Улаанбаатар 1c

Төрдөө долоон жил хаягдсан “Ганцын ам”-ныхан

Нийслэлд хаяггүй амьдарч байгаа өрх олон. Гэрийнхээ хаягийг барагцаагаар зааж өгч, төрийн үйлчилгээг ах, дүү нарынхаа хаягаар дамжуулж хүртдэг, шөнө дөлөөр хүүхэд нь өвдөхөд гэртээ аргацааж, маргааш нь нэг хаяг олж, чадвал эмнэлгийн үйлчилгээ авдаг хүмүүс нийслэл хотод амьдарч байна гэвэл та итгэх үү. Төрийн үйлчилгээ гэж юу байдгийг, хаана ямар хороонд амьдарч байгаагаа ч хэлж мэдэхгүй 450 өрх Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байна. 
450 айл бий гэсэн тоог 2015 онд гаргасан гэдэг. Тэгэхээр энэ нь бас л албан ёсны тоо биш гэсэн үг. Гэсэн ч тэндэхийн иргэд шаардлагатай бол түргэн тусламж, гал команд, цагдаагийн машин тосож гүйсээр хэдийн дассан. Амьдарч байгаа хашаа нь дугааргүй, тодорхой заасан хэсэг, гудамжгүй учраас гэрийнхээ хаягийг зүг чигийн баримжаагаар зааж өгсөөр өнөөг хүрсэн.

Задгайгийн хэсэг гэдэг тодотгол нь тэдний аминд орох нь олонтаа. Амьдарч байгаа нутаг дэвсгэр нь Баянзүрх дүүргийн XXI хорооных ч, газар дээр нь байгаа иргэд уг хороонд хамаардаггүй нь сонин. Мөн хорооны байрнаас 400-хэн метрийн цаана амьдардаг хэрнээ ямар ч хаяггүй нь хачирхалтай. Тодорхой хаяггүй учраас Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэж чаддаггүй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд л гарцаагүй Засаг даргын тодорхойлт авч байж Өрхийн эмнэлэгтээ үзүүлдэг гэнэ. Энэ 450 айл дунд хүнсний талон, хорооноос өгч байгаа бусад тусламжийг авдаг айл ганц ч үгүй гэсэн. Хэсгийн ахлагч ч үгүй хэсэгт амьдарч байгаа айлууд юу ч хүртэх вэ дээ.

тэд гурван километр алхаж, арав дахин өндөр үнээр ус авдаг

“Ганц худаг нэртэй автобусны эцсийн буудлаас хойш тэргэн дээр гурван хуванцар савтай ус тавин түрж, цасан шуурга сөрөн алхаж буй эрийг Т.Нэргүй гэдэг. Холоос ус түрж яваа нь илт, хашааны буланд хоёр чихээ барьж, нүүрээ хаа нэг гараараа халхалж, хэсэг амсхийж байхад нь түүнтэй таарав. Тэрбээр “Манай энэ хавийн айлууд хаяггүй. “Ганцын амны задгай”-гийнхан л гэсэн тодотголтой долоон жил амьдарч байна. Манайх автобусны буудал, дэлгүүр хоршоо, худаг гээд ахуйн үйлчилгээний газруудаас нэлээн зайтай. Худаг л гэхэд бараг гурван километр явж байж хүрнэ. Өглөө эрт очвол 20 литрийн савтай усыг 150 төгрөгөөр, үдээс хойш 200 төгрөгөөр худалдаж авдаг. Зөөврийн устай худаг учраас ийм үнэтэй. Жилийн өмнө улсын өндөр хүчдэл залгаж, цахилгаантай залгасан. Тэрнээс хамгийн урд захын айлуудаас тог дамжуулаад авдаг байлаа. Тэр нь зурагт ч үзэж болохооргүй, хүчдэл багатай байсан” хэмээв. Харин бидэнтэй зөрсөн хоёр жаал хүү “Худаг устай байна уу” гэж асуугаад төмөр тэргээ тачигнатал түрээд гүйж одов.

Түргэнийнхнийг автобусны буудал дээрээс тосдог 

“Задгай” гэсэн тодотголтой айлуудын урд талаасаа 15 дахь гудамжны эхний айлд оров. 65 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр сургууль, цэцэрлэгийн насны бололтой гурван хүүхэдтэйгээ байлаа. Эднийх энд таван жилийн өмнө нүүж иржээ. Анх нүүж ирэхдээ хамгийн хойд эгнээний айл болж байсан аж. Харин одоо дунд хэсэгтээ багтдаг болжээ. Гэрийн эзэн Баянмөнх гуай хоёр жилийн өмнө өнчин тархины хавдартай болж, хагалгаанд орж, нэг нүд нь хараагүй, нөгөө нь бүдэг хардаг болсон гэнэ. Хавдартай учраас байнга бие нь өвдөж, түргэн дууддаг аж. Энэ талаар тэрбээр “Хаяггүй айл чинь ёстой хэцүү. Хавдартай байх бүр ч хэцүү юм. Шөнө дунд бие өвдөөд, унтаж чадахгүй. Тэвчээд, тэвчээд нэмэргүй. Яах аргагүй түргэн дуудах болно. Манайх өмнө нь XXI хороонд албан ёсны хаягтай, хашаатай байсан юм. Түүнийгээ зараад энд нүүж ирсэн. Тэр хаягаараа л түргэн дуудаж, гарлаа гэж хэлэхэд нь, автобусны буудал дээр тосоод нааш авчирна. Хэрэв түргэнээс хоцорчих юм бол хуурамч дуудлага өгсөн гээд сүйд болно. Би гэртээ татаж унах нь холгүй, гурван хүүхэдтэйгээ үлдэнэ. Харин эхнэр харанхуй шөнөөр түргэнийхнийг тосох гээд гүйнэ. Ийм л байдалтай хоёр жилийг өнгөрөөлөө. Сүүлдээ түргэн ч мэддэг болсон доо. Хуучин хаягаараа  тэтгэвэр, хүүхдийн мөнгөө авч байна. Уг нь зайдгайгийн айлууд XXI хороонд харьяалагдах ёстой. Гэтэл манай энэ хэсэгт хэсгийн ахлагч ч байхгүй. Сонгуулийн үеэр олон хүн холхиж, албаны хэдэн хүн орж ирдэг. “Саналаа манайд өгөөрэй. Бид хаягтай болгож, газрын гэрчилгээг чинь гаргаж өгнө” гэж хэлдэг. Энэ жил нэг хаягтай болж магадгүй гэж горьдож сууна. Хэрэв болохгүй бол дараагийн сонгуулийг хүлээх байх даа” гэв.

Утаа мэдрэгчгүй, угаартаж үх гээд хаяж байгаа юм уу

Энэ орчмын айлууд төрийн үйлчилгээ бүү хэл дэлгүүр хоршоо ч үгүй газар амьдраад удаж байгаа. Задгайгийн 450 айл дунд ганцхан ТҮЦ бий. Өөр бусдаар талх, хүнсээ авчих дэлгүүр алга. Тодорхой хаяггүй учраас нүүрс борлуулах цэг ч байхгүй. Түүнчлэн утаа мэдрэгч ч  тараагаагүй гэнэ. Энэ талаар Баянмөнх гуайн хөрш З.Норов “Илч сайтай нүүрстэй, дулаахан өвөлжиж байна. Хүмүүс угаартаж байна л гэж сонсох юм. Манайх ч гайгүй ээ. Харин угаартахаас сэргийлсэн мэдрэгч нь манайханд олдсонгүй. Арванхоёрдугаар сард угаар мэдрэгч суурилуулна гээд хоёр залуу судалгаа аваад явсан. Одоо хүртэл чимээгүй байна. Тэгэхээр биднийг хаяггүй, аль ч хороонд харьяалалгүй гээд өгөөгүй юм шиг байна. Мөн энд тэндээс хороон дээр амны хаалт ирж, иргэдэд тараана л гэж дуулдах юм. Бидэнд ирж байгаа юм алга. Уулын мухарт төрдөө хаягдсан бидэнд юу л оногдов гэж дээ. Насны хишиг, оршин суух тодорхойлт гээд бүгдийг нь хүүхдүүдийнхээ хаягаар авдаг. Харин сургууль, цэцэрлэгийн хүүхдийг XXI хорооны сургуульд авсан. Засаг даргаар түр оршин сууж байгаа гэсэн тодорхойлолт бичүүлж байж багачуудаа сургууль бараадуулсан” гэлээ. 

гудамжинд өвчтөнөө хүлээсэн түргэний тэрэг

Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээ тараад харанхуй замаар, тоос шороо татуулсаар уул өөд алхаж, гэртээ ирдэг гэнэ. Энхэл, донхол ихтэй замаар машин ч явах аргагүй аж. Нийтийн тээвэр бүү хэл такси ч энд үйлчилдэггүй. Амьдарч байгаа хүмүүс нь хэдэн буудал газар алхаж байж автобусандаа хүрнэ. Түргэн тусламжийн машин очиход хэцүү учраас автобусны буудал руу өвдөж байгаа хүнээ аваад ир гэдэг гэнэ. Мөн биднийг айлуудаар ороод буцаж явахад түргэний машин автобусны буудлын хойхно  зогсож байв. Машин дотор жолооч, эмч хоёр дуудлага өгсөн хүмүүсээ хүлээж байгаа нь энэ аж. Түргэний эмч “XXI хорооны зүүн хэсгийнхэн буюу “Ганцын амны”-хнаас дуудлага олон ирдэг. Гэхдээ хаяггүй учраас очих боломжгүй. Харин иргэд өөрсдөө автобусны буудлаас биднийг тосож, зарим нь өвчтэй хүнээ тэврээд ирдэг” гэв.

Зөвшөөрөлгүй газар буусан тул энэ айлууд хороонд хамаагүй

Баянзүрх дүүргийн XXI хорооны Засаг дарга Т.Нарангэрэл “Энэ айлууд орон нутгийн тусгай хамгаалалтай газарт буусан улс. Газар нутаг нь манай хороонд хамааралтай ч энэ айлууд манайд албан ёсоор харьяалагдахгүй. Харин ч бид нэгэнт суурьшсан учраас хүүхдүүдийг нь сургуулиас завсардуулахгүй гэж 127 дугаар сургуулийн захиралтай ярьж, бүгдийг нь хамруулсан. Газрыг нь орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргахаар эдгээр айлд газрын зөвшөөрөл олгож, хаягжуулах ажил эхэлнэ. Албан ёсны хаяггүй учраас бид яаж ч чадахгүй байна” гэсэн юм. 

Газрын наймаа цэцэглэжээ

Харин XXI хорооны Газрын дарга Ж.Билэгсайхан “Айлууд өөрсдөө хаяггүй амьдарч байгаа хэрнээ газраа үнэтэй зардаг. Мөн ойр  орчмын  газруудаа худал хэлж, хямд зарсаар суурьших айлын нүүдэл тасрахгүй байна. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар буусан нь иргэдийн буруу. Олон жил амьдарсан гээд газраа өмчлөх эрх тэдэнд байхгүй. Хэдийгээр манай хорооны айл биш ч гэсэн, ядаж худагтай болгоод өгье гэхээр худаг барих гэж байсан газар дээр гэрээ барьчихдаг. Бид энэ айлуудын төлөө газрыг нь тусгай хамгаалалтаас гаргаад өгөөч гэж долоон жил хүсэлт гаргаж байна. Анхан шатны байгууллагаас хүсэлт өгдөг ч дараагийн байгууллагадаа очоод гацчих юм” хэмээв. 

Гэрийнх нь гаднаас хорооных нь байран дээр хатгасан Монгол Улсын далбаа ойрхон намирч харагддаг ч тэд уг  хорооных биш. Ер нь аль ч хорооных биш. Долоон жил хаяггүй амьдарсан тэд дөжирсөн гэхэд хилсдэхгүй. Хүүхэд нь ханиад хүрсэн ч даралт нь ихэссэн ч шууд очоод үзүүлэх өрхийн эмнэлэггүй  болохоор өөрсдийгөө болгох гэж хичээдэг. Сонгуулиас бусад үед тэд хэн ч биш гэлтэй. Харин сонгуулийн үеэр хаягтай болгож өгнө гэсэн амлалтад тэд хууртдагаа нуугаагүй. “Ганцын ам”-нынхан хаягтай болгож магадгүй гэсээр дараагийн сонгуультайгаа золгох гэж байна. Хэрэв энэ сонгуулиар хаягтай болж чадахгүй бол дараагийн сонгуулийг дахиад хүлээх нь.  Хэдийгээр тэд зөвшөөрөлгүй газар буусан ч төрийн үйлчилгээ авах бүрэн эрхтэй Монгол Улсын иргэн. Харин төр тэдэнд төмөр нүүр үзүүлж, дагавар хүүхэд шиг нүд үзүүрлэн долоон жил хаяжээ. Эдгээр өрхийг хаягжуулж болохгүй бол албадан нүүлгэж, тайван, амгалан амьдрах газартай болгох хэрэгтэй байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид