Улаанбаатар 1c

Хайрыг “ойлгоход” тань туслах бүтээлүүд

Кино, утга зохиол гээд бүх л урлагийн гол сэдвийн нэг, хүний амьдралын хамгийн чухал зүйл болох хайрын тухай ойлгох, хайрлаж сурахад тань туслах бүтээлүүдийг “Taste of Cinema” нэрлэж байна. 

“Нэрээрээ намайг дууд” (Лука Гуаданьино, 2017)

Хайрын олон талыг, цөхрөл, догдлол, тэвчин үлдэхүй, хадгалахуйн утга учрыг  харуулсан кинонуудын нэг. Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн чансаатай бүтээлүүдийн жагсаалтад дээгүүр бичигдэх энэ кино гэр бүлээрээ Италид амарч буй өсвөр насны хүү Элиогийн түүхийг өгүүлнэ. Нөхөрлөлөөс романтик харилцаа хүртэлх алгуурхан, гэхдээ сэтгэл хөдлөм үйл явцыг дүрүүдийнхээ харилцаагаар дамжуулан гаргаснаараа ялгарна. Мэдэрч буй бүх л зүйлс бидэнд ямар нэгэн хэмжээгээр чухал байдаг тул уй гунигаа үгүйсгэх, хүчээр дарах гэж оролдох нь дэмий гэсэн утга бүхий үгсийг  Элиогийн аав хүүдээ хэлж буйгаас хайрын тухай, ерөөс харилцааны тухай олон зүйлийг ухаарч болно. 

“Гурван өнгө: Улаан” (Кшиштоф Кесьлёвский, 1994)

Нэрт найруулагч 1994 оны Каннын кино наадмаар энэ бүтээлээ танилцуулсныхаа дараа кино урлагаас “зодог тайлж” буйгаа мэдэгдсэн билээ. Кесьлёвскийн гурван цуврал гурвуулаа л хайрын тухай өгүүлнэ. Гэхдээ “Гурван өнгө: Улаан”-д киноны турш гол баатрууд нь хоорондоо нүүр тулж учрахгүй. Хэзээ учрах нь тодорхойгүй, бүр хэзээ ч учрахгүй байж мэдэх, гэхдээ насан туршаа эрсээр л буй мэдрэмжийн түүх. Ганцхан үгээр, заримдаа үг ч хэлэхгүйгээр бие биенээ ойлгох, мэдрэх хэн нэгний тухай мөрөөдөл. Ухамсар, сэтгэлээсээ хэн нэгэнтэй холбогдож, мэдэрсэн тохиолдолд л хайр бий болох уу.Үүний хариултыг, өөр олон асуултын хариуг энэ бүтээл өгч чадна.

Эхлэгчид (Майк Миллс, 2010)

Сүүлийн арваны турш үзэгчдийн хүртээл болсон хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг. Хайрын хоёр өөр түүхийг тус тусад нь хүүрнэх энэ бүтээлээс хайртай хүмүүсээ, өөрсдийгөө байгаагаар нь хүлээж авах, зөвшөөрөх, бие биеийнхээ ялгаатай талуудыг ойлгон тэвчихийн чухлыг харж болно. Мөн аливаа сонголтыг, сонгож болдоггүй үхлийг ч хүлээн зөвшөөрөх үйл явцыг дүрүүдээрээ дамжуулан найруулагч гаргасанаараа үнэ цэнтэй. 

Хавч (Йоргос Лантимос, 2015)

Орчин цагийн хамгийн сонирхолтой, өвөрмөц хийц, барилтай уран бүтээлчдийн нэг Йоргос Лантимос “Хавч” киногоороо орчин цагт хүмүүс хайрыг хэрхэн ойлгож, хэрхэн “бүтээж”, эсвэл бүтээхийг хүсэж буйг энэ бүтээлдээ шоглон харуулсан. 
... Хайр сэтгэлээ, бие биенээ мэдэрч ойлгох нэгэн биений нөгөө талаа олоход 45 хоногийн хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд тийм  нэгэнтэй учирч чадаагүй бол ямар нэгэн амьтан (гэхдээ ямар амьтан болох хүсэлтэйг нь мэдээж харгалзан үзнэ) болгон хувиргана. Адилхан өвчтэй, эсвэл биеийн аль нэг согог нь ижил байх нь нэгэн биеийн нөгөө талаа олж таних шалгуур үзүүлэлт болно. Амьтан болон хувирахгүйн тулд, 45 хоногийн дотор хайраа олохын тулд тэд хэн нэгнийг сонгож, түүнтэйгээ ямар нэгэн байдлаар ижилсэх шаардлага гарч ирнэ. Тухайлбал, нүдээ сохлох, шүдээ суга татах байж болох юм. Антиутопи энэ түүхээр дамжуулан найруулагч ганц бие хүмүүст орчин үеийн нийгэм ямар харгис хандаж байгааг харуулахыг зорьсноо онцолсон. Өөртэйгээ таарч тохирох нэгнээ олоогүй бол, хайртайгаа учраагүй бол, өөр ямар нэгэн шалтгаанаар ганц бие амьдарсаар л байвал бидэнд  хүссэн, хүсээгүй ямар нэгэн хаяг, шошго зүүж, гадуурхана. Харамсалтай энэ үнэнийг гашуунаар ёжилсон  бүтээлийн гол баатрууд азаар бие биенээ олно. Азаар... 

Хайр үгүй (А.Звягинцев, 2017)

Дэлгэцэн дэх үхэл амьдрал дээрхээс хол санагддаг, дэлгэцэн дэх хагацал амсаж туулснаас минь "хээнцэр" харагддаг, дэлгэцэн дэх санаа алдалт харин дэргэд суугаа нэгнийхээс илүү тод сонсогддог. 
Харин хайр. Бас хайр үгүй байх тэр мөчлөгүүд.
Ганихрах, хөөрөх, хайрлахтай адил хэнийг ч үл хайрлах нь тодорхой цаг хугацаааны мөчлөгт үргэлжлэх төлөв байдал ч байж мэднэ. Илүү аминч, зөвхөн өөрийгөө бодсон, хэтэрхий амар мэт ийм төлөв байдалд хэн ч хохирохгүй, хэний ч нулимс урсахгүй, гарсан, гаргасан бүх шийдвэрүүд байж болох хамгийн оновчтой мэт... Зарим зүйлийг эс тооцвол шүү дээ.
Үйл явдал товчхон, сюжет ч амьдрал дээр тохиолддог л зүйлс. Хоорондых нь харилцаа хэдийнэ хөрж, тус тусдаа "амьдралтай" болчихсон хос (Борис, Женя) хоёр тийш болох шийдвэрээ гаргацгаачихсан. 12 настай хүүгээ хэн нь өсгөх, амьдарч байгаа байраа хэрхэн зарах талаар ярилцацгаах ч зөвшилцөж чадахгүй. Гэр бүлийн зөрчил, эцэг эхийнхээ байнгын хэрүүлээс залхсан хүү нэг өдөр хичээлээсээ тараад гэртээ харьж ирсэнгүй... 
Эхнэрээ, нөхрөө үл хайрлах төлөв байдалд "шилжээд" удсан, өөр хэн нэгнийг "хайрласан" хос, амьдралдаа эхний бөгөөд эцсийн удаа ямар нэгэн зүйлийг өөрийнхөөрөө, бие даан шийдэж буй хүү... Зөвтгөх, буруутгах, тайлбарлах аргагүй нөхцөл байдлууд... Шийдвэрүүдээ гаргаж, өөрчлөлт хийж, тэмцэж, голын нэг эргээс нөгөө рүү харайн гарч буй боловч анхнаасаа л байсан тэр хүйтэн, хатуу төлөв байдалдаа үлдэцгээх... Хайр хийгээд хайр үгүйн олон талыг, энэ бүтээлийн баатруудаас, дэргэдэх нэгнээсээ, үгүй бол өөрсдөөсөө бид олж харцгаах ч юм билүү. 

“Жиан Хугийн охид, хөвгүүд” (Жиа Жангке, 2018)

Хятадын VI үеийн найруулагч Жиа Жангкегийн энэ бүтээлийг “Гангстеруудын түүх” гэж тодорхойлсон. Гэхдээ хайрын тухай, хайрандаа, өөртөө үнэнч үйлдэхүйн түүхийг эндээс бас харж болно. Шаньси мужийн Датунг хотын мафийн толгойлогч, түүний найз, хайрт бүсгүйн түүхийг өгүүлнэ. 
Амьдралын гэнэтийн, огцом эргэлтүүд, уналт, сэргэлт, өөрчлөлтүүдэд үл сөхрөн өөртөө, өөр олон зүйлд үнэнч үлдэхийн утга учир. Нийгэм өөрчлөгдөж, хүмүүс бидний амьдралд ирж, бас явж, дэргэдэх барилгууд нурж, оронд өөр шинүүд эгнэн босохыг ч үл ажран мөн чанараа хадгалан үлдэхийн агууг гол дүр Чяо бүсгүйгээс та магадгүй олж харах вий. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид