Улаанбаатар 1c

Амьдрал хайр дээр тогтдог

“Хайр мэдрээгүй хүн олон бий” гэвэл үүн шиг худал томъёо үгүй биз. Хүн бүрт хайрын түүх бий. Тэр нь дурсамж уу, бодит амьдрал уу гэдэг л асуулт болж ургах болов уу. Хүн төрөлхтний мөнхийн дуулал хайрыг задлан шинжилнэ гэхээсээ илүүтэй зүрх нь амьтай, сэтгэл нь халуунаараа байгаа хүн бүрт хайрын өдрийн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн бол хайраас ургасан үр. Энэ үр хэрхэн дэлбээлж, навчлан ургахаас бидний инээд хөөр, аз жаргал, урт удаан амьдрал, нүдэн дэх гэрэл гэгээ тодрон цацардаг. Ийм л ид шидэнд автаагүй хүн ховор. 

Хүн төрөлхтөн хангалуун, тансаг, соёлт нийгмийг бүтээх явцдаа зэрлэгшдэг байж болмооргүй. Чих халууцуулж, зүрх шимшрүүлсэн хар бараан хэрэг гарсаар л. Ээжийгээ зодлоо л гэх, найз охиноо цонхоор шидчихлээ, хайртай бяцхан үрээ гудамжинд орхилоо, халуун энгэрт нь наалдаж өссөн ээжийгээ асрамжид шилжүүлжээ, сайхан буурал аавынхаа тэтгэврийг хоосолжээ, танхил залуухан амрагаа зоджээ, мөөмнөөсөө ч салаагүй бяцхан үрээ хаяад явжээ...хүн яаж ийм балмад байж болдог байна вэ, хэмээн уулга алдуулам ийм бараан үйл явдал энэ цагт тасрахаа байсан. Нийгмийг цочроосон гунигт энэ явдлыг ариусган, мартагнуулах сайхан үйл явдлууд ч бишгүй. Тэгвэл яг ийм сэтгэл баясгасан, сэтгэл цэлмүүлсэн ирээдүйг бид өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын ухамсарт иргэн болгох үүрэгтэй. Ийм боломж аав, ээж гэх алдар зүүж яваа хүн бүрт бий. Халуун хайраас ургасан ийм үрийг энгэртээ цэцэглүүлж буй танд хайрын өдрийн мэнд хүргэе. Амьдрал хайр дээр тогтдог гэдгийг үртэй бүхэн хамгаас тод мэдэрдэг болов уу. 
Монголчууд хайртай бол хартай гэж ярьдаг. Энэхүү гаж үзлээр хосууд биендээ хандахыг чухалчилдаг нь нууц биш. Гэтэл хар буюу хардах гэх үгийн цаад талд зодох, хүчирхийлэх, бухимдах, маргалдах, үл ойлгогдохгүй байх, араар тавих, хууран мэхлэх...гэх явуургүй үгсийн утга нуугдаж байдаг. Гэтэл бид бараг л хайрын тангараг болгон ашигладаг энэхүү хэлц өнөөгийн хосуудын дунд хагарал авчрах эхний шалтгаан болсоор. Тэгэхээр  хайр бол хүндлэл, итгэл, уучлалын нэгдэл. Хайранд ямар ч бардам сэтгэл, их зан, дээрэлхүү үзэл давамгайлдаггүй. Хайр бол халамж, энхрийлэл, мартахгүй байхын үүдэл. Ийм хайр үзсэн, мэдэрсэн хүн хэзээ ч бусдад муу санаж, муухайг үйлддэггүй билээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид