Улаанбаатар 1c

1964 оны олимпыг нэхэн санахуй

Х.ИНГА, Npost.mn 2020-02-17 14:23

-ТОКИО 2020-

1964 оны аравдугаар сарын 10-ны өдөр Японы нийслэл Токио хотод XVIII олимпын наадмын нээлтийн ёслол болж байв. Хөгжмийн зохиолч Маюзуми Тосирогийн аялгуун дор Эзэн хаан Шоова Хирохитогийн нээсэн энэ олимп  чухал үйл явдал байлаа... Хагас зууны дараа, энэ онд Японы нийслэлд мөн л олимпын гал асаж, хүн төрөлхтний спортын их наадам эхэлнэ.

Японы олимпын хорооны ажилтан асан, 1964 оны Токио, 1998 оны Наганогийн олимпыг зохион байгуулахад гар бие оролцсон Фүкиура Тадамаса одоогоос 56 жилийн өмнө болсон наадмыг нэхэн дурссаныг Японы “nippon.com” цахим хуудсаас  хүргэж байна. 

Дайны дараах он жилүүд 

...Дайн, бөмбөгдөлтийн дараах он жилүүдэд Япон Улс 1964 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн билээ.  1940 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг Токио авсан ч Япон улс Хятадад халдан довтолсны улмаас Хельсинки хотод эрхийг нь шилжүүлсэн байсан юм. Төдөлгүй  Дэлхийн II дайн эхэлж  олимпын наадмыг цуцалсан бөгөөд  1964 онд Ази тивд, тодруулбал Токиод анх удаа олимпын наадам зохиогдсон нь энэ  юм. 

1945 оны дайн,  АНУ-ын бөмбөгдөлтийн улмаас Японы томоохон хотууд сүйдэж, ард түмнээрээ гашуун өдрүүдийг туулснаас 19 жилийн дараа дэлхийн 94 орны төлөөлөгчид арлын оронд хөл тавьсан нь тэр. Олон улсын олимпын хорооны тэргүүн Эвери Брандеж тэр үед “Наадмыг өндөр хэмжээнд маш сайхан” зохион байгуулсныг онцолж байв. 

Хирошимаг бөмбөгдсөн 1945 оны наймдугаар сарын 6-нд хорвоод мэндэлсэн тамирчин Ешинори Сакаи олимпын галыг асааж, 94 орны 5140 төлөөлөгч  нээлтийн ёслолд оролцсоны дунд анх удаа наадамд оролцож буй Монгол, Доминикан, Непалын тамирчид байлаа. 

56 жилийн өмнөх наадам бидний хувьд дайны дараа сэргэж буй эх орноо шинээр таниулах, шинжлэх ухаан, технологийн хувьд амжилт гаргаж буйгаа харуулах том боломж байсан билээ. Тиймээс Токиогийн хуучин барилга, байшингуудыг газарт оруулж, шинэ цогцолбор байгуулан, зам тавьж, спортын их наадамд тэр үед чадах чинээгээрээ бэлдэцгээсэн. Бусдын тусламж, өөрсдийн чармайлтаар босгосон 333 метр өндөр Токиогийн цамхаг, хурдны төмөр зам, хурдны автозамыг дэлхийн олон орны төлөөлөгч нүдээр үзэж, спортын наадмаас хиймэл дагуулын тусламжтайгаар шууд дамжуулалтыг анх удаа хийсэн билээ. 

Олон жил хүлээсэн наадам 

1936 онд Токио зуны олимпын наадмын зохион байгуулах эрхийг авчээ. Санал хураалтын дагуу 1940 оны наадмыг зохион байгуулах ёстой байсан юм. Түүнчлэн 1938 онд Каирт болсон хурлын санал хураалтаар өвлийн олимпыг Саппород зохион байгуулахаар болов. Ямартаа ч, зуны болон өвлийн олимпын наадам Азид анх удаа болох байсан билээ. Гэтэл тэр үед Япон дайн дэгдээж, төмөр, ган зэрэг стратегийн түүхий эд хомсдон, арми ч офицеруудаа морин спортын төрөлд оролцуулахгүй гэж мэдэгдсэн. Тэр үед морин спортын тэмцээнд армийн офицерууд оролцдог байсан юм. Улмаар 1938 оны Японы Эрүүл мэндийн яам Токио хотын захиргаанд хандан наадам зохион байгуулахаас татгалзахыг даалгасан бөгөөд Токиод ч, Саппород ч олимпын медалийн төлөө бэлтгэл, дасгалаа хийж байсан тамирчдыг гонсойлгов. Ийнхүү олимпын наадмыг зохион байгуулах эрх Финляндын Хельсинкид шилжсэн юм. 
Дайны дараа эх орноо хөгжүүлж, нурж сүйдсэн хотуудаа босгосон япончуудын хувьд өмнөх олимпуудад оролцож чадаагүйгээ нөхөх, ахмад тамирчдынхаа мөрөөдөл болсон медалийг авах боломж нь 1964 оны олимп байлаа. Энэ удаагийн наадмыг эх орондоо зохион байгуулахын төлөө идэвхийлэн тэмцсэн хүн бол Табата Масази. Японы усанд сэлэлтийн холбооны тэргүүн тэрбээр эх орныхоо спортын хөгжилд чамгүй хувь нэмрээ оруулсан бөгөөд Лондоны олимпт Японыг оролцуулахыг хориглосныг мэдээд олимпын усанд сэлэлтийн тэмцээн болсон яг тэр өдөр эх орондоо энэ төрлөөр аваргыг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. 

Бүгд нэгдэж чадсангүй

Олон нийтийн анхаарлыг амжилтаараа татаж эхэлсэн Хятад ард улс оролцоогүй. Өнөө цагт бол байж боломгүй зүйл санагдаж мэдэх ч тайваньчууд “Хятадын бүгд найрамдах улс-Тайвань” гэсэн самбар барин наадмын нээлтэд оролцсон билээ. 1952 оны Хельсинкийн олимпт БНХАУ-ыг ч, Тайванийг ч оролцуулах шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргажээ. Гэтэл тайваньчууд үүнийг доромжлол хэмээн хүлээн авч, наадамд оролцохоос татгалзсан юм. Харин 1964 оны Токиогийн наадамд Тайвань оролцож, Хятад, Умард  Вьетнам “өнжжээ”. 
Индонезид олимпын наадмын “өрсөлдөгч” болох Шинээр хөгжиж буй хүчнүүдийн наадам (GANEFO) 1963 онд болж, Израиль, Тайванийн тамирчдыг оролцохыг хориглосон үйл явдал зуны олимпын өмнөхөн болов. Олон улсын олимпын хороо Японы эрх бүхий байгууллагатай зөвшилцсөний эцэст GANEFO-д оролцогчдыг энэ удаагийн олимпын наадамд оролцохыг хориглох шийдвэр гаргалаа. Шинээр хөгжиж буй хүчнүүдийн наадмыг зохион байгуулагч Индонез баг тамирчдаа Токио руу илгээсэн ч  энэ зөрчилдөөний улмаас тэд гар хоосон нутаг буцсан билээ. 
БНАСАУ-ын тамирчид тэр үед “Мангёнбон” усан онгоцоор Японд газардаж байлаа. 800 метрийн гүйлтийн аварга, тамирчин Син Кимдан эх орноосоо оргосон аавтайгаа энэ наадмаар 15 минут уулзсан түүх ч бий. 
Хүйтэн дайны ид үед, улс төр, үзэл суртлын хагарал газар авсан хүнд бэрх цаг үед олимпын наадмын нээлтээс долоо хоногийн дараа Хятад улс анх удаа атомын туршилт хийж байв. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон наадмыг үл хүндэтгэсэн, заналхийлсэн энэ үйлдлээс наадмын баярт уур амьсгал ч бүүдийхэд хүрч байлаа. Түүгээр ч барахгүй, баг тамирчдаа наадамд илгээсэн ЗХУ-ын цэргийн онгоцнууд Японы агаарын замд эргэлдэж байсан юм. Олимпын дараахан Берлиний хана босож, Герман баруун, зүүн гэсэн хоёр лагерьт хуваагдахаас өмнө тэд нэг баг болон нэг нэр дор Токиогийн олимт оролцжээ. 

Итгэл хийгээд шагнал 

Тэр үед бидэнд ч олон асуудал байв. Олимпын наадмын хаалтын маргааш Ерөнхий сайд Икэда Хаято эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өглөө. 
Түүний суудлыг авсан Сато Эйсаку Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоож, Бонин болон Окинавын арлуудыг улсынхаа мэдэлд эргүүлэн авсан бөгөөд 1972 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн. 
Энэ бол энхийн замаар, цөмийн зэвсэггүйгээр тайван, өндөр хөгжилтэй нийгмийг цогцлоохын тулд олон жил зүтгэсэн ард түмний шагнал гэж бид ойлгож байсан юм. Японы эдийн засаг, нийгэм өнөөдрийнх шиг биш, шийдэх ёстой олон асуудал тулгарч байсан ч хүн төрөлхтний спортын их наадмыг эх орондоо зохион байгуулсан нь япончуудад итгэл өгсөн үйл явдал болов.
Би 1941 онд төрсөн. Энэ хугацаанд гаднаас хамгийн их тусламж авдаг байсан Япон Улс эргээд бусдад чамгүй их тусалдаг болжээ. 
Олимпыг амжилттай зохион байгуулах, эсэх нь олон улсад өрнөж буй үйл явдлаас шалтгаална. Сири, Украин, Иракт буун дуу гарсаар буй энэ үед ч бид хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмыг өндөр хэмжээнд, сайхан зохион байгуулж чадна гэж найдаж байна. 

Эх сурвалж: https://www.nippon.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид