Улаанбаатар 1c

12 хэлээр коронавирусийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч эхлэв

Сөүл хотын захиргаанаас коронавирусээс хэрхэн сэргийлэх талаар гадаадын иргэдэд зориулан 12 хэл дээр мэдээлэл, зөвлөгөө бэлтгэн олон нийтийн газруудад байршуулж эхэлжээ. Түүнчлэн Сөүлийн  “Global” төвийн утсанд холбогдон  хятад, англи, вьетнам, монгол, филиппин, урду (Пакистан), непал, узбек,  япон, тайланд, индонез, араб хэлээр вирусийн талаар мэдээлэл авч болох гэнэ. Үүнээс гадна гаднын иргэн вирусийн халдвар авсан байж болзошгүй тохиолдолд дээрх төвд хандан өөрт илэрч буй шинж тэмдгээ хэлж, “Global”-ын орчуулагчдаас дагуулан эмнэлэг явах боломжтой аж. Ингэхдээ орчуулагчийн төлбөр гэж төлөх шаардлагагүй гэнэ. Зөвхөн Сөүл хотод л гэхэд гадаадын 450 мянган иргэн амьдардаг бөгөөд хотын захиргаанаас дээр дурдсан 12 хэлээс өөр хэлээр ярьдаг хэчнээн гаднын иргэн байгааг судалж, үзээд шаардлагатай бол тухайн хэлээр ярьдаг орчуулагчийг “Global”  буюу гаднынхан болон жуулчдад зориулсан төвүүддээ ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. БНСУ-д  өнгөрсөн оны байдлаар 2.049.441 гадаадын иргэн бүртгэгдсэн бөгөөд хүн амынх нь дөрөв орчим хувийг эзэлж байнаа юм. Үүний нэг сая орчим нь тус улсад хөдөлмөр эрхэлдэг гаднын иргэн бол 1.4 сая нь 15-аас  доош насны хүүхэд, байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад 3.7 хувиар өссөн тоо аж. Үндэстнүүдээр нь авч үзвэл 45.9 хувь нь хятад, 7.4 хувь нь вьетнам, 6.6 хувь нь хятад солонгосын эрлийз, 4.5 хувь америкчууд байна. Үүнээс гадна хууль бусаар оршин суугчид  албадан нутаг буцаана гэж айхгүйгээр зөвлөгөө авч, сэжигтэй тохиолдол илэрвэл эмнэлэгт хандахыг БНСУ-ын Цагаачлалын албанаас анхааруулсан байна. Тус улсын Цагаачлалын тухай хуулийн дагуу нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид  хууль бус оршин суугчдын мэдээллийг холбогдох албаныханд өгөх ёсгүй байдаг аж. Коронавирусийн эсрэг бүх эмчилгээг улс даяар үнэ төлбөргүй хийж байгаа учраас санхүүгийн байдалд санаа зоволгүйгээр эмнэлэгт хандахыг Сөүл хотын захиргаанаас гаднын иргэдэд уриалсан байна. Мөн БНСУ-ын пластик мэс заслын эмнэлгүүд  коронавирусийн дэгдэлт эрчимжиж байгаатай холбоотойгоор хятад үйлчлүүлэгчдийг хүлээн авахаас татгалзаж эхэлжээ. Ганнам дүүрэгт байрлах хэд хэдэн эмнэлэг хятад үйлчлүүлэгчдэд хагалгаа хийхгүй хэмээн буцаасан байна. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн оны байдлаар, 378 мянган хятад иргэн пластик мэс засалд оржээ. БНСУ-д ирж, пластик мэс засалд ордог гадаадын орнуудыг америкчууд тэргүүлдэг бол япончууд хоёрдугаарт, хятадууд гуравт ордог байна.

Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид