна. Гэхдээ энд битгий том дуугараад бай. Бид таньтай хамтарч ажиллаад буруу, болохгүй хуулиа өөрчилье.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Би түрээсийн байранд амьдардаг.
-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Казино чинь ороод, гардаг л газар шүү дээ. Шал хэрэггүй юмаар оролдож байх юм.
-УИХ-ын гишүүн Д.Мурат: Би дэвшихгүй гээд байхад ард түмэн намайг дэвш гээд байна
-УИХ-ын гишүүн Д.Мурат: Би гэмт хэрэг хийгээгүй, нотлох баримт ч байхгүй, хэлмэгдэж байна. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлагагүй. Тэгээд ч 2,3 хоногийн өмнө хохирогч гэх Бахытгүл гомдолгүй гэж өргөдлөө татаж авчихсан байхад ийм асуудлыг оруулж ирж байгаад гайхаж байна.
-Сэтгүүлч: Цэцийн гишүүнээр улиран сонгогдох хууль, эрхзүйн орчин байгаа юм уу?
-Д.Сугар: Хууль эрхзүйн орчин байгаа. Надад хүсэл алга. Бушуухан чөлөөлөгдөөд та нараас холдмоор байна. 
-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 25-нд болгоё. Дашнямтай өдөр. 
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: ЖДҮДС-ийн зээлийн асуудлыг судалж үзсэн. Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани юм билээ. Зээл авсныг нь би мэдээгүй.
-УИХ-ын гишүүн С.Жавхлан: Ойрын хугацаанд болсон үйл явдлыг тоочъё. Гадны тагнуулын онгоц Монголд ирлээ, галт тэрэг замаасаа гарсан том осол гарлаа, төрийн албан хаагчид нэгнийгээ хөнөөлөө. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж явдаг. Ойрын үед ер нь хуралдсан юм уу. Миний бие энэ талаар олж сонссонгүй. Та гурав гурвуулаа нийлээд хурлаа хийгээч. Улс оронд нь ийм айхтар нөхцөл байдал үүсчихээд байхад эндээс ийм зээл авлаа, тэрний гарыг барилаа гээд явах юм. Тэрнээс гадна энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсэж, төмөр өргөөд явдаг Ерөнхийлөгчтэй боллоо.
-УИХ-ын гишүүн С.Жавхлан: Монголоо гэсэн үзэл бодлыг минь хүлээн зөвшөөрсөн нам байтугай чөтгөртэй ч хамтарч чадна.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Дүүгээ дуудаж асуулаа. Лабораторид, биотехнологийн салбарт Европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга орчим ам. долларын зээл авсан. Асуудалтай холбоотой дуудаж уулзаад ах нь дэмжье гэж хэлсэн. Идэж, уусан өчнөөн асуудал яригддаг. Энэ зээл бол буцах эзэн, буух хаягтай, төлөх ёстой хүмүүстэй, алдагдал яриад байх юм биш. Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн. Ах нь тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжье, хүүгүй өгье гээд хэлчихсэн. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчихээд л шал танихгүй хүнд тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна.
С.Эрдэнэ: Та нар бүгд гөлөг болно. Бүгд бөлдөгдүүлнэ. Ч.Улаан сайд та далжийгаад хараад байх юм байхгүй ээ. 
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн орлого нэмэгдсэн нь техникийн алдаа
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Шахмал түлшийг гурилаар ч, цементээр ч барьцалдуулж болно.
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт: Энэ бол найзуудтайгаа нийлж байгуулсан компанийн мөнгө. Би ХОМ-тээ бичээгүй, мартсан байсан.  
...энэ бол манай улс төрчдийн үнэн төрхийг илтгэх марзан тайлбарууд. Тэд төрийн үйл хэргийг ийм зальжин, аргалж хуурсан, ард түмнийг цагаан цаас мэт санасан үг хэл, хариуцлагагүй, хуудуутай мэдэгдлүүддээ хариуцлага хүлээдэггүй нь л Монголын улс төрийг шавар шалбааг болгож байгаа юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид