Улаанбаатар 1c

Валентины шөнө томчууд мөрийтэй, хүүхдүүд PC тоглож байгаад баригдав

-Шөнийн сурвалжилга-

Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаар тогтоосон. Түүнчлэн тэмдэглэлт баяр, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод байгаа. Харин өнгөрсөн баасан гарагт Гэгээн хайрын өдөр хэмээн нэрлэгддэг тохиосон. Энэ өдрийг нийслэлчүүд, тэр дундаа залуус хэрхэн тэмдэглэж байгааг, хорио цээрийн дэглэмийг сахин биелүүлж байгаа эсэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэстэй хамтран сурвалжиллаа. 

21:00 цаг: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс багасаж, гэрлэн дохио солигдохыг хүлээхээс өөр саадгүй байв. Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах Нарантуул захын ойролцоо бусдын эд зүйлсийг  хулгайлж, үйлдэл дээрээ баригдсан гэх дуудлагын дагуу газар дээр нь очихоор явж буй нь энэ. Удалгүй тус захын хойд хэсэгт хүрч “Мангасын ам” хэмээн нэрлэдэг арын хаалгаар зах руу оров. Түм түжигнэж, бум бужигнадаг олон улсын худалдааны төвийн хөл хөдөлгөөн хэдийн намжиж, хог цэвэрлэж буй ажилтнаас өөр хүнгүй болжээ. Цагдаагийн I хэлтэс гэх хаяг бүхий хоёр давхар цагаан байранд ороход эргүүлийн цагдаа нар бичиг, цаас барин, нааш цааш холхино. Харин орон гэргүй бололтой, өмссөн хувцас нь хир даг болж, үс гэзэг нь бөөлжистэйгөө хутгалдсан хэдэн согтуу хүн урт нарийн коридороор мөлхөх нь мөлхөж, зарим нь сандал дээр тухтай нь аргагүй унтаж харагдлаа. Тэдний дунд 30 гаруй насны нэг эмэгтэй байх бөгөөд босох тэнхэлгүй болтлоо согтож, хөл, гараа дэлгэн, дээш харан хэвтжээ. Цагдаа эмэгтэйг хажуу тийш харуулаад, түүний амин үзүүлэлтийг  үзэхийг нэгэндээ даалгаад, 103-т дуудлага өглөө. Тэрбээр “Энэ эмэгтэй орон гэргүйчүүдийн нэг.  Өнөөдөр бие нь нэг л сонин байна. Түүнээс биш энүүгээр агсам тавиад, орилж гардаг юм. Ингэж хажуу тийш харуулахгүй бол бөөлжсөндөө хахчих гээд байна” хэмээн бидэнд тайлбарлав. Мөн “Түүний зургийг нь авч болохгүй. Наад хэд чинь “Зөвшөөрөлгүй зураг дарлаа, хүний эрхэнд халдсан” гээд гомдол гаргаад биднийг тайван байлгахгүй” гэлээ.

Манай гэрийнхэн намайг шоронд суусан гээд гэрээсээ хөөчихсөн

Удалгүй гаднаас хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх 20 гаруй насны иргэн Х-г хоёр цагдаа дагуулан орж ирэв. Түүнийг сандал дээр суухыг тушаахад мөнөөх хулгайчийн хөл, гар нь чичирч, нүд нь эргэлдсээр, эмээсэн байдалтай сандал руу дөхөв. Тэрбээр удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж, өнгөрсөн жил ял эдэлж байгаад саяхан суллагджээ. Иргэн Х “Би автобусны мөнгөгүй болчихоод, орцны үүдэнд байсан дугуйг түгжээг нь тайлаад авчихсан юм. Урьд нь хулгай хийж байгаад баригдаж, ял эдэлж байсан нь үнэн. Хулгайлсан дугуйгаа захын ченж нарт 100-200 мянган төгрөгөөр зардаг.  Би гэртээ очдоггүй болохоор ингэж олсон мөнгөө гадуур, дотуур явж байгаад л дуусгачихдаг. Манай гэрийнхэн намайг шоронд орсон гээд гэрээсээ хөөчихсөн. Тэгээд аргагүйн эрхэнд дахиад хулгай хийж байна. Уг нь барилгын туслахаар ажилд орсон. Цалингаараа байр түрээсэлж үзсэн ч найзууд согтуу ирж, тоглоод байрнаасаа хөөгдсөн” гэлээ. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсийн XVI хороон дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа С.Батхуяг “Манай хэлтэс томоохон зах худалдааны төвүүдийг хариуцан ажилладаг. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой хөдөө, орон нутгаас ирэх хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж, захын ачаалал ихэсч байна. Үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ч нэмэгдсэн. Ялангуяа, бусдын эд зүйлс хулгайлах, агсам тавих дуудлага давамгай байна. Иймд бид өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд уртасгасан цагаар ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар (21.30 цагийн орчимд) Баянзүрх дүүргийн XVI хороонд гэмт хэрэг, зөрчлийн 24 дуудлага ирсэн. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад өндөр тоо. Үүнээс бусдын эд зүйл хулгайлсан 14 хэргийг илрүүлэн, шалгаж байна. Мөн гэмт хэрэгт сэрдэгдэж байхдаа оргон зугтаасан буюу цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд зарлагдсан хоёр этгээдийг олж тогтоолоо. Түүнээс гадна 2020 оны нэгдүгээр сард хорих ангиас суллагдсан этгээд бусдын унадаг дугуйг хулгайлж, эд мөрийн баримттайгаа баригдсан. Тухайн этгээд өмнө нь удаа дараа бусдын унадаг дугуй хулгайлж, шүүхээс 1.3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Улмаар энэ сарын 10-ны өдөр дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, мөрдөн байцаалтын явцад оргон зугтсан бөгөөд өнөөдөр мөн л унадаг дугуй хулгайлж, бусдад борлуулах гэж байхдаа баригдлаа. Тэрбээр хулгайлсан эд зүйлээ Нарантуул захын ченжүүдэд  зардаг нь тогтоогдсон” гэв. Саатуулах байр руу гэмт этгээдийг авч явахдаа гэр оронгүй, согтуу хүмүүсийг машинд хамт суулгав. Биднийг явах үеэр түргэн тусламжийн 103 төвийнхөн дуут дохиогоо хангинуулсаар зөрлөө. Тэд мөнөөх босож чадахаа байтлаа архи ууж, тасарсан эмэгтэйг авч явахаар ирсэн бололтой. 
23:00 цаг Сансарын баар, паб, караокенууд энэ л цагаар үйлчлүүлэгч олонтой, гадуур нь явах хүмүүсийг  “Таксгүй баар байна” хэмээн ээрдэг тул валентины баяр тохиож байгаа  энэ өдөр залуус коронавирусийн тархалт, хөл хориог эс тоон бужигнаж байж мэдэх юм хэмээн тус газрыг зорьсон хэрэг.   Гэтэл Сансар орчим чимээ шуугиан багатай, ганц нэг цэнгээний газрын үүдэнд залуус гурав, дөрвөөрөө тамхилж харагдлаа.

Мөрийтэй тоглоомчид “Цүнхэнд их мөнгө бий шүү” хэмээн цагдаа нараар тохуурхав

 23:30 цаг Цагдаагийн байгууллагад “Хууль бус мөрийтэй тоглоом тоглосон этгээдийг илрүүллээ” гэх дуудлага ирлээ. Баянзүрх дүүрэг дэх  Офицеруудын ордонд байрлах “World Mongolia” зочид буудлын угтагч залуу “Тэд гурван давхарт бий” хэмээн замчлав. Буудлын гурван давхрын баруун хойд хэсгийн 302 тоот өрөөнд цагдаагийнхан, шинжээчид үзлэг, шалгалт хийж эхэлжээ. Өрөөний голд том  ширээ зассан байх бөгөөд ширээн дээр хасаа, 10, 20 мянгатын дэвсгэртүүд, ус, ундаа эгнүүлэн өржээ. Хаалганы хажуудах явган шүүгээн дээр төмөр саванд хорхог, агнахыг хориглосон тарваганы боодог тэргүүтэн байв. Хоёр тасалгаа бүхий өрөөнд 25-50 орчим насны арваад хүн байрлажээ. Цагдаагийнхан өрөөг нэг бүрчлэн шалгаж, мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүсийн эд зүйлийг нь хураан аваад, заримаас нь байцаалт авна. Цагдаагийн ахмад хажуу өрөөний цонхоор нэг хүн гадагш юм шидсэн тухай даргадаа илтгэхэд 303 тоот өрөөнд шалгалт хийхийг тушаав. Цагдаа нар хаалгыг нээн дотогш ороход мөн л 25-40 насны арав гаруй хүн өрөөндөө мөрийтэй тоглож байсан бололтой, жижиг ширээн дээр хөзөр, мөнгө дэлгэн, тойрч суужээ. Тэд өөрсдийгөө Говь-Алтайгаас Дорнод явж байгаа, өчигдөр орой Улаанбаатарт ирж, түр хугацаанд буудалд байрласан гэж танилцууллаа. Зарим нь “Би энд найзыгаа эргэхээр ирээд байна” гэх тайлбар тавив. Цагдаа нар шалгалтаа үргэлжлүүлэн өөд, өөдөөсөө харсан хоёр өрөөний хаалгыг тогшиход 40 орчим насны эр нойрмоглон хаалгаа тайлав. Өрөөний баруун буланд байрлуулсан хувцасны шүүгээг онгойлгоход нуусан хасаа нь хувцас, цүнхнээс асгарлаа. Цагдаа нар 304 тоотод байх тухайн этгээдийг өрөөнөөс гаргаж, шалгалт явуулах гэж байгааг хэлэхэд “Та нар надтай соёлтой харьц, ямар бүдүүлэг юм” гэх зэргээр үг өднө. Хүмүүсийг өрөөнөөс нь гаргаж, тоглоомчдыг утас, түрийвч, цүнх, гадуур хувцас тус бүрийг нь бүртгэн хурааж, лацадлаа. Байцаалт өгч буй хүмүүс айж сандарсан зүйлгүйгээр хоорондоо инээлдэн юм ярьж, цагдаа нарын нүд хариулан, бие бие рүүгээ дохилцоно. Тэдэн дундаас 30 орчим орчим насны өндөр биерхүү эр “Миний хөл өвдөөд байна. Сандал аваад ир. Хоёр, гуравхан хоногийн өмнө таягнаас гарсан” хэмээн өрөөсөн хөл дээрээ догонцоно. Тэгснээ “Миний утас хаана байна. Утсаар яримаар байна. Эхнэр, хүүхдүүд хүлээж байгаа. Бид мөрийтэй тоглоом тоглоогүй, 13-ын покер тоглож байсан” гэх зэргээр цагдаа нар руу дайрч эхлэв. Цагдаа нар өрөөнөөс гарсан хүмүүсийг хажуугийн өрөөнд оруулах гэхэд тэднийг толгойлж байгаа бололтой ахимаг насны бүдүүн эр “Залуусыг өөр өрөөнд оруулахгүй шүү. Та хэд наад коридортоо л байж бай, айлын өрөөнд орж яах гэж байгаа юм. Бид наад өрөөнд чинь мөрийтэй тоглосон хүмүүсийг танихгүй” гээд хар өнгийн жижиг гар цүнх цагдаад хүлээлгэн өгч “Дотор нь их мөнгө байгаа шүү, хөөе. Би энд байцаалт өгөхгүй. Цагдаагийн байранд очоод бичгийн машин дээр өгье” хэмээн ёжлов. Шалгалт, байцаалтын ажил цаг гаран үргэлжилж, эд зүйлсийг бүрэн хурааж дууссаны дараа буудалд байрласан хүмүүсийг хоёр гурваар нь гаргаж, цагдаагийн машинд суулгалаа.

эрэн сурвалжлагдаж байсан этгээд буудалд мөрийтэй тоглож байв

Тэднийг машинд суулгаж дууссаны дараа Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Бадам-Очир дээрх мөрийтэй тоглоомын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар явж байсан гурван албан хаагч “World Mongolia” зочид буудлын өрөөнд зохион байгуулалттайгаар тусгайлан ширээ засаж, хууль бус мөрийтэй тоглоом  тоглож байсан этгээдүүдийг илрүүллээ. Тус буудлын дөрвөн өрөөнд 20 гаруй хүн энэ сарын 10-наас  байрласан бөгөөд нэг, өрөөндөө ээлжлэн тоглож, бусад өрөөнд амардаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаар эдгээр иргэний биеийн байцаалтыг шалгахад улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан нэг өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байсан 4-5 этгээд байна.Тэд буудалд байрласнаасаа хойш нэг өрөөгөө огт цэвэрлүүлдэггүй байсан гэх мэдүүлгийг буудлын зохион байгуулагч хэлсэн. Ашиг, орлого олох зорилгоор гэмт этгээдүүдийг орон байраар олон хоног хангасан тухайн байгууллагад мөн хариуцлага тооцно” гэв. 

Цаг хэтрүүлэн ажилласан цахим тоглоомын газарт бага насны хүүхдүүд тоглож байлаа

Нийслэлийн цагдаагийн албаны 102 дуудлагын төвд 02:30 цагийн орчимд 1357  дуудлага, мэдээлэл иржээ. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад бага гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Мөнхтөр онцоллоо. Тэрбээр “Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх захирамж гарснаас хойш 743 иргэн, аж ахуйн нэгжийг 7.4 сая төгрөгөөр торгосон. Эдгээрээс баар, цэнгээний газрууд, цаг хэтрүүлэн ажилласан, гудамж талбайд нус, цэрээ хаясан зэрэг зөрчил зонхилж байна. Мөн өнөөдөр Баянгол дүүрэгт цахим тоглоомын нэр бүхий газар цаг хэтрүүлэн ажилласан зөрчил илэрсэн. Тухайн газарт насанд хүрээгүй хүүхдүүд тоглож байсан нь шалгалтаар тогтоогдсон. Иймд  тус цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоогоод байна” хэмээн мэдээллээ. Залуусын хөл хөдөлгөөн өнгөрсөн баасан гарагт эрс бага байсан ч хууль хяналтынхан амсхийх завгүй ажилласан нэг өдөр ийнхүү өнгөрлөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид