Улаанбаатар 1c

Э.Нарангэрэл: Биеэс гарч буй бүхий л шингэнээр дамжин халдварлах боломжтой

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж байна. Өчигдрийн байдлаар 44886 хүн өвчилж, 4638 хүн эдгэрч, 1112 хүн уг вирусаар нас бараад буй. Манай улсын хэмжээнд коронавирусийн тархалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон өнөөгийн байдлын талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Нарангэрэлтэй цөөн хором ярилцлаа. 

-Манай улсын хэдэн аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гарч байна. Замын-Үүд боомтод гэхэд нэг хүнээс шалтгаалж 106 хүнийг галт тэргэнд түр тусгаарлаж ажилласан. 

-Коронавирус нь хэр хугацаанд гаднын биетэд тэсвэрлэх чадвартай вэ?
-Коронавирус нь модон эдлэл дээр ес хоног амьдрах чадвартай гэж үзэж байна. Мөн хүний биеэс ялгарч байгаа бүхий л төрлийн шингэн буюу шүлс, нулимс, шээс, өтгөн, нус зэргээр дамжин халдварлах боломжтой. 

-Хөл хорио тогтоосноос хойш вирусийн тархалттай бүс нутагт зорчсон монгол иргэн байгаа юу?
- ЭМЯ-аас онцгой бүсүүдэд аялахгүй байхыг сануулсан анхааруулгыг хангалттай өгөөд байхад нэгдүгээр сарын 23-наас хойш манай улсын нийт 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсуудад зорчоод ирсэн. Түүний нэг жишээ бол  Баян-Өлгийн аймгийн иргэн гадаадад аялаад ирсний дараа сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 

-Иргэд сошиалд хилээ хаах талаар уриалга гаргаж байна. Хилээ хаах уу?
-Одоогийн байдлаар УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалгаж байгаа. Галт тэрэг бүрт эмч зорчигчдын халууныг үзэж байна. Мөн зорчиж байгаа иргэн бүрийн тандалт судалгааг хийсээр байна. 

-Уханиас ирсэн тусгаарлагдсан 31 иргэнийг эмнэлгээс хэзээ гаргах вэ?
-Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал сайн. Шинжилгээний хариу сөрөг гарч, шинж тэмдэг илрээгүй. Тиймээс энэ долоо хоногт багтаж эмнэлгээс гарна. 

-Коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүнд шинжилгээ хийхэд зургаан удаа сөрөг гарсан ч долоо дахь удаад нь эерэг хариу гарсан талаар мэдээлж  байна. Тиймээс сөрөг гарсан иргэдийг дахин шинжилгээнд хамруулах уу?
- Эрдэмтэн, судлаачдын материал дээр үндэслэн авах арга хэмжээгээ тодорхойлж байна. Япон болон Англид сэжигтэй этгээдэд хоногийн дотор шинжилгээ хийхэд сөрөг гарсан ч зургаа дахь хоног дээрээ эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс ЭМЯ болон ХӨСҮТ үүнийг судалж, тусгаарлаж байсан өвчтнөө дахин шинжилгээнд хамруулах талаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Иргэд цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Эрсдэл өндөртэй хэвээр байна. Арваннэгдүгээр сарын буюу өвчлөл гарснаас хойш БНХАУ руу зорчсон, ирснийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн 100 гаруй тохиолдол гарч, тусгаарлагдсан шинжилгээ өгсөн тохиолдлууд сөрөг гарч байгаа ч тайвширч болохгүй. Гараа сайн угааж, халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа зүүхийг иргэддээ анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид