Улаанбаатар 1c

Дүрэлзсэн галаас гэрийнхээ тооноор гарч амьд үлдсэн хүүхдүүдээ хамгаалъя

“Хайрын өдөр” хэмээн баярлаж өнгөрөгч баасан гарагийг монголчууд хэрэндээ л тэмдэглэж байгаа харагдав. Яг энэ үеэр “Арван настай төрсөн хүүгээ гэрийн даалгавраа хийсэнгүй” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж амийг нь хөнөөсөн хэрэг гарав. Уг хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт...хэмээн бүртгэгджээ. Тун харамсалтай. Санаатай, санамсаргүй олон шалтгаан бяцхан иргэдийн амийг авч одож байна. 2020 он гарсаар бага насны хүүхэд аав, ээж асран хамгаалагчийнхаа гарт амь насаа алдах, бэртэх, галд шатах, түлэгдэх хэрэг албан бусаар тоолбол арав лав гарчихлаа. Одоогоор албан ёсоор тоолсон дүн мэдээ ч алга. Гагцхүү үүнийг батлах нэгэн яриаг ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг хэлж байгаа юм. Тэрбээр, “Яаралтай түргэн тусламжийн тасагт өдөрт 300 гаруй дуудлага мэдээлэл ирдэг. Үүний 100 гаруй дуудлагын хохирогч нь хүүхэд байдаг. Гэмтэж бэртсэн хүүхдийн ихэнх нь хараа хяналтгүй байдлаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирдог” гэдгийг онцолж байна. Энэ бол аюул.  Хот, хөдөөгүй гарч буй осол гэмтлийн гол хохирогч нь хүүхэд байгаагийн цаад учир шалтгаан нь юу вэ. Яагаад Монголд хүүхдийн эндэгдэл буурахгүй байна вэ. Тухайлбал,  

2020.01.04-нд Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт нэг настай хүүхэд гэртээ осолдож нас барсан байв. Тодруулбал, нэг настай М нь гэрийнхээ 40 см өндөртэй устай, хуванцар саванд толгойгоороо унаж нас барсан байлаа.

2020.01.04-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр настай эмэгтэй хүүхдийг 24 цаг ганцааранг нь гэрт нь цоожлон үлдээсний улмаас осголтын байдалтай хүнд гэмтсэн юм.

2020.02.05-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд 5 настай Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 зургаан сартай эмэгтэй Ц нар харгалзах хүнгүй гэртээ байхдаа хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 

2020.02.13-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан гурван хүн гэртээ шатаж, нас барсан осол гарлаа. “Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн "Хишиг" хорооллын задгайд байх иргэн Э-гийн гэр шатсан бөгөөд гэрт байсан таван иргэний гурав нь галд амиа алдсан юм. Гал түймэрт 33 настай, эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Э, 14 настай, эмэгтэй Х нар өртөж, нас барсан. Гэрийн эзэн Э гал гарах үед 12 настай хүү, гурван настай охиноо гэрийн тооноор гаргаж, амийг нь аварсан байдаг.

Энэ бол баттай эх сурвалжийн мэдээлэл. 2020 он гарсаар бага насны хүүхэд эндсэн, амиа алдсан, хохирсон тухай мэдээлэл. Үүн дээр томчууд эндсэн, хохирсон мэдээллийг нэмбэл Монгол Улс энх цагт иргэдээ алдаж буй тоогоороо тэргүүлэхээр байна. Аавынхаа самбаачилгаар амь мэнд үлдсэн бага насны гурван хүүхдээ Монголын төр хөсөр хаях уу гэх асуулт өөрийн эрхгүй ургаж байна. Идэр есийн жавар тачигнаж цас хунгарласан тэсгим өвлөөр аав, ээжгүй үлдсэн гурван бүлтгэр үрд төр, түмнийх нь хайр, халуун сэтгэл одоо л хэрэгтэй байгааг бид нүд сохор, чих дүлий юм шиг өнгөрүүлж болмооргүй. Гал усны гашуун зовлон гэж энэ.

Таван ханатай, Монгол гэр бол галд хамгийн тэсвэргүй ба зуны дан гэр гурван минутад, өвлийн давхар бүрээстэй гэр таван минутад бүрэн шатаж дуусдаг. Хагас дутуухан алхдаг балчирхан дүүгээ дүрэлзсэн улаан галаас бултуулж Монгол гэр дээрээс бууж чадсан 12 настай хүүгийн зориг гайхалтай. “Миний хүү дүүгээ аюулгүй буулгаарай. Алив яараарай. Бид гуравт санаа битгий зовоорой. Хүү минь амьд үлдээрэй, тэсээрэй...”гээд чимээ алдрав. Энэ бол 12 настай хүүгийн хамгийн сүүлд сонссон аавынх нь яриа. Үүнээс хойш аав, ээжийнх нь хэнийх нь ч дуу дахин сонсогдоогүй. Амин хайртай аав, ээж нь элгэмсэг дулаан гэртээгээ шатдаг хахир хүйтэн шөнө азаар 12 настай хүүгийн эгч айлд хонохоор явсан байжээ. Тулгын гурван чулуу шиг бүлтийгээд хоцорсон нялх гурван үрийг үнсэнд хаясан шалз мэт хараа хяналтгүй орхиж болохгүй ээ. Сэтгэлд үлдсэн айдас, хагацлыг нь төр, түмэн минь хайраар эгшээж багахан ч болов зовлон, уйг нь нимэглье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болор
    Яасан хэцүү юм бэ дээ
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
Нийтлэлчид