Улаанбаатар 1c

Үл бүдэгрэх үзэсгэлэн

Х.ИНГА, Npost.mn 2020-02-13 14:54

Манай эриний өмнө Ромын эзэмшил байсан, бидэнд хамгийн ойрын түүх сөхвөл нацист германчуудаас еврейчүүдийг хамгаалан хоргодуулж асан Читта-ди-Кастелло нэртэй хот Италид бий. Төрөлх Италидаа төдийгүй Европт нэрд гарсан хөгжмийн зохиолч, дуурийн дуучны өлгий. Өнгөрсөн зууны дундуур энэ хотод Брунелла Бриганти нэртэй зураач бүсгүй тээврийн компанийн ажилтан Паскуале Беллуччи нэртэй нөхөртэйгээ амьдран суудаг байв. Залуу бүсгүйд эмч нар  “Хүүхэд олохгүй, төрүүлж чадахгүй” гэсэн онош тавьжээ. Гэтэл урам хугалсан энэ гашуун үгс худал болохыг нотолж, есдүгээр сарын нэгэн нарлаг өдөр залуу гэр бүл охин үр өлгийдөн авч, Моника Анна Мария гэж нэр хайрлав. Орчин цагийн кино урлагт итали гоо үзэсгэлэн, ерөөс гоо үзэсгэлэн гэдэг ойлголтыг өөрийнхөөрөө  тунхагласан, бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлэгч Моника Беллуччигийн түүхийг ингэж эхэлж болно. 
Эсвэл, загварын ертөнцийг эзэгнэгч Доменико Долчье, Стефано Габбанатай 25 жилийн турш тасралтгүй хамтран ажиллахын эхлэлийг тавьсан Миланы уулзалтаас ч эхэлж болох юм. 
Гэхдээ хаанаас ч эхэлсэн ялгаагүй, жижиг хотод,  тарчиг гэр бүлд ганц охин нь болж төрсөн Моника авьяас, хөдөлмөр, гоо үзэсгэлэнгийнхээ ачаар энэ цагийн хамгийн хүчирхэг бүсгүйчүүдийн нэг болсон гайхамшигт түүх л бүтнэ.  
Ядуу гуцуу байдлаас гарахын тулд сурч боловсрон, мэргэжил эзэмших ёстой гэдгийг италичууд сайн мэднэ. Дунд сургуулиа төгссөний дараа Моника ч Перужийн их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ. Тэр үед  сургалтын төлбөрөө төлөхийн тулд моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд өндөр нуруутай, биеийн харьцаа тэгш, гоо үзэсгэлэнт 23 настай Моника удалгүй загварын нийслэл Миланд ирж, ганцхан жилийн дотор томоохон брэндүүтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. “Elite Model Management” агентлагтай гэрээ байгуулсны дараа нэр хүндтэй загварын сэтгүүлүүд залуу итали бүсгүйн зургаар хавтсаа чимж, “Dolce & Gabbana”, “Valentino”, “Prada”, “Victoria's Secret” зэрэг тансаг брэндийн сурталчилгаанд тоглож амжлаа. 
Загвар өмсөгч, модель гэдэг тодорхой хугацааны, тодруулбал залуу насны л ажил байлаа, тэр үед. Шинжлэх ухаан, технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй, гоо сайхны хагалгаа, арьс арчилгааны технологи одоогийнх шиг байгаагүй, 25-аас дээш насныхны олонх нь загварын ертөнцөөс шахагддаг 1990-ээд он Моника Беллучигийн хувьд “оргил үе” байсан юм. Киногоор бол “Оскар”-ын дайтай чухал үйл явдал болох “Пирелли” календарьт тэрбээр 30 настайдаа зургаа авахуулсан нь үүний баталгаа. 

“Малена”-аас “Сүүн зам” хүртэл 

Загвар өмсөгчийн карьерт сэтгэл ханаад зогсохыг хүсээгүй хатагтай Беллуччи Италид ганц хоёр кинонд тоглоод амжсан байлаа. Алдарт Фрэнсис Форд Копполагийн найруулсан “Дракула” кино 1992 онд дэлгэцэнд гарсан нь Дракулагийн сүйт бүсгүйн дүрийг бүтээсэн Белуччигийн хувьд  Холливуд хүрэх замыг  тавьжээ. Кинонд тоглох урилга Америк, Европоос цуварч, 1996-2000 он хүртэл Моника Беллуччи цөөнгүй бүтээлд өөрийгөө сорьсон ч жинхэнэ “тэсрэлт”-ийг Жузеппе Торнаторе л хийв. 
13 настай хүү хотынхоо эмэгтэйчүүдийн атаархлыг барсан залуу, бэлэвсэн эмэгтэйд дурласныгаа нэхэн санасан “Малена”-гаар түүнийг кино ертөнц шинээр “олж харсан” билээ. “Хэтэрхий үзэсгэлэнт тэр бүсгүйг хамгаалахад хэтэрхий балчирдсан хүү”-гийн тухай домогт бүтээлд тэрбээр азаар тоглосон гэдэг. Кино зохиолчид Маленагийн дүрийг Софи Лоренд зориулан бичсэн ч жүжигчин таван жилийн турш тэдний саналаас татгалзсан аж. Жузеппе Торнаторе “Dolce & Gabbana” брэндийн сурталчилгааны зураг авалтын үеэр Моникатай танилцаж, зохиолоо түүнд зориулан өөрчлөн бичсэнээр кино бүтсэн. Дэлгэцийн анхны дүрээ бүтээснээс хойш 10 жилийн дараа Моника Беллуччи жүжигчнийхээ хувиар бүгдийг байлдан дагуулсан нь энэ. 40 гаруй кинонд бэлэвсэн эмэгтэй, хүчирхийлэлд өртсөн бүсгүй, цус сорогч, биеэ үнэлэгч, Бондын хайртай эмэгтэй, сүйт бүсгүй гээд баяр жаргалтай, гунигтай, хайр татам, үзэн ядам, зөвтгөм, өр өвтгөм олон дүрийг амилуулжээ. 

...Гоо үзэсгэлэн гэдэг хоёр тохиолдолд хүнд гай болдог. Нэгдүгээрт, гоо үзэсгэлэн гэж огт үгүй бол зовлон. Хоёрт, гоо үзэсгэлэнгээс өөр юу ч үгүй бол бас зовлон...

... Каннын кино наадмын үеэр Сербийн нэрт найруулагч Эмир  Кустурица Моника Беллуччитай танилцсан гэдэг. Цахилгаан шатанд хамт явж таарсан ч гэдэг бил үү. Дараа нь гурван жилийн дараа найруулагч утас цохиод “Та миний кинонд тоглох уу” гэсэнд Моника “За” гэснээр л өвчин, тахал, дайн ч бай, хүнийг огт хүлээгээгүй байхад нь гэнэт л гараад ирдэг үй олон сорилт, цохилтууд ч бай, уул усыг даван амь тэмцэн хамгаалсан хүний үхэл ч бидний сэтгэлд эзлэх хайрын орон зайг үгүй хийж чадахгүй хайрын тухай “Сүүн замаар” бүтээл мэндэлжээ. Нэрт найруулагчийн есөн жилийн “амралтын” дараа хийсэн энэхүү кино 2016 онд Венецийн кино наадмаар нээлтээ хийсэн билээ. “Бодит гурван түүх, олон олон зохиомжоос киног сэдэвлэн бүтээв” гэж титртээ хадсан найруулагч өөрөө энэ удаад Моника Беллуччитэй хамтран тоглож  Боснийн дайны үеэр галын шугам дахь цэргүүдэд сүү хүргэж өгдөг Коста, түүнтэй хуримаа хийхээр төлөвлөн буй Милена бүсгүй, бас ахтай нь гэрлэхээр тосгонд ирсэн югослав цустай итали бүсгүй гурвын “энгийн” түүхийг дэлгэцэнд буулгасан юм. 
2018 онд “Интернэт дэх аалз” нэртэй кинонд хамгийн сүүлд тоглосон Моника Белуччи кино урлагт оруулсан хувь нэмэр, бүтээсэн дүрүүдээрэ олон улсын 20 гаруй шагналын эзэн болсон. 

“Ид, хайрла, залбир”

Итали, англи, францаар чөлөөтэй ярьдаг, амттай хоолноос татгалздаггүй, итали бүсгүйчүүдийн уламжлалт жороор гоо сайхнаа хадгалдаг Моника Беллуччи 1990-ээд оны эхээр гэрэл зурагчин  Клаудио Карлос Басстай гэрлэж, дөрвөн жил хамт амьдарсан. Кино урлагт хөл тавьж, цаг наргүй ажилладаг байсан учир бие биедээ анхаарал төдийлэн хандуулаагүйгээс хос хоёр тийшээ болсон гэдэг. 
Нөхрөөсөө салснаас нэг жилийн дараа  тэрбээр франц жүжигчин Венсан Кассельтэй танилцжээ. Тэд таван жил хамтдаа амьдарсны дараа гэрлэлтээ батлуулж, хоёр охинтой болсон. 2013 онд, хамтын амьдралын 19 дэх жилдээ тэд тус тусын замыг хөөж буйгаа мэдэгдсэн юм. 
“Гоо үзэсгэлэн гэдэг хоёр тохиолдолд хүнд гай болдог. Нэгдүгээрт, гоо үзэсгэлэн гэж огт үгүй бол зовлон. Хоёрт, гоо үзэсгэлэнгээс өөр юу ч үгүй бол бас зовлон” гэж хэлсэн Моника Белуччи 10,  20 жилийн өмнөх шигээ зургаа авахуулж, содон дүр бүтээж, аялж, шинэ хэл сурч байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид