Улаанбаатар 1c

Эрс шинэчлэлийн бодлого эрс шинэчилж чадав уу

Х.УЯНГА, Npost.mn
2020-02-17 10:31

Энэ цагт ажиллаж буй Төрийн гурван өндөрлөг нэг тийм сонирхолтой, үл үзэгдэх сэжмээр холбоотой. Хэрэгжүүлж буй бодлого, авч буй арга хэмжээнээс нь, алхам бүрээс нь үүнийг тодорхой харж болдог. Өөр намаас нэр дэвшиж сонгогдсон, ондоо үзэл бодолтой хүмүүс бүү хэл нэг намынхан ч “дээр” очоод эв нэгдэлтэй байж чаддаггүй, тал тийшээ хараад суучихдаг жишээ олон. Харин сүүлийн хоёр жилд Төрийн гурван өндөрлөг сүрхий сүжирсний цаана эрс шинэчлэлийн бодлого гэгчийг хамтран хэрэгжүүлэх тохиролцоо бий.

Эрс шинэчлэлийн бодлогын улбаа

Энэ удаагийн Засгийн газар томилогдсон эхний гурван сардаа тодорхой бодлого, зорилтгүй мэт явсан. Энэ хугацаанд Засгийн газраас олон шийдвэр гарсан ч тэдгээрийн олонх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа, хүлээлт үүсгэсэн асуудлаар, цаг зуурын шинжтэй байсан байх юм. Тухайлбал, тусгай дуут гэрлэн дохионы хэрэглээг цэгцлэх, Шүүх эмнэлгийн шинжилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс төлбөр авахыг болиулах, тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил, тод нээлттэй болгох зэрэг нийгэмд шуугиан дэгдээсэн асуудлуудыг намжааж, “гал унтраахад” чиглэсэн шийдвэрүүд байлаа. Хэн ч тоодоггүй, хаданд хашхирснаас ялгаагүй байсан зүйлсийг Засгийн газар анзаарч шийдсэн нь сайн хэрэг. Гэхдээ их хүлээлт дагуулж гарч ирсэн, “Ард түмний” гэсэн тодорхойлолтыг өөртөө наасан Засгийн газрын бодлого гээд хэлчихээр даацтай, далайцтай, монголчуудын хүсэж буй хөгжил дэвшилд түлхэц өгөх зүйл харагдахгүй байсан нь шинэ Засгийн газарт бодлого бий гэхэд эргэлзэхэд хүргэсэн билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж, “тогоо, шанагыг нь барин”, эрс шинэчлэлийн бодлогын талаар анх ам нээсэн Г.Занданшатар удалгүй УИХ-ын дарга болсноор Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоршил Төрийн гурван өндөрлөгийн хамтрал болон өргөжсөн билээ.

Ийн эргэлзээ төрж эхэлж байтал хурандаагийн Засгийн газар бодлогоо тодорхойлсноо зарласан. Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар “Шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай, улс орны эдийн засгийг хөгжүүлэх, алсыг харж, ойрын галыг унтраасан, цаашид явах замаа тодорхойлсон эрс шинэчлэлийн бодлого боловсруулсан. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжлийн замдаа орно” гэсэн. Эрс шинэчлэлийн бодлогын талаар анх ам нээсэн хүн нь тэр бөгөөд эл бодлогынхоо талаар талаар Ерөнхийлөгтэй санал солилцсон гэдгээ ч тухайн үед хэлж байв.
Төр, Засгийн тэргүүнүүд нарын санал солилцсон эрс шинэчлэлийн бодлого гэхээр улам ч сонирхол татаж, тэнд нь тодорхой ямар санал санаачилга байгаа талаар сураг тавьсан хүн олон. “Нэн тэргүүнд өнгөрсөн хугацаанд буруу замаар явсан, улсын болон нийтийн эрх ашгийг хохироож буй асуудлуудыг цэгцэлж, зөв голдиролд нь оруулах зорилго тавьж буй. Үүнд Монголын талд ашиггүй гэрээнүүдийг цэгцэлж, байгалийн баялагийг хараа хяналтгүй ашиглаж, цөөнх үр ашгийг нь хүртэж байгааг эргэж харах зэрэг ажил орно” гэж Засгийн газар дахь эх сурвалжууд хэлж байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга ч тухайн үед чуулганы нээлтэд үг хэлэхдээ Засгийн газрын эрс шинэчлэлийн бодлоготой агаар нийлэхээ илэрхийлж “Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсжээ. Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуулыг нь хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъя. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио. Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсэж байна” хэмээсэн.
Төрийн тэргүүний эрс шинэчлэлийн бодлогын талаар ам нээсэн нь үүгээр дуусахгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдоход ард түмэндээ хүргэдэг мэндчилгээ зэрэг онцгойлон ач холбогдол өгдөг хэд хэдэн үгэндээ эрс шинэчлэлийн тухай дурдсан юм. Тухайлбал, 2018-2019 он солигдох торгон агшинд “2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр, эрс шинэчлэлийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж, иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэсэн. Мөн энэ оны босгон дээр хэлсэн мэндчилгээндээ “Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он “Эрс шинэчлэлийн жил” байх болно хэмээн нийт монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа. Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна” хэмээсэн. Зорьж ил зарлаагүй ч тэдэнд ярьж тохирсон эрс шинэчлэлийн бодлого гэгч бийг эдгээр үгс нотолж буй биз. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж, “тогоо, шанагыг нь барин”, эрс шинэчлэлийн бодлогын талаар анх ам нээсэн Г.Занданшатар удалгүй УИХ-ын дарга болсноор Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоршил Төрийн гурван өндөрлөгийн хамтрал болон өргөжсөн билээ. 

Асуулт олон, хариулт цөөн байна

Ийнхүү Төр, Засгийн тэргүүнүүд дөрөө харшуулсан нь хэлсэн үг, хийж буй алхмаас нь ил болж, олон нийт тэднээс ихийг, бүр маш ихийг хүлээж эхэлсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан, “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан, цаашид “Оюутолгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд “Туркойз хилл”-ээс авсан зээлийн хүүг бууруулах, БНХАУ-аас эрчим хүч авсны төлбөрт өгдөг 160 сая ам.долларыг дотооддоо үлдээхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг гэрээний дагуу шийдэх асуудал тавьж, ажлын хэсэг байгуулсан, “Оюутолгой”-д шахалт үзүүлэхийн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулсан Дубайн гэрээг зөрчиж, үндэслэлгүй акт тавьсан гэх шүүмжлэлд өртөөд буй 155 сая ам.долларын татварыг нөхөж авах шийдвэр зэргийг Засгийн газрын эрс шинэчлэлийн бодлогын эхлэл гэж харж, энэ бүхнээс үр дүн горьдож байлаа.
Мөн Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Оюутолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын болон далд ажлын бүтээн байгуулалтын төлөвлөгөө Монгол Улсын эрх ашигт нийцсэн, эсэхэд аудит хийхдээ Дубайн гэрээг эхний ээлжинд авч үзнэ. Үндэсний аудитын газар, олон улсын адитын байгууллагуудтай хамтарч, тусгайлсан горимоор аудит хийхээр төлөвлөж байгаа” хэмээсэн нь холбогдох байгууллага, агентлагууд Төр, Засгийн тэргүүний санал солилцож боловсруулсан эрс шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх замдаа гарчээ гэсэн бодлыг төрүүлж байв. Энэ мэтчилэн “их гурвал”-ын эрс шинэчлэлийн бодлогоос горьдож хүлээсэн зүйл олон.
Гэвч энэ их хүлээлтэд тэд хүрч ажилласан уу, эрс шинэчлэлийн бодлого эрс шинэчилж чадав уу, улсын хөгжил урагшлахгүй гацаж, улстөрчдийн ажил нэг л болохгүй байгааг мэдрээд удсан иргэдэд найдлага төрүүлсэн “их гурвал”-ын эрс шинэчлэлийн бодлого хэрхэн хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэн бэ, энэ бодлогын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс орон, ард олны амьдралд яаж нөлөөлөв гээд асуулт олон, хариулт цөөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид